Редакцийн зарчим

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Сайтын үйл ажиллагаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг дээдлэн биелүүлэхтэй зөрчилдөж болохгүй.

Сайтын үйл ажиллагаа аливаа нам, улс төрийн хүчин, хуулийн этгээд, хувь хүний нөлөөллөөс ангид байна.

Сайтын өдөр тутмын үйл ажиллагаа нь үнэн бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн, тэгш, хүртээмжтэйгээр хүргэхийг эрмэлзэнэ.

Сайтын мэдээ, контентод мэргэжлийн сэтгүүл зүй, дижитал шинэчлэл, бүтээлч сэтгэхүй, баримтын дүн шинжилгээ, хувийн туршлага, ой санамжийг цаг ямагт шингээхийг эрмэлзэнэ.

Сайтын бүтээгдэхүүн, үйлчилгээг текст бичлэг, ярилцлага, нийтлэл, тойм, дүгнэлт, таамаглал, сурвалжлага, зураг, аудио, видео, хүснэгт, график дүрслэл болон бусад орчин үеийн шийдлийг дангаар эсхүл хослуулан хэрэглэсэн мэдээ, мэдээллийн агуулга, хэлбэр гэж ойлгоно.

 

ХОЁР. БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Сайтын мэдээ, мэдээлэл нь үнэн бодит байх, мэргэжлийн байх, мэргэшсэн байх, олон ургальч байх зарчим баримтлана.

Сайтын үйл ажиллагаанд эх сурвалж тодорхой бус хуурмаг мэдээ, түүнийг дэмжих ямар нэг оролдлого, мэргэжлийн бус зан, үйл илэрч болохгүй.

Сайтын мэдээ, мэдээллийн эх сурвалж ил тод байх ба хамтын бүтээл нь редакцийн зохиогчийн статустай байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iPEN.mn хуулийн хариуцлага хүлээхгүй. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг редакци устгах эрхтэй.

Сайт нь алдаатай мэдээ, мэдээлэл гаргасан тохиолдолд аль болох түргэн хугацаанд, албан ёсны бүхий л сувгаараа залруулга хийх зарчим баримтлана.

Сайтын редакци үнэн, чухал мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах эрхтэй бөгөөд түүнд өгсөн амлалтаа зөрчихгүй байх үүрэг хүлээнэ.

Сайт нь олон нийтэд дам нөлөөтэй хар тамхи, амиа хорлолт, хүчирхийлэл, гэмт хэрэг г.м эмзэг сэдвүүдээр уншигчдын тоог нэмэгдүүлж, олны анхаарлыг татах гэсэн явцуу ойлголтоор хандахгүй, харин ч үүнийг бууруулах зарчим баримтлахыг эрмэлзэнэ.

Мэдээ, мэдээлэлд ач холбогдолгүй хувь хүний нууц, хувийн мэдээлэл, гэр бүлийн асуудалд сайтын редакци хүндэтгэлтэй хандах зарчим баримтлана.

 

ГУРАВ. ОЮУНЫ ӨМЧ

iPEN.mn сайтад нийтлэгдсэн бүх мэдээ, мэдээлэл контентийн өмчлөл нь Монгол Улсын оюуны өмчийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

iPEN.mn болон түүний багийн гишүүдийн боловсруулсан мэдээ, мэдээлэл нь компанийн оюуны өмч бөгөөд зөвшөөрөлгүй этгээд ахин нийтлэх, иш татах, хэвлэх, хувилан олшруулахыг хориглоно.

iPEN.mn сайт бусдын бүтээлээс ашигласан тохиолдолд эх сурвалжийг заавал дурдах, холбогдох зөвшөөрлийг амаар болон бичгээр авсан байх үүрэгтэй.

 

ДӨРӨВ. ХАМТЫН АЖИЛЛАГАА

iPEN.mn сайт нь гэрээний эрх зүйн чадамжтай гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүнтэй тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллаж болно.

Сайтын редакци хамтран ажиллах аливаа хуулийн этгээд, хувь хүнээс үл хамаарсан үйл ажиллагаа явуулах эрхтэйгээ хамтын ажиллагааны гэрээндээ тодорхой тусгасан байна.

iPEN.mn сайт нь гуравдагч этгээдийн мэдээ, мэдээлэл, сурталчилгааг гэрээний үндсэн дээр нийтлэнэ.