2024.05.9, Thursday
spot_img
Нүүр хуудас блог хуудас 156

Кавай Леонард тулаанаас зугтлаа

0
Кавай Леонард

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал эхлээд байна. Багууд ойролцоогоор 10 орчим тоглолт хийгээд байгаа юм.

Өнгөрсөн улирлын аварга Лос Анжелес Клипперс болон лигийн шилдэг баг Милауки бакс багуудын тоглолт дэлхийн нийтийн анхаарлын төвд боллоо. Анхаарал татсан учир нь өнгөрсөн улиралд Торонто репторсыг чирч аварга болгосон Кавай Леонард энэ цагийн шилдэг сагсан бөмбөгч “Грек мангас” Яннис Антетекумпо нарын тулаан байв. Өнөө цагийн шилдгүүдийн өрсөлдөөнийг сонирхохоор 20 мянган фанат ордонд цуглажээ. Гэсэн ч Кавай Леонард тодорхой бус шалтгааны улмаас талбайд гарсангүй. Улмаар Кавайгүй Лос Анжелес Клипперс 129:124-өөр ялагдав. Харин Милауки баксын лидер Яннис “галзуурч” 38 оноо, 16 самбар авсан байна. Түүнийг зогсоох үүрэгтэй Кавай Леонард хариуцлагаас зугтаасан нь Яннисын ийн дураар аашлахад хүргэлээ гэж үзэх мэргэжилтнүүд олон байна. Ямар ч бэртэл, гэмтэлгүй атлаа тоглолт өнжсөн нь Кавай Леонардыг сагс сонирхогчдыг үл хүндэтгэж байна, цаашлаад аварга домгийн хэмжээнд яригдах сэтгэл зүйгүй тамирчин гэж түүнийг гоочилж байна.

Энэ үйлдлийн талаар “Хьюстен Рокетс” багт тоглож явсан шилдэг тамирчин Трейси Макрейди “Кавайгийн үйлдэл байж боломгүй хэрэг. 20 мянган иргэн түүний тоглолтыг үзэхээр одонд цугласан шүү дээ. Цаашлаад дэлхий даяар Яннис Леонард нарын тулааныг хүлээж байсан. Би лав миний өрсөлдөгч талбай дээр 38 оноо авч галзуурахыг зүгээр хараад сууж тэвчихгүй. Лидер хүн хэзээ ч ийм хариуцлагаас бултах эрх байхгүй” гэж мэдэгджээ.

Лос Анжелес Клипперс болон Милиуки бакс багууд Дорнод болон Өрнөд бүсийн аваргаар шалгарч цомын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа юм. Сагсанбөмбөг сонирхогчид урьдчилсан шигшээ тоглолтыг үзэхийг хүлээж байсан нь ийнхүү талаар болж байна. Лос Анжелес Клипперс улирлын 5 хожил гурван хожигдолтойгоор үргэлжлүүлж байгаа бол Милауки бакс зургаан хожилтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Д.Одбаярын онцгой эрхийг халъя!

0
Д.Одбаяр

Нэг нэрээ хоёр хочтой болгож, намтартаа “өгзөг” гэх тодотголтой үлдэж буй Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын “өгзөг”-тэй холбогдсон секс дуулиан, энэ сарын  22 хүртэл үргэлжлэх нь.

Түүнийг ирсэн даруйдаа ажлаа өгч, олны хэл амнаас холхон байх сонголтыг хийх болов уу гэсэн үгүй бололтой, өгсөн өргөдөлдөө зөвхөн Цэцийн даргаас чөлөөлж өгөхийг хүчээ.

Зүй нь, түүний асуудал бол Үндсэн хуулийн Цэцийн даргаас чөлөөлөгдөөд өнгөрөх төдийхөн биш. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ч ажиллах ёс зүйн эрх түүнд байхгүй гэсэн үг.

