2024.04.27, Saturday
spot_img

Ерөнхийлөгчийг харлуулах нь хэний захиалга вэ

0
У.Хүрэлсүх

Сүүлийн үед илтэд Ерөнхийлөгчийн институцийг бодлогоор харлуулах болсон нь гадны захиалгатай юу гэсэн хардлага төрөх боллоо. Учир нь хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл удаа дараа явуулах болсон нь санаандгүй үйлдэл биш. Монголд зорилго, зохион байгуулалтгүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй. Ураны том төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгч рүү довтлох болсон нь ийм ч хардлага төрүүлж буй. Тэр тусмаа, Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц өдөөн хатгалга юм. Үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого маш сайн явж байгаа. Хоёр хөрштэйгөө эвийг эрхэмлэж, гуравдагч орнуудтай энх тайванч харилцааг хөгжүүлж буйг харлуулах сонирхолтой улстөрчид байж болох. Ямар ч байсан Ерөнхийлөгч рүү сумаа тавиад нумаа нуух болсон тэд хэн бэ гэдэг нь тун удахгүй ил болох биз ээ

Төрийн тэргүүний үзэл баримтлал ба эв найрамдал, энхтайван

0
УЛС ОРНЫ минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн нь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас нь Монголын ард түмний эв нэгдэл юм. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож байсныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн төрийн тэргүүн байх болно.
Энэ бол У.Хүрэлсүхийн тангараг өргөхдөө хэлсэн үг. Тэрбээр өнгөрсөн хоёр жил дотоодын эв нэгдэлд ихээхэн анхаарч ирсэн. Хуваагдал, талцалд идэгдсэн олон салбарт эв нэгдэл авчирсан билээ.
-ДЭЛХИЙ нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
Энэ бол өнгөрсөн намар НҮБ-ын чуулгад оролцохдоо хэлсэн үг. Монгол өнөөдөр төвийг сахисан, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, оролцоо чамгүй их байгаа билээ.

У.Хүрэлсүхийн үг-үйлдэл

0
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө энхийг эрхэмлэсэн, эвийг сахисан улстөрч байна гэж амалсан. Энэ үгэндээ ч эр хүн шиг эзэн болж яваа. Тэрбээр гадаад талдаа, дотоодын улс төрд ч энхийг сахисан бодлого баримталж байна. Ямар ч байсан л хоёр хөршөө муулж иргэдээ талцуулсангүй. АН, МАН-ын аль нэгийг дэмжиж улсаа хагалсангүй.
Өнөөдөр дотоодын улс төрөөс хол гадаадын улс төрд ойр ажиллаж байна. Монгол Улс өнөөдөр гадаад ертөнцөд эвийг сахисан ЭНХТАЙВАНы бэлгэ тэмдэг болон харагдаж байгаа нь У.Хүрэлсүхийн үг-үйлдэл, ур-ухааны илрэл.
Авлига, албан тушаалын шил дараалсан хэргүүд илэрч байгаа нь магадгүй түүний Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажлын үр дүн юм. Түүний эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж яваа. Энэ бүхнийг тэр анхааралтай, алсаас ажиглаж яваа нь гүйцэтгэх засаглалын ажилд хуруу, хушуу дүрэхгүй гэснийх биз ээ. Ямар ч байсан У.Хүрэлсүх Монголынхоо төлөө эвийг эрхэмлэж хэлсэн үгэндээ эзэн болж явна

Ерөнхий сайд Монгол Улсын гадаад бодлогыг тов тодорхой илэрхийлсэн

0

НКыУ-ын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн 22-р хуралдаан амжилттай зохион байгуулагдсан. Энэ хуралд манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байр сууриа илэрхийлсэн. Хурлын үр дүнгийн талаар олон улс харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцcаныг хүргэж байна.

-Та Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан судлаачийн хувьд энэ удаагийн хуралдааны үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-ШХАБ их өөрчлөлтийн босгон дээр ирчихсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Шанхайн байгууллага анх 2001 онд байгуулагдсан, даруй 22 жилийг туулжээ. Энэ бол бага биш хугацаа. Саяын хуралдаанд оролцож байгаа Засгийн газрын тэргүүн нарын хэлсэн үгс анхаарал татлаа. Хэд хэдэн онцлог байна. Мэдээж өнгөрсөн хугацааны ололт амжилтаа магтан сайшаалаа. Нөгөө талаар ШХАБ-д байгаа асар их нөөц, боломжоо ашиглаж чадсангүй, одоо энэ нөөц бололцоогоо ашиглая, энэ чиглэл рүү явъя гэдгийг мөн олон удирдагч хэлж ярьж байна лээ. ШХАБ гэж ер нь хэн юм бэ гэдэгтээ эргэж дүгнэлт хийх цаг болсон, одоо л тэгдэг цаг үе ирлээ гэх уур амьсгал мэдрэгдэж байлаа. ШХАБ бол “Хүйтэн дайн”-ы дараа буй болохдоо Өрнөдийн эвсэлтэй санал нэгдэхгүй, Евразийн тэнхлэг дээр аюулгүй байдлаа цоо шинээр хангахын тулд нэр бүхий 5 улсын байгуулсан нэг ёсны цэрэг-стратеги-аюулгүй байдлын эсвэл, нэг үгээр бол геополитикийн том тоглоомны зэвсэг байдалтай явж ирсэн. Голдуу улс төр-цэрэг-стратегийн асуудлыг тэргүүнд тавьж байсан. Тийм учраас Орос, Хятад хоёр хамтран гурван хорт хүчин гэдгийг тодорхойлж, тэр гурван хорт хүчин нь терроризм, экстремизм, сепаратизм хэмээн нэрлэсэн нь ч бий. ШХАБ-ын тэмцэх гурван гол дайсан буюу гурван хорт хүчинтэй өнгөрсөн 22 жилд амжилттай тэмцсэн үү гэвэл бас асуудалтай. Ямар ч гэсэн хүчний байгууллагууд энэ чиглэлд хамтран ажилласаар ирсэн. ОХУ ШХАБ-ыг энэ чиглэлд нь түлхүү хөгжүүлж, холбоотон, түнш, оролцогчдынхоо тоог нэмэх, Өрнөд ба НАТО, Европын Холбоог сөрөхүйцээр том эвсэл болгохыг зорьжирсэн нь нууц биш.

