2024.03.28, Thursday
spot_img

Н.Номтойбаяр улс төрд уралдана!

0

Улаанбаатар утаатай, улс төр нь халууралтай байна. Монголын улс төр хөл, хөдөлгөөнд орж, “эмээл хазаартай морь” цээжиндээ сойсон горилогчид энд тэндгүй л давхиж явна. Дөрвөн жил унтаа байсан улс төрийн намууд “ичээ”-нээсээ гарч, хэнтэй, хэрхэн гар барих вэ гэсэн наймаа хэлцэл хэдийнэ эхэлжээ.

Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор явуулахаар хуульчилсан. Мөн ҮХНӨ-ийн дагуу 126 гишүүн сонгоно. Үүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгох юм. Тэгэхээр МАН, АН-аас тойрог юм уу жагсаалт горьдож явсан горилогчдын хүсэл талаар болбол тэдэнд улс төрийн жижиг намууд нээлттэй гэсэн үг. Сонгууль зургадугаар сарын 18-нд болно. Нохойн дуу ойртох тусам гуравдагч намуудын үйл ажиллагаа идэвхжиж, УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүмүүсийн хөл дагаад хөнгөрөх нь дамжиггүй. Ямартай ч улстөрд орох болов уу гэж үргэлжийн хэвлэлийнхний төдийгүй улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын ногоон намын эзэн болжээ. Тус нам шинэ эзэнтэй болсон тул удирдлагаа шинэчлэхээр ИХ хурлаа хийжээ.  МНН-ын шинэ удирдлагуудын зүгээс сонгуульд МҮАН-тай хамтран оролцох яриа тохироо хийж байгаа гэх мэдээлэл байна. Тэдэнд Ерөнхий сайд асан М.Энхсайхан зөвлөгөө өгч байгаа гэнэ. Мөн тэрбээр ХҮН-д зөвлөхөөр ажиллаж байгаа гэх. Ямар ч байсан М.Энхсайханы хувьд Монголын ардчиллыг хамгаалах үүднээс гуравдагч намуудын оролцоог идэвхжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж байгаа аж.

Тэрчлэн экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас салж, шинэ нам байгуулан сонгуульд өрсөлдөх тухай яриа гарах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Магадгүй иргэд, олон нийт түүний энэ хүслийг хэрхэн хүлээж авахыг тандсан үйлдэл байх магадлалтай.  Монгол Улс ардчилсан улс. Гэхдээ өнгөрсөн найман жил нэг нам /МАН/ үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр засгийн эрх барьсан нь Монголын ардчиллыг эмзэгшүүлсэн. Иймээс гуравдагч намуудын орон зай улс төрд улам томорсоор байгаа. Учир нь, АН, ХҮН ч эрхбаригчдад хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй яваа юм. Тиймээс гуравдагч намуудын эрэлт хэрэгцээ нийгэмд бий болсон. Н.Номтойбаяр улс төрд уралдана гэдэг түүний фэнүүдэд сайн мэдээ, харин МАН-д муу мэдээ. Н.Номтойбаярыг улс төрд орж ирээсэй гэсэн хүлээлт их байдаг. Тэр хэрэв улс төрд ороод ирвэл Монголын улс төрийн сонирхолтой дүр байх нь дамжиггүй.

Ногоон НОРЖМАА

“Баавгай болохсон” филм ба өөрийгөө бүтээх эрх чөлөө

0

П.Золжаргал найруулагчтай “Баавгай болохсон” уран сайхны филмийн баг хамт олон өнгөрсөн 2023 онд Каннын наадамд амжилттай оролцоод ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд тэд дотоодын үзэгчдэдээ зориулан филмийн Монгол дахь нээлтийг албан ёсоор хийв. Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөр байсныг хэлэх үү гурав хоногт кино театрын тэнхим битүү дүүрч, билетийн дараалал тасарсангүй. Найруулагч идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэж нээлтийг товлосон явдал филмийн гол санааг улам бүр хурцалж өгсөн гэлтэй.

“Баавгай болохсон” үндсэндээ гадныханд зориулсан бүтээл гэвэл дэндүү өрөөсгөл. Үнэн хэрэгтээ П.Золжаргал монголчуудын бодит амьдралыг монголчууд өөрсдийн нүдээр хараасай хэмээн хүсч тус филмийг зориглон найруулсан болов уу.

НЭГ. БОЛОВСРОЛ ГЭДЭГ ОЛОН ТАЛЫН МЭДЛЭГИЙГ ХЭЛНЭ

Говь-Алтайгаас нүүж хот бараадсан дөрвөн хүүхдийн эх Улаанбаатарт хөл тавиад төд удалгүй хотын амьдралд бууж өгнө. Энэ бол “Баавгай болохсон” филмийн үндсэн зохиомжийг илэрхийлэх сонирхолтой эхлэл байв. Эмэгтэйн нөхөр өнгөрснөөс хойш тэдний гэр бүл хэцүүджээ. Айлын том хүү Өлзийбат сурах, хөгжих чин эрмэлзэлтэй боловч ажилгүй, орлогогүй эх нь түүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Филм зохиолд яагаад заавал өрх толгойлсон эмэгтэйг онцолно вэ? Өнөөдөр энэ дүр зургийг Монголын олон мянган айл өрхөөс жинхэнэ утгаараа харах боломжтой. Зөвхөн Улаанбаатар хотод 15000 орчим, улсын түвшинд 69000 гаруй өрх толгойлсон эх ажиллаж, амьдардаг гэсэн статистик судалгаа бий[1]. Найруулагч Өлзийбат хүүгийн эхийг дан ганц өрх толгойлсон эмэгтэйн дүрээр харуулах гэсэнгүй, мөн боловсрол тааруу мэдлэг нимгэн эхийг төлөөлүүлэн харуулахыг зорьсон нь нэн бодууштай.

