2024.05.9, Thursday
spot_img
Нүүр хуудас блог хуудас 155

Г.Амартүвшин МАН-аас УИХ-д нэр дэвшиж магадгүй

0
Г.Амартүвшин

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өнгөрсөн 2019.12.31-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.

Тэрбээр “шарк” Г.Амартүвшин гэдгээрээ олон нийтэд танигдсан, нэрт эрдэмтэн Бямбын Ренчингийн зээ хүү юм. Тэрбээр 2019 оны 5 дугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Үүнээс өмнө “Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан банкны салбартаа урьдаа барьдаг гүйцэтгэх захирлуудын нэг юм. Түүнийг ажлаа өгөх шалтгааныг МАН-аас нэр дэвших болсонтой холбон тайлбарлаж байгаа.

Гэхдээ Хөгжлийн банкны ТУЗ үргэжлүүлэн ажиллахыг зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл ч явж байна. Ямартаа ч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа багагүй ажил амжуулсан, мөн дарамт шахалт ч ихтэй байсан гэдгийг хэлэх хүмүүс байна.

Оны өмнө хийсэн тайлангийн хурлын үеэр “Миний хувьд зургаан сарын хугацаатай, гэрээгээр ажилласан. ТУЗ-өөс намайг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг удахгүй шийднэ. Би ямартай ч мэргэжлийн банкир хүний хувьд салбартаа ажиллана гэсэн бодолтой байгаа” гэж хэлж байсан билээ. Түүний оронд гадаадаас банкир урьж ажиллуулахаар болсон гэх яриа ч сонсогдож байна.

Ж.Чинбүрэн МАН-аас УИХ-д нэр дэвшинэ

0

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнө /2019.12.31/ албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Тэрбээр Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр хүний гавъяат эмчээр энгэрээ мялааж, Х.Баттулга Ерөнхийлөгчөөс гардан авсан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна.

Тэрбээр ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгчээ. ХСҮТ-ийн захирлаар томилогдсон Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн ажээ.

Хэдийгээр түүнийг захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Шампансктай Вовка

0
Шампансктай ВОВКА

Нэг удаа Вовкагийн өрөөнд ээж нь ортол тэр залбирал үйлдээд сууж байв гэнэ.

Вовка: -Ээ, бурхан минь  7*= 48 болгоод өгөөч

Ээж: -Чи юу хийж байгаа юм бэ, Вовка. Яагаад ийм юм бурханаас гуйж байгаа юм бэ?

Вовка: Өнөөдөр математикийн шалгалт авахад би долоон наймын 48 гээд биччихсэн юм гэжээ.

Энэ бол онигоо. Харин амьдрал дээр ийм онигоо тохиолдоно чинээ олон хүн зүүдлээгүй биз. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ нэгэн сюрпириз задалсан нь тэтгэврийн зээлийг тэглэх тухай амлалт. Зээл тэглэнэ гэсэн түүний хоёр дахь амлалт дахиад л сонгууль зориулагдсан нь тодорхой болов. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байхдаа бүх хүний зээлийг тэглэнэ гэж амлаж олон хүнийг молигодож байлаа.

Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа амлалтыг нь сануулах үед  Тамгын газрын дарга З.Энхболд нь “Ерөнхийлөгч зээл тэглэнэ гэж амлаагүй” хэмээн мурьсан юм. Ямартаа ч энэ удаад 230 мянган ахмад Ерөнхийлөгчийн амлалтад алгаа ташин баярлаж, 70 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүйдээ нүдэндээ нулимстай сууна. Эв нэгдлийн тэргүүн ийнхүү хөгшчүүлээ зээлтэй, зээлгүйгээр нь ялгаж, эдийн засгаа бусниулах супер популизм хийж байгаа Вовкагийн онигоо шиг “Бурхан минь долоон найман 48 болгож өгөөч” гэдэгтэй адилхан сонсогдож байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ПиАр-араа 2020 оны эхний өдрөөс эхлүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд шампансктай согтоод санаандгүй ам алдчихсан амлалт лав биш.  Хамгийн эмзэг бүлгийн хамгийн эмзэг асуудал дээр тоглолт хийж, арван жил энэ улсыг удирдах гэсэн давхар бодол цаана нь явж байгаа. Шампансктай Вовкад нэг бодол бий нь мэдээж.

