Улаанбаатар утаатай, улс төр нь халууралтай байна. Монголын улс төр хөл, хөдөлгөөнд орж, “эмээл хазаартай морь” цээжиндээ сойсон горилогчид энд тэндгүй л давхиж явна. Дөрвөн жил унтаа байсан улс төрийн намууд “ичээ”-нээсээ гарч, хэнтэй, хэрхэн гар барих вэ гэсэн наймаа хэлцэл хэдийнэ эхэлжээ.
Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор явуулахаар хуульчилсан. Мөн ҮХНӨ-ийн дагуу 126 гишүүн сонгоно. Үүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгох юм. Тэгэхээр МАН, АН-аас тойрог юм уу жагсаалт горьдож явсан горилогчдын хүсэл талаар болбол тэдэнд улс төрийн жижиг намууд нээлттэй гэсэн үг. Сонгууль зургадугаар сарын 18-нд болно. Нохойн дуу ойртох тусам гуравдагч намуудын үйл ажиллагаа идэвхжиж, УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүмүүсийн хөл дагаад хөнгөрөх нь дамжиггүй. Ямартай ч улстөрд орох болов уу гэж үргэлжийн хэвлэлийнхний төдийгүй улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын ногоон намын эзэн болжээ. Тус нам шинэ эзэнтэй болсон тул удирдлагаа шинэчлэхээр ИХ хурлаа хийжээ. МНН-ын шинэ удирдлагуудын зүгээс сонгуульд МҮАН-тай хамтран оролцох яриа тохироо хийж байгаа гэх мэдээлэл байна. Тэдэнд Ерөнхий сайд асан М.Энхсайхан зөвлөгөө өгч байгаа гэнэ. Мөн тэрбээр ХҮН-д зөвлөхөөр ажиллаж байгаа гэх. Ямар ч байсан М.Энхсайханы хувьд Монголын ардчиллыг хамгаалах үүднээс гуравдагч намуудын оролцоог идэвхжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж байгаа аж.
Тэрчлэн экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас салж, шинэ нам байгуулан сонгуульд өрсөлдөх тухай яриа гарах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Магадгүй иргэд, олон нийт түүний энэ хүслийг хэрхэн хүлээж авахыг тандсан үйлдэл байх магадлалтай. Монгол Улс ардчилсан улс. Гэхдээ өнгөрсөн найман жил нэг нам /МАН/ үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр засгийн эрх барьсан нь Монголын ардчиллыг эмзэгшүүлсэн. Иймээс гуравдагч намуудын орон зай улс төрд улам томорсоор байгаа. Учир нь, АН, ХҮН ч эрхбаригчдад хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй яваа юм. Тиймээс гуравдагч намуудын эрэлт хэрэгцээ нийгэмд бий болсон. Н.Номтойбаяр улс төрд уралдана гэдэг түүний фэнүүдэд сайн мэдээ, харин МАН-д муу мэдээ. Н.Номтойбаярыг улс төрд орж ирээсэй гэсэн хүлээлт их байдаг. Тэр хэрэв улс төрд ороод ирвэл Монголын улс төрийн сонирхолтой дүр байх нь дамжиггүй.
Ногоон НОРЖМАА