Айл олон хүүхэдтэй тусмаа санхүүгийн нөөц бололцоо, жижиг том асуудлууд урган гардаг. Эдгээр асуудлыг эцэг эх хамтдаа шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч асран хамгаалагчийн нэг үгүй болчихвол нөгөөд ямар их дарамт, ачаа оногдох вэ гэдгийг филмийн эхлэлээс төгсгөл хүртэлх үйл явдалд гүн гүнзгий тусгаж өгчээ. Айл олон хүүхэдтэй тусмаа тэдний сурган хүмүүжлийн асуудлыг анхаарч үзэх чухал. Айлын томыг аятайхан хүмүүжүүлэхэд бусад дагаад босоод ирнэ гэсэн явцуу ойлголтыг бид нэгэнтээ халах цаг болжээ. Сурган хүмүүжил бол тэр чигтээ суурь боловсролын асуудал. Цаашлаад зарчимтай, эрдэмтэй, мөн мэдлэгтэй иргэн хүн бүтээх “хариуцлагатай нийгэм”-ийн асуудал болж томордог. Тиймээс айл бүрийн хүүхэд нэг бүр Монгол улсын хариуцлагатай иргэн гэдгийг мартаж боломгүй.

Сурган хүмүүжил хамгийн анхан шатандаа гарцаагүй гэр бүл, ойр орчны хүрээллээс эхэлнэ. Бага насны хүүхэд байгалийн жам ёсны орчин эсвэл зорилтот боловсролын орчинд аажмаар хөгжих төрөлхийн чадвартай[2] гэсэн итгэл үнэмшлийг Германы сурган хүмүүжүүлэгч Фридрих Фребель онцлон тэмдэглэжээ. Энд дурдаж буй “байгалийн жам ёсны орчин” гэдэг угтаа гэр бүлийн хүрээллийг цохон тэмдэглэсэн хэрэг. Харамсалтай нь филмд дүрслэгдсэн 4 хүүхдийн хүмүүжиж буй жам ёсны орчин үргэлжид хэрүүл, бухимдалтай. Өлзийбатын бяцхан дүү Гаригаа цэцэрлэгийн насны жаал атал ахыгаа дуурайж хараалын үг урсгах нь үзэгч танд нэгийг бодогдуулах биз ээ. Энэ үйлдэлд эхийн зүгээс ямар нэг шаардлага тавьсангүй, харин ч хараал зүхэл уг гэр бүлд хэвийн харилцаа мэт болсныг Өлзийбатын эх өөрөө бэлхэн нотлоод өгдөг. Хэрэв жам ёсны орчинд сурган хүмүүжил явагдахгүй гэвэл зорилтот орчинд, өөрөөр хэлбэл цэцэрлэг, бага дунд ахлах сургуульд хүүхдийн хүмүүжлийн асуудал зайлшгүй яригдах ёстой. Үндсэндээ тус филмд санхүү болоод сэтгэл зүйн дарамтад орсон эхийн хайхралгүй орхисон хөвгүүнийг ахлах сургуулийн физикийн багш хүмүүжүүлснээр “сурган хүмүүжил” гэх ойлголт гэр бүлийн хүрээллээс давсан асуудал болохыг батлан харуулдаг.

Сурган хүмүүжил болон боловсрол гэсэн 2 ойлголт ялгаатай гэдгийг энд зориуд сануулах зүйтэй. Боловсролын мөн чанар хүний амьдралын тогтвортой байдлыг хангахад оршино хэмээн судлаачид хэдэн арван жил бичсээр иржээ. Боловсрол өөрөө амьдрах хэрэгсэл биш, харин мөн чанартай, өгөөжтэй амьдрах үйл ажиллагааг бүрдүүлэгч тэрхүү хүчийг хэлнэ[3]. Боловсрол чухамдаа олон талын мэдлэгээс бүрдэх насан туршийн үйл явц ба нэгэнт өөртөө шингээсэн тэр мэдлэгийг хэн ч танаас булааж чадахгүй. Иймд боловсрол бидний амьдралын баталгаа болдог. Ер нь яагаад “Баавгай болохсон” филмийн цаад цөм санаа боловсролын сэдвийг хөндөх болов? Филм бүхэлдээ утаат хотын ядруухан амьдралыг дүрсэлсэн хэдий ч үзэгч миний харц “гэр хороолол” эсвэл “нүүрсний асуудал” дээр шууд төвлөрсөнгүй. Тус филмийн зорилго өрх толгойлсон эмэгтэй, эсвэл хоолгүй хонож яваа зутарсан хэдэн хүүхдийн тухай уянгын халил ерөөсөө ч биш. Эцсийн эцэст найруулагчийн зүгээс бидэнд хэлэх гэсэн тэр далд санаа яах аргагүй “боловсрол” гэсэн чухал сэдэвтэй холбогдож байв.

Өлзийг багш нь физикийн хичээлдээ дуртайг гадарлаж түүнийг олимпиадад бэлдэхээр шамддаг. Багш сурагч 2 уйгагүй бэлдсэний үр шим гарч хүү шат шатны олимпиадад амжилт үзүүлнэ. Багш түүнээс Сургуулиа төгсөөд ямар хүн болох тухай төсөөлөл чамд байна уу гэж асуухад хүү Мөнгө олдог хүн болно доо хэмээн хариулдаг. Тиймээс Өлзий хүйтэн, зутруу гэрийн зүг алхах тоолондоо ямар нэг найдвар тээж яваа харагдана. Ээжээ би олимпиадад оролцоно…боловсролтой болоод хүн шиг ажил хийж зөндөө цалин авч таныг ёстой жаргаана шүү дээ гэж хэлэх нь чухам хамаг нөөц бололцоогоо боловсролд зориулснаар ирээдүйд гачигдах зүйлгүй баталгаатай амьдрах боломжтой гэдгийг ухаарсан хэрсүү хүүгийн яриа байлаа.

