2023.03.28, Мягмар
spot_img

Онцгой дэглэм тогтоосноос хойш  12.4 сая тонн нүүрс борлуулжээ

0

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод таван сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус компани нийт 1,188.0 сая ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ. Үүнээс 771.9 сая ам.доллар бэлнээр, 138.1 сая ам.доллар оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.

Онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлжээ.

Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” ХК баталсан төсвөөс долоон сая тн- оор илүү буюу 13.5 сая тн нүүрс экспортолж, улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн. Харин энэ оны төсөвт тус компанийг 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцоолжээ. Гэхдээ гуравдугаар сарын 25-ны байдлаар 7.0 сая тн нүүрс борлуулснаар жилийн эцэс гэхэд хамгийн багадаа 24-30 сая тн нүүрс борлуулах төлөвтэй байна.Мөн  нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллароор борлуулж эхэлсэн. Өнгөрсөн баасан гарагт 96 мянган тн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Өмнө нь коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулаад байсан юм. Эрчим хүчний нүүрсийг 2020 онд тн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам доллароор худалджээ.

Ийнхүү эхний хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрэв олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл тогтвортой байвал эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлого 300 орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой аж.

 

 

Социалист үнэ тогтоох КОМИСС

0

Социалист нийгэм-улс төрийн байгуулалттай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоож байсан. Иймээс тухайн бараа нь есийн тос, төгрөг дөчийн талх, хорин дөрвийн чихэр гэх мэтчилэн үнээрээ нэрлэгдэж хэвшсэн байв. Бид ардчилсан нийгэм, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн хэдий ч нийтийн тээвэр, цахилгаан, дулаан, эрчим хүч зэрэг төрийн хэт оролцоотой цөөн салбар хэвээр үлдлээ. Үнийн хатуу зохицуулалттай эдгээр салбарын алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр татаас хэлбэрээр санхүүжүүлж, хүчээр амь тариа хийж гол зогоосоор өдийг хүрлээ. Нэг үгээр бол ажил хийж байгаа иргэн, аж ахуй эрхэлж байгаа байгууллагын нуруун дээр алдагдлыг үүрүүлсээр яваа. Эрдэнэтийн галт тэргээр ганц аяга кофены үнэ хүрэхгүй мөнгөөр зорчоод байгаагийн цаад шалтгаан энэ. Гэвч урт хугацаандаа үнийг хүчээр барих нь тухайн салбараа борцолж орхидог гэмтэй учир энэ салбарууд зах зээлийн хуулиар үнэнд гүйцэгдэж өвдөг сөхөрч байх шиг байна.

***

Үнэ чөлөөлөгдсөн бусад бүх салбарт өрсөлдөөний зарчмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтож байгаа. Худалдаа наймаа нь хууль эрх зүйгээс өмнө үүссэн төдийгүй өөрийн жам ёсны зүй тогтолтой. Чөлөөт зах зээлийн энэ амин сүнсийг ямар ч хуулиар, ямар ч албан тушаалтан зохицуулах боломжгүй. Гэвч хүчээр үнийг барих бодлого явуулах, мөн чөлөөт үнийг баримталсаны төлөө торгож хураадаг хуучин нийгмийн сэтгэхүй, арга барил амь бөхтэй хэвээр.

Чөлөөт эдийн засагт маш цөөн тохиолдолд тухайлбал монополь, давамгай аж ахуйн нэгжүүдийн хувьд үгсэн тохиролцож үнэ тогтоох картель болон үнийг өртгөөс нь санаатай бууруулж өрсөлдөгчөө шахах демпинг хийх зэрэгт төр оролцдог. Бусдаар бол бизнест төр оролцож, үнэ тогтоохыг хуулиараа хориглосон. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжвэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа бодит үнэ тогтож, бараа элбэгшиж эцсийн дүндээ хэрэглэгч хождог.

***

Сүүлийн жилүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т хошуу дүрэхгүй бизнес гэж алга болж. Гурил, цемент, мах, интернэт үйлчилгээ, шатахуун гээд оролдохгүй салбар үлдээгүйн зэрэгцээ сүүлдээ цагаан сараар ууц буузны хэрүүлд хутгалдаад орох боллоо.

Нэртэйгээр нь бизнесийн бүх салбарт үнээ яг хэдэн хувиар нэмэх ёстойг, мөн хэрхэн тогтоох тухай урьдчилсан заавраа нэг мөр өгөөд түүнийгээ мөрдүүлээд явчихвал бизнесийнхэн хэзээ торгуулах бол гэж яс хавталзаж суухгүй амар баймаар юм. Гэхдээ ашгийг нь төрөөс хорьж байгаа бол алдагдлыг бас нөхөх нь шударга ёсонд нийцнэ.

***

Цементээр жишээ авья. Цементийн импортын гаалийн татварыг 20 хувиар тогтоож, Хөтөлийг нийгэмчилж, Дарханы зам руу дотоодын цементийн ихэнхи хувийг хүчээр татсан макро хүчин зүйлсээс шалтгаалж урт хугацаанд улс даяар цементийн хомсдол үүсч эхэлсэн. 2022 оны 6 сараас ачаа тээврийн хомсдол, нийлүүлэлтийн хязгаарлалт, уутны хомсдол зэрэг богино хугацааны шокууд нэмэгдэж улсын хэмжээнд нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлт явагдсан. Эцэст нь улсад очсон Хөтөлийн үйлдвэр маань анхдугаар таван жилийн гавшгайчаар тодрох гэж улайрч байгаад үйлдвэрээ шатаасны гороор цементийн үнэ 9 сард оргил цэгтээ хүрсэн. Найр наадмын дараа ид барилгын ажлын сёзоноор “Үйлдвэр төлөвлөгөөт засварт орсон” гэж бүлт үсэрсэнийг та бид харсан. Барилга бүтээн байгуулалтын салбар амсхийж, цементийн үйлдвэр ч дагаад сул зогсдог өвлийн улиралдаа засварын ажлаа хийдэггүй юм гэнэ.Эцэст нь Засгийн газар импортын гаалийн 20 хувийн татвараа яаран тэглэсэн.

