2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Бидний дайсан

Бидний дайсан

Хүн төрөлхтөн хорьдугаар зуунаа үдэж шинэ хоринэгдүгээр зуунд ороод хорь гаруй жил болж байна. Хорьдугаар зуун бол нэг талаар шинжлэх ухаан, технологийн зуун байлаа, нөгөө талаар коммунизм, капитализмын зөрчлийн зуун байлаа. Хорьдугаар зуунд коммунизм гэгч хортой үзэл дэлхийд түгэн дэлгэрч эзэн хаан,ноёд хөрөнгөтөн, феодал, лам санваартнуудыг устгачихвал коммунист нийгмийг байгуулж жаргах болно хэмээн их хядлага явуулж нийтдээ 100 сая хүн коммунизмаас болж үхэж үрэгджээ.

Еврейчүүд,коммунистуудыгустгачихвал жаргалтай сайхан нийгэм болно хэмээн үздэг германий нацистууд нийт 11 сая хүнийг хөнөөжээ. Зөвлөлт улсад Сталин ардын дайснууд хэмээн 24 сая зөвлөлт хүнийг хөнөөжээ. Хятадад Мао ардын дайсан хэмээн 65 сая хятад иргэнийг хөнөөжээ. Энэ зуунд дэлхийн дайн 2 удаа болж нийтдээ 80 сая хүн үхэж үрэгджээ. Биднийг хүүхэд байхад том хүмүүс бидний дайснууд болвоос америкийн империалистууд, японы милитаристууд, хятадын маочууд хэмээн ярьдаг байв. Гэтэл хорьдугаар зуунд бидний дайсан гэдэг байсан Америк, Япон, Герман, Хятад улс хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрчихжээ. Харинбид дайсныг хайсаар хамаг цагаа алдаж, хоцрогдолын ёроолд унасан байв.

Биднийг хойд хөрш улсад оюутан байхад зөвлөлтийн оюутнууд“Бид бол агуу Зөвлөлт улсын иргэд. Монголчууд та нар бол манай Зөвлөлтийн 16 дахь республик. Зөвлөлт гүрний дайсан бол Америк” гэдэг байлаа. Зөвлөлтийн оюутнуудад 7 хоногийн нэг бүтэн өдөр цэрэг иргэний хамгаалалтын хичээл ордог байв. Монголын оюутнууд бид тэр өдөр нь амралттай байдаг байв. Би тэднээс “Та нар энэ өдөр юү судалдаг юм бэ дээ?” гэхэд тэд “Бид АК буугаар яаж буудахыг сурдаг, энэ бууг яаж хурдан задалж хурдан угсардагийг сурдаг. Цөмийн дайн болвол цөмийн цацраг идэвхжилээс хэрхэн хамгаалах талаар судалдаг” гэж билээ.

Зөвлөлтийн ард түмэн тэр үед энхийн цагт дайнд л бэлтгэдэг байж дээ. Би тэр үед юун АК буугаар буудаж сурах, ямар зэвсэг яаж эзэмшдэгийг огт мэддэггүй байлаа. Мэдээд ч яах юм билээ. Миний чаддаг зүйл бол ном унших л байлаа. Хорьдугаар зуунд дэлхий цөмийн дайны ирмэг дээр байжээ. Карибын тэнгисийн хямрал болж солонгосын болон вьетнамын дайн болж байлаа. Дараа нь афганы дайн, чечений дайн гээд дайн ер тасарсангүй. Хятадын удирдагч Мао Зедун тэр үед “Цөмийн дайн болвол хятадууд бид 300 сая хүнтэй энэ дэлхийд амьд үлдэж бусад улсууд бүгд үхэж дуусна” гэдэг байв. Тэр үед Кубын удирдагч Фидел Кастро зөвлөлтийн удирдагчдыг ятгаж, “Америкийг атомын бөмбөгөөр бөмбөгдөж устгаач” хэмээн удаа дараа шаарддаг байжээ.

