2024.04.20, Saturday
spot_img

Нэг жуулчин-нэг ямаа /зургаан жуулчин нэг үнээ/

0

Хэрвээ амжилт харагдахгүй болчихвол амжилт хэмждэг аргаа өөрчил гэж нэрд гараагүй ухаантан зөвлөсөн юм. Худлаа хэлээгүй бололтой. Аялал жуулчлалын салбарт энэ арга ач буянаа өгч эхэлжээ. Жишээлэхэд, төлөвлөсөн тооны жуулчин ирэхгүй болохоор тэднийг тоолох аргачлалаа өөрчилсөн байна. Энэ бол эдийн засгийн салбарт ихээ эртээс хэрэглэж үр шимээ өгсөн туршлага. Ган, зудын гамшгийн хойно үлдсэн малын тоо толгойг нэмэхийн тулд чихийг тоолох, ингээд нэмэргүй бол хөлөөр нь тооцох замаар өсгөж болдог оо. Хэрвээ, 20-хон “сая толгой” мал тоологдох гээд байвал 40 сая “чих мал” болгож болно. Сэтгэл ханахгүй бол бүүр чангаруулаад,

-Өнгөрсөн жил 20 сая “толгой мал”-тай байсан бол энэ жил 80 сая “хөл мал” тоолуулсан сайхан мэдээтэй гэсэн статистик гаргачих жишээний.  Харин тоо нь өсч өгдөггүй гадаадын жуулчныг өнгөрсөн жил өөрийнх нь хөлөөр тоолох замаар хоёр дахин олшруулж байсан бол өнөө жил шинэ программ ашиглах болжээ.

   Нэг жуулчныг нэг ямаатай дүйцүүлэн хөлөөр нь тоолох инновацийг Байгаль орчмын Яам нэвтрүүлж байгаа юм байна. Магтууштай нь Яамныхан ихээхэн даруу төлөв улс юм шиг ээ, нэг жуулчинг хэдэн ч ямаагаар үржүүлж болох байтал , “Нэг жуулчин-нэг л ямаа” байх хөтөлбөр гаргаснаас харахад?

    Хэрвээ жуулчнаа бодын толгойд шилжүүлбэл, 5 жуулчин нэг тэмээ, зургаан аялагч нэг үнээ, тийм тооны Солонгос нэг морьтой (эмэгтэй бол гүүтэй) дүйцэн хөрвөнө гэнэ.

   Чамлах юм биш ээ. Жишээлэхэд, мянган ширхэг “хүн толгой” жуулчин ирэв гэсэн тааруу мэдээг 4000 “ямаан-хөл” жуулчин болгоод сайхан статистик гаргах боломжтой.   Хэрвээ, бодод жилжүүлбэл жуулчны масс ихсэх сайн талтай ч, тоо толгой нь цөөрөх сул талтай. Харин, яамны сайд нь “Нэг ямаа, нэг жуулчин” хөтөлбөрөө нарийн тайлбарлаагүйгээс үүдээд намуудын байр янз бүр байна.

   Ардын намынхан “Гадаадаас аялагч авчрах гэж түвэг удахаа болиод дотоодынхоо бүх ямааг жуулчин гэж үзэх болсон. Сая жуулчин авчрах манай зорилт 27 дахин давж биелсэн. Хөлийг орхиод толгойгоор нь товчлон тоолоход л ийм байгаа шүү. Юмны шударга нь сайхан” гээд өнгөрөгч 12 дугаар сард тоологдсон 27.568.997 ямаагаараа баталгаажуулж байна. Сонгуульд ч энэ саналтайгаа орно гэнэ.

 Харин АН-ын Зүүн жигүүрийн Баруун урсгалын Умарт бүлэглэлийн Дорнод фракцийнхан “ Энэ бол худлаа зүйл. Учир нь жуулчдын тоогоо биш малаа өсгөж эдийн засгаа тэтгэх арга. Манай нам засгийн эрх авбал зөвхөн ямаагаар явцуурахгүй. Нэг жуулчинг “дурын мал” гэдэг нэгжээр тооцох ба өөрийгээ адуу, үхэр, тэмээ, ямааны алинаар тооцохыг тухайн жуулчны өөрийн саналаар, машид ардчилсан байдлаар шийднэ. Жишээлэхэд, гаалийн мэдүүлэг дээр,

-Та ямаа, хонь, үхэр, адуу, тэмээний алин болох (аль тохирохын доогуур зурах)? гэсэн асуулт нэмээд л болох юм байна. (Бас л сэтгэж байна шүү, тээ?) Ингэснээр, 400 сая жуулчин авна гэвэл 70 сая мал дээрээ нэмээд 470 сая малтай гэсэн статистик гаргах замаар улсаа хөгжүүлнэ гэсэн хөтөлбөртэй юм билээ.

  МАН-ын нэг Хүн харин ч өөдрөгөөр харж байхтай тааралдав. Тэд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг Гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга гэж үзжээ. Ямаа бол Монголын баялаг учраас гадаадын жуулчин хил давангуутаа л манай улсын өмчид бүртгэгдээд явчихна. Сайн сэтгэвэл тэднээс ноолуур, мах-сүүний “ногдол”-ыг хуучин хөдөө аж ахуйн нэгдлийн жишгээр татварлан авч болно. Ингээд зогсохгүй ямааны мах, ноолуурын дотоод орлогоо шууд гадаадын хөрөнгө оруулалтад тооцох боломжтой хэмээн тайлбарлаж байна.

   Мэдээж, нөгөө гайхал хэцүү нэртүүд яаж дуугүй байх билээ. Хөтөлбөрийн нэрийг бүтэн сонсож амжилгүй эсэргүүцэх аргаа олжээ. Ер нь юмыг ойлгоогүй байх тусмаа буруушаахад амар байдаг даа. Тэд “…ямаа жуулчлуулах” (Ингэж ойлгосон байсан) хөтөлбөр нь,

– Монголыг гадаадынханд эзлүүлэх арга. Тэдий ихэнх нь хятад, оросын эрлийз ямаа гэнэ Гадаадын цагаач ямаанууд орж ирээд шууд монгол ямаатай гэрлэнэ…Нарантуул дүүрэн ямаа болно.. хэмээн жагсаж байна.

  Ямаа ба ямаа намын дарга гэгдэх нэгэн бээр, “Манайд ирсэн жуулчид шууд ямаа болоод манай хосгүй үнэт яргуй, цээнэ зэргийг идэж байна. Худлаа гэвэл, Тэрэлжийн хаданд хэдэн солонгос жуулчин өвс идээд бэлчиж явааг баримтжууллаа. Цаана нь бэлчээрийн хомсдлоос нас барсан Монгол ямаа ч харагдана” хэмээгээд, кэмпийнхээ үүдний чулуун сандайлаад кимчи идэж суугаа Хангүг хүний яах аргагүй бодитой фотог нийтлүүлжээ. Цаахна нь саяхан хорхог хийсэн ямааны арьс тэлээтэй харагдах нь бэлчээрээ булаалгаснаасаа болоод стрессээрээ явчихсан талийгаачийн явдлыг хүүрнэх мэт ээ!

Жуулчид ч биднээс дутуугүй гайхаж.

-За яах вэ? Танай улсад ирүүтээ ямаан тооцогдоод явна гэдгээ мэдлээ. Гэхдээ ойлгомжгүй асуудлууд байна гээд:

-Монголд ирээд хөтөч дагуулан аялах юм уу? Эсвэл малчид нь биднийг бэлчээрлүүлэн хариулах уу? Шөнөдөө буудалд хонох уу, хонь малтай хамт гадаа хотолж унтах уу? Хэрвээ биднийг чоно идчихвэл яах вэ? Бас эсрэг хүйсийн нэг нэг ямаа өгнө гэсэн мэдээлэл байна. Тэрэнтэйгээ яах ёстой вэ? Гээд л хариулт нэхсэн асуултууд хөвөрч байгаа юм байх аа.

    Жирийн ардууд ч бас толгойн эргээгээ гарган ядаж байна. Хавар ноолуур гарах үед хэрхэх вэ? Жуулчнаа ямаатайгаа самнах уу? Солонгос хүний үсний сэв хэр их вэ? Арвин ноолуур авахын тулд Монголд авчрах жуулчныг жилийн өмнөөс бэлтгэх, үсийг нь ургуулахаас гадна толгойг нь угаалгахгүй байх арга байгаа эсэх гээд олон зүйлийг УИХ-ын гишүүдээр дамжуулан тавьжээ.

Цаашлаад наадмынхаа гол зоогийг нэгмөр “жуулчин боох”, “Жуулчнаа хорхоглох” гэхчлэн явах уу? Бүү мэд.

