2024.05.9, Thursday
spot_img

Г.Занданшатар БНЧУ-ын Шадар сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзав

0

нгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.01) Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гээд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70 гаруй жилийн баялаг түүхтэй, хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллагууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Манай хоёр улс ардчилсан парламентын тогтоолцоотой ба 2019 онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. Мөн өчигдөр амжилттай зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Европын Парламентын төлөөлөгчдийн тэргүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, Европын Ардын нам-Христийн Ардчилсан нам /БНЧУ/ ноён Томаш Здеховскитэй уулзаж, хүний эрх, парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар туршлага солилцсон уулзалт болсныг дурдав. Түүнчлэн ноён Мариан Юречкагийн Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны наймдугаар хуралдаан, хоёр улсын Бизнес форумыг зохион байгуулах нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсныг сайшааж, эдгээр арга хэмжээнээс гарах үр дүн чухал болохыг тэмдэглэлээ. Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй ба хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон манай хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанаас бодит үр дүн гарах бүрэн боломжтой. Тухайлбал, манай хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд олон жил яригдсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах асуудал шийдвэрлэгдэж, бодит үр дүнд хүрсэнд туйлын баяртай байна гэв. Эдүгээ 12 мянга гаруй Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байна, ирэх жилээс энэ тоог нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон болохыг дуулгав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг парламентын ардчиллыг бэхжүүлэхэд оруулж буй нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Талууд хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг дурдаж, Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд нэг томоохон дэвшил болно гэдэгт санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Монголын чихрийн шижингийн оношилгоо 10 хувьтай байна

0

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тохионо.

Энэхүү өдрийг угтан “Монгол Улс дахь чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах” талаар АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайхан Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ жилийн чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулах аж.

Тодруулбал орон даяар маргаашаас эхлэн чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд дээр хийж эхэлнэ. Аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт очиж, эрсдэлийн үнэлгээг хийлгээрэй. Энэхүү үнэлгээг ердөө таван минутын дотор хийдэг. Улмаар энэ өвчнөөр өвдөх эрсдэл хэдэн хувьтай байна вэ гэдгийг гаргана.

  • Чихрийн шижингийн хүндрэлийн илрүүлэг хийхдээ нүдний угийн зураг авах, хөлийн үзлэг хийх, цусанд сахар тодорхойлох гэх мэтчилэн олон үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа.
  • Ард иргэдийг явган алхах, идэхтэй хөдөлгөөн сурталчлах, эрүүл зохистой хооллох мэдээлэл сургалт сурталчилгаагаар хангах зэрэг олон ажил хийгдэнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн шижин өвчний судалгааг анх 1999 онд хийсэн байдаг. Тухайн үед 35-аас дээш насны монголчуудын 3.1 хувьд нь Чихрийн Шижингийн Хэв Шинж(ЧШХШ) хоёр тохиолдож байсан.

Үүнээс хойш 20 жилийн дараа яг адил аргачлалаар хүн амыг хамруулж судалгаа хийхэд 10.8 хувь болж гурав дахин өсжээ. Өөрөөр хэлбэл 1999-2019 оны хооронд чихрийн шижингийн өвчлөл монголчуудын дунд маш эрчимтэй өссөн байна. Олон улсын чихрийн шижингийн тайлан мэдээнд Монгол Улсын тоо баримтыг дурдсан байдаг.

Тодруулбал манай улсын 20-79 насны 1,000 хүн тутамд 150 нь чихрийн шижинтэй байх магадлалтай. Үүнийг хоёр сая хүн амд бодвол 300,000 хүн чихрийн шижинтэй байх магадлалтай.

Гэтэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дотоод шүүрэл судлалын эмч нарын хяналтад 30,000 ч хүрэхгүй хүн үзүүлж байна. Иймээс манай улсын чихрийн шижингийн оношилгоо ердөө 10 хувьтай байна. Үлдсэн 90 хувийг нь оношилж чадахгүй байна” гэдгийг ярилаа.