Барилгын үндсэн талх гэгддэг цемент, бетон зуурмагын салбарт хомсдол үүсч, үнэ нэмэгдсэний улмаас дагаад орон сууцны үнэ өссөнд Засгийн газрын бодлого, шийдвэр нөлөөлсөн гэдэг нь тодорхой.

Харамсалтай нь ичсэн хүн хүн алахын үлгэрээр улсын хэмжээнд “цементийн хомсдол үүсгэж, үнэ өсгөсөн хэрэг”-т зах зээлийнхээ мянганы нэгд ч дөхөхгүй жижиг лангууны худалдаачдыг буруутган ченжүүд гэх нэр хоч өгч, торгож шийтгэж, шонд өлгөж үзүүлсэн шоуг улс даяар үзүүллээ. Үүр цүүрээс үдшийн бүрий болтол хүртэл хэдэн уут цемент зарчих санаатай өвөр зуураа өрсөлдөж яваа завгүй хэдхэн худалдаачдыг элэг барих амар бололтой. Бизнес эрхлэгчид тэртэй тэргүй зовж зүдэрсэн он жилүүд өнгөрч байхад манай төрийнхөн нэмж зодоод маньяктаад байх юм.

***

Өрсөлдөөний тухай хуульд зааснаар “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулах”-ыг төрийн байгууллагуудад хориглосон нь ШӨХТГ-т шууд хамаатай. Хуулиараа төр нь бизнесийн үйл ажиллагаанд хутгалдахгүй гэсэн үг.

Гэвч ШӨХТГ нь “хэрэглэгчийн хохироосон хууль бус худалдааны арга” гэх тангад ном шиг цээжилсэн үгээр түрий барьж үнэ өсгөсөн болгонтой үзэж тарж эхэллээ. Хууль бус гэхээр ямар нэгэн хууль зөрчсөн байж таарна. Гэтэл барааны үнээ өөрөө тогтоох, үнэ нэмэхийг хориглосон хууль хаана байна? Хохирсон гэх хэрэглэгч нь хувийн хэвшлийн чөлөөт худалдаанд өөрөө зөвшөөрч сонголт хийгээд байхад л төрийн байгууллага өмнөөс нь санаа нь зовоод нойр нь хүрэхгүй байгаа юм байх. Байтлаа чөлөөт эдийн засагтай зах зээл дээр нийлүүлэгч үнээ өөрөө тогтоосон, нэмэгдүүлсэн шалтгаанаа үндэслэлтэй эсэхийг шүүхээр шүүлгэх юм гэнэ. Орлого, өртөг зардал, үнэ, ашиг, өгөөж тэдэн хувь гээд бизнесийн ноу-хаугаа дэлгэж үзүүлэх болж байна уу? Үнэ үндэслэлтэй, үндэслэлгүй гэсэн яг ямар шалгуур байна вэ, ер нь орлого ашиг нь хэмжүүртэй байх ёстой юу?

Дэлхий нийтээрээ хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашигтай ажиллахыг хамгийн ашигтай амжилттай яваа бизнес гэж үздэг.

***

Улс даяар инфляцид нэвт идэгдэж, бүх барааны үнэ өссөн суурь хүчин зүйл нь мөнгөний хэт нийлүүлэлтээс шууд хамааралтай. Улсын төсвийнхөө тэн хагастай тэнцэх хэмжээний 10 их наяд төгрөгийг хэвлэснээс шалтгаалж юмны үнэ өсөх нь энгийн зүй тогтол. Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав.

***

Төмс шиг бодлоготой төртэй учраас ойроор нь төмсөн дээр жишээ авья. Өнгөрсөн зун улс даяар төмс хомсдоод сүйд болсон. Төмсний үнэ 5000 төгрөг хүрч тэнгэрт хадаад хагас кило махтай тэнцээд л, сошиалоор дүүрэн нийслэл саладны мөрөөсөл, рестораны хачираас төмс хасагдсан өдөр хоног үргэлжилсэн. Энэ бол барааны нийлүүлэлт багасах нь үнэ өсдөгийг харуулсан хэвийн үзэгдэл бөгөөд эсрэгээр барааны илүүдэл үүсвэл үнэ буурна гэхчлэн ямартай ч зах зээл өөрийн зарчмаар эрүүл байгаагийн шинж юм. Гэтэл манай төрийн нийтлэг байр сууринаас бол төмсний үнэ өссөнд төмс зарсан этгээдийн шууд буруу гэж хардаад торгоод байгаад асуудал байна.

***

Сар шинийн баяраар манай малчид онд тарган тавтай орсон малынхаа тарга тэвээргийн тайлан болох үхрийн өвчүү, хонины ууцнаасаа шилэн зочдоо дайлдаг сайхан уламжлалтай.

Гэтэл мал ахуйгаас хол хотожсон хэсэг нь огт танихгүй айлын малын өвчүүний зузаан, өөхний таргыг өөр бусдад гайхуулах нэрэлхүү зангаа тавьж чадахгүй атлаа “ууц бүтэн хонины үнэтэй” боллоо гэж гоморхоцгоов. ШӨХТГ нь хэрэглэгчдийн хямд авах, бүр болж өгвөл үнэгүй хүртчих санаатай далай шиг их хүсэл шуналыг нь далимдуулан ууцан дээр ээлжит улс төрөө хийсэн сурагтай. Эрэлт нь байгаад зарж чадвал тэр л биз дээ, харин төрийн нэр барин дөвчигнөж өөрсдийн “ууцаа хугалах” хэрэг юун.

Удахгүй та бидний хаалгыг тогшоод “Иргэн та өөрийн байраа анх авсан үнээсээ яагаад өндрөөр зарж орон сууцны үнэ хөөрөгдөөд байна” гэж зандарвал юугаа хэлж хуйхаа маажнаа!?

***

Францын Сангийн сайд Жан Баптиз Голберт 1681 онд бизнесийн төлөөлөгч Ли Жендре гэх эрхмийг хүлээн авч уулзаад Засгийн газрын зүгээс бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн хамгийн сайнаар туслах вэ гэж эелдгээр асуужээ. Хариулт нь “Төрийн хамгийн сайн тус бол Laissez- faire – юунд ч битгий оролц, биднийг тайван орхи” гэв.