-Манай улс 2004 онд ШХАБ-д ажиглагч гишүүнээр элссэн. 20 шахам жил ажиглагчийн байр суурьтай байгаа. ШХАБ-ын хурал болох бүрт манай улс гишүүнээр элсэх нь зөв буруу гэсэн янз бүрийн байр суурь яригддаг. Та туршлагатай дипломатч, олон улс харилцааны судлалаар мэргэшсэн экспертийн хувьд ШХАБ-д Монгол Улс элсэхийг хэрхэн харж, дүгнэдэг вэ?

-Монгол Улсын хувьд гурван хорт хүчин ч юм уу, эсвэл геополитикийн сөргөлдөөний чиглэлүүд нь манай тэргүүлэх зорилт биш. Монгол Улсын хувьд хөгжил дэвшилд хэрэгтэй, эдийн засагт үр өгөөжтэй хамтарсан төслүүд, банк-санхүү, хөрөнгө оруулалтын дэд бүтэц, Ази-Европыг, Хятад-Оросыг холбосон дэд бүтцийн холболтууд илүү чухал юм. Эдийн засаг, худалдаа, интеграцын чиглэлд бид хамтран ажиллана гэдгээ 19 жилийн турш ярьж хэлж, уриалж ирсэн. Гэтэл өнгөрсөн 22 жилд ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн ганц ч том бүтээн байгуулалт эхлүүлээгүй, нэг ч тууз хайчлаагүй. Улс төр-геополитикийн асуудлаар жилдээ Төрийн тэргүүн нар нэг удаа хуралддаг, эдийн засаг-худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлье гэсэн уриатайгаар Ерөнхий сайд нар бас нэг удаа хуралддаг, ийм л байгууллага. Эрчимтэй, бодитой хамтын ажиллагааны гэхээсээ илүүтэй хуралдсаар ирсэн, хуралддаг, хурлын байгууллага болж хувирсан. Хэрэг дээрээ ШХАБ бол олон улсын олон талт хурлын индэр маягтай явж ирсэн.

-Тэгэхлээр Та бодит үр дүнгүй хуралдсаар ирсэн гэдгээ бодит баримтаар нотлохгүй юү?

-Ганц жишээ. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нар 2003 онд баталсан “Худалдаа-эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг 20 жилээр хөгжүүлэх хөтөлбөр” гэж буй. Товлосон хугацаа энэ жил дуусч байна.Хөтөлбөр хэрэгжиж байна уу? Хэрэгжсэн бол ямар ямар томхон төсөл, бүтээн байгуулалт, үр дүн, тоо баримт байна вэ? Баахан баримт бичиг, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан, салбарын яамдын сайд нарын хурал олныг хуралдуулснаас цаашаа тууз хайчилсан нь нэгээхэн ч үгүй. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч өнгөрсөн зун ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын хурал дээр палхийтэл хэлээд тавьчихна билээ. “ШХАБ-ын оршин тогтносон 20 гаруй жилийн хугацаанд ШХАБ-ын ивээл дор эдийн засгийн ямарваа нэгэн том төсөл хэрэгжүүлж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн ноён Касым-Жомарт Токаев мэдэгдсэн л дээ. Оросоороо “ни одного” гэснийг нь “ямарваа нэгэн” гэж буулгана. Эсвэл “ганц ч төсөл хэрэгжүүлж чадаагүй” гэвэл яг бодитой хөрвүүлэг болно. Хорин жил хуралдажхуралдчихаад ганц ч бүтээн байгуулалтгүй, дахиад хуралдаад сууж байна гэсэнтэй адил үг бус уу?

-ШХАБ-ын улс орнуудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс ШХАБ-д тодорхой хэмжээний өөрчлөлт хэрэгтэй гэсэн асуудлыг Бишкект багагүй хөндөж байх шиг санагдсан. Таны хувьд хуралдааны яг гол сэдэв юу байв гэж дүгнэж байна?