    Харин нэг зүйл тодорхой болсон байна. Нэг жуулчинг нэг ямаанд хөрвүүлэх болсноос үүдэн “Монгол жуулчлах” жилийн нэрийг солих хэд хэдэн хувилбар яригдснаас “Монголд бэлчих жил” дээр тогтсон гэх. Цаана нь “Монголд боолгох”, “Чингисийн нутагт туламлуулах” , “Монголоор самнуулах” гэхчлэнгийн вариантууд яригдсан байдаг.

          Хөрвөх гэснээс, ОУВС-ынхан “нэгэнт л төгрөг нь хөрвөж чадахгүйгээс ямаагаа хөрвүүлэх нь ч зөв” гэж үнэлсэн гэх.

Б.Цэнддоо /baabar.mn/

ОБЕГ: Гурван алба хаагч амиа алдсан

0

Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас нэгдсэн мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 24-ний 01:06 цагт хүлээж авсан.

Тус дуудлагаар онцгой байдлын байгууллагын нийслэл дэх 13 аврах анги, үндэсний аврах бригадын нийт 200 гаруй алба хаагч 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галын тархалтыг зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэн, хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллалаа. Нийт гурван цаг 15 минут ажиллан 02:15 цагт түймрийн тархалтыг зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан.

23 том хүн 17 хүүхдийг 13 дугаар хороололд байрлалтай зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангалаа.

Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан, Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, Эх хүүхдийн үндэсний төвд гурван хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.

Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн байна. Үүний улмаас манай онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван алба хаагч осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

Гучин жилийн “бохир” ба гурван жилийн цэвэрлэгээ!

0

Хаа холын Давост, Монголын тухай нэгэн яриа өрнөжээ. Жил болгоны өвөл Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог. Энэ удаагийн чуулга уулзалтад 120 улс орон, бүс нутгийн засгийн газрын төлөөлөгч, бизнесийн салбарын манлайлагч, иргэний нийгмийнхэн гээл 2800 гаруй хүн оролцож байгааг дэлхийн хэвлэлүүд дамжуулсан.

Тэнд Л.Оюун-Эрдэнэ Франсуа Валериантай уулзжээ. Франсуа Валериан “Транспэрэнси Интернэшнл”-ийн ерөнхий захирал. “Транспэрэнси Интернэшнл” нь жил бүр дэлхийн улс орнуудын авлигын индексийг гаргадаг байгууллага.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдийнхээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.

Франсуа Валериан: Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын индексийг гаргадаг. Монгол Улс  өнгөрсөн онд 116 байрт орж зургаан байраар ухарсан. Гэхдээ цаашдаа энэ үзүүлэлт сайжрах нь гарцаагүй. Авлигын индекс ухарсан шалтгаан нь авлигын томоохон хэргүүдийг дэлбэлсэнтэй холбоотой. Монголын нууц ноёнтон гэгдэж асан “сахал” Д.Эрдэнэбилэг гэж ямар зүс царайтай хүн болохыг, тэрбээр өнгөрсөн 30 жил хууль, шүүх- улс төр-уул уул уурхайд хэрхэн эзэн суусныг  намтар түүхтэй нь бүгд мэддэг боллоо. Хөгжлийн банкийг хэн хэн тоносон нь, нүүрсний экспортоос хэн хожиж, хэн хохирсон нь, боловсролын зээлээр хэний хүүхэд хаана сурсан баригдсан. Мөнгө мөртэй гэдэг энэ. Өмнө нь БЗС-д даалбь стандарт үйлчилдэг, зөвхөн улстөрчид тэдний ах дүү, авгай хүүхэд хамрагддаг байв. Ц.Даваасүрэнгийн охин “эмийн сайн”-нд биш эцгийн албан тушаалаар БЗС-аас зээл авч АНУ-д сурсан байна. Атал жирийн иргэний хүүхдэд гадаадын битгий хэл дотоодын зээл олдох нь ховор. АНУ-д сурсан авлигачийн охин эзэмшсэн мэргэжил, сурсан номоороо ардын охиноос илүү байх нь гарцаагүй Тэд аав, ээжийнхээ албан тушаалаар гадаадад сурна, ирээд эцэг, эхийнхээ нөлөөгөөр төрд өндөр албан тушаал хашна. Эргээд эцэг, эхийнхээ адил хулгай, луйвар хийнэ.

Ийм байх ёстой юм шиг, ар өврийн хаалга, авлигаар ажлаа бүтээдэг нийгэмтэйгээ иргэд нь эвлэрчихсэн, эцэстээ цөөн, гэр бүл цөөхөн хүмүүсийн халаасанд улсаараа амьдарч байна.

Үндсэндээ 30 жилийн хур гэмт хэрэгтэй тэмцэхэд хэцүү нь хэцүү, амаргүй нь амаргүй. Хур хогийг цэвэрлэхэд хугацаа ордогтой л адил. Нэг өдрийн, нэг жилийн цэвэрлэгээгээр цэвэрлэж чадахгүй. Шүүр хэрэгтэй, ачих машин хүн хэрэгтэй. Олуулаа хамтарвал хогоо хурдан цэвэрлэнэ, ганцаараа цэвэрлэвэл удна. Хур хогноос ямар үнэр гардаг билээ, яг тийм үнэр манай төр засгаас үнэртээд удаж байна. Тэр нь цэвэрлэх байгууламжаас, Улаанбаатарын утааснаас үнэртдэг.

-2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас улсад 1.2 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 96 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

– 2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их наядын хохирлыг нөхөн төлүүлж, 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

-2023 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 845 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

Энэ бол АТГ-аас гаргасан статистик. Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол нь их наяд. Атал авлигачид нь хялбаршуулсан шугамаар хэргээ шийдүүлж хэдхэн сая төгрөгөөр торгуулна. Жишээ нь, өнгөрсөн жил авлига авч байгаал газар дээрээ гардуулсан “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунийг шүүхээс 27 сая төгрөгөөр торгосон. “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 1.3 тэрбумыг хахуульд аваад 27 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Батзориг нарын авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээс ердөө 40 сая төгрөгийн торгуулиар шийтгэсэн. Гэхмэтчилэн гучин жилийн “бохир”-ыг цэвэрлэгээнд хууль шүүхийн оролцоо чухал. Гэтэл хууль,шүүх нь хулгайч-луйварчидтайгаа нэг тал болчихвол шударга ёсыг иргэд хаанаас хайх юм бэ?!

Сонгууль болтол юу ч битгий хийгээрэй, хотын дарга аа!

0

НЗДТГ-аас автобусны шинэ чиглэлүүдийг буцааж, хуучин чиглэлүүдийг сэргээсэн шийдвэрээ танилцуулсан. Үүний буруутан нь иргэд болж байх шиг байна. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч “6500 гаруй иргэд санал, гомдол ирүүлсэн учраас шинээр гаргасан чиглэлүүдийг буцаалаа” гэсэн байна. Одоо араас нь “Бид шинэчлэл хийх нь хийсэн. Та нар өөрсдөө дэмжээгүй шүү, хохь нь ээ” гэх байлгүй. Зарим нь бүр “үхэр” энэ тэрээр нь дуудаад эхэлчихсэн байна лээ.

Уг нь бол нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд богино эргэлтүүдийг бий болгох, маршрутын тоог нэмэх гэдэг нь зөв. Х.Нямбаатар ухаантайдаа бодоод олчихсон ч юм биш. Бүр Э.Бат-Үүлийн үеэс ярьж байсан зүйл. Хэрэгжүүлэх гэж үзсэн нь Х.Нямбаатар болохоос биш. Хэрэгжүүлэхдээ бүр яаж хэрэгжүүлсэн гээч. Зүв зүгээр явж байсан чиглэлүүдийг устгаад, бүхнийг цоо шинээр хийх гэж эргүүтсэний гайгаар иргэд амралтын хоёр өдрөөрөө автобусны буудал дээр осгов. Уг нь бол “үндсэн чиглэлүүд” гэж яриад байгаа босоо, хэвтээ чиглэлүүдээ хэвээр нь үлдээгээд, эргэлтийн зайг нь богиносгоод, түүн дээрээ шинэ чиглэлүүдээ нэмээд явчихсан бол иргэдэд ч хүндрэлгүй, өөрсдөд нь ч бэрхшээлгүй байх байлаа.

Гэтэл бүгдийг нь шинээр зураад, чиглэлийн дугаарыг нь өөрчлөөд, иргэдийн хэрэглэж заншсан аппликейшнийг нь  хүртэл устгачихаад, шинэ чиглэлүүдийнхээ мэдээллийг ч урьдчилж өгөлгүйгээр шууд автобусаа явуулаад эхэлсэн. Өмнөх шөнө нь автобусны буудлууд дээр word-оор шивсэн баахан цаас аваачаад наачихсан. Бүх чиглэлүүдээ нэг дор шүү дээ. Уг нь бол өмнөх шигээ тухайн буудал дээр ирэх автобусныхаа чиглэлүүдийг ирэх, буцахаар нь үзүүлчихсэн байхад иргэд ядаж хаана хүрч, хаанаас дамжихаа мэдээд авчихна биз дээ.

