2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР3Оюутолгойн яллагдагчдад талархцгаая!

Оюутолгойн яллагдагчдад талархцгаая!

Засгийн газар ирэх бямба гарагаас дөрөвдүгээр сарын 25 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгааг зарлав. Хоёр жил дамнан хөл хорионд байж туйлдсан иргэдийн хувьд засгаас олгоно гэж амласан 300 мянган төгрөг л зөөлөн сонсогдож байна.

Ерөнхий сайд өнөөдрөөс иргэдийн дансанд шилжиж эхлэх 300 мянган төгрөгийг Оюу толгойн олсон мөнгөнөөс өгнө гэж зарлалаа. Сошиал орчинд Ерөнхий сайддаа баярлалаа, Ерөнхийлөгч маань сая төгрөг олгох шийдвэр гаргаагүй бол энэ тэр гэсэн утгатай пост, жиргээ хөврөөд эхэлчихлээ.

Үгүй л дээ.

Энэ удаа иргэдэд 300 мянган төгрөг тарааж байгаад талархах субьект нь Засгийн газар биш. Ерөнхийлөгч бол бүр биш. Хорин жил галзуу попрол дунд аж төрсөн монголчууд яаж нэг ганц мега төсөлтэй байгаа юм гэж олзуурхмаар өдөр байна, өнөөдөр. Бүр тодруулж хэлбэл Оюу толгойг хөдөлгөсөн улстөрчдөд, Оюу толгой төслийг амжилттай хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдадаа баярлалаа гэж хэлмээр өдөр тохиож байна. Эрүүл ухаантай, саруул сэтгэлгээтэй үндэстэн бол ингэж л сэтгэнэ.

Харамсалтай нь өнөөдөр бид Оюу толгой төслөө зүхэж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчаа адлаж, Оюу толгойг хөдөлгөсөн улстөрчдөө шоронд суулгачихсан шигээ аж төрж яваа.

С.Баяр гэж хүн засаг толгойлж, сонгуулиар ялагдсан АН-ыг танхимдаа урьж уран нүүдэл хийгээгүй бол, тэгж сэтгэснийхээ хүчинд Оюу толгойн гэрээг зурж улстөрийн зориг гаргаагүй бол өнөөдөр Оюу толгой төсөл энэ дайны хэрэгжээд явах байсан эсэх нь эргэлзээтэй. Манайх шиг популист улстөрчдөө эх оронч гэж шүтсэн олонхитой оронд Оюутолгой  шиг мега төсөл хэрэгжихгүй байх магадлал маш өндөр. С.Баяр Ерөнхий сайд, С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар ажилласан Засгийн газартай байсан учраас Оюутолгой төсөл хөдөлсөн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Угаасаа ч тийм.

За тэгээд Оюу толгой төсөл хэрэгжиж эхэллээ, популист улстөрчид энэ зуур яаж дуугүй суухав. Хоолоо олж, эрх мэдэлд хүрэх ганц арга нь учраас Оюу толгойг улстөржүүлж, хөрөнгө оруулагчдыг гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэрт  хүргэж байсан нь нэг их холын түүх биш. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон хоёр жилд Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэнийг санах нэг нь санаж байгаа л байх. Массын ой санамж хэт богино болсон учраас тэр цагийн хэцүүгээ мартчихсан яваа нь олон байх. Тэр хэцүү цагт Дубайн төлөвлөгөөг баталж эдийн засгаа тэлсэн улстөрчийг нэрлэ гэвэл би хувьдаа Ч.Сайханбилэгийг онцолно.

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт талархах том шалтгаан нь энэ. Дубайн төлөвлөгөөг батлах улстөрийн шийдвэр гаргасан Ч.Сайханбилэг өнөөдөр яалт ч үгүй шахалт дарамтын улмаас хилийн чанадад, Дубайн төлөвлөгөөнд засгийг төлөөлж гарын үсэг зурсан Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр торны цаана сууж байна. Шуудхан хэлэхэд Оюутолгойг хөдөлгөсөн, амжилттай хэрэгжихэд нь нөлөөлсөн хамаг улстөрчөө шоронд хийчихсэн суугаа маань гашуун ч гэлээ бодитой үнэн юм. Эцэст нь давтан хэлэхэд Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдадаа, энэ төслийг хөдөлгөж, хэрэгжүүлэхэд том шийдвэр, их зориг гаргасан улстөрчдөдөө баярлалаа. Улстөрийн хоригдлууддаа баярлалаа гэмээр юм уу.

Ц.СЭЦЭН

Холбоотой мэдээ

7 СЭТГЭГДЭЛ

  1. Иргэнд 300000 гэдэг өрхөд нэг сая гэснээс хамаагүй их мөнгө байна шүү. Таван амбүлтэй бол сая таван зуу.Бид хичээх хэрэгтэй Засагтаа баярлалаа

  2. битгий сэвцгээ.эдний хийсэн гэрээгээр явсан бол ард түмэн ганц ч тѳгрѳг авч чадахгүй,асар их ѳрѳнд улсаараа ороод дуусах бсан.харин Даваасүрэн,Болорчулуун,Ганбаатар,Уянга,ОюунЭрдэнэ,д зэрэг олон эх орончид,шудрага хүмүүсийн хүчээр ѳдий зэрэгт яваадаа баяс

  3. Төсөл хөдөлсөн явдал сайн маш сайн харин гэрээ хийхдээ л алдаа гаргасан. Арай л сэтгэл чадвар, мэдлэг, туршлага дутсан

  4. Байгалийн баялгаа зарж идээд бэлэн мөнгө тараагаад сайн сайхан болсон улс гэж л сонсоогүй шүү Бурхан минь. Энэ бол хамгийн буруу зүйл. Үйлийн үрийг нь хэдэн үеэрээ эдлэх бол доо зайлуул.

  5. Энэ хулгайч ЛУЙВАРЧДАД талархах гэж хаашаа харсан юм байдгийм.
    БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ Ч БАГАДАНА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!