Үзэгч та магадгүй “олимпиад”, “онц сурах хүслэн” гэх мэт улиг болсон клише оруулж  филмд хүүхдийг буруу өнцгөөс харуулж байна гэж шүүмжилж болох ч филмийн зохиомж төгсгөл хэсэгтээ сурган хүмүүжил, боловсрол, мөн өөрийгөө бүтээх эрх чөлөөний тухай нэгдмэл үзэл санаатай холбогддог. Боловсрол болон сурган хүмүүжил гэж үнэн хэрэгтээ юу болох тухай физикийн багш л Өлзийд учирлаж ойлгуулна. Хүн өдөр тутмын амьдралд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлснээр нийгмийн хэм хэмжээнд суралцах, аливааг эргэцүүлэн бодох, мөн зөв бурууг ялгах чадвар үүсдэг. Боловсрол гэдэг зөвхөн мэдлэг биш бас чадвар[4]. Иймд боловсролын асуудал өөрөө хэн нэгний мэргэжил эзэмших үйл явцаас хальсан “хүн болох” тухай амьдралын хичээл гэдгийг Өлзий эцэстээ ухаарна.

ХОЁР. БААВГАЙ БОЛОХСОН ФИЛМ ӨӨРӨӨ НИЙГМИЙН ШҮҮМЖ

П.Золжаргал найруулагчтай филмийн баг хамт олон зориуд ес эхэлсэн хахир хүйтний саруудад зураг авалтаа хийжээ. Улаанбаатар хот “Үхлийн хөндий” гэх нэр зүүгээд чамгүй олон жилийг ардаа орхилоо. Найруулагч үхлийн хөндий Улаанбаатарын үнэн төрхийг харуулахаар зорьсон нь үзэгчдэд нөгөө л шийдэл үгүй утааны асуудлыг ахин дахин сануулах мэт. Бид  яаж яваад нийслэл хотоо ийм байдалд хүргэв? Энэ бүхэн хотжилтоос үүссэн асуудал уу? эсвэл хуульгүй хотын замбараагүй үйл ажиллагааны илрэл үү? Филм үзэж суухад энэ мэт нийгмийн асуудлыг эргэцүүлэх боломж олдов.

Анх 1954 онд “Гипрогор Институт”-ээс боловсруулсан 20-25 жилийн хугацаатай анхны ерөнхий төлөвлөгөөг баталснаар хот байгуулалтад шинжлэх ухааны үндэслэл нэвтэрч, хотыг орон сууцны 19 хороолол болгон орон сууц, иргэний барилга байгууламж, орчны зам талбай, гэрэлтүүлэг, цахилгаан дулааны эрчим хүч, радио, холбоо, ус түгээгүүр, ариутгах татуурга, төрөл бүрийн үйлчилгээний цэг салбаруудын хамт иж бүрнээр барьж байгуулах их ажил эрчимжсэн[5] гэж үздэг. Анхны ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 20 жилийн хугацаанд нийт хүн ам 125000 байхаар…орон сууцны барилгын 70 хүртэлх хувийг 2-4 давхар, 20 хувийг дан барилга, 10 хувьд гэр хашаа байхаар төлөвлөжээ[6]. Анхны төлөвлөгөө батлагдсанаас хойш үндсэндээ 5 удаа Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн гэдэг. Төлөвлөгөө бүрд гэр хорооллын бүс нутгийг хязгаарлаж, оронд нь Налайх дагуул хот хөгжүүлэх бодлого баримталжээ.

Эхлээд бид хотуудыг босгоно—Дараагаар хотууд биднийг төлөвшүүлнэ[7]. Уламжлал ёсоор том хотод эдийн засгийн чадамжтай хүмүүс суурьших боломжтой гэсэн бичигдээгүй хууль бий. Орон нутгаас шилжигсэд амьжиргааны чадамжтай болох хүртлээ өртөг багатай дагавар хотуудад суурьшдаг тогтолцоог аливаа улс орон чандлан баримталдаг. Филмийн гол дүр Өлзийбат ба түүний эхийн хооронд яагаад зөрчил үүсдэг вэ гэхээр 4 хүүхэдтэй эмэгтэй энэ том хотод тэсэж үлдэж чадахгүйгээ ухаардаг. Эмэгтэй нутаг буцах хүсэлтэй ч том хүү нэгэнт хотод ирсэн тул эндээ учраа олно гэж шийдэж эх хүү хоёрын дунд зөрчил үүснэ. Үнэндээ ардчиллаас хойш 30 жилд энэ мэт хэдэн мянган rural flight[8] их мөрөөдөл тээгээд Улаанбаатарт ирцгээж, улмаар гэр хорооллын бүс нутаг үнэмлэхүй томрон тэлжээ. 2022 оны байдлаар нийслэлд 205.000 өрх гэр хороололд амьдардаг гэх статистик мэдээлэл бий. Эдгээр айл өрхийн дийлэнх орон нутгаас шилжин ирэгсдийг төлөөлнө. Судалгаанаас үзвэл шилжих хөдөлгөөний гол шалтгаан орон нутаг дах ядуурлын түвшин нэмэгдсэнтэй холбоотой байдаг.