Нийтлэлч Б.БАЯРАА

Л.Оюун-Эрдэнийн онцлох ЭШЛЭЛҮҮД

0

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эшлэлүүдийг тоймлон хүргэе.

-Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн  уурхайчид, инженер техникийн ажилтнууд баяр хүргэе.

-Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ.

-Оюутолгой Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт, гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ.

-2022 онд Оюутолгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

 -Оюутолгойн төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, эрхэм хөрөнгө оруулагчдад  гүн талархал илэрхийлье.

-Хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна.

-Эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газар хариуцлагатайгаар зарлаж байна.

-2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна.

Нээлттэй сонсгол: ХБ-наас авсан зээлээрээ MCS өрөө төлжээ

0

Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн “хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол өнөөдөр /2023.03.13/ болж байна. Нээлттэй сонсголын үеэр олон асуудал ил болж байгаа юм. Жишээ нь, өмнөх нээлттэй сонсголоор “Эрэл” болон “Бэрэн” компанийн эзэд мөрийтэй тоглосон байж болзошгүй гэх асуудал ч хөндөгдөж байсан.

“ACEM ВИЛЛА” төслийн санхүүжилт, шийдвэр гаргалттай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Скай ресорт” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, Оранж капитал ХХК-ийн захирал Т.Баяраа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг гэрчээр дуудсан байна. Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар нь гадаадад байгаа учраас биеэр оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

 Мөн сонсгол даргалагчийн урилгаар НПГ-ын прокурор Мөнх-Од, АТГ-аас комиссар Дамдинсүрэн, ЦЕГ-аас Болд, Нямбаяр, Сангийн яамнаас Ш.Бат-Эрдэнэ, Н.Батбаатар нарын албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагууд оролцов.

Шинжээч : “Асем Вилла” хотхон төслийг хэрэгжүүлэхээр “Скай ресорт” ХХК нь нийт 125 тэрбум төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авчээ.

2014 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтыг зохион байгуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулагдсан байдаг. Зөвлөлд, тухайн үеийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЕТГ-ын дарга П.Цагаан, Замм тээврийн  сайд М.Зоригт, ХЗ-ийн сайд Д.Дорлигжав, Хотын захирагч Э.Бат-Үүл нарын албан тушаалтнууд багтсан байна. “Асем Вилла” хотхон барихад болон зочид буудлуудад хөнгөлөлтэй зээл олгох шийдвэрүүд Засгийн газраас гарч, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөл олгосон байгаа юм. Ингээд 2015 онд “Скай ресорт” ХХК-тай гэрээ байгуулж, АСЕМ ВИЛЛА хотхон барих зээл олгожээ.

Хөгжлийн банкнаас олгосон 125 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкны урт хугацаат репо хэлцлээр 65 тэрбум төгрөгийн, төв банкнаас банкинд олгох барьцаат зээлээр 60 тэрбум төгрөгийг  4-7.8 хувийн хүүгийн түвшинд мөнгөжүүлсэн аж.

Энэ нь Худалдаа хөгжлийн банкинд ойролцоогоор 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэж үзэж болохоор байгаа аж.

АСЕМ ВИЛЛА төсөл нь Богдхан уулын Хүрхрээгийн амны тусгай хамгаалалттай газарт байршсан бөгөөд газар ашиглах гэрээний дагуу ашиглаагүй гэж үзсэн байна. Одоогоор нийт 53 хувийн орон сууц баригдаж, 53 иргэнд борлуулсан байна.

АСЕМ ВИЛЛА-г эзэмшигч нь Скай Ресорт ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Ж.Оджаргал бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар А.Батсуурь ажилладаг гэжээ.

АСЕМ ВИЛЛА төслийн санхүүжүүлэхээр авсан 125 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалтыг шинжээч:

  1. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 49,2 тэрбум төгрөгөөр Скай ресорт ХХК-ийн ХХБ дахь бизнесийн зээл хаасан.
  2. 806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүнд буцаан олгосон.
  3. 8 тэрбум төгрөгийг Скай ресорт ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд дахь зээл хаасан.
  4. MCS холдингийн таван дансаар дамжуулан 34.4 тэрбум төгрөгийг Энержи ресурс ХХК-аас гадаад шилжүүлгээр MMC бондын төлбөр хаасан учраас зориулалт бүрэн бус гэж үзэж байна гэв.

Аравдугаар БОГДООС хүлээх ГУРВАН ШИНЭЧЛЭЛ

0
Монголын Х Богдыг Далай лам тодруулаагүй.  Монголын иргэн байсан IX Богд жанч халахдаа Монголдээ эргэн төрнө гэсэн гэрээслэл ёсоор тодрсон хүүг Монголчууд хэдэн жилийн өмнө тодруулчихсан байсан.  Шарын шашны гурван ноён оргил гэгддэг Далай лам, Банчин Богд, Жавзандамба гурав нэгнийхээ тодорсон дүрийг мөн эсэхийг хүлээн зөвшөөрдөг уламжлалтай. Тэр ёсоор л сая XIV Далай лам Монголоос тодорсон Х Богдыг хүлээн зөвшөөрсөн хэрэг л дээ.

Шашин бол нийгэм, улс төр,  соёлын харилцаанд маш том зохицуулах нөлөөтэй. Энэ утгаараа Х Богдын тодорсон асуудал дээр нийгэмд нэлээн шуугиан үүсэх нь жас ёсных юм. Товчхондоо Монголчууд өөрийн шашны, бие даасан тэргүүнтэй болж байгаа гэдэг нь сайн хэрэг. Голлох шашин болох шарын шашны асуудлаа өөрсдөө мэддэг болох нь юун буруу билээ. Энэ үйлсэд Ц.Элбэдорж эхлээд У.Хүрэлсүх хүртэл ерөнхийлөгч нар идэвхтэй дэмжсэн шалтгаан нь үндэсний эв нэгдлийг билэг тэмдэг гэдэг утгаараа ерөнхийлөгчийн хариуцах ажлын нэг байдаг. Төрийн гурван өндөрлөгөөс ерөнхийлөгч л шашны асуудал эрхэлсэн зөвлөхтэй байдагийг анзаарсан байх.