Шинээр хийсэн гээд байгаа апп нь чиглэлүүдийнхээ эхлэл, төгсгөлийг заагаагүй, бүтэн тойруулаад оруулчихсан, автобусныхаа хаана явааг заадаггүй гэх мэтчилэн өмнө ашиглаж байсан апп-аас долоо дордуулаад хаячихсан. 2021 оны сонгуулиар ганцхан удаа МАН-ын апп-ыг хийсэн компани үүнээс илүү юу ч хийх вэ дээ. Тэгээд тэрийгээ бас “Үндэснийхээ компаниар хийлгэсэн. Өмнө хийлгэсэн Солонгос компаниар хийлгэвэл үнэтэй тусах гээд байсан” гэж мэлзээд байгаа. Уг нь бол Солонгосын компани “үнэгүй шинэчлэл хийж өгнө өө” гэсэн юм байна лээ шүү дээ, угаасаа анх байгуулсан гэрээ нь тийм. Гэтэл хотын дарга саяхан UB smart card компанитай байгуулсан гэрээг цуцлахдаа “Гэрээ байгуулсан цагаас хойш аппликейшны хөгжүүлэлт нэг ч удаа хийгээгүй” гэж тайлбарласан. Тэр нь хүртэл худлаа байсан. Яг шинэчлэл хийх дээрээ ирэхээрээ өөрсдөө муриад, оронд нь ямар ч туршлагагүй, өөрсдийн компанийг оруулж ирээд дампууруулж байгаа юм.

Өнөөдрөөс өмнө явж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг сэргээж, хуучнаар нь явуулж эхэллээ. Шинээр төлөвлөсөн 74 чиглэлээс 34-ийг үргэлжлүүлэхээр болж байна. Автобусны хуучин апп нь хэвийн ажиллаад эхэлсэн байна, шинэ чиглэлүүдээ оруулчихсан байна. Анхнаасаа ингэж хийхгүй яасан бэ? гэдэг ч бас асуулт. Хийчихээд дараа нь амаа барьдаг биш, асуучихаад дараа нь хийдэг баймаар байна. Автобусанд ганц удаа сууж үзээгүй дарга нар автобусны маршрут зохиодоггүй баймаар байна. Хамгийн гол нь хийж байгаа ажил нь шийдвэр гаргаж байгаа нөхдийн төлөө биш, тэр шийдвэрт нь өртөж байгаа иргэдийнхээ төлөө баймаар байна. Х.Нямбаатар ганцаараа “алаад өгсөн” шийдвэр гаргаад, тэр шийдвэрийнх нь үзүүрт иргэд удаа дараа “алуулаад” баймааргүй байна. Жаахан ч гэсэн мэргэжлийн бай. Тэгээд болж өгвөл юу ч битгий хий, Хотын дарга аа. Тэгж байтал сонгууль ч болно…

INEWS.MN

ГССҮТ: Гурван хүний бие маш хүнд байна

0

 Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ нас баржээ. Мөн ослын улмаас 14 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд энэ талаар Түлэнхийн төвөөс мэдээлэл өглөө.

Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс дөрвөн иргэн анхны тусламж аваад буцсан байна. Харин таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн 80-90 хувь нь түлэгдсэн буюу III-IV зэргийн түлэгдэлтэй биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа гэдгийг Түлэнхийн төвөөс мэдээлэв.

Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй гэв.

Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба нийт түлэгдэж ирсэн иргэд бүгд эрэгтэй, 19-50 гаруй насны хүмүүс ба бага насны хүүхэд түлэгдээгүй юм байна.

Тэнэг хүний дуугүй нь сүртэй л гэдэгсэн

0

Бяр байхад ухаанаар яах вэ гэдгийг яруу тодоор харуулж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Мөн бөх бол төр бишээ гэдгийг буй биеэрээ батлаж байгаа нэгэн. Монголын төрд түүний хийсэн гай нь гавъяанаасаа олон. Уг нь тэнэг хүний дуугүй нь сүртэй гэдэгсэн. Гэтэл тэрбээр  Хөрөнгө оруулалтын тухай шинэчилсэн төслийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийхдээ “Монголын байгалийн баялгийг цөлмөдөг байдал үеийн үед байсан. Байгалийн баялгийн эзэн орон ямар нэгэн мөнгө төлөхгүйгээр шууд авах хуулийн зохицуулалтыг устгаж Оюутолгойн 34 хувьд нь монголчууд зээлээр худалдаж авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг тэр үеийн ажил хариуцаж байсан хүмүүс хийсэн.

Яаж ч ядарсан орон гэрээрээ тоглож болдоггүй юм шүү гэж аав ээж захиж ирсэн. Түүнтэй адилхан улсын хувьд газартай холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй.

Мөн Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр төрийн албаар мэргэшсэн залууг аваачиж тавьснаар бүх юм нь цэгцэрч, гурав орчим их наяд төгрөгийн ашигтай ажиллаад ард иргэддээ хувьцаа олгох асуудлыг яриад байна шүү дээ.

Төрийн өмчит компаниуд муу гэдэг байдлаасаа холдох хэрэгтэй. Бүх юмыг болохгүй байна гэх нэрийн доор хувьчилж авдаг. Хөтөлийн цемент үйлдвэрийг зориуд дампууруулаад хувьчлаад авчихсан. Хувьчилсныхаа дараа юу ч хийгээгүй, цөлмөсөн” гэв. Харин түүнийг С.Баяр үгүйсгэж, “2009 онд ОТ төсөл УИХ-р хэлэлцэхэд ЕС байсан би “Энэ 34% авч яах юм. Гарах бүх зардлын 1/3. Бидэнд тийм мөнгө алга. Зээл авна, өрөнд орно. Тэрний оронд АМНАТ-аа ахиухан авъя. УУ төсөл угаас эрсдэлтэй” гэхэд хэсэг гишүүд түрсээр байгаад хувьцааны 34% заавал авах тухай УИХ-ын 57-р тогтоол баталсан. Энэ гишүүн тэгэхэд “бүр 51% авах ёстой” гэж байв. Энэ тухай “60-60” номонд тодорхой бий. Одоо буруутан нь ЕС асан би. “Цагийг эзэлсэн их аварга” бол буянтан. Хувь заяаны шоглоомоо гэж…”  хэмээн нүүр номоороо хариу барьжээ.

Нийслэлчүүд чонын амнаас барын аманд оров

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн мэдүүлэх эхний ээлжийн есөн журмын төслийг танилцуулсан. Үүнийг нь сонссон нийслэлийн иргэд “Улаанбаатар чонын амнаас гарч барын аманд орлоо” гэж бухимдаж байна. Сав л хийвэл хориглоно, хязгаарлана, нураана гэх болсон нийслэлийн шинэ даргын хувьд нэг мөр Улаанбаатарт хүн амьдрахыг хориглох шийдвэр гаргачихвал амар бус уу.

Шинэ журмыг танилцуулахдаа хотын авто замын ачааллыг бууруулах агаар, хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр боловсруулагдсан журам гэдгийг хотын дарга онцлов. Журмыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн сан” байгуулна. Үүнд зөвхөн автобус үйлчилгээг ч бус такси, дүүжин тээвэр, метроны үйлчилгээг уг санд хамруулна.
Авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “Нэгдсэн зогсоолын журам” батална.
Нийслэлд явах авто машины тоог хязгаарлана.
Хүүхэд залуучуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, нийслэл хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Амьтны хүрээлэн”-г ажиллуулахаар журамд тусгажээ.
Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийн төвийн бүс нутагт бусад орон нутгийн албан татвараас өөр байхаар заасан тул албан татварын шинэ журмыг оруулжээ.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар (ННТГ)-аас 2014 оноос нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээс хамаарч хот дотор насанд хүрсэн иргэн 300-1,300 төгрөг, сургуулийн насны хүүхэд 200-500 төгрөгөөр, зарим чиглэлд том хүн 2,600, сургуулийн насны хүүхэд 1,500 төгрөгөөр зорчиж байв. Энэ үнийг тогтоосноос хойш сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийн нэг литр түлшний үнэ 1,750 төгрөгөөс өсөж 3,846 төгрөг болсон ч зорчигч тээвэрлэх үйлчилгээний хөлс нэмэгдээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс 1,350 төгрөг байвал алдагдалгүй ажиллах боломжтой гэх судалгааг оруулж ирсэн тул Жаргалант тосгоноос Хархорин зах хүртэлх чиглэлээс бусад чиглэлд насанд хүрсэн хүн дөрвөн удаагийн эргэлтээр 1,000 төгрөг, бага насны хүүхдийг 200 төгрөгөөр зорчуулна.
Оршуулгын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй оршуулгын газарт оршуулсан шарилыг шилжүүлэх журмыг танилцуулсан.
Нийслэлийн мал аж ахуйг эрхлэх бүсийн хязгаарыг тогтоох, Сонгинохайрхан дүүргийн мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон бүсийг нэмэхээр төлөвлөжээ. Тодруулбал Тахилт орчмоор адуу мал оруулахыг хориглох шаардлагатай байгаа аж.
Хөдөөнөөс нийслэлд орж ирэх автомашинууд 48 цаг үнэ төлбөргүй явах бол энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлбөр тооцно.

