2024.10.4, Friday
spot_img
НҮҮР3Дилова хутагтын хуучилсан буг чөтгөрийн түүх, болсон явдал

Дилова хутагтын хуучилсан буг чөтгөрийн түүх, болсон явдал

Дилова хутагт Хаттори хоёрын танилцан нөхөрлөсөн түүх

Широ Хаттори (1908-1995) болбоос Япон улсын тэргүүлэх Монгол судлаачдын нэг, Монголын нууц товчооны болон Алтай язгуурын хэлнүүдийн судалгаагаараа нэрд гарсан эрдэмтэн билээ. Их сургуульд байхдаа монгол, турк, татаар хэл үзэж төгсөөд Хөлөнбуйрт ажиллаж, монгол хэлээ, Харбин Хайлаарт татааруудын дунд аж төрөн, татаар хэлээ зүгшрүүлж авсан байна. Татаар бүсгүйтэй гэрлэснээр орос татаар хоёр хэлэнд бүр ч нэвтэрчээ[1]. 1943 онд Монголын нууц товчоогоор докторын зэргээ хамгаалаад 1949 онд Токиогийн их сургуулийн бүрэн эрхт профессор болов.

Дараа жил нь буюу 1950 онд Мичиганы их сургуульд зочин багшаар уригдан ирж, Алтай хэл шинжлэл, Япон хэлний хичээл зааж байхдаа Калифорниагийн их сургуулийн Бэркэлий дэх салбарт нэгэн удаа зочилсноор Дилова хутагттай уулзах завшаан тохиожээ. Тэр хоёрын анх таарсан түүх их сонин. 1951 оны зуны нэгэн өдөр Широ Хаттори Бэркэлийгийн гудамжаар зугаалан явж байв. Гэтэл урдаас нь яах аргагүй монгол хувцастай хүн айсуй гэнэ. Одоо бол Америкийн аль ч муж, хотод монгол хүнтэй таарахад гайхаад байх зүйл ер үгүй, тэр үед бол үнэхээр санаанд багтмааргүй юм л даа. Тийм ч учраас юу юугүй шууд яваад очсонгүй, болгоомжтой харсаар дөхөж. Ойртоод харваас яах аргагүй монгол хувцас, байдал төрх нь яагаад ч хятад биш хүн байсны тул зориглон монголоор мэндэлбээс хариу монголоор ярьсан, тэр хүн нь Дилова хутагт байсан ажээ. Широ Хатторигийн хамгийн их баярласан юм нь юу байв гэхээр тэрбээр урд нь Өвөр Монголчуудын дунд аж төрсөн, хэл аялгууг нь сайтар судалсан, харин халх аялгууг тийн нарийвчлан судлах боломжгүй явсаар ирсэн байтал Америкийн гудамжинд таарсан өнөө шинэ танил нь цэвэр халхаар ярилцаж эхэлсэн нь үнэхээр гайхалтай аз болсон аж.

Дилова хутагт тавиад оны эхээр нэг талаас Балтиморын халуунаас зугтаж, сэрүүн газар зусах, нөгөө талаар Лессингийн эрхэлж асан Монгол-Англи толийг бүтээх ажилд оролцох хэргээр зундаа Сан-Франсиско хотноо ирдэг байв. Монгол хэлээр ярьдаг япон эрдэмтэнтэй танилцсандаа өөрөө ч мөн олзуурхаж, шууд кофены газар урьж, цай авч өгчээ. Үүнээс хойш Хутагт хоёр ч удаа их сургуулийн хотхонд байрлах Хатторигийн байранд очиж ярилцан, сайн нөхөд болцгоогоод Балтиморт Хатториг очвол хэл аялгууных нь жишээгээр халх аялгууг судлах, өөрөө зааж өгөх зөвшөөрлийг өгсөн байна. 1951 оны 6 сарын 27-ны өдөр Дилова хутагт Оуэн Латтиморт бичсэн захидалдаа. “…Энэ Бэрклэй манай хангай нутаг лугаа адил сэрүүхэн сайхан байна. Энэ орны хүмүүс намайг хүнд хачнаар үзэж байх олон байна. Би хэдүйн энэ хотын нэг их мүби (movie буюу кино театр) -д орсонд нэгэн цаасан дээр миний нэрийг бичүүлээд мөнгө авсангүй оруулав. Мишиган нэрт газрын сургуульд сургагчийн ажилтай Хаттори нэрт япон хүн энд ирээд буцав. Энэ жилийн 10 сар буюу хойтон жилийн 2 сард Балтиморт очиж, надаар монгол хэл заалгах санаатай хэлмүй”[2] гэж бичжээ.