Хэрвээ Монголоос Х Богд тодроогүй бол Төвд, Өвөрмонгол эсвэл Буриадын автономиос тодрох нь цаг хугацааны л асуудал байсан. Бид Далай ламд, Итгэлт хамбад мөргөдөг шиг урт цуваа монголоос гарч Төвд, Энэтхэг, Өвөрмонгол, Буриад уруу цувах нь сайн хэрэг биш биз дээ.

Мөн бид алийн болгон Энэтхэгээс Далай ламын  тодруулсан, Хятадаас Банчин Богдын санхүүжүүлсэн олон арван хутагт хувилгаадад сүсэгтнүүдийг мөргүүлж явах билээ. Ийм “лиценз”-ийг үндэсний шашны тэргүүн маань нэгдсэн байдлаар олгодог байж яагаад болохгүй гэж. Улс төр аюулгүй байдал талаасаа Х Богдын ач холбогдол нь ийм юм. Зуун жилийн өмнөх шиг жалга бүр нэг гаднаас тодруулсан хутаг хувилгаадтай байж болохгүй.

Монголын шашны тэргүүн болж буй хүү, түүний инстүүцэд ирээдүйд хийх гурван гол шинэчлэл байх болов уу гэж харж байна.

  • Нэгд, бурханы номыг төвд хэлээр биш монголоор сүм хийдүүд уншдаг болох ёстой. Ингэснээр сүм хийдүүд төвдийн соёлын нөлөөнөөс гарах төдийгүй сүсэгтэн бүр бие даан бурхантай харилцаж, бурханы ном зохиолыг танин мэднэ. Европ библийг латин хэлээр биш эх хэлээрээ уншиж эхэлсэнээр сэтгэлгээний ямар том үсрэлт хийгдсэнийг түүх гэрчилдэг. Мухар сүсэг багасна.
  • Хоёрт, Монголын буддизм бол төвдийн буддизмаас өөр, бие даасан шашны урсгал юмаа гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, монгол гаралтай ард түмнүүдийн шашны тэргүүн болох ёстой. Бид өөрийн гэрээ барих нь зөв юм. Далай инстүүцээс бие даах ажлыг хийж чадна.
  • Гуравт нь шашин улс төр хоёрыг зааглаж, бусад шашныг ч хүлээн зөвшөөрч улс төрд оролцохгүй гэдгээ зарлах ёстой. Түүнд шашны ном зохиолыг орчин үежүүлэх, сүм хийдүүдийг нэг стандарттай болгох, ариун цэвэр сахиулах, лам нарыг сахилаа хатуу сахиулах, архи, тамхи, луйвраас хол байлгах, авилгачны мөнгөөр сүм хийд барих, суварга босгологийг болилуах гэх мэт шашны асар олон шинэчлэл шаардсан ажлууд хүлээж байна.

Судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ

20-р зууны Хүрээ хүүхнүүдийн гангараа Louis Vuitton

0

“Хүрээ хүүхнүүд” гэж ямар бүсгүйчүүд байв?

Хүрээ хүүхнүүд гэдэг ойлголт 20-р зууны эхэн үеэс яригдаж эхэлжээ. Тухайн үед Орос, Хятадаас орж ирдэг сайхан бүхнээр гоёдог байсан, ардын дуу, уран зохиол дээр гараад байдаг “Хүрээ хүүхнүүд” гэж чухам хэн байв?.

Нийслэл хүрээнд оршин сууж, хамгийн тансаг торго дурдан, даавуу, чисчүү, хөөрөг, гаанс, гоёл чимэглэл, сувдан даруулга зэргийг хэд хэдээр нь эдэлж хэрэглэдэг, дээл хувцас нь гэхэд ховор нандин хоргой торгоор хийгдсэн дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ.

Хүрээ хүүхнүүд өвөл цагт минж, булга, халиу, суусрын арьсаар гоёдог. Алт мөнгөн хийцтэй урт хэт хутга зүүдэг байсан нь хэрэглээнийх биш гангарааных байсан гэлцдэг. Тэдний бас нэгэн гоёл нь өндөр зэрэглэлийн янжуур тамхи, гаанс байжээ. Хүрээний цуутай уран гартай дархчуулаар хийлгэсэн нарийн хийцтэй үнэт эрдэнэсээр гоёсон гаанс хэрэглэн чамирхдаг байж. Гоё ганган хувцас, гоёл зүүсгэлээр өрсөлдөх нь аль ч үеийн бүсгүйчүүдэд байдаг жишгээр Хүрээ хүүхнүүд бусдаасаа түрүүлж онц содон гоёл чимэглэлийг өөрийн болгох, үнэтэй нандин торго дурданг олж авахаар гарын шивэгчдээрээ тагнуул хийлгэдэг байж.

      Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он

Хүрээний Орос, Хятад пүүсэнд шинэ бараа ирсэн сургаар бусдаас түрүүлж үнэ цохиж авахын тулд өрсөлдөөн өрнөдөг байсан нь тэр ажээ. Хүрээний хүүхнүүд гоёж гангалахаас гадна шанз тоглох авьяасаараа бас алдартай байжээ. Мөн тэдэн дунд үйлэнд уран өмсөж хэрэглэх чамин дээл хувцасаа өөрөө эсгэж оёод өмсчихдөг, эрдэм боловсрол өндөртэй бүсгүйчүүд олон байжээ.

Тэдний заримаас дурдвал: -1900-гаад оны үед 8-р богд Жавзундамбын сэтгэл алдарч явсан Юмнэрэн гэж хүрээний сайхан хүүхэн байжээ.Эх дагина Дондогдуламаас өмнө сэтгэлийг нь татаж явсан энэ хүүхэн анх Богдоос сувдан гутал бэлгэнд авч, хошуу ноёдын хатдын атаархлыг буцалгаж явсан байдаг байна.