Л.Оюун-Эрдэнийн эшлэл ба эрхзүйн реформ-I

0

Нутгийн ах У.Хүрэлсүхээс засгийн тамгаа гардсан түүнийг анд нөхөд, ах нарынхаа авлигын эсрэг тэмцлийг өрнүүлнэ чинээ хэн ч төсөөлөөгүй биз. Түүний гурван жилийн гол реформ, ардчиллын суурийг идсээр явсан авлига байсан нь үнэн. Монголоор сонин сайхан юу байна гэх асуултад “Авлига, хулгай л байна даа” гэж хариулах хүртлээ монголчууд авлигад идэгдэж, авлигатай эвлэрсэн байсан юм. Энэ “хорт хавдар” улам хүндэрсээр эдийн засгаа өвчлүүлээд зогсохгүй эцэстээ улс нь элгээрээ хэвтсэн. Иймээс авлигатай тэмцэхгүйгээр эдийн засгийн мянган сайхан төсөл хөтөлбөр гаргаад цаасан дээр үлдэхээс цаашгүй байлаа. “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана” гэж үг бий. Л.Оюун-Эрдэнэ зоригтой бас тууштай бол авлигачид чацга алдаж таараа. Эхнээсээ ч эх орноо тонож, эдийн засгаа хорлож ирсэн авлигачид айдастай байгаа. Өнгөрсөн гучин жилийн алдааг мэдээж гуравхан жилийн дотор цэгцлэх амаргүй. Нэг талаас анд нөхдөө, нөгөө талаас улс орноо бодох сонголтын өмнө тэрбээр гурван жилийн өмнө зогсч байсан. Нам аа аврах уу, улсаа аврах уу?!. Тэр энэ асуултад хэрхэн хариулахаас Монголын ардчилалын хувь заяа шийдэгдэхээр байлаа. Мэдээж, тэр анд нөхдөө биш ардчиллыг сонгосон. Энэ талаарх түүний эшлэл үг ба реформыг хүргэе!

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭШЛЭЛ

  • Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг юм.
  • Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй.
  • Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм.
  • Авлигыг таслан зогсоохгүй бол ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
  • Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна.
  • Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
  • Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
  • Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж буй ч авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байна.
  • Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭРХ ЗҮЙН РЕФОРМ

  • Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэв.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульчлав.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хассан.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасав.
  • Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглов. Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталжээ.

Өнгөрсөн гурван жилийн авлигатай, анд нөхөдтэйгөө хийсэн түүний тэмцлийн үр дүнг эдийн засгийн үзүүлэлтээр илэрхийлье. Тоо худлаа хэлдэггүй л гэдэг.

  • 2023 онд экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрэв.
  • 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулжээ.
  • Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
  • Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад оржээ.
  • Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
  • Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан.
  • Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
  • Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650,000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олжээ
  • Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165,000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоов
  • Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
  • Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.

Б.ТОРОЙ

 

Р.Амаржаргал: Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна

0

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Саявтар та 1990 оноос өмнөх Монгол ямар байсан талаар тун сонирхолтой материал нийтэлсэн харагдсан. Ардчилалд шилжихийн өмнөх социалист Монгол ямар хэцүү нөхцөлд орчихсон байсныг нотолсон өчнөөн баримт уншлаа. “Социализмын үед ямар сайхан байв аа” гэх санаашралыг үгүйсгэхээр тэр баримтуудыг аль болох олон хүн уншаасай гэсэн бодол төрсөн шүү?

-“МАХН-ын төв хорооны бүгд хурлын материалаас 1984-1990 он” гэж гарчиглаж байгаад бичсэн л дээ. Тухайн үед Монгол Улс бодит байдал дээрээ яг ямар байсныг харуулах гэж оролдсон юм. Амаржаргал гэдэг нөхөр тэр үеийг “муухай, алдаа дутагдалтай” гэж өөчлөн ярих нэг хэрэг. “АН-ын нэг гишүүн л муулахын тулд мууллаа” гэж харна. Харин МАХН-ын гишүүд нь, бүр тодруулж хэлбэл ерөнхий нарийн бичгийн дарга нь, Улстөрийн товчооны гишүүд нь, сайд дарга нар нь өөрсдөө тухайн үеийн Монголыг хэрхэн харж дүгнэж байсныг баримт нотолгоотой нь уншвал огт өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, би Бүгд хурлын материалуудаас тэр бүх байр суурийг түүгээд тавьчихсан юм. Тэр үед ерөнхий амьдрал, эдийн засгийн үр ашиг, бүтээмж, бүтээгдэхүүний чанар, гадаад харилцаа ямар байсныг харуулах зорилгоор, нэлээд цэгцтэй ойлголт өгөх үүднээс асар их материал цуглуулаад тавьсан. Тэр материалыг уншсан эрүүл саруул ухаантай хэн ч “Ийм нийгмийг өөрчлөхөөс аргагүй байж шүү дээ. Яаж оршин тогтнож байсан юм бэ” л гэнэ.

-Ардчилал эхлэхээс өмнө, социализмын сүүлийн жилүүдэд Улстөрийн товчооны гишүүд нь хүртэл Монгол гэдэг улс хэцүүдсэнийг мэдрээд яриад эхэлчихсэн байж гэж ойлголоо…?

-Баримттайгаа ил байгаа асуудал. Тэдний гол алдаа нь байгаа юмаа сайжруулах гэж оролдоод байж. Улсын өмч дээр суурилсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт тулгуурласан тогтолцоо явахгүй байгааг олж харж чадахгүй байсан. Шийдэл нь захиргааны арга гэж эндүүрч явсаар бүхнийг дампууруулчихсан.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон улс төр ид өрнөж байна. Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт тасраад багагүй хугацаа өнгөрчихлөө.Хууль өөрчилсөн төдийд гадаадын хөрөнгө оруулалт эргэж сэргэх найдлага байна уу, ингэхэд?

-Хэчнээн сайн хууль батлаад маргааш, нөгөөдрөөс нь гадаадын хөрөнгө оруулалт шууд цутгаад эхэлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. 1997 онд шиг санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн хууль баталсан. Тэр үеэс хойш арваад жилийн дараа гадаадын хөрөнгө оруулалт зах зухаасаа орж ирж эхэлсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон асуудлыг анзаарах нь ээ хоёр гурван өнцөг байх шиг. Нэг нь хуулийн асуудал, нөгөөх нь улс төр. Уг нь яриад буй хууль нь гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн агуулгатай. Гэтэл газар, гадаадын ажиллах хүчний тухай асуудал болоод хувирчихлаа л даа. Хөрөнгө оруулалтын тухай асуудал яригдаж байгааг мэдэж, мэдэрч яваа нь хэд юм бол доо. Аливаа асуудлыг урвуулах арга их амархан. Нийгмийн хөрс нь ядуу, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлийн нарийн мэдлэг боловсрол дутмаг суурин дээр сая хэлсэн өнцгүүдийг сэвээд эмоци дээр нь тоглолт хийчихэж байна. Монгол хүний “газар шороо аминаас үнэтэй” гэсэн эмоци дээр нь л тоглочих жишээний. Гаднаас ажиллах хүч орж ирээд газар шороог чинь эзэмшинэ гэчихэд л эмоцилоод эхэлж байгаа юм.

-Үнэхээр гаднаас ажиллах хүч орж ирээд газар шороог минь эзлэх гээд байна уу, эсвэл элдэв улс төрийн нөлөө юу гэдэг дээр хэрсүү, ухаалаг хариу хайж байгаа нь алга л даа.