Баасан гаригт ажилдаа ирсэн тэрбээр Цэцийн гишүүдийн зохион байгуулсан хурлыг хаяж гарахдаа “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана” гэсэн ч хүсэлтийг Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав хүлээж аваагүй гэнэ. Тиймээс Цэцийн даргын суудлаасаа огцрох өргөдлөө бичсэн ч, Цэцийн гишүүнээр үлдэх арга заль эрэлхийлж буй нь түүний үг, үйлдлээс тод томруун харагдаж байна. Баасан гаригт албан тушаалаа өгнө гэсэн түүний мессежийн ард албан тушаал наймаалцах санаархал нуугдаж буй нь тэнэг хүн ч олж харахаар илэрхий байгаа юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн дараагийн даргатай албан тушаал наймаалцах ашиг сонирхол  энд явагдаж байна.

Баасан гаригт түүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хэлэлцэх бөгөөд харин гишүүний эрхээс нь чөлөөлөхийг УИХ-аар хэлэлцэж шийднэ.

Товчхондоо, гадаадад ажлаар явж байхдаа секс скандалын хэрэгт нэр холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн даргын асуудал бол иргэн Д.Одбаярын өдүүлсэн хэрэг явдал биш.

Энгийн иргэн Д.Одбаяр болон Цэцийн дарга Д.Одбаярын хоорондох асуудал алд дэлэм зөрүүтэй. Монгол Улсын дөрөв дэх том даргын хувьд түүний үйлдэл Үндсэн хуулийн Цэцийн нэрийг төдийгүй Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон. Товчхондоо, Д.Одбаяр  бусдад бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгтээ Өмнөд Солонгосын хуулиар ял шийтгэл хүлээж, долоон сая воннын торгууль төлсөн.

Тэгэхээр тэр ял шийтгэлтэй хүн гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна” гэж заажээ.

Энэ заалтаар бол Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ч үлдэх боломж байхгүй юм.

Хэрэвзээ, Д.Одбаяр даргын суудлаа өгөөд Цэцийн нөмрөгтэйгөө үлдвэл Монгол Улс шившиг болно. Монголын Үндсэн хуулийн дээр “өгзөг” бий л гэж харагдана.

Р.Амаржаргал: Ардчилал оюун санааны өөрчлөлтийг хийснээрээ хамгийн том хувьсгалыг авчирсан

0
Р.Амаржаргал bloomberg

-Та ардчиллын үйл явцтай анх хэдийд учрав. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Яг тэр нэр томьёо гэх юм бол ЕБС-ийн ахлах анги, их сургуулийн оюутан байх үеэсээ үзэж, сонсч онолын хувьд зохих хэмжээнд гадарлаж байсан. Гэхдээ М.С.Горбачёвын “перестройка, гласность” гарч иртэл хийсвэр нэр төдий л ойлголт явсан байх. Яг 1990 он хүртэл ардчиллын агуулга мөн чанарыг ойлгож мэдэж байсан хүн ховор л байсан байх, ямар сайндаа 90 оны сонгуулийн дараа эрх баригч намын нэг эрхэм гишүүн “Ардчилал, зах зээл” гэсэн хоёр үгээр л яваад байгаа шүү энэ чинь чухам юу гэдгийг хэлээд өгөөч гэж үнэнээ хэлж байсан. Одоо бол инээдтэй санагдах байх үнэндээ 1990 онд ер нь тэгж эхэлсэн. Мань мэтийн нэг хэсэг нь осолгүй нэг хоёр үгтэй болчихсон цаг. Эрх чөлөө, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, плюрализм, шашин шүтэх, брокер, диллер, банкны тогтолцоо, мөнгө болон сангийн бодлого, эрэлт, нийлүүлэлт, компани, корпорац гэсэн үгүүдтэй байсан, нуух юу байна. Үнэндээ чухам юу байдаг, цаана нь жинхэнэ агуулга нь юу юм гэдгийг ер нь мэдэж байсан хүмүүс их ховор, хаалттай нийгмээс дөнгөж салах гэж оролдож байсан, төрөлтийн хүндрэл зовлонг амсч байсан үе шүү дээ. Бүгдээрээ л тийм ойлголтын хэмжээнд байсан, үнэн шүү.