-Төлөөлөгчдийн тэргүүн нарын хэлсэн үгэнд анализ хийгээд үзэхэд геополитикийн тоглолтоосоо бүтээн байгуулалт руу шилжье л гэсэн уриалга маш их цууриатлаа. ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустиныг би хувьдаа одоо тулгараад байгаа геополитикийн асуудлуудаа ярих болов уу гэж бодож байтал тэр тухай ганц ч үг ганхийгээгүй. ОХУ-ын хувьд гол тулгамдсан асуудал бол Орос-Украйны дайн. Тэр ойлгомжтой. Дайнаас шалтгаалж ОХУ олон улсын маш том, олон мянган хоригт орсон. Хоригуудыг хэрхэн давж олон улсын худалдаа эрхлэх вэ, эдийн засгаа хэрхэн авч гарах вэ гэдэг манай хойд хөршийн хувьд тулгамдаад байгаа гол асуудал. Дээрээс нь дэлхий дахины анхаарал хамгийн их төвлөрөөд байгаа Израиль-Хамасын дайн байна. Тэр тухай төлөөлөгчдийн зүгээс ямар нэг үг огт хэлсэнгүй. Тухайлбал Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч хамгийн эхэнд үг хэлсэн. Тэрээр бүс нутгийн мөргөлдөөн, Израилийн сионизм,АНУ ба Өрнөдийг сөрөх, Израиль-Хамасын дайны асуудлаар үг хэлэх болов уу гэтэл тэр тухай огт дуугараагүй. Уг нь Иран эл мөргөлдөөнд, мөн Украины эсрэг Оросын дайнд хамгийн их хамааралтай байгаа улс шүү дээ. Ам үдээтэй өнгөрсөн нь ёстой гайхмаар.

-Үүнийг Та юу гэж харж байна. Олон улсад тулгараад байгаа энэхүү зөрчил мөргөлдөөн, ээдрээтэй асуудлуудын талаар ШХАБ-ын хурлын үеэр хөндөөгүйн гол шалтгаан нь юу байж болох вэ?

-Нэгэнтээ хяналтаас алдагдсан эдгээр асуудлуудыг бүрэн дүүрэн шийдвэрлэчих механизм биш болохоо ШХАБ мэдэрсэн, нөгөө талаас дайн мөргөлдөөнийг хурцатгах уриалга гаргах нь улс төрийн өнгө аястай өдөөн хатгалга болно гэж болгоомжилсных байх. Нөгөө талдаа олзлогдчихно, эсвэл дэлхийд өлгөж аваад шүүмжлүүлнэ гэж харсан байж болзошгүй. Бас ШХАБ-ыг Орос залдаг, Хятад хамсдаг гэдгээсээ аль болох зөөлрүүлж, нийтийн тохиролцоо руу явж байгаа байж ч болно. Учир нь Орос-Украины дайн, Израиль-Хамасын мөргөлдөөний тухай Оросын байр суурийг Төвийн Азийнхан, Энэтхэг яг дэмжих үү гэдэг тун маргаантай. ШХАБ-ын дотоод эв нэгдлээ хангахын тулд маргаантай асуудал хөндөөгүй байж болно.

-Гишүүнчлэлийн асуудал сая яригдав уу, Таны ажиглалтаар?

-Манай улстай адил ажиглагч байсан Беларусь улс ирэх жилээс жинхэнэ гишүүнээр элсэнэ. Харин саяын хурал дээр Ираныг жинхэлсэнд баяр хүргэж бараг төлөөлөгч болгон үг хэлнэ лээ. Беларусийн жинхлэх асуудал албан ёсоор баталгаажиж байгаад улс орнууд бас баяр хүргэж байсан. 2024 онд Беларусь нь суудлаа эзэлснээр ШХАБ 10 гишүүнтэй болж байна. Манай улстай зэрэгцээд ажиглагч байсан Афганистаны тухай ганц ч үг дуулдаагүй нь анхаарал татлаа. Талибаны Афганистаныг албан ёсоор ажиглагчаас хасч хөөсөн явдал байхгүй. Гэхдээ тэр улс ШХАБ-д оролцохоо больсон. Сая 12 улсын төрийн далбаа мандаж байсны дотор Туркменистан ороод ирсэн байна лээ. Сая яригдаагүй ч ил байгаа нэг мэдээллийг би хуваалцая. ШХАБ руу нийлье нэгдэе, ажиглагч болъё гэсэн улс орнуудын тоог ШХАБ-ын албан ёсны сайтад байгаа мэдээллээс эшлэе. “Ажиглагч гишүүн” болгож өгнө үү гээд өргөдлөө өргөн барьсан улсууд Бангладеш, Вьетнам, Израиль, Ирак, Сири, Украин гэж бичээтэй байна. “ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш” гэх бас нэг гишүүнчлэлийн статустулсуудыг нь жагсаавал Азербайжан, Армен, Египет, Катар, Камбож, Балба, Саудын Араб, Турк, Шри-Ланк гээд 9 улс байна. Дээр нь бас хэд хэдэн улс нэмэгдэж байна. Бахрейны Вант Улсад яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай Меморандумд 2023.07.14-нд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт гарын үсэг зурсан. Ингэхлээр дээрхи “9” дээр нэмэгдэж яриа хэлэлцээний түнш болж буй гээд Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ гэсэн нэрс явж байна, нийт 14 буюу үндсэн гишүүдээсээ ч олон түнш улстай болох юм байна. Гэхдээ сая Бишкект энэ тухай хэн ч ам ангайсангүй. Тэр олон улсын туг далбаа, нэрс харагдсангүй. Төлөөлөгчдийг нь ч урьсангүй.Ажиглагч ч биш, яриа хэлэлцээний түнш ч биш Туркменистан яагаад энд гоцлоод байдаг нь өөр тайлбартай байх.