Филмийн гол дүр Өлзийбат хамар хашааны өвгөнтэй хууч хөөрөхдөө Манай аав мянгат малчин байсан. Нэг өвлөөр тал малаа алдсан даа гэж дурсан ярьдаг. Үүнээс үзвэл орон нутгаас шилжин ирэгсдийн тодорхой төлөөлөл нь малчид бөгөөд тэд цас зуднаар хамаг хөрөнгөө алдаж, амьдралын эрхээр том хот барааддаг гэх санааг филмд онцлон харуулжээ. Малчид 2010 онд хамгийн ядуу иргэдийн тоонд жагсаж байсан бол өнөөдөр 3 малчны 1 ядууд тооцогдох болов[9]. Тэгэхээр шилжин ирэгсдийг Улаанбаатар хотын утааны асуудалд шууд буруутгах хэцүү. Учир нь орон нутгийн өрхийн амьжиргааны түвшин хаанаа ч хүрдэггүй тул хот бараадах тэдний эцсийн сонголт болдог. Нөгөөтэйгүүр шилжин суурьших зөвшөөрөл, газар олголтыг төрийн хууль дүрмээр зохицуулдаг гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс хотжилт, замбараагүй төвлөрөлийн гол буруутан хэн бэ гэдгийг дор бүрнээ дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй. Хотжилтыг дагаад үүсдэг саад бэршхээл бишгүй олон, харин Улаанбаатарчууд эдгээр бэлхшээлийг даван туулж чаддаг уу? гэсэн асуулт филм үзэж суухад өөрийн эрхгүй бодогдоно.

Найруулагч бидний мэдэхгүй гэр хорооллын ертөнцийн бодит үнэнийг нэмэлт хачиргүйгээр харуулаад зогсохгүй том хотод тулгардаг нийгмийн асуудлыг зоригтойгоор хөндөж чаджээ. Тухайлбал Өлзийбатын эхийг төлөөлүүлэн “ажилгүйдэл” сэдвийг гаргаж ирэв. Хотжилтын үр дагавартай салшгүй холбоотой 3 хүчин зүйл бол нэгдүгээрт: ажилгүйдлээс үүссэн ядуурал,  хоёрдугаарт: тэгш бус байдал, гуравдугаарт: шилжин ирсэн хүн амыг нийгмээс гадуурхах үзэгдэл[10]. Өлзийбат хүү ажилгүй, орлогогүй эхээ арчаагүй гэж тодорхойлдог ч үнэн хэрэгтээ ажилгүйдэл дан ганц хувь хүний буруугаас үүддэггүй гэдгийг социологийн олон талын судалгаанаас харах боломжтой. Аль ч нийгэмд ажилгүйдэл үүсэхэд хүмүүс өөрсдийгөө буруутгах хандлага ажиглагддаг ба шалтгааныг өөрийн боловсролтой холбож үздэг. Би тааруу учраас надад ажил олдсонгүй гэх дүгнэлт хэтэрхий өрөөсгөл гэдгийг эдийн засгийн макро түвшний судалгаанууд батлан харуулна. Хүн ам өсөхийн хэрээр эдийн засаг нь ажлын байрны хэрэгцээг хангах боломжгүйд хүрч, улмаар хэдэн мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Энэ гарцаагүй үзэгдэл том хотуудад зайлшгүй тохиолддог ба үр дүнд эдийн засгийн хямрал тэр дороо нийгмийн хямрал болон хувирдаг[11] тухай философич Хабермас нэгэн цагт дурджээ.

Ажилгүй, орлогүй хүн нийгэмд ч, өөртөө ч эрх чөлөөгүй. Үүнийг Золжаргал найруулагч Өлзийбатын эхийн дүрээр нотлон харуулахыг зорьсон гэмээр. Ажилгүй, орлогогүй ядуусын нөөц бололцоо дундаж иргэн эсвэл дундаж гэр бүлээс хавьгүй доогуур тул тэд ердийн амьдралын хэв маяг, заншил, мөн өдөр тутмын үйл ажиллагаанаас гадуурхагддаг[12] тухай Английн социологич Петер Таунсэнд цохон тэмдэглэсэн. Ядуурлаас үүдэлтэй амьжиргааны чадавхын талаарх социологийн онолын үндэслэлийг тус филмийн дүрүүдээс бүрэн харах боломжтой. Тухайлбал Өлзийбатын  дүү охин дэлгүүрийн лангуун дээрх гутлыг шохоорхон харах хэдий ч худалдан авч чадахгүйгээ ойлгож чимээгүй орхин одно. Өөр нэгэн зураглалд Өлзийбат дэлгүүрээс бараа авахдаа “хүнсний талон” дээр бичилт хийхийг худалдагчаас гуйдаг. Цаашлаад галлах нүүрсгүй, идэх хоолгүй өдөр хоногоо аргацааж буй ах дүү 3 алга тэнгэрдэж тоглоод сондгойсон нэгнээ дэлгүүр гүйлгэж цаасан хайрцаг цуглуулах ажилд дайчилна. Филмийн турш үргэлжлэх энэ мэт хар бараан зураглалыг харж суухад бид яагаад ийм харгис, хүмүүнлэг бус нийгмийг бүтээх болов? гэсэн бодол өөрийн эрхгүй дотор давчдуулна.