Тэрчлэн тэтгэврийн зээлийг тэглэх банкуудын лобби хийж буй нь тэнэг хүнд ч ойлгомжтой харагдаж байна. Тэтгэврийг барьцаалаад зээл авсан банкууд 810 тэрбумыг төрөөр төлүүлэх нь илүү хялбар. Иймээс л тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж нэг сумаар хоёр туулай буудах арга ашиглаж байна.

Тэтгэврийн зээлийн дийлэнх нь ХААН, Төрийн банкинд харъяалагддаг. ХААН банкны хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орж байгааг ч хэлэх хүн бий. Өнгөрсөн зунаас эхлээд ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн дунд хөдөлгөөнд орж, 41.30 хувийг нь улс төрийн нөлөө бүхий хүн худалдан авсан гэх мессежийг ч эдийн засаг, улс төрийн хүрээнээс шидлэх болсон.

ХААН банкны 41.30 хувийг эзэмшдэг Японы иргэн Хидео Савадаг хувьцаагаа зар гэсэн шахалтыг Монголын талаас үзүүлсэн гэх мэдээлэл ч сонсогдож байсан билээ. ХААН банкны 22.96 хувийг “Таван богд трейд” эзэмшдэг. Тиймээс Хидео Савада анх Ц.Баатарсайханд санал болгосон ч наймаа тохиролцоогүй байна. Хидео Савадатай Ерөнхийлөгчийг холбож өгсөн хүн нь Асашёрюү Д.Дагвадорж гэх яриа ч гарсан билээ. Хидео Савада банк санхүүгээс гадна уул уурхайн салбарт 43 лиценз эзэмшдэг аж.

Хаан банкны нийт актив 10 их наяд. Ийнхүү өвлийн өвгөн шиг өгөөмөр бэлэг өгөхөө зарласан Шампанстай ВОВКА-гийн цаад сонирхол нь банкны наймаа байгаа юм биш биз гэсэн хардлага байна.

Монголчууд "Бүс ба зам"-аас хожих уу, хохирох уу?

0
Бүс ба зам

Нэг нь, Хятадын олон улсын эдийн засаг, бизнесийн төвөөс гадаад, дотоодын судлаач, зөвлөхүүдийн хамтран хийсэн “Бүс ба зам: худалдаа, хөрөнгө оруулалтын индекс” тайлан юм. Тайланд “Бүс ба зам” санаачлага олон улсын эдийн засгийн харилцаанд тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд Хойд америкийн чөлөөт худалдааны бүсийн бараа эргэлтээс давсан гэжээ. Ингэснээр Евро бүсийн худалдааны эргэлтийн 65 хувьтай тэнцэж, дэлхийн “номер хоёр” эдийн засгийн цогц хөтөлбөр болсон хэмээн дүгнэсэн байна.

Дэлхийн худалдааны жинд эзлэх тус санаачлагын үр дүн 2017 онд өмнөх жилээсээ 55.2 хувь, гишүүн орнуудын хооронд хийсэн худалдааны хэмжээ 13.4 хувиар тус тус өссөн байна. Эдийн засгийн цогц хөтөлбөр гэгддэг энэхүү санаачлага нь олон улсын хөрөнгийн урсгалын 31.6 хувийг бүрдүүлэх болсноор валютын урсгалын дэлхийн хамгийн чухал худалдааны бүс болсон хэмээн судалгааны багийхан онцолсон байна. Харин Хойд америкийн чөлөөт худалдааны бүс 23 хувь, Европын холбоо 21.2 хувийг тус тус бүрдүүлсэн байна.

