YIII Богд гэгээн жирийн хүн биш байсан гэдгийг олон судлаачид дүгнэн хэлэлцдэг. Ирээдүйг урьдчилан харна гэдэг нь маш их мэргэн ухаан байхаас гадна тухайн хүний эрдэм чадлыг илтгэж байгаа явдал юм.
Нострадамус ирээдүйг зөгнөн хэлсэн боловч цаг хугацаа, орон зай нь тодорхойгүй байсан ба хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлж өгөөгүй аж.
Нийт 23 бошго айлдвар байдгийг Монголчууд ерөнхийдөө сайн мэддэггүй байна. Тэдгээрээс 13 нь YIII Богд гэгээний ирээдүйн талаар зөгнөн хэлсэн бошго юм.
Таван цөвүүн цаг ирэх тухай бошго айлдсан байдаг.
Тэрбээр “Таван цөвүүн цаг ирэх үед миний гэрээслэлийг та бүхэн санаарай, даган мөрдөөрэй, тэр үед өөрсдийгөө ингэж авраарай” хэмээн гэрээсэлжээ.
Таван цөвүүн гэдэг нь юу вэ?
Амьтан цөвтөх: Амьтадын бие багасах, хийж буй ажил үйл нь муу юманд өртөх, биеийн тамир тэнхээ хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх, садан төрөлтэйгөө таарахаа байх, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг “амьтан цөвтөх цаг муу цаг” хэмээжээ.
Сэтгэлийн гэмээр цөвтөх: Хүсэл тачаалд умбах, мунхаг уур хилэнд автах, омог бардам зан түргэдэх цаг болохыг нисваанисаар цөвтөх буюу “сэтгэлийн гэмээр цөвтөх муу цаг” хэмээжээ.
Нас цөвтөх: Амархан үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг “нас цөвтөх муу цаг” хэмээжээ.
Үзэл цөвтөх: Зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшрох, бүгдийг худал гэж санах, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болих, өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, бусдыг зодож нүдэх, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг “үзэл цөвтөх муу цаг” хэмээжээ.
Цаг цөвтөх: Хүний нас улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Урьд цагт хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 жил рүү дөхөж явна. Үүнээс цааш хүний нас 10 хүртэл богиносно. Түүний дараагаас жаран жарнаар нас нь эргэж нэмэгдсээр 8 түм хүрэхэд Майдар бурхан залран ирнэ хэмээдэг. 4 цагийн эх адаг солигдоно гэдэг нь зун нь хавар мэт, өвөл нь намар мэт, намар нь зун мэт болох, хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турхан ихсэх, цэргийн хямрал ирэх, төрөл бүрийн өвчин зовлон хур мэт буух цагийг “цаг цөвтөх муу цаг” хэмээжээ.
Монголчуудын хувьд цөвүүн цаг гэдэг нь 1532 он буюу хүний нас 60 байх үед эхэлсэн гэдэг. Энэ бол Монголын Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдсөнөөс хоёр жарны дараа буюу 120 жилийн дараагаас монголчууд маш их хямарч эхэлсэн байдаг. Улмаар 2013 оноос цаг үе улам цөвүүднэ гэж айлдсан.
Манай эриний YIII зууны үед амьдарч байсан Энэтхэгийн том бандида ловон Бадамжунай ингэж зөгнөсөн байдаг. …”Хийд сүмийн эд таваарт хомголзож, гурван шүтээнийг хулгайлж үнэлж худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө. Тойн нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж будаж шунхадна. Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худал авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойны дүр барина. Тойн нь ердийн хувцас өмсөж эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтнэ. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ. Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна. Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно”… хэмээн бошголжээ.
Эдүгээ хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Хэвлий дэх үрээ хороогоогүй эмэгтэй хүн ховор болсон. Гэлэнмаа нарын байдаг сүм хийдэд ороход будаж шунхадсан хүүхнүүд хонх дамар начигнуулаад сууж байна. Бясалгагч болсон хүн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд сууж байна. Дурын хүн лам хуврагын хувцас өмсөж хөдөө гадаа тэнэж, лам нар хурлаа тарангуут хар хувцас өмсөж, хар нүдний шил зүүж аваад гадуур давхилдаж байна. Эдүгээ цагт хүнсний аюулгүй байдал маш их түгшээж байна. Жимс ногоог муутгахгүй гэж төрөл бүрийн бодис түрхээд, тарьж ургуулж байна гээд төрөл бүрийн химийн бодис хэрэглээд, тэдгээр хор шингэсэн хүнсээр дамжин хүмүүс хорт хавдар гэх мэт төрөл бүрийн өвчинд нэрвэгдэж байна.