Солонгосын дайныг хойд солонгосын удирдагч, коммунист Ким Ирсен өдөөж Сталины дэмжлэгийг авч 1950 онд 175 000 цэрэг, 150 танк , 172 нисэх онгоцтой Өмнөд Солонгосын эсрэг гэнэт дайрсан байдаг. Тэд “Бид заналт дайсан америкийн империалистуудын эсрэг дайн хийж Солонгос орноо нэгтгэнэ” хэмээн зарлаж байсан. Тэр үед өмнөд Солонгос ердөө 90 000 цэрэгтэй л байжээ. Хойд солонгосын улаан арми, хятадын улаан армитай хамтран удалгүй өмнөд солонгосын нийслэл Сөүл хотыг эзлээд улмаар Бусан хотод ойртож бараг бүх өмнөд Солонгосыг эзлэх тун дөхсөн байдаг. Тэдний өдөөсөн дайнд нийтдээ өмнөд солонгосын 1.3 сая цэрэг, америкийн 57 000 цэрэг, хойд солонгосын 520 000 цэрэг, хятадын улаан армийн 900 000 цэрэг амь үрэгдэж, нийтдээ энгийн 3.0 сая иргэн амь үрэгдсэн байдаг. Энэ дайн 1953 онд Сталины нас барсан жилд зогссон. Энэ дайн дуусаагүй, хэзээ ч эхлэхэд бэлэн байдаг юм. Солонгосын дайн зогсоод 70 жил болоод байхад хойд солонгосчууд одоо ч гэсэн америкийн империалистууд бол бидний дайсан хэмээн итгэсээр эдүгээ цөмийн дайнд бэлтгэсээр байгаа нь тун аймшигтай түүх шүү.

Эдүгээ хориннэгдүгээр зуунд энэ дайн хэмээх эмгэнэлт явдал дахин давтагдаж байна. Тэр юү вэ гэвэл, хоёрхон жилийн өмнө Орос улс Путины тушаалаар Украиныг нацистуудаас чөлөөлнө гээд агаараар дүүрэн онгоц, газраар дүүрэн танктай 300 000 орос цэрэг Украин руу үүрийн 04 цагт довтолсон. Тэд Украинд байгаа нацистуудыг устгана хэмээн дайрсан. Гэвч тэнд нэг ч нацист байсангүй. Тэнд эх орноо хамгаалсан украины дайчид л байлаа. Дэлхийд нацизм устаад 85 жил, коммунизм устаад 33 жил болж байна. Украинд дайн болоод 2 жил өнгөрчээ. “Оросын тал 500 000 цэргээ алдсан, Украины тал 31 000 цэргээ алдсан” хэмээн Украины ерөнхийлөгч В.Зеленский саяхан мэдэгдэв.

Эдүгээ Оросын тал хоёр жилийн өмнөх шигээ Украинд байдаг нацистуудыг устгана гэж ярихаа больжээ. Одоо Оросын эрх баригчид“Украин бол манай Оросын газар нутаг. БидУкраины бүх газар нутгийг эзэлнэ. Өрнөдийнхөнөөс бид айхгүй. Бид НАТО-тай байлдана, Английн Лондон хот , Америкийн Вашингтон хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөнө” гэх болжээ. Оросын эрх баригчид болон олигархиудын олон хүүхдүүд Англи, Америкийн их, дээд сургуулиудыг төгсөөд тэндэхийн иргэд болцгоосон байдаг. Тэхлээр тэд өөрсдийн хүүхдээ атомын бөмбөгөөр бөмбөгдөх гэж үү. Путин эдүгээ оросын ард түмэнд хандаж “Бид эх орноо хамгаалах хэрэгтэй. Бид аль эрт Украиныг дайрах ёстой байжээ. Бид ялах болно. Ялалт бидний талд” хэмээнард түмнээ дайнд уриалах аж. Оросын ард түмэн эдүгээ ганц хүнийг амыг харж байна, ганц хүний дарангуйллыг хүртэхээрээ нэг болж байна. Орост одоо парламентийн эрх мэдэл,хүний эрх, эрх чөлөө гэх зүйл огт алга болсон.

Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сонгуулийн төв хороонд бүртгүүлэх гэсэн Госдумын экс депутат, дэд эрдэмтэн Борис Надеждиныг Сонгуулийн төв хороо бүртгэхээс шууд л татгалзав. Надеждин 100 000 гарын үсэг цуглуулахаас 200 000 гарын үсэг цуглуулж эдгээрээс зөвхөн 105 000 гарын үсэгийг сонгон үлдээж сонгуулийн хороонд өгчээ. Гэтэл оросын сонгуулийн төв хороо түүний гарын үсгийн 15 хувь хуурамч хэмээн гүтгэж бүртгэхээс татгалзав. Дээд Шүүхэд гомдол гаргасан боловч татгалзсан хариу өгөв. Б.Надеждин ард түмэндээ “ Дайныг зогсооно, Өрнөд европтой харилцаагаа сэргээж сайжруулна” хэмээн мэдэгдсэн боловч түүний энэмэдэгдэл оросын эрх баригчдад таалагдсангүй. Б.Надеждинд гадаад руу зугтахаас өөр зам үлдсэнгүй.