-Ямар ч хуульд нэг ийм агуулгатай заалт бий. “Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцэн нэг багц болох юм” гэсэн агуулгатай заалт. Та бид хоёрын ярьж суугаа энэ хуульд ч туссан гэдэгт эргэлзэх юм алга. Ер нь бүхэлд нь дүгнээд хэлэхэд энэ хууль гарцаагүй хэрэгтэй. Батлагдах учиртай. Гэхдээ олныг төөрөгдүүлээд байгаа асуудлуудыг нь хэрхэн зохицуулах вэ гэдэг тал дээр Засгийн газар муу ажилласан. Ч.Хүрэлбаатарын баг маш муу ажилласан гэж би хувьдаа харж байна. Хоёр, гурван жил ярьсан гэж байна лээ. Ийм удаан хугацаанд олонд нээлттэй ярьсан бол олон нийт хуулийн талаар тодорхой мэдээлэлтэй болчихно. Ойлголт, мэдээлэлтэй хүмүүс элдэв маргаан, шүүмжлэл дэгдээхгүй. Гэтэл хэдхэн хүн гарч ирээд ганц юм хэлэхэд л нийгмээрээ ханарч шуурч байна. Товчхондоо эрх баригчид ажлаа сайн хийгээгүй гэсэн үг. Үнэхээр энэ хуулийг батлах хүсэлтэй байсан бол сонирхогч талуудыг бүгдийг нь оролцуулах учиртай байсан. Цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдын яамны хэдэн нөхдөөс бага сага үг сонссоныгоо санал сонссон гэж хэлэхэд учир дутагдалтай. Сонирхогч талуудыг бүгдийг нь татан оролцуулсан бол ийм асуудал үүсэхгүй.

-Сонирхогч талуудыг бүрэн сонсоогүй учраас улстөржилт гаарах орон зай гаргаад өгчихжээ дээ?

-Улстөржилтөөс гадна нийгмийг талцуулчихлаа. Нэг хэсэг нь газар шороогоо хамгаалаад, нөгөө хэсэг нь эх нутгаа гадагш нь зарж үрчих гээд байгаа юм шиг дүр байдал үүсчихлээ л дээ. Ер нь МАН-ынхны ажлын арга барил л даа, энэ. Нийгмийн талцуулж бутаргасан асуудал гаргасаар өнөөдрийг хүрсэн нь бодитой үнэн шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тойрсон маргааныг анзаарахад З.Энхболдын үед баталсан эзэмших гэдэг үгийг хуулиас хасахаар болсон нь зарим улстөрчийн эрх ашигтай харшлаад улстөржилт нь дэвэрчихлээ гэсэн өнцгийг цөөнгүй хүн хэлэх юм…

-Хүмүүс ингэж үзжээ, тэгж боджээ гэсэн хандлагад би тийм дуртай биш. Ер нь Монголын улс төрд бодитой болсон үйл явдлуудыг анзаарахад анхаарал татах юмс цөөнгүй байна. Үндсэн хуульд төрийн нийтийн өмч гэсэн сонин ойлголт оруулчихсан. Бүсчилсэн хөгжил чухал гэж яриад байна. Бүсчилсэн хөгжлийн тухайд сүүлийн гучин жил яваагүй асуудал шүү дээ. Сүүлдээ Сонгуулийн хуулиа бүсчилсэн маягаар баталчихлаа. Үүний үр дагавар нь юу вэ гэсэн асуултыг тавьж яваа хүн байна уу, ингэхэд. Манайх нэгдмэл улс. Ийм улсыг бүсчилээд, элдэв бодлого хэрэгжүүлээд эхлэхээр холбооны улсын хэлбэр рүү явчих вий гэсэн болгоомжлол надад байдаг. Бүсчилсэн хөгжил гэсэн ойлголт гарч ирэх үед янз бүрийн хүмүүстэй уулзаж санаа оноог нь сонсож явлаа. Учир мэдэх айхавтар хэсэг нь “Монгол бол нэгдмэл нэг улс шүү. Холбооны буюу ямар нэгэн хэлбэр рүү оруулах элдэв үйлдлийг соргогоор анзаарах учиртай шүү” гэсэн утгатай байр суурь хэлдэг л байсан.

-Гадаадын хөрөнгө оруулалт сэргэхэд хугацаа шаардлагатай тухай хоёулаа ярилаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээх гарц, шийдэл байж л байгаа. Эрх баригчид энэ чигт хандсан ажлууд хийж байна уу?

-Ачаа үүрч яваа хүн нь юу хийхээ мэдэхгүй байна шүү дээ. МАН хариуцлага хүлээхээс зугтаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг үнэхээр чухал гэж үзэж байгаа бол жар гаруй суудалтай намд хууль батлах асуудал биш. Ингэж сэвж, шуугиулах ямар ч шаардлага байхгүй.

-Нам дотроо хагаралдаан бужигнаантай байгаа болохоор бодлогын энэ мэт хуулиудаа ч баталж чадахгүй яваа гэж үү?

-Гишүүдээ нэгтгэж чадахгүй, дотроо бужигнаантай байгаа энэ тэр нь МАН-ын хариуцлагаас мултрах гэсэн арга. Ийм хариуцлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа улс төрийн хүчин Монгол Улсыг цааш нь яаж авч явах бол. Энэ янзаараа байвал хуурч, зальдаж, популизм хийж авч явахаас өөр арга байхгүй шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гарц уг нь байгаа юм байна, тийм үү?

-Өчнөөн гарц бий.

-Таны зүгээс санал болгох шийдэл гэвэл юу байна?

-Ажлын хэсгийн ахлагчаар нь Амаржаргалыг тавьчихвал хэлээд яриад хийгээд явахад асуудал алга (жуумалзав). Харамсалтай нь эрх баригчдад улс төрийн ийм эр зориг байхгүй. Намынхаа явцуу эрх ашигт үдэгдчихсэн. Харъя гэснээ л харж, сонсъё гэснээ л сонсдог болсон улс шүү дээ.

-Хоёулаа өмнөх ярилцлагадаа дэлхийн хөрөнгө оруулалтын орчны тухай хөндсөн дөө. Та тэр үед мөнгөний урсгал манайх шиг хөгжиж яваа улсаас гадагшилж өндөр хөгжилтэй орнууд руу буцаж эхэлсэн гэсэн дүгнэлт хийж байсан. Тэр дүгнэлт чинь хэвээрээ юу?

-Дэлхийн эдийн засгийн хувьд мөнгөний урсгал өндөр хөгжилтэй орнууд руугаа буцаж байгаа. Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт технологийн хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Хямд ажиллах хүч, хямд зах зээл гэсэн ойлголт чухал биш болчихсон. Ноу хау, технологийн хөгжил байгаа газар руу мөнгө урсаж байна. Үйлдвэрлэлийн өргөжилтийн хэмнэлт өндөр хөгжилтэй орнуудад бүрэн утгаараа хэрэгжиж байна л даа. Хоёрдугаар фактор гэвэл хөгжиж байгаа улсуудын дотоод нөхцөл байдал. Улс төрийн орчин нь гэхэд л популизмтай гээд яривал олон асуудал бий. Өөрөөр хэлбэл, хөгжиж байгаа орнуудаас мөнгө зугтахад эдийн засаг гэхээс илүү улстөрийн хүчин зүйл илүү нөлөө үзүүлж байна. “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр” гэсэн ойлголт үйлчлээд эхэллээ л дээ, одоо цагт. “Хаа байгаа Африк, Монголд очиж улстөрчидтэй нь учраа олох гэж элдвийг сэдэж хөрөнгөө эрсдэлд оруулснаас Америк, Канаддаа л байж байя” гэсэн хандлага хүчтэй болсон гэсэн үг. Даяарчлал гэдэг ойлголт шүүмжлэлд хүчтэй өртөж байгаа ч процесс тасраагүй яваа. Хэсэг хэсгээр бутарсан хэлбэр рүү ороод эхэлчихсэн. Тухайн бутарсан нэгжүүдийн хоорондын хүчний харьцаа хөрөнгийн урсгалыг тодорхойлдог хүчин зүйл болчихоод байна.

-Та түрүү нь бүсчилсэн хөгжлийн загвар манайх шиг нэгдмэл улсад эрсдэлтэй гэсэн санаа хэлчихлээ. Яг ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж?

-Яг өнөөдөр яг тийм болчихно гэж хэлэх аргагүй. Гэхдээ энэ процесс энэ янзаараа үргэлжилбэл тавь, зуун жилийн дараа юунд хүргэх эрсдэлтэйг бид мэдэхгүй. Тэр бүү хэл бид, цаашлуулаад яривал хүн төрөлхтөн маргааш юу болохыг мэдэхгүй байна шүү дээ. Жижигхэн жишээ хэлье. 2023 оны эхэнд дэлхийн судлаач, шинжээч, эдийн засагчид маш хүнд жил болно, инфляци дээд цэгтээ хүрнэ гэсэн урьдчилсан таамаг хэлж байсан. Гэтэл жилийн дараа буюу өнөөдрийн байдлыг харахад тэр таамгууд байгаа оносонгүй. Өндөр хөгжилтэй улсуудын эдийн засаг өслөө. Инфляцийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадлаа. Ажлын байрыг эрс нэмэгдүүлж байна.

-Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг өсөлттэй гарч ажлын байр нэмэгдсэн гэхээр хөрөнгө оруулалтын урсгал хөгжиж буй орнуудаас Америк, Австрали руу гадагшилсаны нэг том нотолгоо болж байна даа, тийм ээ?

-Та зөв анзаарсан байна.