Хувь хүн нийгмийн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд зарим гэмт хэргийг үйлдэж болно[13] гэсэн сонирхолтой гаргалгааг Америкийн социологич Роберт Мертон 20-р зууны эхэн үед дэвшүүлжээ. Аливаа улс, нийгмийн хурдацтай өөрчлөлтийн явцад элдэв гаж үзэгдэл олширч улмаар гэмт хэрэг, амиа хорлолт ихэсдэг. Нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг судлаач Эмиль Дюркхайм эртний грек хэлний аноми[14] гэх ухагдахуунаар тайлбарласан. Филмд Өлзийбатын найзууд шөнө оройн цагаар эзэнгүй айл ухахаар хөдөлцгөөдөг. Тэд гэмт хэрэг үйлдэх гэж буйгаа маш сайн ухамсарласан бөгөөд үүнийгээ “мөнгөний ажил” гэж тодорхойлно. Түүнчлэн хууль бус мод бэлтгэлийн үйл явцыг филмд харуулдаг ба Өлзий 2 дүүгээ хоосон хонуулахгүй гэсэндээ аргагүйн эрхэнд модны хулгайчидтай нийлж уул руу явна. Физикийн багш хайран хүүхэд сургуулиа хаяад баларлаа гэж харамсаж түүний араас очих бөгөөд модны хулгайчдыг насанд хүрээгүй хүүхэд уруу татаж ажиллууллаа гэж шүүмжилдэг. Гэтэл энэ нийгмийн дээд доод аль ч шатанд бүхэлдээ хууль бус гэмт хэрэг гаарч байхад Өлзий болон модны хулгайчдыг буруутгах цаанаа л нэг учир дутагдалтай.

Ингээд эцэстээ “Баавгай болохсон” филмийн төгсгөлд нийгмийн бүхий л давхаргад нөлөөллөө үзүүлдэг тэр “эрх мэдлийн хүч”-ний тухай эргэцүүлэн бодох сэжүүр үүсэв. Аливаа улсын эдийн засаг, төрийн аюулгүй байдал болон улс төрийн шийдвэрийг элитийн бүлгэм эрх мэдлийн хүчээр удирдан чиглүүлдэг[15] гэх онолыг социологич Чарьлз В.Миллс 20-р зууны дунд үед гаргаж иржээ. Корпорац болон бизнесийн байгууллагууд, цэрэг армиас авхуулаад шашны нийгэмлэгүүд, төрийн бус байгууллагууд, бүр цаашлаад засгийн газар өөрөө энэхүү эрх мэдлийн хүчийг үүсгэдэг. Миллс хэдийгээр Америкийн нийгмийн судалгаанд тулгуурлан онолоо гаргаж ирсэн ч өнөөдөр Монголд энэ үзэгдэл жинхэнэ утгаараа биеллээ олсон гэмээр( Миллсийн санал болгосон 5 төрлийн элитийн бүлгэмээс зөвхөн улс төр болон эдийн засгийн элитийн хүчийг монголын нийгмээс харж болно).

Аль ч нийгэм, хүн хоорондын харилцаанд эрх мэдлийн хүч үйлчлэх нь гарцаагүй. Гэвч хаана эрх мэдэл оршино, тэнд эсэргүүцэл бий болдог[16]. “Баавгай болохсон” филмд манай нийгэмд өрнөсөн томоохон жагсаалыг зориуд дүрслэн харуулсан нь сайшаалтай. Өлзий хүү хамар хашааны өвгөний хамтаар айлд мах хүргэж өгөх ажилд дайчлагдана. Тэд хотын төвөөр дайран өнгөрөхөд нүүрсний хулгайгаас улбаатай “Боож Үхлээ” ард түмний жагсаал эд өрнөж байгаа харагддаг. Үнэндээ Улаанбаатарчууд бид 2022-2023 онд утааг дагасан авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэхийг шаардаж томоохон жагсаалууд зохион байгуулж чадсан. Энэ бол эрх мэдлийн хүчийг сөрж буй эсэргүүцлийн нэг хэлбэр яах аргагүй мөн. Эцсийн эцэст П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” филм бас л нэг төрлийн эсэргүүцлээ илэрхийлэх арга хэлбэр болов уу.

Уран бүтээлээр дамжуулан бүхэл бүтэн нийгмийн шүүмж хийж чадсан нь бахархууштай. Ойрын хэдэн өдрүүдэд тус филм Монголчуудын ярианы халуун сэдэв болж, хүн бүрийн мэлмийг нээж өгнө гэдэгт би итгэлтэй байна. Хэлэх гэснээ энэ хүрээд өндөрлүүлье. Миний хувьд филмийн дараагаар нийгэмд өөрчлөлт явагдах эсэхийг хүлээх үлдлээ.

УРЛАГ СУДЛААЧ Б.МИЧИДМАА

“Авлигачидтай хариуцлага тооцохгүй байгаад ард түмэн бухимдаж байна”

0

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган Лхагва гаригт хаалтаа хийсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв. Тэрээр, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна. Улсын Их Хурлаас байгуулсан Хянан шалгах түр хорооноос “нүүрсний” хулгайн асуудлаар хоёр удаагийн нээлттэй сонсгол явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, ард түмний мэдэх эрхийг хангасан. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон бол парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог жишиг тогтож, тэр хэрээр ард түмэн төрөөс шударга ёсыг шаардаж, тэр шаардлага нь чуулганы танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч хариуцлага тооцох асуудал муу байна. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо уг асуудалд анхаарч, ард түмний  шаардлагад хариулт өгөх хэрэгтэй гэсэн юм. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсголд 574  гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 71.8 хувь нь буюу 412 гэрч сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ. Түр хороо 60 дэд сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэх судалж, гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар 9177 хуудас, 28.96 GB багтаамж бүхий мэдээллийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг цагдаагийн  байгууллагад илгээжээ.

