2025.01.16, Пүрэв
spot_img
НҮҮР1Л.Гантөмөр: Том төслүүд хөдлөхгүй бол алдаа засагдахгүй 

Л.Гантөмөр: Том төслүүд хөдлөхгүй бол алдаа засагдахгүй 

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөртэй ярилцлагаас эшлэл үгийг түүвэрлэн хүргэе.


1.Ардчилсан улсын иргэд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хамгаалах гэж Ардчилсан нам засагт хамтарсан юм аа. Ардчиллыг үгээр биш үйлдлээр хамгаалах шаардлагатай цаг хугацаа, дотоод гадаадын улс төрийн геополитикийн нөхцөл байдал гэж бий.

2.Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бодохоор бид хувийн болоод намын эрх ашгийг нэгдүгээрт тавих эрх байхгүй. Энийг манай намын гишүүд, дэмжигчид, сонгогчид ойлгоно гэдэгт итгэж байна.

3.Ийм том золиос гаргаад, нэр хүндээ алдан барин хамтарсан Засгийн газарт орж, Монголын хөгжлийн төлөө зориг гаргаад алхсан, нийгэм эдийн засагт нэн чухал шийдвэрүүд гаргасан гэж ирээдүй хойч үе маань эерэгээр харна гэдэгт эргэлзэхгүй байна.

4.Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг.

5.Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Ардчилсан намын болон Л.Гантөмөрийн нэр хүнд өснө. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.

6.Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.

7.Иргэдийн амьдрал хүндэрсэн байна. Бизнесүүд дампуурч байна. Монголын тархи гадагшаа гоожиж байна. Эдийн засагт тэлэлт хэрэгтэй болсон байна. Эрчим хүчний реформ хийх цаг ирсэн байна. Хамаагүй ээ, намайг нулимж, шүүмжилж, үзэн ядаж болно, харамсах ч юм алга. Хэрэв ийм сонголттой дахин нүүр тулбал би мөн л хамтарч, улсаа хөгжүүлэхийг бодно.

8.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тэлмээр байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол алдаа засагдахгүй. Том, том төслүүдээ хөдөлгөмөөр байна. Том төслүүд хөдлөхгүй бол алдаа засагдахгүй.  Дэд бүтэц, түгжрэл рүү хөрөнгө мөнгө сайн хийж байж алдаа засагдана.

9.Улаанбаатар  хотын дэд төвүүд рүү хүссэн, хүсээгүй хөрөнгө оруулалт хийнэ. Газрыг чөлөөлөх хөрөнгийг шийднэ. Шинэ хотынх нь төлөвлөгөөг баталж өгөх ёстой. Шинэ хот руу нь хөрөнгө оруулалт багагүй өгөх ёстой. Энэ ажлуудыг 2024 онд бид хамтраад хийчихсэн. Эхний даваагаа давсан. Одоо Сэлбэ дэд төв, Баянхошуунд орон сууцжуулах ажил эхэлж байна. Толгойтыг орон сууцжуулна. Ажлууд урагшаа явж байна.

10.Үндэсний эрх ашиг гэж мөнгөөр хэмжих аргагүй том зүйл байдаг юм. Монголын тусгаар тогтнол гэдэг ганцхан хил, хэл, газар биш байна. Орчин үед технологи нэг номерын чухал асуудал болсон. Бүх улс орон технологиор тусгаар тогтнолыг олж авч чадаж байна.

11.Үндэсний хиймэл дагуул бол Монголын тусгаар тогтнол бие даасан байдлын баталгаа. Технологи, мэдээллийн технологи талдаа хэн нэгний хараат байдлаас ангижирна гэсэн үг. Өнөөдөртөө өндөр төлбөр төлж байгаа харагдаж болно. Алс ирээдүй, ардчилал, аюулгүй байдлын үнэ цэнээ бодвол тийм өндөр төлбөрт тооцогдохгүй.

12.Монгол бизнес  хийхэд таатай улс болох ёстой. Бизнес хийснийхээ төлөө яллагддаггүй, баян болсныхоо төлөө хараалгадаггүй улс болох шаардлагатай. Ингэж байж монгол капиталыг бий болгоно. Капитал бий болгож байж хөрөнгөлөг улс болно. Бид эдийн засгийн өсөлттэйгээ зэрэгцээд хөрөнгөлөг ард түмэн болох зорилгоо заавал хэрэгжүүлэх ёстой.

13. Ямар ч  хөрөнгө мөнгө шаардагддаг  байсан ч төмөр замын холболтыг хойд, урд талдаа бүтэн хийж дуусгах хэрэгтэй. Монгол дотроо ч адилхан. Айх хэрэгггүй, төмөр зам бол ямар ч үед ашигтай.

14.Монгол Улсад газар байна, салхи нь, ус нь байна. Жишээлбэл, Сүхбаатар аймаг салхитай. Энд салхин станц бариад хилийн цаана байгаа гангийн үйлдвэрт цахилгаанаа нийлүүлэх боломж байна гэдэг санал жишээ нь ирсэн.

15. Хөрөнгө оруулалтын шинэ хуульд хууль эргэж үйлчлэхгүй байх заалт оруулж өгч байгаа. Өнгөрсөн цагт алдаа гаргасан байж болно. Цаг үе өөрчлөгдсөн. Хууль бол хууль. За бол ёогүй байх ёстой. Монгол хүн нь байг гэхнээ төр нь хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй.

16.Ардчилсан намд өнөөдөр шинэ бахархал дутагдаж байгаа. УИХ-д 42 суудал авсан ч үүнийгээ ялагдал гэж бодож байна. Тэр шарх нь одоохондоо аниагүй байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!