Чихрийн шижинтэй дөрвөн хүн тутмын гурав нь хөгжиж байгаа бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.

ЧШХШ нэг нь хүүхэд, залууст илүү тохиолддог. Энэ бол нойр булчирхай, сахараа зохицуулдаг инсулин даавраа огт ялгаруулахгүй байгаа хэлбэр юм. Ийм учраас өдөр болгон өөртөө инсулин тариа хийх ёстой. Үүнийг тарихгүй бол амь нас нь эрсдэлд орох аюултай учраас ч анхаардаг.

  • Дэлхийн хэмжээнд 0-19 насны 1.2 сая хүүхэд, залуус ЧШХШ нэгээр өвдөөд байна.
  • Монгол Улсад 200 орчим хүүхэд, залуус ЧШХШ-ийн нэгдүгээр байна” хэмээв.

Чихрийн шижингийн шинж тэмдэг:

  • Илүүдэл жинтэй байсан хүмүүс маш богино хугацаанд хурдан турах нь чихрийн шижингийн анхны шинж тэмдэг.
  • Ам цангах, шээс их хүрэх шинж илэрнэ. Ялангуяа шөнө шээс хүрнэ. Ийм шинж тэмдэг илэрч байвал сахараа үзүүлэх хэрэгтэй
  • Өвчин хүндэрсэн үед хараа муудах, нүд бүрэлзэх, хөл, гар бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж өвчнөө оношлуулахыг зөвлөе.

Д.Амарбаясгалан: “ЭТТ”-д дахин БЭТ томилно

0

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гадаад валютын мөнгөн урсгалын нэмэгдүүлэх зорилготой тогтоол 2022 оны 10 дугаар сарын 26-нд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байв. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулснаар дахин зургаан сарын хугацаатайгаар тогтоолыг гаргасан байдаг. Улмаар аравдугаар сарын 26-нд БЭТ-ийн ажиллах хугацаа дууслаа.

Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийн ажилласан байдлын танилцуулгыг хийж, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ компанийн хувь нэмрийг үнэллээ.

Цаашид компанийн удирдлага, бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэж, арваннэгдүгээр сарын 26-нд дахин Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийг/БЭТ/ дахин томилохоор боллоо.

Ирэх сарын 26-н хүртэл дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна” гэв.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжихээр 10 гаруй тэрбумыг төсөвлөжээ

0

Ирэх онд аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ онд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Манай орныг зорих жуулчдын тоо ч чамлахааргүй байв.

Саяхан Бээжин хотноо “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Байгаль орчин, аялал жуулчлал, Гадаад харилцааны болон Соёлын яам хамтран 2024 онд “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг ирэх сарын 20-н гэхэд батлуулахаар ажиллаж байна.

Нягтлан бодогчид НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж байна

0

“Монголын нэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг” НӨАТ-ын буцаал олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх санаачлагыг дэмжиж байна.

НӨАТ нь татвар мэт үйлдэлтэй боловч угтаа татвар бол биш юм. Учир нь санхүүгийн тайланд НӨАТ-ыг татварын зардлаар бус өглөг, авлагын зарчмаар бүртгэдэг.

Нягтлан бодогчид бид НӨАТ-ын бүртгэл далд эдийн засгийг ил болгох, шударга татварын тогтолцоог бүрдүүлэхэд хамгийн чухал гэдгийг мэргэжлийн үүднээс нотлож чадна.

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлснээр иргэд и-баримтаа бүртгүүлэх нь нэмэгдэж, төр иргэдийнхээ хэрэглээг бэлэн тоон мэдээлэлд үндэслэн бүртгэж, оновчтой  бодлого, шийдвэр гаргахад энэ нь чухал баримт болно.  Мөн хяналтаа алдсан авлигын сүлжээг илрүүлж чадна. Өнөөдрийн “ногоон автобусны хэрэг”, олон жил барьж буй Дарханы зам, “Авилга” хороолол зэрэг луйвруудын хэрэг дахин гарах ёсгүй. Тиймээс авлига, луйврын хэргийг гаргахгүй байх хяналтыг НӨАТ-ын оновчтой бодлогоор хянаж болно.