Нүүрсний хулгайтай хийх тэмцлийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлжээ

0
Юу үнэн гэвэл, нүүрсний хулгайтай хийх тэмцлийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлж, Ерөнхийлөгч болсныхоо дараа нээлттэй сонсгол явуулахыг шаардаж байжээ.
Өнгөрсөн 30 жилд эрх мэдэлтнүүдийн хулгай луйвар энэ улсыг сүйрүүлэх хэмжээнд очсоныг Хөгжлийн банк, ЖДҮ, жаран тэрбум, БЗС, төмөр замын авлига, төрийн сангуудын хэргээс харж болно. Төрд нүүрлэсэн авлига, хулгай, луйврын эсрэг тэмцлийг У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн.
Тухайлбал, өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаж, сошиал сүлжээ, хэвлэлийн гол мэдээ болсон нүүрсний хулгайтай хийх тэмцлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд буюу Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн байдаг.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудал байна гээд энэ талаарх асуудлыг надаар ахлуулсан. Тухайн үед Сангийн сайдын хувьд тушаал гарган хууль, татвар, гаалийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Тэр үед хилээр хоосон машин гардаг, тодорхой хэмжээний нүүрс бүртгэлгүй гардаг гэдэг нь илэрсэн. Энэ асуудлыг гурван сар орчим шалгаад Засгийн газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэдгээ онцолсон байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрөөс яг нэг жилийн өмнө “Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой” гэж холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч байсан юм.

У.Хүрэлсүхийн гадаад бодлого Монголын нэр хүндийг өсгөж байна

0

Сүүлийн үеийн сайн мэдээ гэвэл Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол шүүгч Д.Эрдэнэбалсүрэн сонгогдожээ. Энэ нь манай улсын нэр хүнд олон улсад хэр байгааг харуулж буй үйл явдал юм юм. Энэхүү томилгоог манай улсын зүгээс аль эртнээс хөөцөлдсөн агаад үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувь нэмэр их болохыг албан хүмүүс тодотгож байна. Тодруулбал, 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхэд монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулжээ. Үүний үр дүнд монгол шүүгч олон улсын эрүүгийн хэргийг шүүхэд оролцох эрхтэй болсон байна. Нөгөө талаар, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гадаад харилцаандаа түлхүү анхаарч, олон талт, тэнцвэртэй бодлого барих болсон. Энэхүү бодлогын үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч, байр суурь бэхжиж байгааг сүүлийн үеийн гадаад, дотоодын айлчлалуудаас харж болно.

Алтанд умбасан арабууд Монголоос эрүүл хүнс авахыг илүүд үзэж байна

0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр дэлхийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох юм. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзжээ. Албаны мэдээ уншихад монголчуудтай худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол, зам тээврийн салбарт болон цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.
Жишээлбэл, Монголд халал аргаар бэлдсэн, хонины махыг манай таван компани анх удаа АНЭУ-д экспортолсон байна. Дубай хотын худалдааны төвд энэ оны нэгдүгээр сараас хойш худалдаалж, 300 тоннд хүрсэн. Энэ нь бидний харилцааны амжилт юм. Энд махны хэрэглээ өндөр тул дэлхийн өнцөг булан бүрээс мах импортолдог. Махны зах зээл нь ихээхэн өрсөлдөөнтэй ч манай ААН-үүд бүх зөвшөөрлөө авсан. Саудын Араб руу мөн мах гаргахаар ажиллаж байна. Би Саудын Арабыг мөн хавсран суудаг. Бид хонины махаа эдгээр улсуудад тогтвортой нийлүүлбэл малчдад ихээхэн дэм болно. Энд монгол хонины мах бол бэлчээрт тааваараа идээшилсэн, олон төрлийн ургамал идсэн мал гэж одоо л танигдаж байна.
Цаашлаад газар тариалангийн чиглэлд хамтран ажиллах сонирхол арабуудад байгаа бололтой. Арабын орнуудад гурилын хэрэглээ өндөр тул манай улсад улаан буудай тариалах санал тавьж байгаа аж. Ямартаа ч арабын баячууд монгол мах, гурил идэхийг хүсч байгаа аж. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал энэ мэтчилэн үр дүнгээ өгч эхлэх нь.

Жагсаалын цаад эзэд хэн бэ?!

0

Улс төр намраас хойш бужигнаантай байгаа. Сонгууль дөхөөд бүр ч илүү эрчимжих нь тодорхой. Үнийн өсөлт, шатахуун түлшний хомсдол, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар гээд ард түмний уур хилэнг оволзуулах асуудал мундахгүй олон байна. Ийм үед иргэдийг өдөөн турхирч, нийт массыг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг. үүнийг захын улстөрч, нам эвслүүд гаргаахгүй. Тиймээс сүүлийн үед нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал идэвхжих хандлагатай байна. Тэр бүгдийн цаана хэн, ямар зорилгоор нийгмийг өдөөн турхирч байна вэ гэдгийг ард түмэн сайтар тунгааж, хэрсүү хандах хэрэгтэй болжээ.

Хамгийн сүүлд гэхэд үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар арванхоёрдугаар сарын 2-нд “мартаж үл болно” уриатай жагсаал хийнэ гэж мэдэгдэнэ лээ. Аливаа жагсаал цуглаан ардаа дандаа ямар нэгэн эрх ашиг агуулж байдаг. нийгмийн анхаарлыг жагсаал руу фокуслаж байгаад ар хударгаар нь элдэв хууль баталдаг технологи монголын улс төрд нутагшчихсан. Тэр агуулгаараа ирэх сарын 2-нд төлөвлөгдсөн жагсаалыг эрх баригч нам санхүүжүүлж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Учир нь ноднин хавар олон өдөр үргэлжилсэн “Ажлаа хий” уриатай залуусын жагсаалтай өнгө ижил байгааг улс төр судлаачид хэдийнэ анзаарчихжээ. Улмаар төрийн хулгайчдаас хариуцлага нэхэж, тэднийг мартаж болохгүй гэсэн уриатай үнэн ба зөв намын энэ удаагийн жагсаалын цаана хэд хэдэн хуулийн төсөл орж ирнэ гэсэн таамгийг дэвшүүлж байв. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тун удахгүй хэлэлцүүлэхээр бэлэн болгосон тухай мэдээлэл төрийн ордны “тамхины цэг”-ээс сонсогдов.