-Ингэхэд энэ жил дэлхийн эдийн засаг ямархуу байх нь вэ. Элдэв эрсдэл анзаарагдана уу?

-Энэ оны хувьд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг одоо байгаагаасаа муудахгүй гэсэн таамаг дуулдаж байна. Гэхдээ нөгөө зарим нь өөр таамаг хэлж байна. Дэлхийн эдийн засаг 2023 оных шигээ таатай байхгүй, өнгөрсөн жил олж авсан ололтоо буцаагаад алдах эрсдэлтэй гэсэн таамаг сонсогдоод эхэллээ.

-Та өмнөх ярилцлагадаа Ковид-19-өөр тахлын аюул дуусахгүй, шинэ шинэ тахлууд дэгдэнэ гэсэн таамгийг онцолж байсан. Энэ мэт том эрсдэлийн тухай шинжээчид ярьж байна уу?

-Давосын уулзалтаар хэлэлцэх нэг сэдэв нь X-Covid байна лээ. Ковид19-өөс хорь дахин аюултай цар тахал удахгүй дэгдэх нь гэж хараад, тэр тохиолдолд яах вэ гэдгийг мундаг шинжээчид тусгайлан хэлэлцэх юм билээ. Тэгэхээр бид дэлхийгээрээ болгоомжилж буй дараагийн тахалд бэлэн байх ёстой. Ковид-19 олон салбарт дүн тавьсан. Өнөөдрийн тухайд тэр бүхний үр нөлөө, учир шалтгаан, алдаа оноогоо маш сайн судалж дүгнэлт хийж, ирэх жилүүдэд барих бодлогоо тодорхойлох учиртай. Үнэнийг хэлэхэд манай засаг төр дэндүү богино зайд харж, өнөө, маргаашаараа л амьдарч байна. Сошиалаар улс төрөө явуулж, сошиалд л төр засгийн бодлого хэрэгжиж байна шүү дээ. Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна. Гэтэл сошиалд хэчнээн хүн бий билээ.

-Улстөрч, эрх нөлөөтэй хүмүүс нь сошиалд нэг шуугианыг нөгөө шуугианаар дарах, талцуулах өнгө аястай мэдээлэл түгээх арга хэрэглэдэг нь илт болоод удаж байна л даа. Гадны нөлөө бүхий бодлого сошиал дээр хүчтэй хэрэгжээд байна уу гэсэн хардлага төрөөд байдаг юм. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Гадна дотнын нөлөө хүчтэй байх шиг анзаарагддаг.

-Эдийн засаг маань ямар хэврэг вэ гэдгийг энэ өвөл мэдэрлээ. Шатахуун, цахилгааны тасалдал ахиад үүсэхгүй гэх баталгаа алга. Энэ байдлаасаа гарахын тулд бид яах ёстой юм бол оо?

-Дэлхий даяар яригдаж байгаа асуудал л даа. ОХУ-аас явуулж байгаа бодлогыг л харчих. Харилцахад таатай, таагүй улсуудаа жагсаачихсан байх жишээний. Бид ийм нөхцөлд их л алсын хараатай, их л том юм бодож аж төрөх ёстой. Уг нь ийм зүйл бодоод сууж байдаг нэг “дурак” УИХ-д сууж байх ёстой юм л даа.

-Тэгээд тэр “дурак” нь байна уу, УИХ-д?

-Даанч алга.

-Энэ сонгуулийн сурталчилгаа сошиалд өрнөх янзтай байна. Сошиал ямар хөөсөрсөн орчин болохыг та бид хоёр сая хангалттай ярилаа. Зүй нь сонин, сэтгүүл гэх мэт хэвлэлүүдээ дэмжсэн бодлого явуулж чадвал олон нийтэд хүрэх мэдээлэл нь илүү бодитой байж, сошиалын хөөсрөл сонгуулийн үр дүнд нөлөөлөх эрсдэл багасах юм даа…?

-Боловсролтой хүмүүсийн тухайд ямар хэвлэлийг унших вэ, ямар эх сурвалжаас мэдээллээ авах вэ гэдгээ ялгачихдаг. Олон нийтийн хувьд сенсаци сонин байна л даа. Ийм нөхцөлд улстөрчдөд үлдэж байгаа ганц арга нь эмоци дээр тоглох. Хүний сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглож чаддаг хүмүүс нь популистууд. Асуудалд нухацтай ханддаг улстөрчдийн тухайд сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглох нь зөв гэдгийг олоод харчихдаг. Олж харчихаад амжилт олохын тулд популизм хийгээд явахаараа нөгөөдүүлээс ялгарах юмгүй болж, намаг руу гулсаад орчихож байна. Ингээд харахаар жаахан нухацтай, хэрсүү улстөрч байя гэвэл популизмаас хол явахаас өөр арга байхгүй.

-Популизм хийхгүй болохоор санал авахгүй. Хүссэн ч эс хүссэн ч популизмдахаас аргагүй юм байна. Ингээд бодохоор гунигтай юм аа?

-Сүүлийн гучин жил тасралтгүй ярьж яваа зүйлээ ахиад л хэлье. Сэтгүүлчид бол нийгмийг чирч, урагшлуулж явах зүтгүүр нь байх ёстой. Гэхдээ сэтгүүлчид ч бас хүмүүс. Амьдрах ёстой. Амьдрахын тулд дажгүй орлоготой аж төрөх учиртай. Блокчейн, хиймэл оюун ухаан, технологийн платформ, цахим машин гээд өнөөгийн хөгжилд амин хэрэгтэй зүйлийн тухай бичихэд хэн ч уншихгүй. Бүр тодруулж хэлбэл сэтгүүлчид ийм юм бичээд ганц ч төгрөг олж чадахгүй. Гэтэл шуугиан сенсац дэгдээдэг сэтгүүлчид эсрэгээрээ. Их мөнгө олж чаддаг. Сүүлдээ бүр сүлжээ үүсгээд цагдаагаас элдэв зорилтот мэдээлэл авч цацаад улам их мөнгө олж байх жишээний. Зүй нь сэтгүүлч хүнд ёс зүй, нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага гэж байх ёстой. Туйлбартай, ёс зүйтэй сэтгүүлчид гэвэл би цөөхөн хүнийг нэрлэнэ. Ер нь ямар ч хэвлэл МАН-ын хаалтын гэрээгээр амьдарч байна даа, өнөөдөр.

-Таны анзаарсан энэ эмзэглэл хэр удаан хугацаанд үргэлжлэх бол?

-Аливаа асуудал алга эргүүлэхийн дайтай хурдан шийдэгдэхгүй. Чимх, чимхээр урагшилсаар яваад үр дүнд хүрэх байх. Тэгэхээр бодитой, хэрэгтэй мэдээллийг аль чадахаараа түгээгээд л явах хэрэгтэй. Ер нь бидний үе сэтгэл амар байх заяагүй улс юм шиг. Бидэнд ногдож буй хувь заяа, үе маань л тийм юм даа.

-Ганц нам олон жилээр төр барих хэрээр хэвлэлийн эрх чөлөө хумигдах, цаашлаад засаглалын хэлбэр диктатур руу орох эрсдэлтэй гэх мэт болгоомжлол дуулддаг. Танд ийм болгоомжлол төрдөг үү?

-Сонгодог дарангуйллын тогтолцоо ховор болчихсон. 99.99 хувийн санал аваад ялдаг явдал үеэ өнгөрөөсөн. Эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд 99 хувийн санал хэрэггүй, 51 хувийн дэмжлэг байхад л болчихно гэдгээ олоод харчихлаа л даа. Тэгэхээр ардчилсан сонгууль болдгоороо болж, эрх баригчид ялдгаараа ялаад явах боломж бий гэсэн үг. Сонгууль болоогүй байхад сонгуульд ялах зүйлсээ аль хэдийнэ хийчихсэнд л хамаг учир байгаа юм. Жишээ нь МАН хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийдэг хаалтын гэрээгээ хэдэн жилийн өмнөөс эхлүүлсэн. Ардчиллын төлөө гэсэн бизнес эрхлэгчдийг хэдэн жилийн өмнөөс намнаж эхэлсэн. АН доторх нэр нөлөөтэй хүмүүсийн нэр хүндийг аль хэдийнэ шавартай хутгачихсан. Дүрсээ ингэж хувиргасан шинэ төрлийн диктатур нэгэнт бий болчихлоо л доо.

-Томсгосон тойргоор олонд танигдсан улстөрчид гарч ирэх магадлал өндөр. Шуудхан хэлэхэд популистууд УИХ-д олноороо орж ирэх байх, тийм үү?