1906 онд Дондогдулам хатан Эх дагинад өргөмжлөгдөн өөрийн гэсэн захирах хошуутай, хэдэн түмэн мал ахуй хурдан хүлэг морьдтой болж бүр хүрээний пүүсийн хувь эзэмшиж асар их эд хөрөнгөнд эзэн сууж хүрээний хүүхнүүдийн манлай болжээ.
Мөн эх дагины төрсөн дүү Дэндэвдулам нь хөвчийн жонон ван Цогбадрахын хатан болж, хожмоо хүрээний бэлтэй хүүхнүүдийн нэг болжээ.
1920-д оны эхээр Х.Чойбалсантай ханилж явсан Бортолгой гэж хүрээний зартай дэгжин, найр наадамч хүүхнүүдийн нэг байжээ. Бортолгой болон их зохиолч Д.Нацагдоржын анхны гэргий Пагмадулам нарын дэгжин хүүхнүүд тэр үед хүрээнд худалддаг байсан алдартай брэндүүдийн анхны хэрэглэгч Монгол хүүхнүүд байжээ. Пагмадулам гэхэд LV брэндийн туфли өмсдөг байж.
Пагмадулам нь манж хятад хэлтэй, Герман улсад суралцаж герман хэлтэй болсон Монголын анхны сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг байв.

Залуу жанжин Лхагвасүрэнгийн гэргий Дашцэдэн нь хүрээний цуутай хүүхнүүдийн нэг байв. 8-р Богдын төрсөн дүү Дашцэдэн царайлаг хөөрхөнөөрөө цууд гарч ” Дунд голын ногоо нь ургасан байтлаа тарьсан юм шиг Дунжидмаагийн хүүхэн нь төрсөн байтлаа зурсан юм шиг ” хэмээх ардын дууны эзэн болж байжээ.

Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд, 1910-аад он

Дондогдулам хатны дараа үеийн Хүрээний нөлөөтэй хүүхэн бол Монголын анхны тэргүүн хатагтай С.Янжмаа юм. Хүрээ хүүхнүүд гэдэг тэгэхээр тухайн үеийн сайхан бүхнийг өөртөө зориулж чаддаг, удам судар сайтай, алхаа гишгээ дохио зангаа цаанаа намбалаг, үг яриа цэгцтэй бөгөөд ончтой, өнгө мөнгөний шидийг таньсан, ухаан санаа талибуу, хааяа дуу хуур сонсож наргиж цэнгэчихдэг, домог яриа ярьчихдаг, хатуувтар болоод нинжин сэтгэлтэй, их гэж ихийг тоодоггүй, бага гэж багыг басамжилдаггүй дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Хятадын тагнуулын бөмбөлгийн хэрэг явдал

0

Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаарт Тайваний дүн шинжилгээний sinoinsider.com сайтад 2 дугаар сарын 25-нд нийтлэгдсэн “Тагнуулын бөмбөлгийн хэрэг явдал нь Хятадын аюул ба дэглэмийн хямралыг тодруулж байна”[1] нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулга нь тус хүрээлэнгийн байр суурь биш болно.

***

Хятадын ажиглалтын агаарын бөмбөлөг 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр АНУ-ын агаарын орон зайд нэвтэрчээ. 2 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бөмбөлөг Монтана мужийн дээгүүр хөвж, тус муж дахь эмзэг цэг болох цэргийн баазууд руу ойртон чиглэж байв.

Уг агаарын бөмбөлөг Хятадын Хайнань арлаас хөрснөөс хойш АНУ-ын арми болон тагнуулын байгууллагууд долоо хоногийн турш ажиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Гэвч Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ыг дайран өнгөрөх үед л Пентагон анхааралдаа авчээ. 2 дугаар сарын 4-нд Өмнөд Каролина мужийн эргийн ойролцоо F-22 сөнөөгч онгоц Sidewinder пуужинг харваж, бөмбөлгийг харваснаар Хойд Америкт хийсэн “аялал” нь өндөрлөсөн юм.

“Хятадын тагнуулын бөмбөлөг’-ийн тухай мэдээлэл АНУ-д хэдэн өдрийн турш хэвлэлийн тэргүүн мэдээ болон цацагдав. Ажиглагчид агаарын бөмбөлгийн хэрэглээ зориулалт, чадамжийн талаар ихээр таамаглаж, цахилгаан соронзон импульсийн хүчин чадалтай эсвэл бусад зэвсэгтэй эсэхийг өргөн дэлгэр хэлэлцсэн юм. Уламжлалт сонинууд үүнийг “Хятадын сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн түрэмгий тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааны нэг’ хэмээн тодорхойлж, тагнуул, цэргийн ажиллагаанд агаарын бөмбөлгийг ашигладаг тухай түүхүүдийг нийтэлжээ. Харцага талын тоймчид зориудаар өдөөн хатгаж байна хэмээн Хятадыг буруутган, бөмбөлөг бол ‘халдлагын оршил’ гэж мэдэгдэв.

Энэхүү үйл явдал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкений 2 дугаар сарын 5-нд Бээжинд хийхээр төлөвлөж байсан айлчлалыг хойшлуулахад хүргэсэн юм. Конгресс “Америкийн бүрэн эрхт байдлыг илт зөрчиж буй Хятадыг зэмлэн буруушаах”-аар санал нэгдэв. Улмаар Ж.Байдены засаг захиргаа Хятадын агаарын бөмбөлөг хөтөлбөртэй холбоотой Хятадын зургаан компанид хориг тавилаа. Үүний зэрэгцээ Япон, Тайвань мөн сүүлийн жилүүдэд гадаадын агаарын бөмбөлөг илрүүлж буй тухайгаа мэдэгдэж, АНУ-ын холбоотнууд энэ асуудалд сонор сэрэмжээ дээшлүүлжээ.

Бээжингийн зорилго

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тагнуулын бөмбөлгийг ХКН-ын болзошгүй ‘түрэмгийлэл’-тэй холбон янз бүрийн аргумент дэвшүүлж байгаа хэдий ч ХКН-ын хувьд уг бөмбөлгийг зөвхөн ердийн ажиллагаандаа ашиглаж байж магадгүй юм. Юун түрүүнд Хятад улс өмнөх жилүүдэд ч АНУ-ын дээгүүр ижил төстэй агаарын бөмбөлөг илгээдэг байсан тухай Ж.Байдены засаг захиргааны албаны хүмүүс мэдэгдсэн, гэхдээ эдгээр бөмбөлөг АНУ-ын агаарын орон зай дотор байх үедээ илэрч байгаагүй ажээ.