Нөгөө нь, олон улсын үнэлгээний их гурвалын нэг болох Мүүдис агентлагийн тайлан бөгөөд тэд тайландаа: “Бүс ба зам” санаачлага нь дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрөөр дамжуулан төсөл хэрэгжүүлэгч орны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эдгээр улсын эдийн засгийн өсөлтөд богино хугацаанд нөлөөлсөн төдийгүй цаашид урт хугацааны эдийн засгийн хөгжилд нь түлхэц үзүүлэхээр байна гэжээ.

Тайлангийн хүрээнд 12 улсын эдийн засгийн урт хугацааны өсөлт, дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдал, эрсдэлд дүн шинжилгээ хийсэн тэд: Пакистан, Монгол, Казахстан, Камбож улсууд нь “Бүс ба зам” санаачлагаас хамгийн их ашиг хүртэх боломжтой, эдийн засгийн өсөлтийн нөөц боломж хүчтэй улсууд гэж дүгнэжээ.

Бүс ба зам өрийн хавх

Өөр өнцгөөс Дэлхийн хөгжлийн төв 2018 онд хийсэн судалгааны тайландаа: “Бүс ба зам” санаачлагын өрийн хавханд орж, дампуурч болзошгүй өндөр эрсдэлтэй улсуудын тоонд

Мальдив, Лаос, Монтенегро, Монгол, Тажикстан, Киргиз, Пакистан болон Хятадын цэргийн бааз байрладаг Африк тивийн Жибүти улсуудыг багтаасан юм.

Монгол улсын хувьд: Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хурдны замд $140.0 сая зарцуулсан бол, Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ($827.6 сая) зориулж 2017 оны эхээр хятадын эксим банкнаас $1.0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон. Усан цахилгаан станцын төсөл зогсонги байдалтай байгаа бөгөөд зээлийн зориулалтыг хоёр тал тохиролцож өөрчилсөн гэсэн мэдээлэл бий.

Бээжин ойрын арван жилд “Бүс ба зам” санаачлагатай холбоотой Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор төсөлд 30.0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл үнэн бол зээлийн хөнгөлөлттэй эсэхээс үл хамааран Монгол улс өрөнд орж, дампуурах өндөр магадлалтай гэжээ.

Дэлхийн янз бүрийн бодлогын судалгааны хүрээлэнгүүдийн тайлангаас үзэхэд “Бүс ба зам” санаачлага Монгол улсад боломж, эрсдэл аль алиныг нь санал болгож байна. Иймд манай засаглалын үр ашиг, бодлогын тогтвортой байдал, олон улсын түвшинд хэлцэл хийх, хэрэгжүүлэх ур чадвар зэргээс хамаарч эдийн засгийн хожлын зам бүтээх үү, хохирлын тамд унах уу гэдэг нь шалтгаалах юм.

Г.Батмөнх
2019.12.14

Б.Пүрэвдорж НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барив

0
Б.Пүрэвдорж Г.Занданшатар

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа  (2019.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан.

НӨАТ нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа боловч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ.  Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулжээ.

П.Батсайхан: Монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой

0

-Оросын компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны хамгийн том ач холбогдол юу вэ?

-Төрийн өмчит “Татспиртпром” компани нь ОХУ-ын зах зээлийн 20 хувийг эзэлдэг. Бид тус компанитай холбогдоод жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэдэнтэй харилцахад “Татспиртпром” компанийн технологи, хүрсэн түвшин зэрэг нь бидэнтэй ойролцоо байсан. Мэдээж, биднээс архины борлуулалтын хэмжээгээрээ илүү бөгөөд тав дахин их борлуулалт хийдэг компани юм. Шар айрагны хувьд манайхтай ижил хэмжээний үйлдвэрлэл хийдэг.

Орос улс нь дэлхийн архины зах зээлийн хамгийн том тоглогч, магадгүй хамгийн том зах зээл. Ийм хэмжээний зах зээлийн гол тоглогчтой хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэдэг бидний хувьд маш том үйл явдал, том боломж юм.