-Тэгвэл манай улсын хувьд элсэх нь зөв, буруу гэсэн олон байр суурийг Та тайлбарлана уу. Ерөнхий сайд сая хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улс яарахгүй гэдгээ ч хэллээ. Та ч мөн ШХАБ-д элсэхийг төдийлөн дэмждэггүй хүмүүсийн нэг байх аа?

-Ерөнхий сайд Монгол Улсын гадаад бодлогыг тов тодорхой илэрхийлсэн. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа-эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг нотлосон. Ингэхдээ ШХАБ-тай хамтран ажиллах салбар чиглэлүүдээ нэрлэсэн. Худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбар гээд жагсаасан. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат–“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлье хэмээн тэмдэглэсэн. Шинэлэг гэмээр нэг санал тавьсан. Тэр нь далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэх уриалга юм. “Далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэртэй” хэлсэн шүү дээ.

-Цаашдаа ажиглагчаараа байх нь зөв гэж Та хэлж байна уу?

-Тэгж байна.ШХАБ бол Монголын хувьд олон улсын хамтын ажиллагаа, интеграцын институц болж хараахан чадаагүй юм болов уу гэж дүгнэж болохоор. Нэгэнтээ ажиглагчаар 19 жил болчихлоо. Хэт удлаа. Одоо жинхэлдэг цаг ирлээ гэх үзэл бодол, байр суурь бий л дээ. Түүнийг хорих утгагүй. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ажиглагчаас шат ахиж интеграцчлалд оролцоно гэж мэдэгдээд шуугиан дэгдээсэн явдал бий. Тэр үед хамгийн их эсэргүүцэн бичиж байсан хүний нэг нь би юм. Тухайн үед би ШХАБ-ыг интеграцын байгууллага болоогүй байна гэж дүгнэсэн. Өнөөдөр ч гэсэн би тэр байр суурин дээрээ хэвээр байна. Нөгөө 2003 онд батласан 20 жилийн хугацаатай худалдаа-эдийн засгийн шахуу хөтөлбөрөөр би дээр жишээллээ шүү дээ. Тэр 20 жил нь хоосон өнгөрчихсөн. Уг нь ШХАБ-д асар их нөөц бололцоо бий. Энэ талаар ч улс орны төлөөлөгчид ярьж байна. Олон улсын банк ажиллуулж болж байна, хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан байгуулж болно гэх мэтээр олон саналууд гарна лээ. Үнэндэээ ШХАБ бол асар том боломж бололцоотой. Газар нутгаар ярих юм бол дэлхийн газар нутгийн бараг тэн хагас, дэлхийн хүн амын 42хувь, Хятад, Энэтхэг, Орос гээд дэлхийн тэргүүлэх эдийн засгууд багтаж байна. Энэ бүх боломж болоцоогоо ашиглая, хамтдаа хөгжье гэсэн санал санаачилгууд сая Засгийн газрын тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдаанаас илүү тод цууриатлаа.

-Тэгвэл манай улс ШХАБ-д ажиглагч гишүүн байгаагийн давуу тал юу вэ?

-ШХАБ гэдэг олон улсын засгийн газар хоорондын институц байна. Энэ том байгууллагад 19 жилийн турш идэвхтэй ажиглагчаар байж, өөрсдийн байр сууриа илэрхийлнэ гэдэг манай улсын хувьд энэ байгууллагад өөрийн гэсэн байр суурьтай, нэр хүндтэй болсны илрэл юм. Олон улсын засгийн газар хоорондын байгууллага гэдэг манайд маш том боломж. Хуралдааны үеэр гишүүн орнуудын, тэр дундаа хоёр хөрш улс орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж ярилцах, харилцаагаа хөгжүүлэхэд том боломж гарц гэж харж болно. Сая гэхэд л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хөрш болон Узбекистаны Засгийн газрын тэргүүн нартай хоёр талын гурван ч том уулзалт хийлээ. Тэр хэрээр дээрхи гурван улстай харилцаагаа боломжийн хэмжээнд ахиулчихлаа гэж үзэж болно. Тэгэхээр ШХАБ-ын талбарыг ашиглан бусад улс оронтой харилцааны тулгамдсан асуудлаа шууд ярилцаж, тохиролцож байна гэдэг том амжилт юм даа.

-Ярилцсан Танд баярлалаа. Таны судалгааны цаашдын ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“НӨАТ”-ын 5 хувийг буцаан олгосноор татварын бааз нэмэгдэнэ

0

УИХ-ын нийтийн өргөдлийн D-Өргөдөл систем дээр НӨАТ-ын иргэдэд буцаан олгох хувь хэмжээг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг 100.000 иргэн дэмжиж, УИХ-ын Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Энэ санал анх CEO Club дээр яригдаж байсан бөгөөд тус клубийн ерөнхийлөгч Б.Гантулгатай энэ талаар ярилцлаа.

-Сангийн яам үүн дээр эсрэг байр суурь илэрхийлсэн. НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу?

