Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2024.07.29/ “МПМ” цогцолборт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, эзэнт гүрний их түүхийн өв, өнөөгийн бүсчилсэн хөгжлийн цөм, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, нийслэл болох Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж хамтран ажиллах, дэмжихээр хүрэлцэн ирсэн хот төлөвлөгчид, уран барилгачид, инженер, эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагт Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгосныг тэмдэглэв.
Түүнчлэн Улсын Их Хурлаас хоёр удаа тогтоол баталж, Шинэ Хархорум хотыг байгуулахаар сонгосон Улаанбаатар хотоос гурав дахин том хэмжээтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газарт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах чиглэл өгсний дагуу захиргаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.
Одоогоос 800 гаруй жилийн тэртээ буюу 1220 онд Их Эзэн Чингис хааны зарлигаар Орхон голын хөндийд байгуулсан Хархорум хот нь зөвхөн Их Монгол Улсын нийгэм, соёлын төв төдийгүй, тухайн үеийнхээ дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат харилцаа болон шинжлэх ухаан, шашин соёлын төв, өрнө хийгээд дорно дахиныг холбосон гүүр, тухайн үедээ дэлхийн нийслэлийн хэмжээнд хүрч хөгжсөн, Торгоны замын гол зангилаа хот байсан гэдгийг онцлов.