Монгол Улс зөвхөн уул уурхай гэлтгүй монгол хүний хийж чадах бүх зүйлийг экспортлох хэрэгтэй.

Тиймээс АПУ компанийн хувьд дэлхийн хэмжээний, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгийн нотолгоо. “Татспиртпром” компани нь манай компанид бүх төрлийн аудитыг хийж, бид тэнцэж шаардлагыг нь хангасан. Тэр байтугай харилцан суралцах тухай ярьж байна.

Бид өнгөрсөн хоёр гурван жилийн өмнөөс ОХУ-ын Зүүн Сибирийн Эрхүү, Чита, Красноярск, Улан-Үд гэх мэт хотуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Энэ удаад бид Төв Европынх нь районд хамгийн том компаниар нь “Чингис хаан” брэндийн борлуулалтаа хийлгэх гэж байна. Тиймээс энэ бол маш том боломжийн эхлэл юм.

– Зөвхөн Татарстан бус цаашлаад Солонгос гэх мэт өөр бүс нутаг руу экспортоо хөгжүүлэх суваг нээгдэж байна гэж ойлгож болох нь ээ?

Тийм ээ. Миний бодлоор монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой. Тэгж байж манай эдийн засаг зөвхөн ганц зүйлээс хамааралтай байхаа болино. Энэ бодлогыг бид бүх салбартаа дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, “Говь” компани экспортод гаргах гэж ямар их ажил хийж байна. Үүнтэй адилхан АПУ компани өнөөдөр экспортод гарах томоохон алхам хийлээ.

Гэхдээ миний бодлоор бид өнөөдөр “Говь” компанитай зэрэгцээд зогсож байх ёстой. Цаашлаад хөтлөлцөөд явах ёстой. Үүний төлөө л хичээх хэрэгтэй. Төр засаг ч гэсэн энэ талаар ойлгож, дэмжиж байгаа. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч бид нараар дамжуулж Татарстаны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчид мэндчилгээгээ хүргүүлж хүргүүлсэн. Ерөнхийлөгч Рустам Миннихамов биднийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч, Татар – Монголын талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаанд маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ. Татарстан өнөөдөр ОХУ-ын хамгийн баян республикуудын нэг юм.

Ц.Эрдэнэбилэг: АПУ ХК нийт борлуулалтынхаа 20-иос доошгүй хувийг экспортоос бүрдүүлнэ

-Яагаад заавал “Татспиртпром” компанийг сонгосон бэ?

-Экспорт хийх гэж байгаа компани өөрсдийн зорилго, стандартуудыг гаргасан байдаг. АПУ компанийн хувьд ч гэсэн экспорт хийхэд хамтарч ажиллах компаниудаа өөрсдийн шалгуураар сонгож байгаа. “Татспиртпром” компанийг сонгосон нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, байрлал юм. Энэ байрлал нь ОХУ-ын төв хэсэг. Төв болон баруун хэсэгт илүү премиум сегментийн борлуулалт явагддаг учраас энэ талаар хүчтэй компани нь “Татспиртпром”. Хоёрдугаарт, ложистик, агуулахын систем нь боловсронгуй. Европт хамгийн том буюу 25,000 палетын хүчин чадалтай агуулах, түгээлтийн системтэй компани юм.

Мөн бид хоёр зах зээлд ижил бизнес эрхэлж байгаа учраас бие биетэйгээ ойлголцох, компанийн засаглал, захирлуудын хувьд хамтарч ажиллахад нэлээд ойрхон гэж харж байна.

Тэглээ ч Монгол гэдэг нэр нь татарстанчуудад илүү ойрхон. Бид 750 жилийн түүхтэй, нэг хэл, соёлтой учраас ойлголцоход илүү дөхөмтэй байсан болов уу. Ийм шалтгаанаар “Татспиртпром” компанитай хамтарч ажиллаж байна.

