Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны үзүүр түрүүг авсан бөхчүүдэд цол, чимгийг нь олгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмыг хааж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Нар хур тэгширсэн зуны сайхан цагт монголчууд бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ.
Эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж, эрэмгий цовоо хүүхдүүд аргамаг хүлгээ хурдлууж, идэр чийрэг бөхчүүд эр бяраа гайхуулж, Монгол түмэн төрт ёсоо хүндэтгэн, түүх соёлоо дээдлэн, сүлд хийморио бадраан бахдам сайхан наадацгаалаа. Наадмын дараа маргааш гэж манай ардын үг байдаг. Аливаа ажлын эхлэл, амжилт бүтээлийн үндэс байдгийг бодолцож, намрын ажил, өвлийн бэлтгэлээ одооноос базаан төр засаг түмэн олнооро эрч хүчээ нэгтгэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе…” хэмээв.
Үүний дараа төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол болж байна.