Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тохионо.
Энэхүү өдрийг угтан “Монгол Улс дахь чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах” талаар АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайхан Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ жилийн чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулах аж.
Тодруулбал орон даяар маргаашаас эхлэн чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд дээр хийж эхэлнэ. Аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт очиж, эрсдэлийн үнэлгээг хийлгээрэй. Энэхүү үнэлгээг ердөө таван минутын дотор хийдэг. Улмаар энэ өвчнөөр өвдөх эрсдэл хэдэн хувьтай байна вэ гэдгийг гаргана.
- Чихрийн шижингийн хүндрэлийн илрүүлэг хийхдээ нүдний угийн зураг авах, хөлийн үзлэг хийх, цусанд сахар тодорхойлох гэх мэтчилэн олон үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа.
- Ард иргэдийг явган алхах, идэхтэй хөдөлгөөн сурталчлах, эрүүл зохистой хооллох мэдээлэл сургалт сурталчилгаагаар хангах зэрэг олон ажил хийгдэнэ гэдгийг тэрбээр хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн шижин өвчний судалгааг анх 1999 онд хийсэн байдаг. Тухайн үед 35-аас дээш насны монголчуудын 3.1 хувьд нь Чихрийн Шижингийн Хэв Шинж(ЧШХШ) хоёр тохиолдож байсан.
Үүнээс хойш 20 жилийн дараа яг адил аргачлалаар хүн амыг хамруулж судалгаа хийхэд 10.8 хувь болж гурав дахин өсжээ. Өөрөөр хэлбэл 1999-2019 оны хооронд чихрийн шижингийн өвчлөл монголчуудын дунд маш эрчимтэй өссөн байна. Олон улсын чихрийн шижингийн тайлан мэдээнд Монгол Улсын тоо баримтыг дурдсан байдаг.
Тодруулбал манай улсын 20-79 насны 1,000 хүн тутамд 150 нь чихрийн шижинтэй байх магадлалтай. Үүнийг хоёр сая хүн амд бодвол 300,000 хүн чихрийн шижинтэй байх магадлалтай.
Гэтэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дотоод шүүрэл судлалын эмч нарын хяналтад 30,000 ч хүрэхгүй хүн үзүүлж байна. Иймээс манай улсын чихрийн шижингийн оношилгоо ердөө 10 хувьтай байна. Үлдсэн 90 хувийг нь оношилж чадахгүй байна” гэдгийг ярилаа.
Чихрийн шижинтэй дөрвөн хүн тутмын гурав нь хөгжиж байгаа бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.
ЧШХШ нэг нь хүүхэд, залууст илүү тохиолддог. Энэ бол нойр булчирхай, сахараа зохицуулдаг инсулин даавраа огт ялгаруулахгүй байгаа хэлбэр юм. Ийм учраас өдөр болгон өөртөө инсулин тариа хийх ёстой. Үүнийг тарихгүй бол амь нас нь эрсдэлд орох аюултай учраас ч анхаардаг.
- Дэлхийн хэмжээнд 0-19 насны 1.2 сая хүүхэд, залуус ЧШХШ нэгээр өвдөөд байна.
- Монгол Улсад 200 орчим хүүхэд, залуус ЧШХШ-ийн нэгдүгээр байна” хэмээв.
Чихрийн шижингийн шинж тэмдэг:
- Илүүдэл жинтэй байсан хүмүүс маш богино хугацаанд хурдан турах нь чихрийн шижингийн анхны шинж тэмдэг.
- Ам цангах, шээс их хүрэх шинж илэрнэ. Ялангуяа шөнө шээс хүрнэ. Ийм шинж тэмдэг илэрч байвал сахараа үзүүлэх хэрэгтэй
- Өвчин хүндэрсэн үед хараа муудах, нүд бүрэлзэх, хөл, гар бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж өвчнөө оношлуулахыг зөвлөе.