-Шинэ он гарах дөхсөн байна. Энэ гэрээ нь танай компанийн хувьд 2019 оны томоохон амжилтад багтах байх. 2020 онд бүс нутгийн хамтын ажиллагааг оруулаад хэр зэрэг амбицтай ажиллах зорилт тавьсан бэ?

-Бид экспортын хувьд ойрын 5 жилийн стратеги төлөвлөгөө гаргасан. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө Монголд энэхүү салбарын хоёр том өрсөлдөгч компанийн нэгдэл болсон. Энэ бол АПУ ХК, “Хайнекен” компанийн нэгдэл. Тиймээс уг нэгдэл дотоодын өрсөлдөөнийг зогсоож, илүү их хүчийг, илүү их эдийн засгийн боломжийг экспортод гаргая гэсэн зорилт тавьсан. 5 жилийн хугацаанд нийт борлуулалтынхаа 20-иос доошгүй хувийг экспортоос бүрдүүлэхээр ажиллаж байна.

2019 оны гүйцэтгэлээр өнгөрсөн оныхтой харьцуулбал 180-190 хувиар давсан харагдаж байгаа. Ирэх онд бид энэхүү амжилтаа 300 хувьд хүргэнэ гэсэн зорилготой борлуулалтын төлөвлөгөөтэй байна.

“Татспиртпром” компанийн Ерөнхий захирал Ирек Миннахметов: АПУ компани үнэхээр бүх чиглэлээр, үйлдвэрлэл дээр ч, арилжааны чиглэлээр ч дэвшилтэт компани

-Гарын үсэг зурсан гэрээнийхээ тухай, хүрсэн тохиролцооныхоо тухай, хамтын ажиллагаа анх яаж эхэлсэн тухай хэлж өгөөч?

-Бид АПУ компанитай өнөөдөр танилцаж байгаа биш 7-8 сарын өмнө АПУ компанийн удирдлагууд манайд айлчилж байсан. Пивоны үйлдвэрлэлийн талаар туршлага солилцох үеэр танилцаж байлаа. АПУ компани Монгол улсад маш сайхан пивоны үйлдвэртэй. Архи пивоны салбартаа тэргүүлдэг. АПУ-д “Чингис хаан” хэмээх брэнд байдаг.

Намайг сайн мэддэг хүмүүс мэдэх байх. Зарим хүмүүс намайг үүнтэй нэртэй холбож ойлгодог. Миний компани ийм нэртэйгээр байгуулагдаж байсан. П.Батсайхан захирал намайг энэ брэндэд яаж ханддагийг олж харсан. Монголчуудын хувьд “Чингис хаан” гэдэг бол зөвхөн брэнд биш бүх Монголчуудын бэлэг тэмдэг юм. “Чингис хаан” брэндийг манай компаниар дамжуулан ОХУ-ын зах зээл дээр борлуулах талаар бид тохиролцсон. Бид төлөвлөгөөгөө ярилцсан. Одоохондоо манай төлөвлөгөө тийм том биш, бид болгоомжтой алгуурхнаар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн мэдэгдэхүйц хувийг олж авахыг хичээн ажиллах болно.

Бид Монголд АПУ компани дээр аудит хийсэн. АПУ компани үнэхээр бүх чиглэлээр, үйлдвэрлэл дээр ч, арилжааны чиглэлээр ч дэвшилтэт компани. Энэ бол өндөр стандартын компани. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд ОХУ-д хамгийн хурдацтай өсч буй манай брэнд болох “Тундра” дээр мөн хамтран ажиллах, Монголын нутаг дэвсгэр дээр АПУ компани үйлдвэрлэх, борлуулах талаар тохиролцсон. Энэ брэнд ТТУХН-ын орнууд болон бусад орнуудад маш өндөр үзүүлэлттэй өсч байгаа. “Татспиртпром” компанийн тэргүүлэгч брэндийг бид сурталчлах болно. Монгол улсад ч тэргүүлэх брэндийн нэг болно гэж бодож байна. Тэнд үйлдвэрлэх бүтээгдэхүүн манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй 100 хувь адилхан, бүх шаардлагыг хангасан бүтээгдэхүүн байна. Бид энэ бүтээгдэхүүнийг энэ бүс нутагт өсөлттэй байх боломжтой гэж харж байна.