-2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын 10 хувиас 2 хувийг иргэдэд буцаан олгох систем ажиллаж эхэлсэн. Энэхүү систем ажиллаж эхэлснээс хойш иргэд худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ и-баримтыг худалдаа, үйлчилгээ үзүүлсэн компани, иргэдээс шаардан авдаг болсон. Ингэснээр бизнесийн байгууллагууд худалдаа, үйлчилгээ эрхэлсэн орлогын дүнг автоматаар татварын байгууллагад явуулж, эргүүлэн НӨАТ-ын код авч харилцагч нартаа и-баримт хэвлэн өгдөг болсон. Үр дүнд нь зөвхөн НӨАТ-аас гадна орлогын албан татвар болон бусад төрлийн татвар хураамжийн орлогын дүн ч нэмэгдсэн юм. Бид 2012 оноос хойш 10 жилийн хугацаанд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн болон татварын орлогыг харьцуулан судалж үзсэн юм. НӨАТ-ын буцаан олголтын систем ажиллаж эхлэхээс өмнө 2012-2016 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүн 16.6 их наяд төгрөгөөс 23.9 их наяд төгрөг болж 43 хувиар өссөн байгаа юм. Харин энэ хэмжээний эдийн засгаас бүрдүүлж байгаа нийт татварын орлого 4.2 их наяд төгрөгөөс 4.9 их наяд төгрөг буюу 17.8 хувиар л нэмэгдсэн байгаа юм. Дунджаар жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 21-26 хувьтай тэнцэх хэмжээний татварын нийт орлого бүрдүүлдэг байсан байгаа юм.

Энэ үзүүлэлт НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгож эхэлсэн 2017 оноос эрчимтэй өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 23-29 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл татварын нийт орлого нэмэгдсэн байгаа юм. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 28 их наяд төгрөг байсан бол 2022 онд 53.8 их наяд төгрөг болж 92.2 хувиар нэмэгдсэн байна. Харин татварын нийт орлого 2017 онд 6.3 их наяд төгрөг байсан бол 2022 онд 15.6 их наяд төгрөг болж 146 хувь өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс давсан.

НӨАТ бол Монгол Улсын иргэн бүр төлдөг, эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний эргэлтээс бизнесийн орлогыг бүртгэн гаргаж ирдэг маш чухал систем. Үүгээр дамжуулан бусад төрлийн татвар, хураамж авах, орлогыг тодорхойлох, бүртгэх боломжийг бүрддэг.

Энэ хэмжээний үр дүнтэй байгаа бодлогоо бид хөгжүүлж, дараагийн түвшинд нь гаргахгүй бол эргээд иргэдийн идэвх буурч, НӨАТ-ын баримтаа авахгүй, үнийн дүнгээс нь НӨАТ-аа хасуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авах сонирхол нэмэгдэж байна.

-Татвар, хураамжийн орлого нэмэгдэнэ гэхээр бизнес эрхлэгчдэд ашиггүй, төлөх татвар, хураамж нь л нэмэгдэнэ гэж ойлгогдож байна?

-Өнөөдөр татвараа төлөөд, шударга хөдөлмөр эрхэлж байгаа мянга мянган бизнес эрхлэгч бий. МҮХАҮТ-аас хийсэн судалгааны дүнд 2022 оны нийт НӨАТ-ын баримтын 58 хувийг жижиг бизнес эрхлэгчид бүрдүүлсэн байсан. Нөгөө талаас, Монголын ТОП-100 аж ахуйн нэгж, CEO Club-ийн нийт гишүүд, бүх төрлийн татвараа төлж харилцагч, хэрэглэгч нартаа и-баримтыг хэвлэн гаргаж өгч байгаа.

НӨАТ-ын 2 хувийг иргэдэд буцаан олгодог болсон нь татвараа төлдөг бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд өнөөдөр бизнесийн орчинд татвараа бүрэн төлдөг, шударга бизнес эрхлэгчид болон татвараас зугтдаг, нуудаг НӨАТ-ын баримт хэвлэж өгдөггүй, шударга бус бизнес эрхлэгчид гэсэн 2 хэсэгт хуваагдаад байна. Татвараас зугтдаг, шударга бус бизнес эрхлэгч нар бүх төрлийн татварын зардалтай холбоотойгоор өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг 10-20 хувь хямдаар  харилцагч, хэрэглэгч нартаа хүргэж байгаа нь шударгаар татвараа төлөөд явж байгаа бизнес эрхлэгч нарын хажууд маш том бизнесийн давуу талыг олж аваад байна.

Уг нь бол татвараа бүрэн төлдөг бизнес эрхлэгч л улс, нийгэм, иргэддээ хэрэгтэй байгаа юм.

Татвар төлдөггүй бизнес эрхлэгч нарын борлуулалт нь татвараа бүрэн төлдөг бизнес эрхлэгч нарын борлуулалтаас даруй 2 дахин их борлуулалт хийж байгааг автомашин борлуулдаг хувь иргэдийн гаалийн мэдээлэл дээр тод харагдаж байгаа. Энэ үзэгдэл бүх салбарт адил байгаа. Дээрх тэгш бус, шударга бус бизнесийн өрсөлдөөний орчин нь эргээд татвараа бүрэн төлөөд явж байгаа бизнес эрхлэгчдийг татвараас зугтаах, бултах сэдлийг өгч байгаа. Нөгөө талаасаа шударга бизнес эрхлэгчид хохирч, бизнесийн хэмжээ нь буурах, хаалгаа барих, дампуурахад хүрнэ. Шударга ажилласан нь хохирч, хулгайлж нуудаг нь хождог байж болохгүй.