Үнэхээр ч тэр оныхоо 10 сард Хаттори Мичиганы их сургуулийн ажлаа дуусгаад Балтиморт, Жон Хопкинсын их сургуульд очсон, Оуэн Латтимор найрсан хүлээн авч, хагас жилийн туршид Дилова хутагт, Онон Өргөнгөө, Хангины Гомбожав нартай ажиллах боломжийг олгосон юм.

Нэгэн өдөр Дилова хутагт Хатторитой хамт их сургуулийн цайны газар хооллож суухдаа буг чөтгөртэй учирсан улсын болсон явдлаас ярьж өгсөн байна. Хаттори ихэд сонирхон, цааш нь яриулах гэтэл тийм зүйлд итгэдэггүй, шоолоод байдаг улсад бол ярихгүй гэжээ. Хаттори бага насандаа үнэхээр сүнс сүүдэрт итгэдэг байснаа батлан өгүүлсний тул Дилова хутагт доорх хэдэн явдлыг ярьж өгсөн, үүнийг Хаттори дуу хураагуураар бичиж аваад, авианы галиг үйлдэн, Монгол нийгэмлэгийн сэтгүүлд хэвлүүлсэн байна[3]. Энд би харин галигаар нь бус, орчин цагийн кирил монгол бичгийн дүрмийн дагуу буулгаснаа толилуулъя. Харин найруулгыг нь засаагүй, чухам Хутагтын ярьсан тэр эхээрээ, хар ярианы найруулга, сул үг сэлттэйгээ буйг анхаарна биз ээ.

Адуучин Санжжавын түүх

Манай шавийн адууч Санжжав гэж нэг хүн, тэр өвөл болбол адуу оторлоод явдаг, айл айлын адуу хариулдаг, нэг тийм хүн байж. Тэгээд тэр урд нэг Хятадын Даашинхүү гэж, Монгол газраас мал худалдаж аваад Хөх хотод тууж аваачиж, тэнд худалддаг тийм нэг их пүүс байсан юм аа. Тэрүүний нэг салбар тэр адууч Санжжавыг хөлсөлж аваад явж. Тэр аваад явахлаараа, тэр замдаа нэг дөрвөн морь (тэд нар морь унаж явсан юм байна) тэр майхны данжаад нар тэр. Тэгээд нэг бас хоёр сул морьтой, тэгээд нэг тийм дөрвөн морь тэр маллаж явсан юм. Тэгээд нэг шөнө буудал дээрээс нэг өвстэй газар, хөдөө аваачиж, тэр морио өвсөн дээр тавьчхаад дэргэд нь тэр түүнийгээ манаж хонодог. Түүний ажил нь ер нь тийм л юм гэнэ.

Тэгээд нэг жаалхан цастай газар, нэг жаалхан толгойн энгэрт, нэлээн өвстэй байхлаар тэнд очоод морио чөдөрлөж тавьчхаад, тэгээд тэнд жаалхан хэвтэж байсан. Ер нь нэлээн хүйтэн байна гэнэ. Тэгээд харж байсан, тэр зүүн тал руу нь нэг муухан гал харагдаж байна гэнэ. “Үгүй энэ чинь тэнд айл байх юм байна. Тэнд очоод өвстэй юм болбол би өөрөө айлд хоноод, морио тэр айлын орчим, энэ нэг дөрвөн морио тэнд аргамжчихаад, тэгээд би тэнд унтаад, дулаан унтаад явбал сайн юм байна” гэж бодоод, морьдоо аваад тэгээд тэр яваад очсон.