Сангийн яам, нэр бүхий албан тушаалтнууд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачлагыг эсэргүүцэж байгаад харамсаж байна.

НӨАТ-ын үндсэн зорилгыг бодитоор хэрэгжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих санаачлага бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж байна.

Монголын нэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Ж.Онон

Гүүрний хэсэгт байгаа 2 давхар байшинг нураахыг S.Outlet зөвшөөрсөн

0

S.Outlet, Aqua garden хорооллыг нураах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “S.Outlet дэлгүүрийн газар эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй компанийн төлөөлөлтэй уулзсан. Харилцан тохиролцох байдлаар газраа чөлөөлөх асуудлыг урьдчилсан байдлаар ойлголцсон.. Шүүхийн маргааныг хүлээвэл сунжирсан, хугацаа авах зүйл болох гээд байгаа юм.

Гүүрний хэсэгт байгаа хоёр давхар байшинг нураах ажлыг эхлүүлэхэд татгалзахгүйг S.Outlet дэлгүүрийн болон газар эзэмшиж байгаа хүмүүс хэлсэн. Бусад асуудлын тухайд газрыг чөлөөлж байгаа учраас үл хөдлөх хөрөнгийг үнэлж, ямар байдлаар нөхөн олговор өгөх зэргийг ярилцах шаардлага бий. Өнөөдрөөс барилгыг нураах ажил эхэлж байгаа. гэж ойлгож болно.

Долоон давхраас дээш өндөр барилга нурааж байсан туршлага манайд байхгүй юм билээ. Өндөр барилга нураахад гадаадын туршлагатай байгууллагыг оролцуулахыг үгүйсгэхгүй. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангана.

Голын ай савын газрыг инженерийн зөв шийдлээр хийх зардлыг төсөвт тусгана.

Aqua garden хорооллын асуудал шүүхийн шатанд байгаа. Шийдвэр албажихаар мэдээлэл өгнө. Тус хорооллын хэдэн барилгыг нураах нь Засаг даргын захирамжийн хүрээнд явагдана

Үерийн эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна. Голланд улсын туршлагыг судалж байж Улаанбаатарын үер усны байгууламжийн асуудлыг цогцоор шийдэхээс өөр аргагүй.

Туул, Сэлбэ, Дунд голын ай савыг дагасан үер усны байгууламжийн нөхцөл байдлыг дүгнэж, хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, инженерийн ямар шийдэл тохиромжтой талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж шийднэ” хэмээн ярилаа.

“Наймыг зургаан хувь болгоход 500 тэрбумын хүүгийн зөрүү гарна”

0

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газраас буцаагаад Монголбанк руу шилжүүлсэн. Ипотекийн зээлийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрөгч оны өдийд УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байх явцад ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлье гэсэн санал гарч тогтоолын төсөл хэлэлцэгдсэн. Учир нь Ковидын түр хуулийн дагуу ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан байсан. Тухайн үед Ковидын түр хуулийн үйлчлэл дуусгавар болсон. Ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаж Засгийн газарт шилжүүлнэ гэж тухайн үед яригдаж байсан ч УИХ-ын тогтоолын төсөлд “хагас жилд багтаж” гэсэн нэр томьёогоор орж ирж батлагдсан.

Тухайн үед манай банкны зүгээс хөтөлбөрөө шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Тогтоолд туссан “хагас жил” өнгөрөгч долдугаар сарын 1-нд дууссан. Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг авч явах тогтолцоо байхгүй учраас авч чадахгүй нь гэсэн. Ингээд долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл гарахгүй байсан. Засгийн газрын хурлаар Монголбанкинд ипотекийн хөтөлбөрийг түр хугацаанд хариуцуулахаар хэлэлцэж шийдсэн.