ХКН-ын үйл ажиллагааны горимын дагуу, хэргээс мултарч чадах л бол дэглэмийн ашиг сонирхолд нийцсэн хууль бус, маргаантай үйл ажиллагаа явуулсаар байх болно. Унагасан бөмбөлөг бол Хятадаас далд хэлбэрээр явуулсан ердийн тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааны нэг хэсэг байж магадгүй бөгөөд зарим хүний ​​таамаглаж байгаа шиг АНУ-ын ‘нүүр рүү дэлсээд авсан’ илт түрэмгийлэл, өдөөн хатгалга биш гэсэн үг юм.

Тэгж хүссэн ч Хятадад одоогоор дайн хийх, ноцтой түрэмгийлэл, өдөөн хатгалга явуулах нөхцөл нь бүрдээгүй байна. Гурван жилийн турш хэрэгжүүлсэн цар тахлын “тэг Ковид’ бодлогоосоо дөнгөж ангижирч буй тул тахлын үеэр эрс доройтсон эдийн засгаа сэргээхэд анхаарлаа хандуулах шаардлага бий. Эдийн засгаа аврах нэн тэргүүний зорилт тавьснаар Бээжин 2022 оны 10 дугаар сард болсон ХКН-ын ХХ их хурлын дараагаас “дайчин чонын’ дипломат арга барилаа зөөлрүүлж, олон улстай харилцаагаа идэвхжүүлэн, нэн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хичээж байна.

Үүнээс гадна 2022 оны эцэс, 2023 оны эхээр Хятадыг бүхэлд нь хамарсан коронавирусын шинэ давалгаа армид нь ч нөлөөлж байгаа бололтой. Энэхүү тайланг бичиж байх үед Ши Жиньпин ХАЧА-д цэргийн бэлтгэл сургуулийг эхлүүлэх анхны тушаалыг өгөөгүй л байна. Цар тахал дэгдэхээс өмнөх хоёр жилд Ши Жиньпин 1 дүгээр сарын эхээр тушаал гаргадаг байсан, тэгэхээр тушаал гаргаагүй байгаа нь хэвийн бус байгаагийн нэг шинж тэмдэг юм.

Ковид-19 цар тахал ХКН-ын армид ноцтой хохирол учруулж, байлдааны үр дүнд нөлөөлөхүйц байж болзошгүйг илтгэх өөр нэг шинж тэмдэг бол 2 дугаар сарын 8-нд Хятадын цэргийнхэн “Чөлөөлөх арми” сонинд “Цэргийн байгууллагууд Ковид-19 халдвар эдгэрсний дараа цэргийн бэлтгэл сургуулилт хийх удирдамж’-ийг нийтэлсэн явдал юм. Удирдамжид цэргийн албан хаагчдыг Ковид-19 халдвар эдгэрсэний дараа бэлтгэлдээ буцаж орох гэж яарахгүй байхыг зөвлөжээ. Хүнд өвдсөн, хүндэвтэр тусаж эдгэрсэн, суурь өвчтэй хүмүүс цэргийн эмч нарын удирдлага дор шат дараатай бэлтгэл сургуулилтад хамрагдах ёстой гэжээ. Цэргийн төв зөвлөл ийм удирдамж гаргасан нь дэгдэлтийн сүүлийн давалгаанд олон цэрэг халдвар авсныг илтгэж байна.

Тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэрэгт үзүүлж буй Бээжингийн хариу илэрхийлэл ч мөн тэд өмнө нь ямар ч бэлтгэлгүй байсныг илтгэж буй. “Wall Street Journal’-д мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, орлогч Шерман нар 2 дугаар сарын 1-нд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Шюй Шюэюаньд Ж.Байдены засаг захиргаа маргааш агаарын бөмблөгийн талаар мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хэлэхэд тэрээр маш их цочирдсон ажээ. Бээжингийн албаны хүмүүс энэ үйл явдлыг “хар хун” хэмээн тодорхойлсон байна.

Хятадын ГХЯ мэдэгдэл хүлээн авснаас хойш 36 цагийн дараа засгийн газрын бусад яамдтайгаа зөвшилцөж, Ши Жиньпин гарын үсэг зурж зөвшөөрснөөр сая уг үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ Хятадын засгийн газар өдөөн хатгах санаатай байсан бол энэ үйл явдалд эвгүйцэж, цочрдохгүй байх байсан, мөн даруу байдлаар хариу үйлдэл үзүүлэхгүй, харин ч өмнөх “дайчин чонын’ арга барилаараа хатуу үг хэллэгээр илэрхийлэх байсан.

Жижиг зүйлийг томруулсан Америк

Хятадын тагнуулын бөмбөлөгүүдэд Вашингтон гайхмаар их анхаарал хандуулсан. Өмнөх иймэрхүү үзэгдэлд Вашингтон чимээгүй өнгөрч асуудлыг шийдвэрлэхдээ ч тулгамдаж байгаагүй. Хавай дахь АНУ-ын Номхон далайн командлалын Тагнуулын нэгдсэн төвийн Ажиллагааны газрын захирал асан Карл Шустер “Америкийн дуу хоолой’-д ярилцлага өгөхдөө ХХ зууны 60-аад оноос хойш агаарын бөмбөлгүүдийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үздэггүй байсан хэмээн ярьжээ. Ж.Байдены засаг захиргаа уг бөмбөлгийг зөвхөн “АНУ-ын агаарын орон зайд Хятад улсын ашигладаг бусад тагнуулын талбарт хязгаарлагдмал нэмэлт функцийг нийлүүлсэн’ гэж мөн дүгнэсэн юм.