Саяхан сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барж төрсөн эх нь хүүгийнхээ шарилыг авах гэж ихэд зовлоо. Хорих анги Навальныйн шарилыг эхд нь өгөхгүй олон өдөр хүнд суртал гаргав. Аргаа барсан эх нь Путинд хандаж видео мэдэгдэл хийж, хүүгийн минь шарилыг өгөөч хэмээн олон удаа гуйсан. Оросын үнэн алдартны шашны ёсоор нас барсан хүнийг 3 дахь өдөр нь оршуулах ёстой. Гэтэл төр засаг нь хүүгийнх нь шарилыг өгдөггүй. Оросын Хорих ангийн мөрдөн байцаагч эхд нь “Танай хүүгийн шарилыг энд Хорих ангийн ойролцоо оршуулахыг та зөвшөөр. Тэгвэл хүүгийн чинь шарилыг танд өгнө” хэмээн тулган шаардаж байжээ. Оросын жирийн нэгэн иргэн эмэгтэйхүүгээ оршуулах эрхийг төр засгаас хүртэл гуйх болж байдаг. Орос оронд ерөнхийлөгч л зөвшөөрөхгүй бол бүх юм бүтэхгүй.

Монголд ч гэсэн хорьдугаар зууны эхэнд аймшигтай явдал тохиосон. 1921 онд ардын засаг тогтлоо, агуу Зөвлөлт улстай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоолоо хэмээн монголчууд бүгд л баяртай байсан. Гэтэл ардын засгийн анхны жилүүдэд Богд хаан, Богд хатан, Бодоо, Данзан, Сүх жанжин гээдбүгд л гэнэт цувраад ойр ойрхон үхээд байсан. Урьд өмнө нь Монголд ингэж монголын төр засгийн удирдагчид ойр ойрхон олноороо гэнэт үхэж байсангүй. Гэтэл нийслэл Хүрээнд Зөвлөлт улсаас чекист Яков Блюмкин гэдэг хорьдугаар зууны хамгийн том алуурчин Монголд ирээд ганц жилийн дотор монголын төр, шашны тэргүүнүүдийг нь нууцаар хорлож хөнөөгөөд яваад өгсөн байдаг. Үүнийг хэн ч мэдээгүй, хэн ч учрыг нь олооогүй өнгөрсөн. Монголд дараа нь ардын дайсан, хувьсгалын эсэргүү, хар шар феодалууд, японы тагнуул хэмээн үй түмэн зохиомол хэрэг үүсгэж олон арван мянган монгол хүнийг ямар ч мөрдлөгө, шалгалт, өмгөөлөл, шүүх үгүйгээр шууд л буудчихсан. Монголчууд хүн бүү хэл, унаж яваа морь, хоттой хонио хамгаалдаг банхар нохойгоо хүртэл ихэд хайрладаг. Гэтэл монгол хүний амь нохойноос дор болсон цаг тохиосон шүү. Монголчууд бид “Халх голын дайнд ялсан, Японы эсрэг дайнд ялсан” хэмээн ихэд хөөрцөглөдөг. Гэтэл эдгээр дайнд үхсэн монголчуудын тооноос хэдэн арав дахин олон монгол хүн энхийн цагт эх орондоо улаантнуудад буудуулан үхсэн байдаг юм.

Халх голын дайнд нийтдээ 200 монгол цэрэг амь үрэгджээ. Эдгээр амь үрэгдсэн монгол цэргийн бараг зуу шахам нь оросын улаан цэргийн суманд амь үрэгджээ. Монголын 8-р морьт дивизийн 100 шахам морьт цэргүүдийг 1937 оны 7-р сард оросын улаан армийн байлдааны нисэх онгоцууд “Баргын морьт цэрэг” хэмээн андуурч бөмбөгдөж, пулемётаар буудаж амь насыг нь хөнөөжээ. Тэгээд оросын цэргийн удирдагчид алдаагаа булзааруулахын тулд Монголын Цэргийн яамны орлогч, Бүх цэргийн жанжны орлогч, Корпусын захирагч Ц.Лувсандонойг “ Рацаар японы нисэх онгоцнуудыг дуудаж монгол цэргүүдийг бөмбөгдүүлсэн японы тагнуул” хэмээн гүтгэж баривчлан Орост хүргүүлэн Москва хотод Бутырийн шоронд тамлан эрүүдэж зовоосоор эцэст нь 1941 онд цаазалжээ. Чойбалсан ард түмнээ хувьсгалын эсэргүү, хар шар феодал, японы тагнуул, ардын дайсан хэмээн гүтгэж өөрийн гарын үсэг зурсан тушаалаар ямар ч гэмгүй 22 000 монгол хүнийг цаазлан хороожээ. Нийтдээ улаантны их аллагаар 35 000 гэм зэмгүй монгол хүн цаазлуулан алагдсан байдаг. Ард түмнийхээ дундаас ардын дайснуудыг эрж цаазалсаар байталадаг сүүлдээхонь төхөөрөх эр хүнгүй шахам болжээ.