Энэ чиглэлээр агентлаг байгуулсны дараа Монголбанкнаас шилжүүлэн авахаар яригдаж байна. Өнөөдрийн хувьд ипотекийн хөтөлбөрт Монголбанкны эх үүсвэрээр нийт 4.6 их наяд төгрөгийн мөнгө эргэлдэж байна. Энэ оноос эхлэн ипотекийн зээл сар бүр хэвийн хэмжээнд төлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор ипотекийн зээл авсан иргэдийн сарын төлбөр сар бүр орж ирж байгаа гэсэн үг. Энэ эх үүсвэрээр ипотекийн зээл олгоно.

-Ер нь сард хичнээн хэмжээний ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаа вэ?

-Шаардлагатай эх үүсвэрийн дүн Монголбанкинд ирдэг. Тодруулбал, 800-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна гэсэн мэдээлэл ирсэн. Бидний хувьд энэ хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлэх үү, эсвэл өөрсдөө хариуцвал хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэл гаргах ёстой. УИХ-аас Монголбанк үргэлжлүүлэн хариуц, эсвэл Засгийн газарт хурдан хугацаанд шилжүүл гэсэн ямар нэгэн чиглэл шийдвэр гарах ёстой гэж харж байна.

Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар болон орон нутагт ялгамжгүй буюу 150 сая төгрөг гэж холбогдох журам, гэрээнд тусгасан.

-Ипотекийн найман хувийг зургаан хувь болгоход шаардлагатай эх үүсвэрийг Монголбанк гаргах бүрэн боломжтой гэсэн байр суурийг зарим улстөрчид илэрхийлсэн. Үүний эх үүсвэрт хичнээн хэмжээний мөнгө шаардагдах вэ?

-Энэ чиглэлээр өмнө нь ажлын хэсэг ажилласан. Найман хувийг зургаан хувь болгоход 400-500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүний зардал гарахаар байгаа юм. Энэ мөнгийг хэн гаргах вэ гэдэг нь асуудал. Монголбанк бол төрийн байгууллага. Мэдээж манайх төсөвтэй ч, энэ дарамт нь төрийн нуруун дээр ирнэ. Энэ мөнгийг гарга гэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарах ёстой. 400-500 тэрбум төгрөг бол бага мөнгө биш, их хэмжээний тоо.

-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Энэ чиглэлд Сангийн яамтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

-Төсөв их хэмжээний тэлэлттэй байгаа үед макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого яах аргагүй хатуу байхаас аргагүй. Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдал буюу үнийн тогтвортой байдлыг хангах. Нэгэнт инфляци 10 орчим хувьтай өндөр байгаа тохиолдолд 6-8 хувьд хүргэхийн тулд бид мөнгөний хатуу бодлого явуулна. Энэ бол зөвхөн Монголд барьж байгаа бодлого биш. Дэлхий дахины олон орны Төв банкууд мөнгөний хатуу бодлого явуулж байна. Зорилго нь инфляцийг богино хугацаанд нам дор түвшинд аваачих.

-Инфляцийг бууруулах үүднээс Мөнгөний хатуу бодлого бариад ч инфляци буурсангүй шүү дээ. Нөгөөтэйгүүр мөнгөний хатуу бодлогын улмаас аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна?

-Инфляци зөвхөн манай улсад буурахгүй байгаа юм биш. Дэлхий дахинд байгаа үзэгдэл. Энэ нь олон учир шалтгаантай байна. Саяхан ОУВС-гийн жилийн уулзалт болсон. Уг уулзалтын үеэр энэ асуудал яригдсан. Цар тахал гэхээр хоёр гурван жилийн өмнөх асуудал яригдах хэдий ч өнөөдөр ковидын ард гарсан улс орон хэд байна вэ. Өнөөдөр ч тэр байдлаасаа гарч чадаагүй төвөгтэй нөхцөлд байгаа улс ч байгаа шүү дээ. Цар тахлын дараах олон улсын хурцадмал нөхцөл байдал нэмээд дайны шинжтэй зүйл байн байн гарч байна. Энэ нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Гадаад худалдаа, тээвэр, барааны хомсдол үүсгэж байгаа учраас инфляци аль ч оронд өндөр байгаад байна л даа.