-НӨАТ-ын буцаан олголтын 60 хувийг тансаг хэрэглээтэй, цөөн тооны хувь хүн, компаниуд авна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Нэгдүгээрт, НӨАТ 2 хувийн буцаан олголтыг зөвхөн иргэнд олгодог. Компани авдаггүй. Хоёрдугаарт, тансаг хэрэглээ бол биш, харин өндөр дүнтэй худалдан авалтын буцаан олголт юм. Шинээр орон сууц худалдан авч байгаа залуу гэр бүл, автомашин, цахилгаан бараа худалдан авсан иргэн гээд өндөр дүнтэй худалдан авалт хийж байгаа болохоор түүнтэйгээ дүйцэх буцаан олголтыг авч байгаа. Заавал баян тансаг гэж нийгмийг талцуулж байгаад сэтгэл дундуур байна. Баян тансаг хүн хэчнээн үнэтэй хоол, хүнс хэрэглэлээ гээд өдөр бүр байр авах хэмжээний мөнгө зарлагадахгүй шүү дээ. Өндөр дүнтэй худалдан авалт хийсэн иргэн өндөр хэмжээний татвар, хураамж төлж байна гэсэн үг. Тэр хэрээр НӨАТ-ын буцаан олголт нь өндөр байх зүй ёсны хэрэг шүү дээ. Буцаан олголтоор авсан мөнгөө эргүүлээд л шинэ байрандаа тавилга, машиндаа сэлбэг авах гээд л эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнес эрхлэгч нарын орлого нэмэгдэж, дагаад татварын орлого ч нэмэгдэж байгаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох нь төсвийн зардлыг тэлнэ, эдийн засаг хямарна гэх тайлбар хэлэх хүмүүс ч байна?

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэх, НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгож бууруулах хоёр утгын хувьд ч, үр нөлөөний хувьд ч тэс өөр. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр мэдээж төсвийн зардал нэмэгдэнэ. Жишээ нь, 2022 онд нийт татварын орлого 15.6 их наяд төгрөг, үүнээс НӨАТ-ын орлого 3.9 их наяд төгрөг байсан. НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгосон зардал нь 261 тэрбум төгрөг байсан. НӨАТ-ын орлоготойгоо харьцуулах юм бол нийт орлогын 2 хувь биш 0.6 хувьтай тэнцэх хэмжээний л зардал гарсан байна. Шууд иргэний зүгээс харахад НӨАТ-ын орлогын хэмжээ 8 хувь болж буурч байгаа мэт харагдаж байгаа ч бодит буурсан хэмжээ нь 9.4 хувь болсонтой адил. Энэ 0.6 хувийн зардал нь бусад татварын орлого бүрдүүлэлтийн хэмжээнд ямар эерэг нөлөөлөл үзүүлж байгааг төсөв талаасаа харах хэрэгтэй.

Харин буцаан олголтын хэмжээ 5 хувь байсан бол 652 тэрбум төгрөг буюу нийт НӨАТ-ын орлоготой харьцуулахад 1.67 хувийг буцаан олгосонтой адил дүн болж байгаа юм. Үлдэж байгаа НӨАТ-ын цэвэр хувь нь 8.33 хувь.

Үнэхээр цуглуулсан НӨАТ-ын талыг нь буцаагаад өгөх юм бол 652 тэрбум биш 1.95 их наяд төгрөг болох ёстой шүү дээ.

-Яагаад энэ хэмжээний зөрүү үүсэж байгаа юм бэ?

-НӨАТ-ын татварыг зөвхөн иргэдээс гадна компани, аж ахуйн нэгжүүд төлдөг. Харин буцаан олголтын 2 хувийг зөвхөн иргэнд олгодог учраас дээрх хэмжээний зөрүү үүсдэг.

-Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгож, иргэдэд олгох буцаан олголтын хэмжээг 2 хувиар нь үлдээх санал гаргаж байсан. Энэ хувилбарын тухайд таны байр суурь ямар байгаа вэ. Боломжтой юу?

-За НӨАТ-ын хувийг 5 хувь болгох юм бол НӨАТ-ын орлого буурна. Өмнө хэлсэнчлэн 2022 оны тоон дээр ярихад НӨАТ-ын орлого 1.95 их наяд төгрөгөөр буурна гэсэн үг. Дээрээс нь 261 тэрбум төгрөгийн зардал гарна. Би бизнесийн салбарт 20 жил ажиллаж байна, хувь тохиолоор дандаа татвараа хуулийн дагуу бүрэн төлдөг бизнес эрхлэгч, эзэдтэй хамт ажилладаг байсан. Нөгөө талдаа, маш олон бизнес эрхлэгч нартай уулзаж, танилцаж, өрсөлдөж явсан. Анхнаасаа татвар төлөөгүй, төлөх сонирхолгүй бизнес эрхлэгчид ихэнх нь, татвар 1 хувь байсан ч төлөхгүй зугтах, бултах хандлагатай байдаг юм. Тэгэхээр энэ хувилбар нь зардал өндөр, үр нөлөө багатай байх болов уу гэж харж байна.

-Тэгвэл НӨАТ-ын иргэдэд олгох буцаан олголт 5 хувь болсноор төсвийн зардал нэмэгдээд, үр дүн багатай үлдэхгүй гэсэн баталгаа нь юу вэ?

-Бизнес эрхлэгч нарын хамгийн гол зорилго бол ашиг, орлогоо нэмэгдүүлэх. Харин ашиг орлогын хэн авчирдаг вэ гэхээр хэрэглэгч, харилцагч нар. Хэрэглэгч, харилцагч нар НӨАТ-ын и-баримт авах, НӨАТ-ын и-баримт өгдөг бизнес эрхлэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг хүсэл сонирхол нэмэгдэх тусам бизнес эрхлэгчид орлогоо татварт мэдүүлэх хэрэгцээ шаардлага нь дагаад нэмэгдэнэ. Ингээд ирэхээр зах зээл дээр шударга, татвараа төлдөг бизнес эрхлэгч нарын орлого, харилцагч нь нэмэгдэнэ.