YIII Богдын ирээдүйг зөгнөж хэлсэн 13 бошгууд дотроос өнөөдөр хэр биелсэн байна вэ? Ирээдүйд биелэх ямар бошгууд байна вэ?
“…Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүүртэй Са.., На.., Я.., Э.. хэмээх нэртэй хүмүүс ирж Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно, лам хүн цэрэгт мордоно, ядуу гуйланч нь түшмэл болно, ноёдууд нохой мэт болно, хутагт гэгээнтнүүд хар хүний боол болно, хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй болно, хүрээ хийд балгас болно, Монголын төр шашин нэрийн төдий болно” хэмээн айлджээ.
Энэ бол 1900-1992 оны үйл явдлыг урьдчилан хэлсэн байдаг. Хүмүүсийн нэр нь хүртэл таарах бөгөөд хойд зүгээс ирсэн шар нүүртэн гэж оросуудыг хэлсэн аж. Монголчууд овог язгуураа мартаж, цуутай эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаж, ядуу гуйлгачин байсан хүмүүс төр барьж, язгуур угсаатай ноёдууд нь нохой мэт дорд үзэгдсэн. Өвөг дээдсээс шүтэгдэн ирсэн бүх оюуны үнэт эрдэнэ болсон ном судар, бурхан тахилыг үнсэн товрог болгосон. Монгол хэлний үгсийн сангийн гуравны хоёрыг алдсан.
“… Дайсан нь садангаар солигдох, сайн муу солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, ярих үг ба чихний сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл ба хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчныг магтан хүндэтгэх болно”… хэмээсэн.
Монголыг устгах санаа агуулсан коментерний дайснуудыг садан төрөл гэж эндүүрсэн, өөрийн садангаа дайсан гэж үзэж монгол ах дүү нар, маш олон сэхээтнүүдээ алж, Сталин, Чойбалсанг тахин шүтсэн. Оросыг дагаж идэх уух, өмсөх зүүх, бичиг соёлоо хүртэл сольсон.
“…Хулгана, нохой, тахиа, гахай, илжигний мах битгий ид. Хэрэв идвэл бузарлагдана. 3-р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос хятадын хор хүрнэ”… хэмээжээ. Өнөөдөр тахиа шувуу, гахайны махнаас ч өвчин гарч байна. Монголчууд хулгана, нохой, илжигний мах иддэггүй нь зол болж байна. Зарим хүн биед сайн гээд чоно адгуусны махыг түүхийгээр нь идэж байна. Байгаль дэлхий ийм хэцүү болчихсон үед уг амьтанд үүссэн өвчин хүнд шууд халдах аюултай.
“… Төрийн ноёд эв эвдэрч хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноёд түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулах, гадагшлуулах, үл нууцлах нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрч учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэр цагт дор нь байгаа түшмэдийн хахуульд дээдчүүл нь хөнөөгдөнө. Түшмэд нь яам тамгын газрын эдийг хөнөөнө. Ёс цааз, ичгүүр сонжуурыг алдсаны харгайгаар хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно. Тэр цагт сайн хүн нь нөгөөдөө дайсан болно. Хамаг хот орныг хулгайч худалч этгээд эзлээд, гадныханд толгойгоо мэдүүлж, гадаадын эзэнт хүн хавь ойр улсыг эзлэхийг хичээнэ. Тийм цаг ирвээс Маанийн ёдор буюу Хийморийн дарцагийг байгуулах хэрэгтэй. Хар зүгийн тарнийн ном эрхэлдэг бөө сангасуудыг шүтвээс үхээрийн бузар болно. Түүнийг хойно мэдэвч тус үгүй.
Ар халхын иргэд минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна. Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгөнөөс нүдээ өгч тэр тамхийг авч татах болно. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Олон янзын архи зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс хэл ам болж, тангараг эвдэрч бузар буртаг явдалд холбогдох болно” …
… “Оймс гутлаа гаднаа бүү босго. Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх ба хойтох нь бэрхшээх. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Гал ус ба дээрэм хулгайн аюул, ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарна. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Энэ цөвүүн цагт миний сургаал номонд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүй”… хэмээн сануулсан байна. Энэхүү айлдвар нь эдүгээ цагт эмэгтэйчүүд нь хийсвэр хагалгаагаар төрөх нь ихсэж, ажилгүй архи ууж, авгай хүүхдээ дарамталсан харчуул олширч, хүмүүс баяр наадамд автан зугаа цэнгэл хөөж, үнэ хөөрөгдсөн толгой эргэм үнэ ханш, бараа товарын худалдаа наймаа хамаа замбараагүй явагдаж байгааг зөгнөн хэлсэн мэт.
