2024.05.4, Saturday
spot_img
НҮҮР1Хөгжлийн банк 500 сая ам.долларын өрөө барагдуулжээ

Хөгжлийн банк 500 сая ам.долларын өрөө барагдуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээр Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө 100 хувь  барагдуулж дуусчээ.

Тэрбээр “Монголын Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж дууслаа. Энд ямар нэг өрийг өрөөр төлөөгүй. Дахин санхүүжилт байхгүй. Хөгжлийн банк нийт зээлийн багцад 55 хувийн буюу 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наядын зээл чанаргүй гэж үнэлэгдэж, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь яригдаж байв. Энэ бол хоёр жил хүрэхгүй буюу 2022 оны нэгдүгээр сард болсон зүйл.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж, Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг чанаргүй зээл эргэн төлүүлэхэд чиглүүлж, шинээр нэг ч зээл олгоогүй.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Энэ онд 500 сая ам.долларын бонд болон 30 тэрбум иенийн бонд буюу нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг төлөх сорилттой тулгарсан. Нүүрсний хулгайтай амжилттай тэмцэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарсан. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Тодруулбал, 2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар, 2016 онд татсан “Кредит Свисс” банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар, 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар, бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар. Гадаад өр төлбөрөө амжилттай төлөх нь зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх эерэг нөлөөтэй.

Ирээдүйн өв сангийн хуулийг 2017 онд баталсан. Өнгөрсөн 2019 он хүртэл өмнөх 1 их наяд төгрөгийн зээлийг төлж, хуримтлал бий болгосон. Өнөөдөр 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна. Оны эцэс рүү 3.2 их наяд төгрөг болно. Ирэх онд 4.5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Холбогдох хууль, журамд 2025 оны нэгдүгээр сарын 1-нд Ирээдүйн өв санг тусгаарлах үүрэгтэй байгаа. Засгийн газар 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд 1.3 их наядын хуримтлалтай, төрийн сангийн үлдэгдэл 1.4 их наяд орчим байсан. Өнөөдөр төрийн сангийн үлдэгдэл гурав дахин нэмэгдэж, 4.3 их наяд болсон. Тийм учраас Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг 1 жилээр татаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-н болголоо. Хуулийг яаралтай горимоор өргөн барихаар боллоо. Одоо “Самурай” бондын өр төлбөр 200 сая ам.долларыг арванхоёрдугаар сард төлөхөөр байгаа. Монгол Улс В тогтвортой зээлжих зэрэглэлтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!