Төв банкны үндсэн зорилго нь инфляцийг нам доор түвшинд аваачих. Тиймээс сонголтгүйгээр мөнгөний хатуу бодлогыг барьж байна. Төсөв алдагдалгүй бол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж гарч ирнэ.

-Ирэх жил инфляцийг 8.5 хувьд хүргэнэ гэж Сангийн яам мэдээлсэн. Энэ боломжтой юу. Ирэх жилийн төсвийн алдагдал таван их наяд шүү дээ?

-Энэ оны эхэнд Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж байхдаа энэ онд инфляци нэг оронтой тоо руу орно. Нарийн тооцоолбол найм орчим хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Хагас жилийн дараа төсөв 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Долдугаар сард 9.2 хувьтай байсан инфляци есдүгээр сард 10.1 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихлоо. Анх төсвийн тодотголыг хийж байхад Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс инфляцид хоёр нэгж хувийн дарамт үзүүлэх юм байна гэж байсан. Бидний төсөөллөөр 8.5 хувьд байсан инфляцид хоёр нэгж хувийн дарамт очиж 10.1 хувьд болсон. Одоогийн байгаа энэ тоо бидний төсөөллөөс ялгаатай биш байгаа. Оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна. Энэ бол мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаагийн үр дүн юм.

-Ирэх оны төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд 4.6 их наяд төгрөг туссан. Энэ нь инфляцид нөлөөлнө. Тэгэхээр инфляцийг 8.5-д барих нь боломжгүй биш үү?

-1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд инфляцийн ямар дарамт гарч ирж байгааг би сая хэллээ шүү дээ. Үүнтэй адил ирэх оны төсөв ямар хэмжээгээр томорч байна, тэр хэмжээгээр инфляцийн дарамт ирэх нь ойлгомжтой. Энэ дарамт нь цалин тэтгэврийг нэмсэн хугацаанд гарч ирнэ. Ер нь төсөв, мөнгөний бодлогын үр дүн зургаан сарын дараагаас идэвхэждэг. Тиймээс цалин нэмэхтэй холбоотой зардлын дарамт ирэх оны төгсгөл рүү гарах байх гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Д.Мөнх-Эрдэнэ: Шоронгоос амьд гарна гэдэгтээ эргэлзэж байна

0

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргажээ.

Тэрээр “Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие ШШГХ 413 дугаар хорих ангийн албан хаагчдын хууль ёсны тавигдсан шаардлагыг биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй өнөөдрийг хүртэл хорих ял эдлэж байна. Гэтэл тус хорих ангид миний эрх зүйн байдал зөрчигдсөн хууль бус үйлдлүүд удаа дараа гараад байгаа тул дараах гомдол хүсэлтийг гаргаж байна.