-Тэгж таарна.Бид мэтийн уран цэцэн үггүй, хэрэлдэж чадахгүй хүмүүст ялах магадлал бага. Коазын теором гэж байдаг юм. Зарчимдаа үнэнч хүмүүс өөрсдийнхөө дүрмээр л тоглодог. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хүн гүтгэхгүй, доромжлохгүй. Тэр дүрмээрээ л тоглоно гэсэн үг. Хулгайч нөхдийн хувьд аль аль дүрмээр нь тоглож чаддаг. Сайныг ч, саарыг нь ч хийнэ. Хэнийх нь тоглох талбай илүү байна вэ гэсэн асуулт тавиад харахаар хулгайчийнх нь илүү байгаа биз.Үүнийг өнгөрсөн зууны эхэнд Коас гэдэг хүн олж хараад теоромыг нь гаргачихсан. Эдийн засгийн томьёолол л доо. Гэхдээ улс төр рүү буулгаад харвал үр дүн нь ижил.

-Хувь хүн нь танигдаагүй ч намынхаа нэр нөлөөгөөр гараад ирэх хэсэг ч бий. Тэгэхээр нам нь чадалтай, хөрөнгөтэй бол гэсэн хэмжүүр гарч ирж таарах нь ээ, энэ сонгуулиар?

-Тэгнэ. Намуудын тухайд юу хийсэн бүтээсэн гэхээс илүү хэн нь илүү хөрөнгөтэй вэ гэсэн хэмжүүр үйлчилнэ. Сонгуулийг будлиантуулах арга эрх баригчдад илүү бий. Олон жил төрийн эрх барьсан улс төрийн хүчин сонгуулийн зардлаа хэд дахин илүү хэмжээгээр босгочихсон яваа нь ойлгомжтой. Тэр их мөнгөний эсрэг зогсож гарч ирэх нь бусад намуудад амар биш. Маш хэцүү.

-Та нэр дэвших үү, эсвэл жагсаалт хавьцаа яригдаж байна уу?

-Надад тийм бодол алга. Миний нэр энд тэнд дуулдаад л байна лээ. Гэхдээ надаас асуусан, надтай ярьж зөвлөсөн хүн байхгүй.

-Дахиад эдийн засгийн асуудал руу оръё. Цахилгаан станц барина гээд гучин жил болчихлоо. Дахиад хэдэн жил болохыг таашгүй. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд тусдаа хууль гаргах ёстой юу, ер нь яах ёстой юм бол оо?

-Би танаас нэг юм асууя. Хөрөнгө оруулалтын хууль гээд шуугиад байна. Яг энэ асуудал дээр ҮАБЗ-аас ямар нэг зөвлөмж, шийдвэр гаргасан уу.

-Ямар ч зөвлөмж, шийдвэр гаргаагүй.

-Ерөнхий сайд нь хүртэл энэ асуудал дээр дуугарахгүй байна. Тэгэхээр юу ярих билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ирээдүйг тандахуй: 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлага

0

Германы дэлхийд нэр хүндтэй ирээдүй судлаач (futurist), стратегийн зөвлөх Бернард Марр[1] 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлагыг нэрлэсэн байна. Хүн төрөлхтөн дэлхийн хэмжээнд асар их өөрчлөлтийг авчирсан 2020-иод оны арван жилийн дунд хэсэгт дөхөж ирлээ. Дайн, цар тахал, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, олон улсын болон үндэсний хэмжээний улс төрийн эрх мэдлийн шилжилт гээд олон зүйл өнөөдрийн дэлхийг 2020 онтой харьцуулахад тэс өөр болгожээ. Энэхүү гол өөрчлөлтүүд нийгмийг цаашид өөрчлөн хэлбэршүүлсээр байх нь тодорхой бөгөөд харин хурдац нь улам бүр нэмэгдэнэ гэдэгт бэлтгэлтэй байх ёстой болж байна.

Цаг уурын өөрчлөлт гол асуудал болж, түүний нөлөөг бууруулах хэрэгцээ, шаардлагыг дагасан шийдвэр, үйл ажиллагаа дэлхийд асар их өөрчлөлтийг бий болгохоор байна. Үүний зэрэгцээ нийгэмд өндөр ач холбогдол болон хор уршгийг зэрэг авчрах чадвартай хүчирхэг, цочирдом шинэ технологиуд энэ бүх өөрчлөлтийг улам бүр хурдасгах хүчин зүйл болж байна.

Энэ суурь чиглэлийн дотор дараах гол хандлагууд дэлхий ертөнц дээр байгаа бүгдэд нөлөөлөхийн зэрэгцээ тэдгээрийн хэрхэн өрнөх нь энэ аравны дараагийн хагас, түүнээс цаашдын ирээдүйг тодорхойлох нь тодорхой байна.

1. Ухаалаг машины сэргэн мандалт

Хиймэл оюун ухаан (ХОУ) 2024 онд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэсэг болох бөгөөд үндсэндээ ХОУ-ны оролцоогүй ямар ч үйлдвэрлэл, амьдралын салбар байхгүй болж байна. ХОУ эрүүл мэндийн үйлчилгээ, сансрын аялал, байгаль орчныг хамгаалах гэх мэт эрс тэс салбаруудад эргэлзээгүйгээр бүтээмжийг нэмэгдүүлж, инновацыг бий болгож байгаа ч энэ хэмжээгээрээ тодорхойгүй байдал, айдсыг бий болгож байна. Ажлын байрыг алга болгож байгаа нь тодорхой болсон ч үүний нэгэн адил олон боломжийг бий болгож байна. Мөн санаа зовоох нэг асуудал бол алгоритмд суурилсан системд хүн төрөлхтөн амьдралаа хянах боломжийг өгч буй нь нийгэмд хуваагдал, талцал, тэгш бус байдлыг бий болгох магадлалтай. Үнэндээ одоогоор ХОУ-ны хувьсгал нийгмийн хувьд, нэг зүйл бодгалийн хувьд хүн төрөлхтнийг хааш нь хөтлөөд байгааг мэдэх хүн нэг ч алга байна. Ийм учраас 2024 онд хийх бидний үйл ажиллагаа аз жаргалтай үр дүнд хөтлөх замд оруулах алхам хийхэд чухал жил болно.

2. Улам бүр улс төрийн асуудал болж буй цаг уурын өөрчлөлт

Шинжлэх ухааны нүдээр харах юм бол цаг уурын өөрчлөлтийн гамшиг дагуулсан нөлөөллийг буруулах алхам хийх нь онц чухал болохыг 2024 гарснаар тодорхой харагдана. Технологийг энэ чиглэлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа бөгөөд ялангуяа, цэвэр эрчим хүч, хүлэмжийн хийг задраахгүй байх зэрэг нээлтэд нь шийдлийн чухал хэсэг байх болно. Харин байгууллага, хувь хүмүүсийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа байдал, түүнчлэн, энд дурдсан улс төр, эдийн засгийн хандлагууд хэрхэн өрнөх нь бүр илүү чухал болохоор байна. Улс төрийн хувьд байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө бууруулахын тулд хүмүүс хэр хэмжээнд ачаалал авч тэвчээртэй байх асуудал нь улам бүр маргаантай болж байна. Иймд 2024 он ирээдүйд бий болох магадлалтай хүсэхээргүй том цохилтоос хүн төрөлхтнийг зайлсхийхэд шаардлагатай хэцүү шийдвэр гаргах, өөрчлөлт хийх хүсэл зориг байгаа эсэхийг тодруулах чухал боломж болж байна.

3. Энэ арваны үлдэх хугацаанд Ардчиллын хувь заяаг тодорхойлох сонгуулиуд

Сонгууль өөрчлөлтийн боломжийг авчирдаг. Эрх мэдлийн хүчний тэнцвэрт 2024 онд өөрчлөлт орох нь дэлхийн хэмжээнд нөлөөлөх олон тооны улсад удирдагчдаа сонгох өрсөлдөөнийг бий болгож байна. АНУ, Европын холбоо, Энэтхэг, Их Британи, ОХУ-ын иргэд эдгээр сонгуулийн санал өгөх иргэдэд багтаж байна. Эдгээр улсын олонход нь консерватив болон дэвшилтэт, үндсэрхэг болон олон улсыг баримтлагч намууд, сонгогчдын хоорондын туйлшрал улам бүр нэмэгдэж байна. Ялагч тал улам бүр хүчирхэгжих бөгөөд тэд аль нь ч байсан ялгаагүй нийгмийн цаашдын өөрчлөлтийг тодорхойлох болж байна. Аль ч талдаа тэнцвэр тогтсон гэсэн энэхүү сонголт нь энэ аравны хоёрдугаар хагасын туршид жагсаалтад байгаа бусад бүх хандлагын өрнөлд тодорхойлогч нөлөөтэй байх юм.