Хятад улс АНУ болон бусад газарт тагнуулын мэдээлэл цуглуулах, тандалт хийх илүү хүчирхэг аргуудтай байхад Вашингтон яагаад агаарын бөмбөлөгүүдэд ийм их анхаарал хандуулав? Жишээлбэл, Хятадын эзэмшдэг TikTok нь америкчууд гэх мэт хэрэглэгчийн асар их хэмжээний мэдээллийг цуглуулдаг бөгөөд АНУ-д хадгалагдсан өгөгдөлд алс Хятадаас хандах боломжтой. Гэтэл Д.Трампын засаг захиргааны үед TikTok-д тавьсан хоригийг Ж.Байдены засаг захиргаа цуцалсан билээ.

Байдены засаг захиргааны үйлдлийн талаар хэд хэдэн тайлбар бий.

Нэгд, агаарын бөмбөлөг бол Хятадын заналхийллийн товч бөгөөд тодорхой илэрхийлэл юм. АНУ-ын эх газрын дээгүүр агаарын бөмбөлөг хөөргөж буйг далимдуулан Вашингтон ээлжит “Спутник үе’-ийг бий болгохоор шийдсэн байж магадгүй. Ингэснээр америкчууд болон АНУ-ын холбоотнуудыг сандарган, аюул заналыг арилгахын тулд илүү тодорхой арга хэмжээ авч, Хятадтай урт хугацааны өрсөлдөөн явуулахад түлхэц үзүүлэх зорилготой байж болох юм.

Хоёрт, Ж.Байдены засаг захиргаа энэ үйл явдлыг ашиглан Хятад Америкийн харилцаанд зохих “хашлага’ бий болгох цаг нь болсон гэж Хятадыг ятган, ирээдүйд “жижиг зүйл’-ээс үүдэн гарах маргаанаас зайлсхийх явдал юм. Хятад ийм “хашлага” бий болгохыг хүсдэггүй бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шюй Чиляныг Пентагонтой шууд харилцахыг зөвшөөрөх жишээтэй. Ж.Байдены засаг захиргаа Батлан ​​хамгаалахын сайд Вэй Фөнхөтэй биш, Ши Жиньпиний итгэмжит хүн Шюй Чилянтай шууд харьцахыг илүүд үздэг байсан бөгөөд Вэй Фөнхө сайд хэдий ч ХКН-ын дэглэмд улс төрийн байр суурь доогуур юм.

Гуравт, Ж.Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлт, Украйн зэрэг асуудлаар АНУ болон түүний холбоотнуудын мөрийн хөтөлбөртэй Хятадыг нийцүүлэхийн тулд нөлөөлөхөөр хүчилж байж магадгүй юм. Вашингтон мөн агаарын бөмбөлөгтэй холбоотой харьцангуй жижиг хэрэг явдлыг томруулан шуугиан дэгдээснээр Бээжинг Тайвань руу довтлох гэх мэт бодит түрэмгийллийг нь саатуулна гэж найдаж байж магадгүй.

Эцэст нь хэлэхэд Ж.Байдены засаг захиргаа боломжийг ашиглан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг бухимдалтай байх үед нь дарамт үзүүлэх гэсэн байж магадгүй юм. Ши Жиньпин одоо дотоод болон гадаад хүнд хямралтай тэмцэж байна. Тухайлбал, “тэг Ковид”-ын дараах дэгдэлт, нас баралт, эдийн засгийн эрчимтэй доройтол, засгийн газрын төсвийн хомсдол, үл хөдлөх хөрөнгийн хүндрэл, хүн ам зүйн хямрал, олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй аюул заналхийлэл зэрэгт хариу арга хэмжээ авах шаардлага Хятадад тулгамдаж буй.

Спутникийн үе

Вашингтон болон Бээжингийн бодол санаанаас үл хамааран хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэрэг, түүний үр дагаврын талаар цацагдсанаар дэлхийн түүхэн дэх бас нэгэн “Спутникийн үе’ болон хувирч байна. (ЗХУ 1957 оны 10 дугаар сард АНУ-аас түрүүлж “Спутник 1′ хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, барууны орнуудыг айдас, түгшүүрт оруулсан үе юм). Хятадаас том цагаан бөмбөлөг АНУ-ын эх газрыг “нүдэн дээр нь’ туулан гаталж, цэргийн болон тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа дүр зураг нь Хятадын аюул заналхийллийг хүмүүсийн оюун санаанд илүү тодруулж өгч байна.

Анх ЗХУ Спутник хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөнтэй адил Хятадын тагнуулын бөмбөлөг болон түүний боломжит ач холбогдол нь дэлхий нийт Хятадад хэрхэн хандах талаарх сэтгэлгээг чиглүүлж магадгүй юм. Энэ нь Ши Жиньпин болон Хятадын Коммунист намд таагүй нөлөөлж, Хятадын хувьд улс төрийн “хар хун” болж болзошгүй.

Эх сурвалж: Үндсэний аюулгүй байдлын хүрээлэн

С.Баярцогт: АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг

0

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж буй.  Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариулав. Тэрбээр “АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг”-ээ ч нуусангүй.

Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байгаа тул хурлын үйл ажиллагааны талаарх байр суурийг хэлэлцэхгүй. Тухайн үед Хөгжлийн банкны эх үүсвэрээр бонд гаргаж арга хэмжээг санхүүжүүлье гэх шийдвэр ҮАБЗ-өөс гарч байсан. Ц.Элбэгдорж ирсэн бол асуух байсан. Та өөрийнхөө мэдэх хүрээнд уг асуудал хэзээ ҮАБЗ-д яригдсан талаар хариулна уу?

-Сонсголд урьсан явдалд хувийн зүгээс талархаж байна. АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Өмнө нь хийгдсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас судалсан. 9 дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.

Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.

Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг хувийн хэвшил санал болгосон компаниудад мэдэгдсэн юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.

Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан.

2015 оны наймдугаар сарын 28-ны 241 дугаар Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар Ази, Европын 11 дэх дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг баталсан. Мөн хувийн хэвшилд тулгуурлаж хийсэн нь харагдсан.

Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан.