Очтол нэг багашиг хар нохой гадаа нь хуцаж л байна гэнэ. Дэмий давхиад ирэх ч үгүй. Гадаа нь очоод “Нохой хорь оо” гэж дээ. Монголд тийм нэг зан байх юм. “Нохой хорь оо” гэж дуудаж. Чимээ ч үгүй. Тэгэхлээр нь буусан, тэр нохой тэнд хуцаж л байна гэнэ. Буучхаад тэр морио тэнд уячхаад, тэгээд гэрт нь яваад орсон, нэг муу, өнгөгүй, хөх гал байна гэнэ. Тэр хойд талд нэг хүн буруу хараад (нэг тийм улаан дээлтэй юм шиг) нэг тийм хүн унтаж байна гэнэ. Орон доор нь бас нэг тийм хуучин муу хөх дээлтэй хүн болтой, нэг хүн унтаж байна гэнэ. Орных нь хөл дээр улаан дээлтэй нэг бүсгүй хүн, тэр галыг өрөөсөн гараараа нүүрээ хаачихсан, тэгээд сууж байх юм гэнэ, эхнэр хүн. Баруун талд нь хоёр ямаа байна гэнэ. Хөгнөнд нь нэг тийм нэг хоёр ямаа байна гэнэ. Бүдүүхэн ямаа гэнэ. Тэр тэгээд л хивээд л байна гэнэ.

Тэгээд ороод л “Амар байна уу?” гээд л тэр бүсгүйг амар эрсэн, ер хариу хэлэхгүй, дуугүй гэнэ. Тэгээд баруун талд суугаад, тэгээд тэр тамхи татах гэж уутнаасаа гаансаа гаргаад, тамхи нэрээд л, өнөө галаас нь асаах гээд байсан, ер ноцож өгөхгүй. “Үгүй, тамхи байна уу?” гээд үзсэн байна гэнэ. Дахиад асаах гэсэн, ноцохгүй гэнэ. “Үгүй энэ чинь битүүрчихсэн юм уу?” гээд тамхиа буцааж уутанд нь гүвчхээд, гаансаа сэтхээд үлээгээд үзсэн, мөн л гаанс нь ч битүүрээгүй л гэнэ. Тэгэхлээрээ дахиад тамхиа нэрээд, бас дахиад л асаах гэсэн, үгүй, гал осолгүй харагдах, очоод асаах гэхлээр огт тамхи ноцохгүй гэнэ.

“Өө энэ ямар жигтэйхэн юм. Хаашаа юм” гэж бодож байтал тэр эхнэр мөн тэр нэг гараараа нүүрээ хаалттайгаа, нэг гараараа нэг муу аягатай юм (ингээд тэр) тулганы хойд талаар өгч байна гэнэ. Тэр дэмий ч сайнгүй, нэг хар аяга гэнэ. Тэр магад бодоход мөн модон аяга байлгүй дээ. Тэгэхлээр нь өнөөх чинь “Ээ энэ ер нь биш болж байна. Явъя” гээд дороо тамхиа гүвчхээд гаансаа өвөртөлчхөөд, тэгээд гадаа гарсан, чимээ ч үгүй л гэнэ. Мордоод л жаахан явтал л хойноос нь “Өө чи яах гэж явав? Манайд хоноод яв! Битгий яв!” гээд хойноос нь гайгүй дуудаж байна гэнэ. Тэр чиг тэр хэвээрээ. Чөтгөр гэж одоо сая мэдэж. Тэр одоо ер нь тамхи асааж болохгүй болохлоор чөтгөр гэж мэджээ, тэгээд. “Аа энэ чөтгөр юм байна” гэж. Тэгээд бас түүнээс жаахан айгаад, тэгээд майхнаасаа өнгөрөөд, цаад талд нь очиж хонож гэнэ ээ.

Тэгээд өглөө юу юугүй үүр цайгаад, гэгээ гараад ирэхлээр “Би нэг очиж үзье байз. Ердөө юу байх юм” гэж. Тэгээд тэр газар нь дэмий хол биш болохлоор өнөөх ч яваад, одоо, буцаж харьж ирэхээс өмнө тэрүүгээр яваад тэндээрээ хүрээд ирсэн. Өө тэгэхнээ нэг хуучин муусайн энэ гэрийн мод, эсгийний тасархай, элдэв нэг тийм нэг гэрийн хог, бас тэгээд нэг айл байгаа маягтай. Тэрүүний тэр хойд талд нэг хүний хагас хугас яс. Тэр зүүн талд нь бас нэг орны модны маягтай юмны хагас хугархай энэ тэр байна гэнэ. Өө тийм нэг хоёр гурван хүний яс, нэг хоёр хатчихсан ямааны толгой байна гэнэ. Гадаа нь тэр гэрийн тэнд бас нэг нохойны толгой байж байна гэж, тэгж хэлдэг юм. Тэр тэгж сая чөтгөрийг нь мэджээ.