-30 жилийн өндөрлөгөөс эргэж харахад танд юу бодогдож байна. Бид энэ хугацаанд сайн муу бүгдийг үзлээ?

-Энэ 30 жилийн хугацаанд бид нүүр бардам байж болно. Яагаад гэхээр шинэ нийгэм, шинэ тогтолцооны зайлшгүй бүх эд ангиудын хэрэгслүүдийг бий болгочихсон. Одоо бүгд байгаа. Улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах салбар гээд бүх тогтолцоо нь байна. Хамгийн том зорилт юу гэхээр зүгшрүүлэх, төгөлдөржүүлэх асуудал. Энэ бидний хийсэн бөгөөд, цаашдаа гарцаагүй анхаарах ёстой асуудал. Гэхдээ үүгээр хязгаарлаж болохгүй болчхоод байгаа юм. Өнөөдөр XXI зууныг тодорхойлж байгаа зүйл бол шинжлэх ухаан, техник, технологийн ойлголт, мэдээлэл. Том дата, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, крепто, мөнгөн тэмдэгт гээд цоо шинэ ертөнц бий болох гэж байгаа шүү дээ. Монгол байтугай Америк, Япон, Англи, Орос, Хятад ойлгохгүй цоо шинэ ертөнц бий болж байна. Энэ том ертөнц рүү бид хүссэн хүсээгүй орно. Бид хүн төрөлхтнөөс энэ утгаараа бол хоцроогүй. Яг нэг гараан дээр ирчхээд байна. Энд хэн түрүүлж хөлөө олж, байр сууриа эзэлж чадаж байгаа нь цаашаа өсч дэвжиж явна. Тэгэхээр XXI зууны шаардлага хангасан улс төр, эдийн засгийн тогтолцоогоо бий болгох асуудлыг маш яаралтай хөндөж үүн дээрээ оюун санаагаа нэгтгэж, зүтгэх юм бол бид хөгжинө. Үүнээс хоцорчих юм бол бид ёстой нөгөө хавсарга болж үлдэнэ шүү дээ.

-Ер нь яг ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж чадаж байна уу?

-Үгүй, үгүй. Ардчиллын албан ёсны формаль элементүүд бий болсон. Гэхдээ нөгөө агуулга талаасаа бол дутуу зүйл байгаа. Тийм учраас тэр дүр эсгэсэн ардчилал гээд янз янзын нэр томьёонууд яваад байгаа биз дээ. Тэр бол үнэн. Гэхдээ нөгөө талаасаа үгүйсгэж болохгүй зүйл. Яагаад гэвэл зайлшгүй ингэж явах нэг тийм үе шат л байдаг юм шиг байгаа юм. Тэр муу муухай гээд байгаа, болохгүй, бүтэхгүй байгаа үе нь богинохон байгаасай л гэж боддог.

-Ардчилал танд юу өгсөн бэ?

-Би ардчиллыг надад юм өгөх ёстой гэж боддоггүй. Ардчилал хүний оюун санааг эвдэж их өөрчлөлтийг авчирснаараа хамгийн том хувьсгалыг хийж чадсан. Энэ утгаар нь аваад үзвэл надад аливаа зүйлийг хийх эрх чөлөөг чөлөөтэй олгосон гэж хэлж болно. Харин үүнийг надад өгсөн нь юутай ч зүйрлэшгүй зүйл юм. Түүнээс ямар нэг албан тушаал авах ёстой гэж сэтгэдэг, боддог хүмүүс байгаа байх. Би ийм зүйлийг боддоггүй. Ардчиллыг үнэт зүйл, философи, шинжлэх ухаан, төрийн тогтолцооных нь хэмжээнд л хардаг. Тэр өнцөг нь надад сонирхолтой байдаг.

-Ардчиллын гол ололт, амжилт, үнэ цэнийг та тодруулаач?