-Тэгэхээр дагаад улсын төсөвт орох НӨАТ болон бусад татварын орлого нэмэгдэх юм байна?

-Тиймээ. Нийт татварын бааз суурь өргөжихийн хэрээр орлого нэмэгдэнэ. Төр, төсөв талдаа хэрэгтэй, шударга татвараа төлдөг бизнес эрхлэгч нартаа хэрэгтэй, буцаан олголт авах иргэдэд хэрэгтэй. Бүх оролцогч тал хожино гэж харж байгаа.

-НӨАТ-ын иргэдэд олгох буцаан олголтын хэмжээг 5 хувь болгосноор нийт татварын орлого хэдэн хувиар нэмэгдэх бол?

-Буцаан олголтын хэмжээг 5 хувь болсноор иргэдийн идэвх, сонирхол хэдэн хувиар нэмэгдэх вэ гэдэг судалгааг хийж байж тодорхой тоо гарч ирнэ. Өнгөрсөн жил НӨАТ-ын баримтын сугалааг болиулах үед нийт иргэдийн 50 хувь нь НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхээ больсон. Сугалаа нь НӨАТ-ын буцаалтын 1 хувь ч хүрэхгүй зардал байтал нөлөөлөл нь 50 хувь байгаа нь өндөр тоо. Нөгөө талаас 5 хувь гэдэг нь одоогийн буцаан олголтыг 3 хувиар л нэмэгдүүлэх санал. Тэгэхээр иргэдийн идэвх хангалттай нэмэгдэнэ гэж бодож байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 16.5 хувьтай тэнцүү гэж гарсан байна билээ. Энэ нь 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 8.8 их наяд төгрөг юм.

2024 оны төсөв дээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 74 их наяд төгрөгт хүрнэ, татварын нийт орлогыг 23.4 их наяд төгрөг гэж төсөвлөсөн байна билээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 32 хувьтай тэнцэх хэмжээний татварын орлого олно гэж тооцоолж байна. Энэ хувь 2016 онд 21 хувьтай байсныг өмнө үзүүлсэн хүснэгтээс харж болно. Энэ 32 хувиар нь тооцоход бид ирэх жил 2.2 их наяд төгрөгийн орлогыг далд эдийн засгаас ил болгоход л 2024 оны улсын төсөвт нэмэгдэх гээд байгаа 660 тэрбум төгрөгөө татварын нийт орлогоор нэмээд бүрдүүлчих боломж бий гэж харагдаж байна.

-100.000 гаруй иргэн цахимаар гарын үсэг зураад, саналаа өгчихсөн, эдийн засгийн хувьд талуудад харилцан ашигтай, давуу тал үүсгэж байгаа энэ санал хууль тогтоогчдын дэмжлэгийг авч, хуульчлагдах нь цаг хугацааны асуудал юм биш үү?

-Би улс төрч биш, шийдвэр гаргагч биш болохоор энэ асуултад хариулж чадахгүй нь. Бизнес эрхлэгч нарын зүгээс өрсөлдөөний орчныг эрх тэгш, шударга болгоё, татварын хуулийн хэрэгжилт бизнес эрхлэгчдэд жигд, тэгш үйлчлээсэй л гэж бодож байна. Энэ ч утгаараа боломж бий гэж харж, тооцож байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

 

 

“D-parliament системийг бий болгосон нь зөв”

0

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Татвараар дамжиж төр иргэн холбоотой байдаг. DӨргөдөл зөв зүйтэй алхам юм

Д.Амгалан: Төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ

0

100 мянган иргэний дэмжсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох нийтийн өргөдлийг судалж, холбогдох тооцоо судалгааг хийж, шийдвэр гаргах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж ажиллахаар болоод байна. Ийнхүү УИХ-аар ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаатай холбоотойгоор нийгмийн төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал “Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч Х.Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарын НӨАТ-ын асуудлыг ингэж олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн нь зөв. Харин холбогдох байнгын хороо асуудлыг авч үзэхдээ НӨАТ-ыг байршлаас хамаарч ялгавартай тогтоовол өгөөж нь иргэдэд хүртээмжтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн 2024 оны  төсвийн хувьд нийт орлогын 92. 7 хувь нь 23,4 их наяд төгрөг татвараар орно гэж төлөвлөсөн байгаагаас НӨАТ-с орох орлого үүний 25,6 хувь буюу  5.9 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын ихэнхийг татвараар бүрдүүлж байгаа үед зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ гэдэг зарчмыг баримтлах ёстой гэж үзэж байна. Төсвийн зардлаа өмнөх оныхоос 33 хувиар замбараагүй нэмэгдүүлсэн байгаагаас харахад инфляц буурахгүй. Гэтэл иргэд, аж ахуй нэгж НӨАТ- аар 25,6% буюу 6 их наяд орчмыг, НДШ- 20,5% буюу 4,8 их наядыг, ОАТ- 24,2% буюу 5,7 ир наяд, бусад  татвар 30%  -аар/ төлнө гэдэг маш хүнд. Тиймээс татварын ачааллыг бууруулах ёстой гэсэн байр суурийг  “Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч Х.Амгалан илэрхийллээ.

https://wetransfer.com/downloads/2328b425148413ec9e84cb658bb8fda520231101082529/d70fe6

Хөгжлийн банк 500 сая ам.долларын өрөө барагдуулжээ

0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээр Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө 100 хувь  барагдуулж дуусчээ.