Одоо нэг тийм шиг юм, зарим юманд болбол нэг тийм ор сорвитой, зарим нь чиг юу ч үгүй, зүгээр нэг дуугараад л байдаг, тийм юм байх юм, чөтгөр гэж.

Улаан толгой Бадамжавын түүх

Тэр манай шавийн урдхан залгаа, Жонон бэйлийн хошуу гэж, нэг тийм хошуу байх юм. Тэдний хошууны Улаан толгой Бадамжав гэж, Богдын Хүрээнд – Их Хүрээнд очиж, сургаал хийсэн, нэлээн сайн, номын сургаал нэлээн сайн номтой, тийм хүн байсан юм. Тэгээд тэр Бадамжав Хүрээнд байж байгаад нутагтаа харьж ирж. Тэгээд зун, тэрүүний нэг авга ахын нэг газар байх юм байна. Тэгээд тэр шинэ ирээд, тэр авга ахтайгаа уулзана гээд, нэг өглөө эртхэн (бас нэлээн зайтайхан газар юм байна, тэгээд) нэг морь барьж унаад, тэгээд л явж, тэр авга ахдаа.

Тэрний дунд нэг тал газар байх юм. Тэгээд тэр тал гатлаад, цаад талын ууланд нь гарч байж, тэр авга ахындаа очих. Тэгээд тэр талын зах руу ороод ирсэн, тал дундуур нэг морьтой хүн яваад, нэлээн давхиад ирж явна гэнэ. Тэгээд яваад ойртоод ирсэн, (тэр хоёр урд) нэг Дэмбэрэл Банди нэртэй хүн байсан, тэр хоёр ер нь багаасаа наадаж өссөн, хаа л уулзалдвал, Монголд тэгж нааддаг улс байдаг юм, хаа л уулзалдвал амар мэнд ч гэж тийм олон юм асуухгүй, зүгээр уулзаад л хоёулаа ноцолдоод л, тэгж байгаад тэгээд сүүлд нь, тэрнийгээ өнгөрснөөс хойно, сүүлээр амар мэндээ эрээд, үгээ ярьдаг, тийм байх юм. Тэр хоёр бол ердөө хаа уулзвал тэгж зодолдож, ноцолдоно, тийм. Тэгээд тэр Бадамжав нь нэлээн тэнхээтэй. Тэр Дэмбэрэл нь тэнхээ муутай, тийм хүн юм, урд.

Харсан, тэр мөн гэнэ ээ. Юу юугүй ойртоод ирж гэнэ. Бие биенээ хараад, бие биен рүүгээ инээж гэнэ. Инээчхээд л дороо, одоо, ноцолдох гээд хоёулаа бууж. Наад Бадамжав морио чөдөрлөчхөөд босоход тэр хэзээний морио чөдөрлөчихсөн, дээлийнхээ хормойг хавчуулчихсан, дэргэд нь ирээд зогсож байна гэнэ. “Чи юун бузгай шалав түргэн зантай болсон юм?” гээд л бариад авсан, хоёулаа ноцолдоод байсан, тэр урд бол тэр Бадамжав нь амархан унагачихдаг, тэгээд нэг унагачихвал баахан нухаж, гижигдэнэ үү яанав, тэгж байгаад тэгээд салдаг юм. Тэр ердөө хүч хүрэгдэхгүй гэнэ. Ноцолдоод ноцолдоод, ноцолдож их удаж гэнэ. Тэгж тэгэж даа, арайхийж нэг, тэр Бадамжав тэрнийг нэг унагаад л, тэгээд дараад авах гэтэл нэг жигтэйхэн нимгэхээн, доор юмгүй шиг болтол, тэгээд ухаангүй болчиж.

