2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР1Гурван сая хүнийг талцуулсан ГУРВАН ГОРИЛОГЧ

Гурван сая хүнийг талцуулсан ГУРВАН ГОРИЛОГЧ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Ерөнхийлөгчийн суудал нэг одоогоор горилогч ГУРАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин зургаан жилээр улиран сонгогдож, 10 жил Төрийн тэргүүн болох амбицтай “алалцаж” яваа.

Эрх баригч Ардын намаас У.Хүрэлсүх намдаа  болон  улс төрд ч нэр дэвших нэг номерын хүнээр нэрлэгдэж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэг л өдөр хаан болох хүсэлтэй байгаагаа өчигдөр зарлав. Ингээд ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө зодолдож буй гурван монголын CV-г хүргэе.

Х.БАТТУЛГА

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад гурван сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Жүдо бөхийн аварга, Монголын тэрбумтан, бүрэн дунд боловсролтой Х.Баттулга Ардчилсан намын ачаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч өнгөрсөн дөрвөн жил нам руугаа ч үнэт зүйл рүүгээ ч багагүй нулимсан хүн.

Давуу тал

Тэрбээр медиа агентлагтай, хар пиараар гаршсан мэргэжлийн багтай, мөн троллууд ихтэй. Монгол ялна гэсэн дэмжигчид бас цөөнгүй. Дээр нь “Голомт”, ХХБ гээд мөнгөтэй, том банкирууд, “Монос”, “МАК”, “Макс”, “АПУ” зэрэг том компанийн захирлууд түүн дээр бооцоо тавьж буй.

Сул тал

Түүнд маш их сул тал бий. Нэгд, Үндсэн хуулиар нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Хоёрдугаарт, “Хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн” намаа өнгөрсөн дөрвөн жил эрх баригчидтай хавсайдсан “зодсон”-оос болж нэр дэвших нам ч үгүй, дэмжих нөхөд ч үгүй болсон. Ардчилсан намаас нэр дэвшиж чадахгүй бол дахин зургаан жил “хаан” болох амбиц нь будаа болно. Энэ удаагийн сонгуульд үхэх сэхээ үзэж, бүх бооцоогоо тэрбээр тавьж байгаа. Үгүй бол өчигдөрхөн намынхаа лидерүүдийг шоронд хийж явсан тэрбээр өөрөө маргааш “дээлээ нөмрөх” магадлал өндөртэй. Төмөр зам, Сайншанд гээд түүнд хамаарах хэргүүд мартагдаагүй байгаа.  Мөн улсаа Шанхайн ломбардад тавьж, цаазын ялыг сэргээхийг оролдсон нь өөрт нь хасах оноо цуглуулахад хүргэсэн. Түүний гацаасан төслүүдээс болж Монголын эдийн засагт орж ирэх ёстой мөнгийг Орос ах нар “хүүдийлэх” болсон. Энэ нь түүний эсрэг санал өгөх шалтгаан болох биз.

У.ХҮРЭЛСҮХ

Ардын намын гол кандитат тэрбээр Монголын улс төрийг хөшигний араас залж яваа. Хонгилыг нурааж, шударга ёсыг сахиулахаа амалж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар анх томилогдож байсан түүнийг Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч гэж харж, зурах болсон нь худлаа биш.

Давуу тал

Түүнд маш олон давуу тал бий. Учир нь, тэрбээр үнэмлэхүй эрх мэдэлтэй том намын том дарга. Фанатууд, крашууд олонтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн нэр нүүр байлаа.

Сар шинийн дараахан Ерөнхий сайдынхаа суудлыг нутгийн дүүдээ шилжүүлсэн нь түүний улс төрийн нэг тактик байсан. Мөн өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан гэж буруутгагдаад байгаа Х.Баттулгыг унагааж чадах ганц улстөрч гэж харагдах, дүгнэгдэх болсон. Тиймээс айнти Баттулгачууд түүнийг дэмжиж саналаа өгөх магадлал өндөр. Шүүхэд шударга ёсыг тогтооно гэсэн нь зөв цагтаа хийсэн зөв нүүдэл болсон. МАН бол том институци. Зуун жилийнхээ ойгоор сүүлийн гурван жил алдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг бүгд хүсч буй. Үгүй бол бүгдээрээ ар араасаа Ардчилсан намынхан шиг шорон явах магадлал өндөртэй. Тиймээс намынхан нь түүн дээр бүх бооцоогоо тавьчхаад байгаа билээ. “MSC” мэдээж У.Хүрэлсүхэд үйлчилнэ. Харин “Оюутолгой” У.Хүрэлсүх дээр бооцоо тавих мэдэш.

Сул тал

Сул тал нь нэг намын дарангуйлал тогтох вий гэсэн айдас. Чухам энэ ганц шалтгаан түүнд хасах оноо авчирч болзошгүй. Нөгөө талаар, Үндсэн хуулиар олгогдсон үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд атлаа замын дундаа амиа бодоод зугатаасан гэх аян шалтагтай болж үлдсэн.

С.ГАНБААТАР

2017 онд М.Энхболд, Х.Баттулга нартай хамт өрсөлдөж, муугүй дэмжигчидтэй гэдгээ харуулсан. Тэрбээр МАХН-аас нэр дэвших нэн сонирхолтой. Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулга гар барьж, МАН-ын саналыг хуваах тохиролцоотойгоор төлбөрөө авах болов уу.

Давуу тал

С.Ганбаатарын рейтинг огцом нэмэгдсэн. Тэрбээр Монголын том улстөрчдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа. Түүний хийж чадах ганц мэх бол популизм. Оюутолгойн алтыг иргэдэдээ тараана гэж хэлэхэд итгэх хүн манай хар масст олон бий.

Сул тал

Монголын топ популист. Боловсролгүй. Сурсан сургууль болгоноо CV дээрээ бичдэг ч төгссөн нь цөөн. Тэрбээр өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 50 сая вонын авлига авч байгаад газар дээрээ гардуулсан. Мөнгө өгвөл Монголоо ч зарж чадна гэж буруутгадаг үл дэмжигчид ч олонтой. Түүнийг дэмжих том компаниуд цөөхөн. Түүнчлэн нэр дэвших намгүй ч болж мэдэх тохиролцоог Н.Энхбаяр хэдийнэ эрх баригчидтэй эхлүүлсэн. МАХН бол институци биш, Н.Энхбаярын хувийн компани шахуу нам. Тэгэхээр түүнд нэр дэвших боломж бараг байхгүй гэсэн үг. Гэхдээ мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Юуны ч Ерөнхийлөгч болсон хамаа байж уу.

Ийнхүү гурван сая хүнийг зодолдуулж буй гурван монголын хэн нь нэр дэвшиж, хэн нь гудамжиндаа үлдэхийг гурван сарын дараа харах л үлдэж байна.

                                                                                                                       Б.НИРУН

Холбоотой мэдээ

3 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!