4. Эдийн засгийн ороо бусгаа цаг үе

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд үргэлжлэн удаашрахаар байгаа бөгөөд нийгмийн маш олон салбарт өргөн хэмжээний цохилт өгөхөөр байна. Эдийн засгийн хүнд цаг үе тулгарахад Засгийн газрууд нийтийн үйлчилгээ, хэрэглээний зардлыг танаж, ажлын байрыг цөөрүүлснээр ард түмний амьжиргааны түвшин буурч, олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл нэмэгддэг. Эдийн засгийн өсөлт удаашрах нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах олон улсын болон үндэсний хүчин чармайлтыг үгүй хийснээр цаг уурын өөрчлөлтийн үр дагавар хүндрэх магадлалтай болдог. АНУ-д эдийн засгийн уналт бий болох, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах, Украин, Израилд болж буй хямрал гол хүчин зүйлүүд болно. Үүний зэрэгцээ Бразил, Энэтхэг, Мексик, Турк зэрэг хурдацтай хөгжиж буй улсын эдийн засгийн өсөлт цаашид дэлхийн эдийн засгийн хүчин чадлын ерөнхий тэнцвэрт эрс өөрчлөлт авчирч байна.

5. Ажлын хувьсал

Бидний ажил хийдэг хэлбэрт орж буй өөрчлөлт нийгмийн болон хүн төрөлхтний амьдралын олон талбарт улам бүр нөлөөлсөөр байна. Зарим компанийн хувьд эргээд албан тасалгаанаас ажиллах бодлогодоо шилжиж байгаа хэдий ч алсаас, эсхүл холимог байдлаар ажиллах нь цаашид цар тахлын өмнөх үеэс эрс өндөр түвшинд байхаар байна. Энэ нь дэлхийн хэмжээний шилжилт хөдөлгөөнд сайнаар нөлөөлөх, ажилчдыг ажлын байрны ойр амьдрах шаардлагагүй болгож буй юм. Харин энэ нь нийгмийн тусгаарлагдсан болон нэгдмэл байдалд нөлөөлнө. Энэхүү өөрчлөлтийг удирдах нь байгууллага, хувь хүмүүсийн хувьд 2024 онд маш чухал сорилт байх болно.

6. Үе хоорондын зөрүү

Баялаг, хөрөнгө өмчлөлийн хувьд үе хоорондын зөрүү 2024 оны турш дэлхийн болон нийгмийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлбэршүүлсээр байх нь. 2023 онд хийсэн судалгаагаар мянганы үеийнхэн (80-аад оны эхнээс 90-ээд оны төгсгөл хооронд төрөгсөд)-ий дундаж баялаг өмчлөлийн хэмжээ дэлхийн II дайны дараа (50-иад оны дундаас 60-аад оны дунд төрөгсөд) үеийнхний, ижил насны үечлэлээр харьцуулахад, өмчилж байсан хөрөнгөний хагаст хүрэхгүй хэмжээний хөрөнгөтэй байгаа нь гарсан байна. Энэ нь нийгмийн шилжилтийг бууруулах, улс төрийн талцал туйлшралыг бий болгоход хүргэж, цаашилбал, популист, хэт туйлширсан улс төрийн намуудыг дэмжсэн, улс төрийн эрх чөлөөгүй сонгогчдыг бий болгох магадлалтай юм.

7. Улам бүр нэмэгдэж буй хотжилт

НҮБ-ын тооцоолж байгаагаар 2022 онд дэлхийн хүн амын 56 хувь хот газар амьдарч байсан бол энэ тоо 2050 он гэхэд нэмэгдэж 66 хувьд хүрнэ. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлийг чиглүүлэх нөлөөтэй байж болох ч хэт төвлөрөл, бохирдол, амьжиргааны өртөг нэмэгдэх зэрэг бусад маш олон сорилтыг бий болгохоор байна. Энэ том өөрчлөлтийн хувь хүн бүрийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөг шийдвэрлэх нь ирэх жилүүдэд Засгийн газрууд, үйлдвэрлэлийн тэргүүлэх асуудал болохоор байна. Чадварлаг, боловсролтой хүмүүс нь нүүж шилжсэн, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээ, онлайн холбоос зэрэг үйлчилгээгээр дутагдалтай газруудад дэмжлэг үзүүлэхэд ихээхэн нөөц шаардлагатай болж буй юм.

8. Соёлын дайн

Соёлын дайн гэсэн нэр томьёо нь нийгмийн болон уламжлалт мэдээллийн сүлжээгээр ихэнхдээ явагдаж одоо болж буй баруун, зүүн, либерал, консерватив гэх мэт маргаан мэтгэлцээн бүхий нийгмийн туйлшралыг илэрхийлнэ. Энэ туйлшралын нийгэмд үзүүлэх нөлөө мэдээлэл олж авах зорилгоор ашиглах интернэтээр улам бүр эрчимж байгаа бөгөөд ялангуяа, худал мэдээлэл, пропаганда үүний гол жишээ болж байна. Алгоритмд тулгуурласан онлайн орчны давхар давхар үзүүлэх нөлөөллийн талаар сүүлийн жилүүдэд ихээр яригдаж байна. Мэдээлэл авч буй хүмүүс улам бүр өөрийн хязгаарлагдмал, төөрөгдмөл үзэл бодлоо баталгаажуулах мэдээлэл рүү татагдахын зэрэгцээ шударга бус, тэгш бус байдлын талаарх мэдрэмж, сэтгэгдлийг нь асаах гал болж байгаа юм. Цагаачлал, хуйвалдааны онол, нийгмийн шударга байдал зэрэг асуудал маргалдагч талуудын хооронд хурц асуудал, сэтгэгдлийг бий болгож, зүгээр нэг мэтгэлцээний хүрээнээс улам бүр халина. Нийгмийн сүлжээнд талцаж, туйлширсан байдал улам бүр улс төрийн намуудын өгөөш болж байна. Үүнийг бид дэлхийн хэмжээнд популист намууд, бодлогууд өсөн нэмэгдэж байгаагаас харж болох бөгөөд цаашилбал хэт даврагч, терроризмыг ч өдөөж байна.

9. Өөрчлөгдөн хувирч буй боловсролын асуудал

Боловсрол зөвхөн залуучуудад зориулагддаг цаг өнгөрч байна. Ажлын байр өөрчлөгдөж байгаатай зэрэгцэн ажилд бэлтгэх сургалтын загварууд ч өөрчлөгдөж байна. Технологийн ололт, нээлтүүдийн хурд өнөөгийн ажиллах хүчний дийлэнх нь сургуулийн шатанд байхад байгаа ч үгүй шинэ үйлдвэрлэл, салбарт шинэ шинэ боломжуудыг нээж байна. Өндөр хөгжсөн улсуудад насан туршийн сургалтын асуудал руу шилжилт хийгдэж байгаа бөгөөд үүний тал хэсгийг алсын зайн, онлайн сургалтын аргаар явуулж байна. Хүмүүсийн нас уртсаж, илүү өндөр насанд тэтгэвэрт гарах болсон нь илүү нас өндөртэй ажиллах хүчинтэй ажиллах шаардлагыг бий болгож байгаа бөгөөд энэ үед ажил олгогчид сайн ажилтнуудынхаа чадварыг сайжруулах, шинэ чадвар эзэмшүүлэх асуудлыг ач холбогдолтой гэж үзэж байна. Хурдтай хөгжиж буй улсуудад олон хүн ядуурлаас гарч байгаа нь илүү олон багш шаардлагатай болгож байна. Дахин хэлэхэд хүн ам хэт төвлөрсөн томоохон хотуудын иргэд, түүнчлэн алслагдсан, хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд үйлчлэх боловсролын шинэ загваруудыг бий болгох шаардлагатай болж байна.

10. Шилжилт хөдөлгөөний асуудал

1970-2020 оны хооронд өөрийн төрсөн газраасаа өөр газар амьдарч байгаа хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдсэн. 2024 онд дайнаас зугтсан дүрвэгсэд, илүү сайн амьдралыг хөөсөн эдийн засгийн цагаачид, цаг уурын дулаарал, далайн түвшний өсөлтийн улмаас амьдрах аргагүй болсон дүрвэгсэд нэмэгдэх хандлагатай байна. Залуу, ажлын чадвартай, идэвхтэй ажиллах хүчнээс зарим улсууд эдийн засгийн ашигтай байх нь тодорхой. Шинээр ирж буй цагаачдын нийтийн үйлчилгээ, хэрэглээ, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл нь улс төрийн хуваагдлыг өдөөсөөр байхаар байна. Хөгжсөн улсууд ажлын байр, виз, боловсролын боломжуудаа улам бүр өөртөө тулгарч буй чадварын дутагдлын орон зайг нөхөх, цагаач илгээж буй улстай хийх худалдааны хэлэлцээний нөхцөл болгох чиглэлийг баримтлахаар байна.


[1] Бернард Марр нь Германы дэлхийд нэртэй ирээдүй судлаач, Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, бизнест Хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах 100 арга номын зохиогч, Linkedin-аас дэлхийн шилдэг 5 бизнесийн инфлүүнсерээр нэрлэгдсэн.