“Ардын засгийн үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэгчээр социализмын үед чөтгөрлиг хүмүүсийн тоо эрс өсчээ. Монгол хүн бие биенээ матна, шүүмжилнэ, ховлоно, үзэн ядна, ангийн дайсан хэмээн ална, улаан Орост барьж өгөөд цаазлуулна, шоронд хийнэ, хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл хайр найргүй буудна.Монгол хүнд зугатаах газаргүй байлаа. Умар зүгт улаан Орос, өмнө зүгт улаан Хятад хүрээлэн бүсэлчихсэнбайв.

Социализмын үед монголчууд дайсныг маш их үзэн яддаг байсан. Тэр дайснууд нь дэлхийгээр ч дүүрэн, монголд ч дүүрэн байсан бололтой. Социализмын үед хүнлэг сэтгэл, өрөвч сэтгэл, боди сэтгэл бол сул дорой явдал хэмээн үздэг байлаа. Коммунист хүн ардын дайсныг өршөөдөггүй байх ёстой, хүүхэд байсан ч, лам байсан ч, эх эцэг, ах дүү байсан ч ардын дайсан л бол өршөөх ёсгүй хэмээн үздэг байв. Монголчууд социализмын үед Чингис хаан, Будда хоёр шүтээнээ маш их доромжилж, хараан зүхэж, үзэн ядаж, харин харийн орны Маркс, Ленин, Сталиныг “агуу их хувьсгалч” хэмээн сохроор шүтэн биширдэг байв. Америкийг бүр их үзэн ядаж,америк хүн гэхлээр том хар цилиндр малгай өмссөн, цүдгэр гэдэстэй хөрөнгөтөн мангас хэмээн ойлгодог байв. Дараа нь бидний дайсан Хятад болж хувирсан. Одоо ч олон монгол хүн хятад хүнийг үзэн ядаж муучилсаар байгаа. Хятадын хөрөнгө оруулагч нарыг зочид буудалд нь хөнөөж хөрөнгө мөнгийг нь дээрэмдсэн явдал орчин үед Монголд гарсан. Гэтэл тэр муучилдаг Хятад улс эдүгээ дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засагтай, ядуурлыг устгасан дэлхийн хүчирхэг улс болчихсон байх жишээтэй.

Бидний цөөхөн сэтгүүлчдийг заримдаа ганц хоёр нийтлэл бичихээр зарим монголчууд маань “муу хужаа”,“муу хятад”, “барууны муу тэжээвэр гөлөг” хэмээн доромжилдог юм. Баабар, Баярхүү хэмээх монголын хамгийн том хоёр нийтлэлчийг хүртэл ээлжит нийтлэлээ бичихээр нь хятад, хужаа гээд муучлаад байдаг нь бүр солиорол гэлтэй. Би сайн санаж байна. Наяад оны эхэнд би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа анх Р.Чойномын шүлгүүдийг олж уншижтүүний авьяас, зоригийг нь биширдэг байлаа. Гэтэл Чойномыг Хэнтий аймгийн нийгмийг хамгаалах хэлтсийннэгэн ахмад цолтой хүн нэгэн айлд очоод байхдаа шүлгийг нь олж нам засагтаа матаад цол нэмж хошууч болсон байдаг юм. Р.Чойном түүний балгаар эцэстээ шоронд орж олон жил болоод бие нь муудсан, шоронгоос гараад тун удалгүй нас барсан.