  1. ШШГТ хуулийн 195.6д хорих ангийн дотоод журмыг Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байдаг. Гэтэл надад 2018.09.24-ний өдрийн А/165 тоот ШШГЕГын даргийн хуулинд нийцээгүй тушаал журмыг үндэслэн тус хорих ангийн дарга А.Батхуяг нь намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу хорих ангийн дэд даргын  зөвшөөрөл албан хаагчдын хяналтад цахим уулзалт хийсэнд сахилгийн шийтгэл хууль бусаар оногдуулан миний болон санай ар гэрийн хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан. Энэ талаар хорих анги хариуцсан Прокурор Э.Мандуулд гомдол гаргасан байгаа.
  2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд миний гаргасан гомдлын шүүх хурал 2023.10.12-нд болж цахимаар цахимаар оролцох ёстой байсан. Гэтэл тус ангийн дарга нар намайг оролцуулаагүйд гомдолтой байна.
  3. Хорих ангийн дарга А.Батхуяг дэд дарга Ууганбаяр нарын хамт 2023.10.12-13-ны өдрүүдэд баахан хар хувцастай нүүрэндээ багтай буу барьсан тусгай тасгийн бололтой хүмүүс намайг гар шилэн хүзүүнд салаавчилан доош харуулж шал ширлүүлэн 3-4 цаг гадаа цементэн шалан дээр явган суулгаж, хувцас тайлуулж шалдлан нүцгэн гүйлгэж, гутаан доромжилж тал талд чанга дуугаар хараалын ёс бус үг хэллэгээр орилон айлган сүрдүүлж цахилгаан бороохойгоор цээж рүү цохиулж, өшиглөж, шилэн хүзүүн дээр дарж, газар мөргүүлж, миний эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж байгаа байдлыг би эрүүдэн шүүлт яргалал гэж үзэж байна. Маш их гомдолтой айдастай байна. Энэ хууль бус яргалал эрүүдэн шүүлтийг эрхэм прокурорууд та бүхнээс зөвшөөрөл авсан эсэх.танаас тайлбар авахыг хүсэж байна.
  4. Өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар өөрийн эрх зүйн байдал аюултай байгаа талаар өмгөөлөгч Булгамаад 2023.10.12 өдрийн 17 цагт 30 минут уулзалтаар хэлсэн. Хуулийн дагуу эрх зүйн туслалцаа авдаг өмгөөлөгч нартай минь хүртэл байх эрх тус ангийн дарга нарт байгаа эсэх мөн тайлбар авахыг хүсье.
  5. Тухайн өдөр хорих ангийн дарга А.Батхуяг өмгөөлөгч Р.Булгамаатай юу ярьсан гэж баахан дарамталж айлган сүрдүүлж занал хийсэн. Би өмгөөлөгчдөө өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар хэлсэн гэхэд “хуц” гэж намайг нохойтой зүрлээд дахиж Р.Булгамаатай уулзуулахгүй гээд явсан. Би өөрийн эрх зүйн байдлыг өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар өмгөөлөгчдөө хэлэх эрх байгаа эсэх талаар тайлбар авахыг хүсье.
  6. Дээрх яргалал, эрүүдэн шүүлтийг ШШГЕГ-ын ямар даргын хэдэн тоот тушаал шийдвэрээр баталсан эсэх талаар нягталж шалгаж өгөхийг хүсье.
  7. Энэ талаар дэд дарга Ууганбаяраас асуухад ШШГ болон Прокурорын зөвшөөрөлтэй байнга хийдэг ажиллагаа гэсэн. Энэ талаар прокурорын ямар зөвшөөрөл эрх зүйн зохицуулалт байдаг талаар тайлбар авахыг хүсье.
  8. А.Батхуяг ШШГТ хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж хуулинд заагдсан хоригдол миний Эрхийг байнга зөрчдөг. Утсаар тоо заагаад яриулдаггүй. Намайг эргэн ирсэн иргэдийг надад хэлдэггүй, буцаадаг. Хоногийн эргэлтэд гарч байхад айлган сүрдүүлдэг. Цахимаар уулзаж байгаа миний ар гэрийнхэн хоригдол биш.
  9. Шүүхээр ялагдсан намайг дахин яллаж байна. Миний эрх зүйн байдал дарамттай байгаа, шоронгоос амьд гарахдаа эргэлзэж байгаа тул ерөнхий прокурор таньтай биечлэн уулзахыг хүсэж байна” гэжээ.

ХАГАС КОКСОН ТҮЛШ АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛНА

0

Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.

Тухайлбал дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй

0

2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаарт цохиулж нас барсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр улирал эхлээгүй байхад тус тоо 5 дахин өсчээ. Тодруулбал, он гарснаас хойш эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд угаарын 1974 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 1896 нь ирсэн байна. Тиймээс угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж тус хийг мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавих шаардлагатай гэв.

Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор зайлшгүй төхөөрөмж байх шаардлагатай байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалын хэлснээр “Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна.

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан.

Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой” гэсэн юм.