Тэгээд нэг сэрсэн, нэлээн оройхон, үдээс хойш болчихсон. Энэ болбол өглөө нэлээн эрт, Монгол газар болбол нэг бага үд гэж хэлэх юм даа, бараг нэг одоо нэг есөн цагийн баргийг хэлэх юм аа. Тэр нэг есөн цагийн бараг тэрүүнтэй уулзсан хүн, оройн нар болбол тэр уулын сүүдэр газар буусан гэж дээ, одоо мөн нэг оройн нар зуны цаг юм болохлоор, бараг бодвол бас нэг зургаан цаг шахуу болсон шахуу цаг байх юм аа, тэр. Тийм болсон байна гэнэ.

Үгүй энэ, хэчнээн чиг, юу болсноо ч мэдэхгүй. Одоо яваад тэр тал гатлаад, авга ахынд хүрэхэд баахан оройтож гэж.

“Үгүй байя аа. Үгүй өнөөх чинь яасан юм. Хүнийг унагачхаад яагаад энэ явчихдаг юм. Хүнд хэл өгөх гэж явсан юм бол уу” гэж. Ингэж бодсоноо, “Үгүй энэ хаашаа сонин юм. Яагаад тийм байдаг юм. Одоо харья даа” гэж. Тэгээд яваад хариад ирсэн, гэрийн улс “Үгүй чи яагаад эрт хүрээд ирэв?” (Тэр уг нь хоноод ирэх учиртай) “Яагаад ингээд өдөртөө буцаад хүрээд ирэв?” гэсэн, “Үгүй буцах юу байхав. Дэмбэрэл надтай дайралдаад ноцолдож байгаад, тэгээд бид хоёр ноцолдож байсан, тэгээд би сүүлд ухаангүй, муураад ойчсон. Харин тэр хаячхаад алга болчиж шүү” гэсэн, “Үгүй, юуны Дэмбэрэл бэ? Тэр чинь үхсэн юм. Үхээд нэлээн удсан” гэж. Тэгж хэлж байж. Тэгэхлээр түүний дараагаар тэр Бадамжав бас нэлээн өвдсөн гэнэ билээ.

Анчин Анжавын түүх

Тэр Ханхөхийд нутагтай, тэр Их Эржигиний хошууны Ан Ив гэж нэг гөрөөч хүн урд байж гэнэ. Тэр тэгээд Хорин бугатайн даваа гэж нэг даваа байдаг. Түүний ард байгаад, тэр давааны өвөрт, уулын өвөрт нь тэдний хийд хүрээ – сүм байх юм. Тэгээд тэндээ очих гээд шөнөөр мордоод явж. Эрт хүрэх хэрэгтэй.

Тэр нэг “Ум Мааний Бадмээ Хун” гэдгийг, хэл нь тийм байсан юм уу, яаж байсан юм даа, тэр нэг “Ум Маарий Бадмээ Хун, Заарий Бадмээ Хун” гэж уншдаг хүн байсан юм сан лээ. Аа тэгээд, тэр түүнийгээ үргэлж л “Маарий Бадмээ Хун, Заарий Бадмээ Хун” гэж уншдаг, ингэж уншиж явдаг хүн байсан юм. Тэгээд мөн түүнийг уншаад л явж .

Тэгж байтал, тэр даваа өгсөөд явж байтал эмээлий нь хойгуур нэг юм ирээд сундлаатхаж гэнэ. Тэгээд тэврээд авч гэнэ. Ингэхлээр энэ “Чи ямар юм?” гэж үзсэн, дуугарахгүй гэнэ. Тэгээд өнөөх чинь араас нь сундалчхаад л, тэврээд л явна гэнэ. Тэгэхлээр өнөөх чинь морин дээрээ мөн яваатайгаа бүсээ тайлаад, өнөөхийн нэлээн холоор гараа оруулаад, дэмий ч юм мэдэгдэх биш гэнэ. Гараа оруулаад холхноор татаад, одоо сайн, түүний сундалсан юмны цаагуур нь бүсэлж байгаа маягтай. Тэгээд бүслээд гайгүй чанга татсанд, жаалхан сулралтай болохлоор нь дахиж ахиулж чангалчхаад, тэр нэг хуучин суран бүстэй байх юм, тэр үеийн улс.