Би наяад оны сүүлчээр Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг бичгийн машинаар бичсэн нууц бүтээлийг нь Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргаанд хамт ажилладаг байсан Г.Өлзийдоо найз маань “Энэ Баабар хэмээх хүний бичсэн бүтээлийг манай аймгийн “Хан Хэнтий” чуулгын дуучин Н.Төмөрхуяг нийслэл хотоос саяхан Өндөрхаанд авчирчээ. Үүнийг унш” хэмээн надад дамжуулан өгч билээ. Би түүнийг нь уншиж монголын ялзарсан нийгмийг маш үнэн зөв, шулуун шударгаар хурц шүүмжилсэнийг нь үзээд социализмын үед ингэж бичсэн эр зоригийг нь гайхаж, “Баабар ямар их үнэн зүйл бичсэн байна вэ, энэ бүтээлийг нь НАХЯ-ны бууны нохойнуудолоод Баабарыг баривчилж шоронд хийчих вий” хэмээн бодож билээ.

Баабар хэзээ ч худал зүйл бичдэггүй, зөвхөн үндэслэлтэй, үнэн баримтат, уншвартай, сонирхолтой зүйл бичдэг юм. Тэр вээр бичсэн ном, нийтлэлийнхээ дор заавал орос, англи, монгол хэл дээрхи эх сурвалжийг нь жагсааж бичсэн байдаг юм. Гэтэл Баабарыг худал юм бичлээ, үлгэр бичлээ, барууны тэжээвэр гөлөг ч гэх шиг одоо болтол зарим монголчууд элдвээр гүтгэж муучилдагийг нь хараад сэтгэцийн өвчтэй хүмүүс Монголд олширсон юм болов уу хэмээнгайхдаг юм.

Саяхан 92 настай хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн нэгэн өвгөн хувьсгалын эсэргүү 1932 оны лам нарын бослогыг нийтлэлч Баабар “ардын бослого” гэж бичсэн байна хэмээн Прокурорын газарт хандаж өргөдөл гомдол бичжээ. Гэтэл прокурорын газар өргөдлийг нь бүртгэж авсан байгаа юм. Прокурор тэр өргөдлийг нь “Матаас бичихийн оронд Маань уншиж сураач, та” гээд буцаачихсан бол жинхэнэ ардчилсан төр гэдгээ харуулах байлаа. Даанч ингэж чадсангүй. Монголд одоо болтол ардын дайсныг илрүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй ажээ.

Ардчилал Монголд ялаад 33 жил болоод байна. Энэ бол ард түмнээрээ эрүүл ухаантай болж хөгжихөд хангалттай хугацаа юм биш үү. Эдүгээ Монголд гадаадын тагнуул хэмээн зарим сэтгүүлчийг барьж шоронд хорьжээ. Эдүгээ хорин нэгдүгээр зуун гарчихаадбайхад ямар ч тагнуул, ямар ч дайсан Монголдбайхгүй юм биш үү. Харин өнөөдөр Монголд авилгачид, хулгайчид, луйварчид бол сүрэг сүргээрээ л байна. Хууль зөрчиж улс орноо тоносон, сүйтгэсэн, хулгайлсан, дээрэмдсэн этгээдийг хуулийн дагуу шийтгэж шоронд хийх нь зүй ёсны асуудал.

Эдүгээ дэлхийд хүн төрөлхтөнд дайсагнадаг улс байна уу. Дэлхийн 200 улсаас Орос, Хойд Солонгос, Иран гурав л дэлхийг дайн, цөмийн зэвсгээр айлгаж байна даа.

Нийтлэлээ төгсгөхийн өмнө нэг зүйл хэлье. Хүмүүс минь. Дайсныг гаднаас эрэхээ больцгоо. Дайсныг дотроосоо хайцгаа. Одооноос 2500 жилийн өмнө Будда: “Хүнд дайсан гэж байхгүй. Дайсныг гаднаас эрээд хэрэггүй. Хүмүүүс бидний дайсан бол сэтгэлийн дотор бугшсан нисваанис юм. Нисваанис гэж бидний сэтгэлийн гэмийг хэлдэг юм. Нисваанис гэдэг нь хүмүүс бидний уур, шунал, мунхаглал юм. Учир иймд хүмүүс уур,шунал, мунхаглал дээр суурилсан сэтгэлийн 84 000 нисваанисыг дарсан цагт Амар амгалан, Аз жаргал ирнэ” хэмээн айлджээ. Энэ айлдвар орчин цагт ч гэсэн хүчин төгөлдөр байгаа шүү, нөхөд минь.

Зохиолч, сэтгүүлч Д.Сүхбаатар /baabar.mn/

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!