Нэг хэсэг нь амьжиргааны хэдэн малаа цас, зуданд алдан уйлж суухад нөгөө хэсэг нь уул, уурхайгаас олсон хөрөнгөөрөө улс төрийн намууд худалдан авч баярхаж байна. Нийгэм дэх баян ядуугийн ялгаа улам томорсоор өдгөө нийт олонхын насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хөрөнгө цөөн хэдхэн гэр бүлийн цүнхэнд явж байдаг нь бодит үнэн, болсон явдал. Жишээ нь, жилийн өмнө “МАК” компанийн өв залгамжлагч Н.Цэнгүүн 600 мянган еврогийн буюу хоёр тэрбум төгрөгийн үнэт эдлэлээ цүнхнээсээ алдсан гэх дуулиан олныг алмайруулж байв. Ийм мөнгөөр 500 хүүхдийг сургах сургууль барьж болно. Тийм мөнгө зөвхөн банкинд байдаг л гэж дийлэнх олонх нь бодож ирсэн.
Монголд, байгалийн баялаг цөөн хэдэн гэр бүлийн өмч болсоор ирсэн. Хэн мэдээлэлд ойр байсан нь, хэн эрх мэдэлтнүүдтэй найз явсан нь байгалийн баялгийг өмчилж, жирийн ард түмэн тэндээс ашиг хүртэж байсан нь үгүй.
Shilen.gov.mn сайтад мэдээлснээр 6.1 сая га газарт ашигт малтмалын лиценз олгогдсон аж. Үүнээс 4.3 сая га газарт газарт хайгуулын 885 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1713 лиценз байдаг агаад хамгийн олон лиценз эзэмшдэг 15 компанийн нэг “Монголын алт” компани. Тус компанийн нэр дээр 22 лиценз байдаг гэх мэдээлэл бий. Монголд 22 лиценз эзэмших нь бүү хэл 0.07 га газраа өмчилж авсан иргэд цөөн. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газар хэдэн арван га-г өмчлөөд авсан хэдхэн гэр бүлийн нэг нь мөн л “МАК”-ийнхан. Тэд Богд уулын дархан цаазат газар буюу Кувейтын аманд 22.83 га газар эзэмшсэн гэх мэдээлэл мөн ил тод болсон.
Үндсэндээ, төрийн тусгай хамгаалалттай газар жирийн иргэд газар худалдаж авч чадахгүй. Мөнгөтэй, нөлөөтэй, арын хаалгатай, албан тушаалтай хүмүүс л иргэдийн бүхий л боломжийн урдуур дайрдаг нь энэ мэтээр ил цагаандаа гарсан. Өнөөдөр Монголын төр “МАК”-ын өв залгамжлагч Н.Номтойбаярын хэлснээр “маниулдах” дээрээ тулсан нь үнэн гэвэл түүнд тэдний гэр бүл ч бас буруутай. Үнэндээ, өнөөдрийн эд хөрөнгө, эрх ямба тэд шударга хөдөлмөрөөрөө олсон гэвэл хүүхэд ч түүнд итгэхгүй. Эцгийнхээ цуглуулсан хөрөнгөөр улс төрийн намуудыг худалдан авснаараа улстөрч бас болчихгүй.
Тэр тусмаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлснээр “төр засгийн хөгжил аж ахуйн ажил эрхэлдэг ард иргэдээ “ЗИЛ-131” дээр гацаачихсан”-д “МАК” компани ч бас буруутай. Өнгөрсөн 30 жилд Монголын баялгийг өөд, уруугүй тоносон нөхдүүд өнөөдөр гэнэт л энхийг цагаан тагтаа болцгоон, улс төр хийж байгаагийн ашиг сонирхол нь ард түмний эрх ашиг уу, албан тушаалын амбиц уу.
Монголын ард түмний өмчийг булаан авчхаад бусдыг ядуу, зүдүү, боловсролгүй, тэнэгээр нь дуудах нь үнэндээ шударга бус юм. Уул уурхайгаас жилдээ нэг сая ам.доллар олдог айлын хүүхэд амьжиргааны хэдэн малаа цас, зуданд алдан уйлж суугаа ард иргэдийн зовлонг ойлгох уу?!