Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр дэлхийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох юм. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзжээ. Албаны мэдээ уншихад монголчуудтай худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол, зам тээврийн салбарт болон цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.
Жишээлбэл, Монголд халал аргаар бэлдсэн, хонины махыг манай таван компани анх удаа АНЭУ-д экспортолсон байна. Дубай хотын худалдааны төвд энэ оны нэгдүгээр сараас хойш худалдаалж, 300 тоннд хүрсэн. Энэ нь бидний харилцааны амжилт юм. Энд махны хэрэглээ өндөр тул дэлхийн өнцөг булан бүрээс мах импортолдог. Махны зах зээл нь ихээхэн өрсөлдөөнтэй ч манай ААН-үүд бүх зөвшөөрлөө авсан. Саудын Араб руу мөн мах гаргахаар ажиллаж байна. Би Саудын Арабыг мөн хавсран суудаг. Бид хонины махаа эдгээр улсуудад тогтвортой нийлүүлбэл малчдад ихээхэн дэм болно. Энд монгол хонины мах бол бэлчээрт тааваараа идээшилсэн, олон төрлийн ургамал идсэн мал гэж одоо л танигдаж байна.
Цаашлаад газар тариалангийн чиглэлд хамтран ажиллах сонирхол арабуудад байгаа бололтой. Арабын орнуудад гурилын хэрэглээ өндөр тул манай улсад улаан буудай тариалах санал тавьж байгаа аж. Ямартаа ч арабын баячууд монгол мах, гурил идэхийг хүсч байгаа аж. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал энэ мэтчилэн үр дүнгээ өгч эхлэх нь.