-Зах зээлийн хэдэн хувийг эзэлнэ гэж бодож байна?

-Урьдчилж таамаглахад хэцүү ч гэлээ бид өөрийн сегмент дээр тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө ажиллана гэж бодож байна. Манай түншүүд ч энэ нь боломжтой болохыг хэлж байгаа. Энэ бол бидний хувьд хамгийн чухал. Миний бодлоор бид өөрийн сегмент 10-25 хувийг эзлэх боломжтой гэж үзэж байна. Харин энэ зорилтондоо хүрэх хугацаа нь 1 жил байх уу 3 жил байх уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

-Хөрөнгө оруулалтын талаар хэлэх үг байна уу?

-Би ийм асуулт гарна гэж би хүлээж байлаа. Хөрөнгө оруулалтыг нарийвчлан тооцоолоогүй байна. Энэ бол өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулан ажиллах шаардлагатай. 3 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулах болно. Хөрөнгө оруулалтыг нэг өдрийн дотор тооцоолчихож чадахгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эхний үе шатанд хөрөнгө оруулалт, эргэлтийн хэмжээг тооцоолоход хэдэн сая долларын асуудал яригдана гэдэг нь ойлгомжтой.

Бид цаашдаа ч улам бүр өсөн нэмэгдэх байх. Бид Монголын зах зээлд яаж орох вэ, Монголын бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээл дээр хэрхэн оруулах вэ, зах зээлийн хэдэн хувийг эзлэх вэ зэргээс хамаарна. Бид түүнчлэн Монголын өөр брэндийг ОХУ-д үйлдвэрлэх талаар ч мөн ярилцаж байна. Энэ бүхэн мэдээж бага биш хөрөнгө оруулалт шаардана. Ямар ч бүтээгдэхүүнийг зах зээл дээр шинээр гаргахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаг. Бид аль аль нь энэ салбарт шинээр гарч ирж байгаа анхны жил ажиллаж байгаа хүмүүс биш. Орлого олохын тулд зарлага гаргах ёстой л гэдгийг бид маш сайн ойлгож байгаа.

Хамгийн гол нь хамтран баталж гаргах зардлууд маань үр өгөөжөө өгөх нь хамгийн гол гэж бид үзэж байна. Бид ерөнхийдөө маш өргөн хүрээнд харилцаж байна. Монгол улс Татарстантай маш ойролцоо, хүн амын хувьд ч, бизнесийн тогтолцооны хувьд ижил төстэй зүйлс их байна. Татарстан ОХУ-ын нэг муж улс боловч бид өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой. Бизнесийн чиглэлээр харилцан туршлага судлах, бие биенийхээ давуу талуудыг харилцан нэвтрүүлэхээр тохиролцсон. Ийм учраас бид Монгол Улстай, Монголын компанитай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, нөхөрлөх төлөвлөгөөтэй байна.

ХӨВСГӨЛ: 2020 оны төсвийг 119.3 тэрбум төгрөгөөр батлав

0

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар ирэх оны төсвийг 119.3 тэрбум төгрөгөөр баталлаа. Энэ нь 2019 онд анх батлагдсан төсвөөс 25.0 тэрбум төгрөг буюу 26.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гол нэмэгдсэн зардлуудыг тодруулбал төрийн албан хаагчдын цалин, холбогдох нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан шийдвэрүүдийн дагуу тооцогдсон өсөлт болон 2020 онд нэмэгдүүлэх өсөлтийг тооцон суурь дүнг 32.7 хувиар нэмэгдүүлэн баталж ирүүлсэн. Шинээр ашиглалтад орох барилга обьектод зарцуулагдах болон дутагдалтай байгаа эх үүсвэрийг зохих хэмжээгээр шийдвэрлэх зорилгоор тогтмол зардлын суурь дүнг 2.3 тэрбум төгрөг буюу 18.2 хувиар, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны зардлыг 50 орчим хувиар нэмэгдүүлсэн байгаа нь нийт төсвийн нэмэгдлийн гол хувийг эзэлж байгаа аж.