Ирэх арванхоёрдугаар сарын 9-нд олон улсын авлигын эсрэг өдөр тохионо. Маргааш нь дэлхий дахинд тунхагласан хүний эрхийн өдөр болдог. Эдгээр өдрүүдэд нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал цуглаан болно гэсэн шум бас бий. Яагаад гэвэл МАН төрд гарснаас хойш хүний эрх ноцтой зөрчигдөх болсон талаар иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, ялангуяа сөрөг хүчин байнга сануулж байгаа. Дээрээс нь “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулбал тогтолцооны гажуудал үүсч, шууд төрийн дарангуйлал тогтоохыг санаархаж байна” гэдэг байр суурийг Ардчилсан намаас гадна хуулийн салбарынхан хүчтэй илэрхийлж байгаа харагдсан. Энэ өнцгөөс харвал арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд жагсагчид гарч ирэх бэлтгэлээ базааж байгаа нь үнэн бололтой.

Эрх баригчид энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх вакцин нь “мартаж үл болно” жагсаал байхыг ч үгүйсгэхгүй. Сөрөг хүчний хувьд энэ жагсаалыг дэмжихгүй нь тодорхой. Харин тэд нийгмийн уур амьсгалыг харж байгаад улс төрийн акци өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа байх. Нөгөө талд МАН доторх үл ойлголцол, гадуурхагдсан гишүүдийн бухимдал Сүхбаатарын талбайд тэсрэх сураг бий. Л.Оюун-Эрдэнэ авлига албан тушаалын гэмт хэрэг, төрийн том, том хулгайтай нам харгалзахгүй хатуу тооцоо бодож эхэлсэн. Нэрсийг нь ил тод болгож, дахиж МАН-аас төрд оруулахгүй гэдгээ ч зарласан, мань эр. Нэгэнт намаасаа парламентад нэр дэвших гордилого нь тасарсан нэр бүхий гишүүд ирэх сонгууль хүртэл энд тэнд элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагахаар иргэний хөдөлгөөнүүдэд захиалгаа өгөөд эхэлсэн гэх мэдээлэл байна.

Өдрийн сонин

Дэлхийн тэрбумтан Мангер: Атаархах хэрэггүй

0

Мягмар гарагт 99 насандаа таалал төгссөн нэрт хөрөнгө оруулагч Чарли Мангер нь дэлхийн тэргүүлэх баячуудын нэг Уоррен Баффетын баруун гар, түүний Berkshire Hathaway компанийн дэд ерөнхийлөгч байсан юм.

Баффетыг зуу гаруй тэрбумын хөрөнгөтэй болоход тусалсан тэрбээр өөрөө $2.6 тэрбумын хөрөнгөтэй болоод байжээ.

2019 онд Мангер урт наслах, амжилттай амьдрах өөрийн нууцаас CNBC сувагт ярьж байв.

“Эдгээр энгийн дүрмүүд ажил, амьдралд маш сайн нөлөөтэй нь нэгэнт батлагдсан. Тийм ч учраас улиг болсон зүйлс мэт сонсогдох байх” гэж Мангер ярьж байжээ.

  • Атаархах хэрэггүй

Мангер атаархлын хор уршгийн талаар олон жилийн турш номлож иржээ. 1986 онд Харвардын их сургуулийн төгсөгчдөд үг хэлэхдээ тэр атаархлыг “зовлонгийн үндэс” гэж тодорхойлж байв.

2022 онд Daily Journal байгууллагын жил тутмын хуралд оролцохдоо Мангер “Дэлхий ертөнцийг шунал биш, атаархал хөтөлдөг” гэж хэлж байжээ.

  • Гомдоллохоос зайлсхий

1986 онд Харвардын төгсөлтийн баярт үг хэлэхдээ Мангер “Хэрвээ та зовлон зүдгүүрийг хүсэж байгаа бол энэ зөвлөгөө тус болохгүй байх” гэж бусдад гомдоллохын хор уршгийн талаар хэлж байв.

Тэрбээр өөрөө гэр бүл салсан, хэсэгчлэн хараагүй болсон, хүүгээ алдсан зэрэг олон зовлон бэрхшээл туулсан ч хэзээ ч хэнээс ч буруу хайж, гомдоллож байгаагүй гэдэг.

  • Зарлагыг орлогоосоо давуулж болохгүй

Өнгөрсөн тавдугаар сард болсон Berkshire Hathaway компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тэр “Олсноосоо бага мөнгө зарцуулж, ухаалаг зүйлд хөрөнгө оруулах нь маш энгийн дүрэм” гэж хэлж байжээ.

Мангер бас энэ үеэр сөрөг хүмүүсээс хол байх, байнга суралцах, зугаа цэнгэлийг хязгаарлахын ач холбогдлыг зөвлөж байв.

“Хэрэв та эдгээрийг хэрэгжүүлж чадвал амжилтад хүрэх нь бараг тодорхой. Хэрэв тэгэхгүй гэвэл маш том аз дайрахыг хүлээх хэрэгтэй болно” гэж Мангер хэлжээ.

