Сүүлийн үед илтэд Ерөнхийлөгчийн институцийг бодлогоор харлуулах болсон нь гадны захиалгатай юу гэсэн хардлага төрөх боллоо. Учир нь хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл удаа дараа явуулах болсон нь санаандгүй үйлдэл биш. Монголд зорилго, зохион байгуулалтгүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй. Ураны том төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгч рүү довтлох болсон нь ийм ч хардлага төрүүлж буй. Тэр тусмаа, Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц өдөөн хатгалга юм. Үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого маш сайн явж байгаа. Хоёр хөрштэйгөө эвийг эрхэмлэж, гуравдагч орнуудтай энх тайванч харилцааг хөгжүүлж буйг харлуулах сонирхолтой улстөрчид байж болох. Ямар ч байсан Ерөнхийлөгч рүү сумаа тавиад нумаа нуух болсон тэд хэн бэ гэдэг нь тун удахгүй ил болох биз ээ