Эдүгээ хүмүүс буян нүглээ ч мэдэхгүй, үхлээ ч мэдэхгүй, энэ биедээ тачаадсаар байгаад үхсэн хойноо сүнс нь тонилж чадахгүй газар усны эзэдтэй нөхөрлөөд энэ бүх цаг бусын юмнууд гарах нь байна. Хүмүүс өөрийн амьдралын тухай үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож, өөрийгөө мөнх гэж атгалан баримталж, хэзээ үхэхээ ч мэдэхгүй, хэд наслахаа ч мэдэхгүй, тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр амьдарч, эд хөрөнгө хурааж авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг болсон байна.
Улаанбаатар хотын тухай ч нэлээд зүйлийг зөгнөн хэлсэн байна. “… Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ”.
… “Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарна. Зуд турхан найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Дулаарлаас болоод далайн түвшин 3-4 метр нэмэгдэж ус эзэлнэ. Хуй салхин орон гэрийг унагана. Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна” … хэмээн айлдсан. Зөвхөн Монгол биш дэлхий дахиныг хамарсан үйл явдлыг хүртэл айлджээ. Дэлхий дээр 30 сая зүйлийн ургамал амьтан бүртгэгдсэн. Жил бүр хэдэн мянгаар тоологдох зүйлийн ургамал амьтан мөхөж байгааг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан. Дэлхийн хүчилтөрөгчийн том эх үүсвэр болсон халуун орны ширэнгэн ой 7.7сая км.кв талбайг эзэлдэг. Мөн далайн ногоон ургамлаас хүчилтөрөгч нөхөгддөг. Далайн ус бохирдсоноос ногоон замгууд нь үхжиж, ой ширэнгийг хүмүүс устгаснаас байгалийн хүчилтөрөгч багасч, бохир нөхцөлд амьдрах чадвартай ургамал амьтан бий болж, нүүрсхүчлийн хийн давхарга нарны гэрлийн халууныг гадагш гаргахгүйгээс болоод дэлхий маань хүлэмжийн байдалд орж Гималайн нурууны цас, хойд мөсөн далай хайлж байна. Ийм нөхцөлд далайн ерөнхий түвшин 5 метр нэмэгдэнэ хэмээн эрдэмтэд тооцоолсон. Тэгэхээр хуурай газрын хэдэн хувь усан дор орох вэ, хүмүүс хаашаа явах вэ гэдэг асуудал үүснэ.
“… Нар сарны гэрэл буурна. Огторгуй дор билэгт одон гараад сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэн дор зуд турхан дэлгэрэх, элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно” 2005 оны 1-р сарын 25-нд НАСА-аас сүүлийн 2 жилд манай дэлхий дээр ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч байгааг тооцоолон мэдээлсэн байдаг.
YIII Богд гэгээн олон зуун жилийн үйл явдлыг урьдчилан харж хэлж чадсан нь хамгийг айлдагчийн эрдэм чадал юм. Хамгийг болгоогч бол өнгөрсөн одоо ирээдүйг гарын алган дээр тавьсан будаа шиг айлддаг. Богд гэгээн өөр олон зүйлийг хэлсэн байдаг. Түүний дотор анхаарал татах нэгэн бошго бий. “… Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд иргэн хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал ирнэ. Тэр үед ард иргэдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Иргэн бүр гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургана. Монгол оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр, цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эм хүн нь цагаан өмд, эр хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан буцалгаж ууваас түргэн эдгэнэ. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй.
Үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй элдэв өвчин тахал болж буцаж ирнэ. Ийм учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүч чадлыг бууруулж амирлуулахын тулд Сундуй, найман мянгат буюу Жадамба, эхэд тонилгогч буюу Тарвачимбуу, Очироор огтлогч буюу Доржзодов, өлзий хутгын хурыг буулгагч буюу Дашчийрав, адиститын дээдийг хайрлагч буюу Жанлавцогзолмаа, зуун үсэгт буюу Эгжаа, Дарь эх, санасныг зөнд нь бүтээгч Цамбалхүндэв зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байгтун” хэмээн захиж бошго айлджээ.
Богд гэгээн “Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна” хэмээн ард түмнээ аврахаар өөрөө тангараг өргөн гэрээсэлсэн байна.
Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг. Японы эрдэмтэн Масару Эмото аягатай усанд хараал хэлэхэд тэр ус тэр дороо үхжиж бүтэц нь эвдэрч байсан бол “баярлалаа” гэж хэлэхэд тэр ус талсжиж, улам рашаанлаг болж байсныг шинжлэх ухаанаар нотолсон. Тийм учраас 70 хувь нь усан биетэй хүмүүс биднийг “муу юм битгий бод, муу юм битгий хий” хэмээн сургаж, “бие мах бодио бүү эвд” хэмээн захисаар ирсэн нь жирийн нэг сургааль биш юм.