-Та сая хуулийн дагуу гэж хэллээ. Хөгжлийн банкны тухай хуульд заасанчлан хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас баталсан байх гэдэг хууль зүйн үндэслэлийг зөрчиж, УИХ-аас шийдвэр гараагүй байхад ХБ-наас санхүүжилт олгогджээ гэдгийг нотолсон гэх тус банкны өөрийнх нь хууль зүйн дүгнэлт байна. УИХ нь Хөгжлийн банкны гаргасан шийдвэрийг дараа нь нөхөж гаргадаг этгээд мөн үү, тухайн үеийн Хөгжлийн банкны ТУЗ УИХ-аар дараа нь нөхөж гаргуулна гээд Хөгжлийн банкны хуулиа зөрчөөд явдаг байсан юм уу, Засгийн газар ийм асуудал шийдвэр гаргадаг байсан хэрэг үү?

-Хөгжлийн банкны хуулийг боловсруулж батлуулсан учраас маш сайн мэдэж байна. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд 2017 оны Хөгжлийн банкны хуулийг хүчингүй болгосон. Тэр дотор хамгийн чухал заалтыг байхгүй болгосон. Тодруулбал, уг хуулийн 8.1-д Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан.

-“АСЕМ вилла”-тай холбоотой УИХ-ын дүгнэлт гараагүй байхад шийдвэр гаргасан гэх Хөгжлийн банкны өөрсдийнх нь хуулийн дүгнэлт байна?

-Үүнийг Хөгжлийн банкнаас асуух хэрэгтэй. Хаврын чуулганаар ирэх жил хийх бүх том төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг. Энэ дотор зорилт 21.1.4-т Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гээд УИХ тогтоолоороо баталчихсан байна.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр УИХ-ын тогтоолд байгаагүй, тийм үү?

-Дүгнэлт бичсэн хүнээс нь асуу. Та Хөгжлийн банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна.

Зуун жилийн СЭРГЭЛТ ба БАТАЛГАА

0

Дэлхийд  дээрээсээ дөрөвт орох Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь монголчуудын хувьд сайн мэдээ юм. Учир нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр Монголд орж ирэх мөнгө, эдийн засагт үзүүлэх өгөөж нь гурав дахин нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоолол ёсоор Оюутолгойн олборлолт гурав дахин, борлуулалт тав дахин өсөх прогнозыг эдийн засгийн шинжээчид гаргажээ.  Ийнхүү Оюутолгой Монголын эдийн засагт ШИНЭ СЭРГЭЛТ авчрах төдийгүй АРДЧИЛАЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН  хувьд баталгаа болох юм.

2009 оны аравдугаар сарын 6. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газар гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар эдийн засагт 2011 онд 17 хувийн үсрэнгүй өсөлт гарав.

Гэвч харамсалтай нь, тэр цаг мөчөөс эхэлсэн хувь нийлүүлэгчдийн дунд үүсэн үл ойлголцол арав гаруй жил үргэлжилсний эцэст 2021 онд эцэслэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хаягласан ил захидалдаа Монголын талын 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, гүний уурхай төсөлд шаардлагатай нэмэлт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компаниуд бүрэн хариуцах амалсан билээ.  Монголын талын 34 хувь ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларыг өрөөс ангижирч байгаа юм. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монгол Улс ногдол ашиг авах хугацаа ойртсон гэж хэлж болно. Худалч хүнд наашлаад 2050, цаашлаад 2100 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүйд хүрсэн байсан.

Дэлхийд зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ нь цаашдаа өсөх прогноз бий.  “Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Курри “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр зэсийн үнэ энэ оны эцэс гэхэд тонн нь 11 мянга 500 ам.доллар хүрч магадгүйг тодотгосон. Тэгэхээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх тусам Оюутолгойгоос Монголын эдийн засагт орж ирэх өгөөж улам нэмэгдэнэ.

“Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр. Оюутолгойг зөвхөн мөнгө авчрах юм бишГуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл гэхэд болно.  Дээрээс нь олон улсын маш сайн менежментийг Монголд оруулж ирж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж байгаа. Дэлхийн уул уурхайн салбарын номер хоёр компани “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг Монголын хувьд цэвэрх сурталчилгаа болж байгаа юм” гэж С.Баярцогт нэгэнтэ хэлж байсан. Энэ бол үнэн.

 Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн тухай хөрөнгө оруулагч талаас захидал ирүүлсэн. Тэрхүү 34 хувьд өр үүсчихээр дараагийн бүтээн байгуулалтыг явуулах боломжгүй болчхоод байсан. Энэхүү гацаа бараг 10-аад жил үргэлжилж, улс төрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байв. Хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр 34 хувь тэг балансад шилжиж байна. Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай. Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм.Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна” гэж сар шинийн өмнө өгсөн ярилцлагадаа онцлож байлаа.

Ийнхүү зуун жилийн бүтээн байгуулалт нээлтээ хийсэн Монголын эдийн засгийн ТҮҮХЭНД онцгой ач холбогдолтой үйл явдал өнөөдөр өрнөж байна.

Д.САРАН

Гурван настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй

0

Цагдаагийн байгууллагаас гурван настай хүү зодуулж, ухаангүй байгаа гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гурван настай хүүг төрсөн эх Л түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдан хорих арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эмнэлгийн байгууллагаас хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг ажиллуулж байна.

Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл эдэлж байсан.

Одоо тус хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байна” гэв.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зургаа, гурван настай хүүхдийг холбогдогч Э гэртээ харж байхдаа үйлдсэн талаар мэдүүлсэн.

Хохирогч Б-ийн эх Л энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон.

Гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон. Энэ хугацаанд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байж байгаад 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгөөд Э нь зугтсан.

Л нь холбогдогч Э-тэй 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран амьдарч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Э нь өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан.

Хохирогч гурван настай Б-ийн биед шинжээч эмч үзлэг хийхэд мөч дээрээ 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал, тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай болохыг мэдээлсэн.

Шинжээч эмчийн дүгнэлт гарна. Энэ хэрэгт холбогдох шалгалтыг явуулж байгаа учир прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээллийг өгч байна.

Хохирогч 3 настай хүүгийн ах 6 настай хүүхэд эмээ, өвөөгийндөө аюулгүй газарт байгаа.