Тэгээд яваад л, явсаар байтал чиг юу юугүй үүр цайгаад, одоо нар гарах шахуу болоод ирж гэнэ. “Ан Жаав, чи намайг тавиад өгөөч” гээд л байна гэнэ. Тэр ч санаанд ч орсонгүй, мөн “Маарий Бадмээ Хун, Заарий Бадмээ Хун” гэж уншаад л, яваад л байж. Тэгээд л явсаар байтал юу юугүй л нар гарч. “Ан Жаав, нар гарах нь ээ. Чи намайг тавиад өгөөч. Би гуйя даа. Би хойно чамайг би сундлахаа байя аа. Чи намайг тавиад өгөөч, Ан Жаав!” гээд л гуйгаад л байна гэнэ. Тэр ч дуугүй л мөн тэгээд л яваад л байж. Явсаар байтал юу юугүй л нар гарч.

Нар гарахлаар одоо түүнээс хойш чимээгүй болчиж. Өнөөх сундалсан ч юм байхгүй. Өнөө бүсээ чангалсаар байтал нэлээн чанга болчиж. Тэгээд тэр “Ердөө энэ намайг, миний бүсэн дээр магад бүслэгдэж, энэ юу байдаг юм бол доо? Тэгж ингэж Хүрээн дээр очиж байж л нэг үзүүлье дээ”

Тэгээд цаашханаа явж байсан, нэг хүн дайралдаж. Цаанаас гарч ирж яваа хүн, өглөө, хүн яваад дайралдаж. “Энэ ер юм үздэг юм бол уу, үгүй юм бол уу” гээд дэргэдүүр нь гараад, зөрөөд өнгөрч. Тэгээд өмнө нэг сайн таньдаг ч байсан юм уу, таньдаггүй ч байсан юм уу, тэгээд өнгөрөхлөөр нь энэ үздэггүй бол уу, тэр ч юм хэлэх биш гэнэ. Тэгэхлээр нь “энэ юм байна уу үгүй юу” гэж бодохлоороо тэрнээс нэг үг асууж гэнэ. “Чи хаачиж явна” энэ тэр гэж нэг үг асуусан, тэгэхлээр тэр нэг хэрэгтэй юм асуух дээр тэр жаалхан өнгөрөөд л ард нь гарчихсан юм болохлоор бас эргэж хараад тэрүүнд үг хэлэх гэж. Тэгж харчхаад “Үгүй чи нэг сүүжний яс юүх гэж бүсэлсэн юм?”

“Аа, сүүжний яс байна уу?”

“Нэг сүүжний яс л чи бүсэлсэн байна шүү дээ”. Ингэж хэлж гэнэ.

“Аа би зүгээр бүсэлсэн юм аа”

Тэгээд тэр ч цаашаа явж, наадах ч наашаа явж. Бас нэг хүн дайралдаж. “Энэ бас үздэг бол уу, үгүй бол уу”. Тэр хүнээс асууж.

“Миний энэ ар бүсэнд ямар юм байна? Чи үзээч!”.

Өнөөх чинь одоо “Үгүй нэг, сүүжний яс байна шүү дээ”.

Тэгэхлээр нь өнөөх чинь “Өө энэ юм байна шүү дээ”

Тэгээд өнөөх чинь жаалхан явж байгаад тэгээд нэг үхрийн хэвтэр газар дайралдахлаар буугаад бүсээ тайлсан, нэг сүүжний яс газар ойчлоо гэнэ. Өнөөхийг нь аваад аргал овоолж байгаад түлчхээд явчиж гэнэ. Тэр нэг чөтгөр заримдаа тэгээд л сүүжний яс энэ тэрд оршсон чөтгөр байдаг гэж хэлдэг үг байдаг юм аа.

Эш авсан бүтээл

[1] altaist.org сайтад хэвлэгдсэн Широ Хатторигийн намтраас авав.

[2] Мягмарын Саруул-Эрдэнэ, “Дилова хутагтын захидлууд”, Сэлэнгэпресс, 2022, 64-р тал

[3] Analecta Mongolica, Mongolia Society, 1972, pages 101-114

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!