Сангийн яамнаас 2020 оны орон нутгийн орлогыг 11.7 тэрбум төгрөг байхаар хянаж ирүүлснийг тооцоо судалгаа, аудитын зөвлөмжид үндэслэн 1,151.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон бөгөөд төсөв хэлэлцүүлэх явцад шат, шатны хурлаас буюу Засаг даргын зөвлөлийн хурлаас 310.0 сая, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 610.0 сая, аймгийн ИТХ-ын хуралдаанаас 568.0 сая төгрөгийг тус тус нэмэгдүүлсэн. Ийм байдлаар орон нутгийн нийт орлогыг 14.4 тэрбум төгрөгт хүргэн шаардлагатай зардлуудад хуваарилсан бөгөөд үүний 1.6 тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан гэдгийг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Базар хэллээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

0

Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар – Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан. Засгийн газар зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Улаанбаатар – Дархан чиглэлд хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барих төслийг оруулаад байна.

137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

Н.Төгсцогт Гарри Расселтай тулалдана

0
Gary Russell Tugstsogt Nyambayar

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх оны нэгдүгээр сард АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдахаар боллоо.

Н.Төгсцогт тулааны тухай мэдээллийг өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн юм.

Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон бөгөөд тулалдах гэрээ хүчин төгөлдөр болжээ. Тэд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон юм.

Уг тулаан тавдугаар сард явагдах хуваарьтай байсан ч Рассель татгалзсан юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж, 17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин ажээ. Харин Н.Төгсцогтын тухайд мэргэжлийн боксын рингенд 11 тулаан хийж одоогоор ялагдаагүй байгаа. Тэрбээр эдгээр тулааны есөд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан билээ.

33 сая ам.долларын алдагдал авчирсан АМНАТ

0

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн Цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн аравдугаар сарын 30-нд гарсан.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 74.1-т “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бор­луу­лалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны арав­дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тог­тоолоор хүчингүй болгосон.

Энэ шийдвэр гарснаар уул уурхайн компаниуд АМНАТ-ийг төлөхгүй болсон юм. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гарснаас хойш улсын төсөвт орж ирэх ёстой 33 сая ам.доллар тасарчээ. Цэцийн шийдвэрийг Ерөнхийлөгчийн захиалга гэж улстөрийн хүрээнд хардаж буй хүмүүсийн нэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Тиймээс “улсаа хорлосон” хэмээн уур бухимдлаа нүүр номоороо сад тавьсан билээ.

Үндсэн хуулийн цэц АМНАТ-ийг хүчингүй болгосон нь зөв гэсэн тайлбарыг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээд Ч.Хүрэлбаатар Хятадын талд ажилласан хэмээн буруутгасан байдаг.

Цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ удахгүй хэлэлцэнэ. 2016 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 260, нэмэлт төлбөрөөс 28.7, нийт 288.7 тэрбум төгрөг, 2017 онд 555.6, нэмэлт төлбөрөөс 292.2, нийт 847.8 тэрбум, 2018 онд 689, нэмэлтээр 357.9, нийт нэг их наяд 47 тэрбум төгрөг, 2019 онд АМНАТ-өөс 854.5, нэмэлт төлбөрөөс 410.5, нийт нэг их наяд 265 тэрбум төгрөг тус тус төвлөрсөн байна. 2020 онд нэг их наяд 293.6 тэрбум төгрөг орж ирэхээр Сангийн яамнаас тооцоод байгаа юм.