  • Зовлон бэрхшээлийг үл харгалзан өөдрөг байх

Ямар ч зовлон бэрхшээлтэй тулгарсан сэтгэлээр унахгүй, өөдрөг байхын ач холбогдлыг Мангер номлож байв.

“Гүн гүнзгий үзэн ядалт, гомдол гутралд автсан үедээ та өөдрөг байж чадах уу? Мэдээж чадахгүй. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч сурах нь чухал” гэж тэр ярьж байжээ.

  • Сайн хүмүүстэй нөхөрлө

Мангер зөв, итгэлтэй хүмүүстэй нөхөрлөж, сөрөг хүмүүсээс хол байх нь амжилтын нэг чухал хэсэг гэж үздэг байв.

Мэдээж түүний хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг Уоррен Баффет байсан. Омаха хотод төрсөн тэд 1959 онд анх танилцаж, 60 гаруй жил нөхөрлөсөн юм.

2014 онд хувьцаа эзэмшигчдэд бичсэн захидалдаа Баффет “Анх танилцуулсан Омахагийн эмч биднийг урт удаан түншлэх, хоорондоо таарах хүмүүс гэж хэлсэн, бид ч үүнийг баталсан” гэж бичиж байжээ.

Тэр бас Berkshire Hathaway компанийнхаа амжилтыг “Чарлигийн төлөвлөгөөний дагуу бүтсэн зүйл” гэж үнэлж байсан юм.

  • Хийх ёстой зүйлээ хий

Мангер уйгагүй хөдөлмөрлөхийн ач холбогдлыг олонтоо сургаж байв. Тэр нэг удаа “Өдөр бүрийг өглөө сэрэх үеэсээ арай илүү ухаалаг болсон байхаар өнгөрүүлэхийг хичээгээрэй” гэж хэлж байжээ.

Бас нэг удаа “хүний хийж чадах хамгийн сайн зүйл бол бусдыг илүү мэдлэгтэй болоход туслах явдал юм” гэж сургасан байна.

Эх сурвалж: Business Insider

Б.Энхбаяр: 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг тусгаад буй.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Шүүх байгуулах хуулийг нүүрсчид эсэргүүцэж байгаа. Нэг нүүрсний тээврийн машины зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа хуучин нь 200 гаруй сая төгрөг, дунджаар 350 сая, шинэ нь 420 сая төгрөг юм билээ.

20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон.

Авлигачид анхан шатны шүүх дээр цаг хождог, хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг, хэргээ буцаалгаж ял завшдаг схем рүү орсон. Хэдэн тэрбум, их наядаар нь хулгай хийсэн хүмүүс хэдхэн сая төгрөгөөр торгуулаад л гараад байна. Энэ асуудлыг л болъё гэж байгаа юм. Дээд шүүх Монгол Улсын шударга ёсны эцсийн цэг мөн юм бол авлигачдад энэ нүүр царайгаа ил тод харуулаач гэж байна.

Анхан шатны шүүгч рүү заагаад тэр тэгсэн энэ ингэсэн гээд суугаад баймааргүй. Хяналтын сонсгол явуулаад томоохон хэргүүд илрээд байгаа. УИХ, парламент ял оноодог газар биш. Бидний гол үүрэг идсэн уусныг нь л илчлэх” хэмээв.

Өөрөө хүсэлт өгсөн нь өөхшүүлэх шалтгаан болох ёсгүй!

0

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, өнөөдөр үдээс өмнө хуралдсан ХЗБХ түүнийг нь дэмжсэн. Баасан гаригийн чуулганаар түүнийг чөлөөлнө.

Гэхдээ “овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ?” гэж үг бий. Ж.Хунан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү, эсвэл чөлөөгдөх болзлоо хангасан уу?

Түүний гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар Байнгын хороонд биечлэн танилцуулсан явдал нь чөлөөлөх ёстой шалтгаан байсан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-ийг тойрсон ажлын хариуцлагын асуудал олон удаа сөхөгдөж байгаа. Ялангуяа сүүлд болсон цэргийн алба хаагч амиа алдсан, цэргийн анги нэгтгэлд дэг дэглэлт хэрээс хэтэрт хүний амь нас, эрүүл мэнд олноор хохирсон асуудал дээр. УИХ-ын дарга ч өмнө нь цөөнгүй удаа шаардлага тавьж байсан.

Гол нь асуудал гарах тоолонд ХЭҮК ёс юм шиг нэг судалгаа танилцуулдаг, УИХ-д тайлангаа өгсөн штээ гээд мөрөө хавчаад сууж байдаг. Гэтэл энэ байгууллагын чиг үүрэг нь судалгаа хийж, тайлан гаргах бус, харин хүний эрхийн зөрчил хаана гарч байна, тэр болгон дээр очиж ханалт тавьж, үзлэг шалгалт хийдэг, өөрийг нь томилсон байгууллага болон олон нийтийн чихэнд хонх уядаг, хүний эрхийг хамгаалагч байх ёстой.

Харамсалтай нь сүүлийн үед энэ байгууллага нь нөгөө олон тайлан, судалгаагаа дарга нарын чихэнд шивэгнэчихээд түүнийгээ ажил хийсэнд тооцдог аялдан дагагч болсон л доо. Нөгөө “нохой хоол өгсөн гарыг хаздаггүй” гэдэг шиг.

Тийм болохоор энэ удаа ХЭҮК-ийн даргыг чөлөөлөх асуудлыг чуулганаар хэлэлцэхдээ өмнөх шиг “өөрийн хүсэлтээр” гээд чимээгүй явуулмааргүй байна. Ажилдаа тэнцээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг асуудлыг тодотгож яримаар байна. Ард нь үлдээд ажил хийх хүмүүст ядаж хэрэгтэй.