Тэрбээр “Монголын Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж дууслаа. Энд ямар нэг өрийг өрөөр төлөөгүй. Дахин санхүүжилт байхгүй. Хөгжлийн банк нийт зээлийн багцад 55 хувийн буюу 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наядын зээл чанаргүй гэж үнэлэгдэж, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь яригдаж байв. Энэ бол хоёр жил хүрэхгүй буюу 2022 оны нэгдүгээр сард болсон зүйл.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж, Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг чанаргүй зээл эргэн төлүүлэхэд чиглүүлж, шинээр нэг ч зээл олгоогүй.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Энэ онд 500 сая ам.долларын бонд болон 30 тэрбум иенийн бонд буюу нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг төлөх сорилттой тулгарсан. Нүүрсний хулгайтай амжилттай тэмцэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарсан. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Тодруулбал, 2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар, 2016 онд татсан “Кредит Свисс” банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар, 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар, бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар. Гадаад өр төлбөрөө амжилттай төлөх нь зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх эерэг нөлөөтэй.

Ирээдүйн өв сангийн хуулийг 2017 онд баталсан. Өнгөрсөн 2019 он хүртэл өмнөх 1 их наяд төгрөгийн зээлийг төлж, хуримтлал бий болгосон. Өнөөдөр 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна. Оны эцэс рүү 3.2 их наяд төгрөг болно. Ирэх онд 4.5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Холбогдох хууль, журамд 2025 оны нэгдүгээр сарын 1-нд Ирээдүйн өв санг тусгаарлах үүрэгтэй байгаа. Засгийн газар 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд 1.3 их наядын хуримтлалтай, төрийн сангийн үлдэгдэл 1.4 их наяд орчим байсан. Өнөөдөр төрийн сангийн үлдэгдэл гурав дахин нэмэгдэж, 4.3 их наяд болсон. Тийм учраас Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг 1 жилээр татаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-н болголоо. Хуулийг яаралтай горимоор өргөн барихаар боллоо. Одоо “Самурай” бондын өр төлбөр 200 сая ам.долларыг арванхоёрдугаар сард төлөхөөр байгаа. Монгол Улс В тогтвортой зээлжих зэрэглэлтэй байна” гэлээ.

НӨАТ-ын хуулийн мөрдөлтийг сайжруулснаар 534.35 тэрбумыг орлого боломжтой”

0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрээр НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх байгууллагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн болохыг танилцуулсан. Уг тооцооллоор хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Мөн буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлдлийг илрүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна гэж үзжээ. Одоогоор татвараас зайлсхийх асуудлаар улсын хэмжээнд 620 хэрэг шалгагдаж байна.

https://cloud.parliament.mn/index.php/s/jtbTTQyBLDMFSxo

З.Энхболд Г.Занданшатарын санаачилгыг дэмжив

0

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх асуудлаас болж УИХ, Засгийн газар хоёр зарчмын зөрүүтэй байгаа юм. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын дарга асан З.Энхболд УИХ-ын дарга Г.Занданшатарыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр твиттерийн “SpaceTalk”-д оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. 

З.Энхболд “МАН хоёр тал болж хуваагдаад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Аливаа сэдвийг иргэдээсээ асууж болно” гэж байгаа бол Сангийн сайд нь “Татварыг асуухгүй” гээд, МАН-ын УИХ дах бүлгийн дарга нь “Эрүүгийн хуулиар асуухгүй” гээд өөр өөр байр суурь яриад байна. Эд уг нь долоон жилийн өмнө “Бидэнд 100% эрх өгчих, бид нийлээд “алаад” өгнө” гэж засгийн эрх авсан, Монгол Ардын нам гэдэг нэртэй, нэг намын хүмүүс шүү дээ. Ийм хоёрдмол байж болохгүй. Мэдээж УИХ-ын даргын зөв. Улсын Их хурал бол ард түмнээсээ шууд сонгогддог цорын ганц байгууллага. Энэ байгууллагын тэргүүн нь ард түмнийхээ талд байхгүй бол болохгүй. Ямар ч асуудлаар иргэдээсээ асууж болно. Энэ бол цаашид гарах хууль амьдралд хэрэгжихийн үндсийн үндэс юм. “Тийм зүйлээр асууж болно, тэр болохгүй” гэдэг хязгаарлалт байж болохгүй. НӨАТ-ыг хүн бүхэн төлдөг тул тэр хүмүүсээс асуух нь зөв. УИХ-ын хэн гэдэг гишүүн 5 хувийн татварыг дэмжив, хэн унагаав гэдгээр нь сонгосон тойргийнх нь иргэд өөрсдөө мэдэж, гар утас руу нь байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө сонгосон гишүүнд нөлөөлөх замаар УИХ-ын шийдвэр гаргалтад нөлөөлж болно. Тэгээд үгэнд орохгүй бол тэр гишүүнийг дараагийн удаа сонгохгүй л гэсэн үг. Энэ л төлөөллийн ардчиллын гол зарчим” гэжээ.