-Би өмнө хэлсэн. Хүн өөрийгөө хүн гэж мэдрэх нэг сайхан. Өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх бүүр гоё. Социализмын үеийн нэг үндсэн шинж чанар нь тотальный дефицит буюу хомсдол.

Тэр хомсдол гэдэг зүйл чинь хүнийг хүн биш болгодог байсан. Тухайлбал худалч, хулгайч, бялдууч, долгинуур гээд янз бүрээр нь эвдэж байсан.

Хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх нь бүү хэл, эрх чөлөөт хүн гэдгээ мэдрэхээ больчихсон байсан үе шүү дээ. Хомсдолын эдийн засгийн утга нь хүнийг тийм болгодог. Би заримдаа боддог юм. Өнөөгийн хүмүүсийн дунд байгаа адгийн зан чанар, шунал гэх мэт сүүлийн 30 жилийн үр дүн үү эсвэл, социализмын хомсдолын үр дагавар яваад байна уу гэж. “Үхэгсэд амьдаа барьж иднэ” гэсэн сүрхий үг Марксын “Капиталд” байдаг. Ямар ч болсон философи социологи, улс төр судлал чиглэлийн хүмүүс энэ сэдвийг гүнзгийрүүлэн судлаасай. Эргээд асуудалдаа орвол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж монгол ардын зүйр үг байдаг. Ардчилал үүнийг л хэрэгжүүлэх бололцоог өгсөн юм. Энэ бол хамгийн том ололт байх. Түүнээс энэ байшин, барилга барина гэдэг зүйл өөр хэрэг. Байшин барилга барьж, машин тэрэг хийж ч болох байх. Тэгэхдээ хүний тархи, зүрх, сэтгэлд байгаа зүйлийг, шинэ өнгө аястай болгоно гэдэг хамгийн том өөрчлөлт шүү дээ.

-Ардчиллыг ганц өгүүлбэрээр дүгнэж хэлбэл?

-Үгүй ээ одоо би яаж ардчиллыг томьёолох юм бэ. Түүнийг чинь, аль хэдийн мундаг хүмүүс томьёолчихсон байгаа. (инээв) Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна гэж хэлсэн байдаг. Монголын хувьд ардчилал

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа гэж ойлгодог юм. Эдийн засгийн харилцаа нь хувийн өмч дээр тулгуурладаг, зах зээлийн зарчмаар явж байгаа учраас Англи, Америк энэ дэлхийн том гүрнүүд Монголыг хүлээн зөвшөөрөөд дэмжээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын тусгаар тогтнол, Аюулгүй байдлын баталгаа нь энэ ардчилал юм. Түүнээс нэг Дорж, Дондог очоод сонгуульд оролцоод, саналаа худалдаад яваад байхдаа биш. Үүний цаана Монгол Улс, Монгол Үндэстний эрх ашиг яригдаж байгаа учраас бид энэ ардчиллаас ухрах ёсгүй юм. Үүнийг Монголчууд байнга санаж явах ёстой.

-Нэг зүйл асуумаар байна болох уу. Та яагаад тийм хэцүү үед эрсдэл гарган Ерөнхий сайд болсон юм. 1999.07.30-2000.07.26 ны хооронд нэг жилийн хугацаанд та тус албыг хашсан хэцүү байв уу?

-1992-1995 он хүндхэн жилүүд байсан. 1990 оноос хойш 1996 он гэдэг чинь бүхэл бүтэн зургаан жил өнгөрчхөж байгаа байхгүй юу. Хүний ой их богинохон. Юмыг маш амархан мартдаг. Тэр зургаан жилийн хугацаанд нэг жаахан тийм бухимдал маягийн юм үүсч эхэлсэн. Нөгөө сайхан зүйл гээд байсан ардчилал чинь хаана байна, эдийн засаг тэгээд яаж өөрчлөгдөж байгаа юм гээд хүмүүс бухимдаад эхэлчихсэн байсан үе. Тэгээд ардчилал гэдэг чинь ер нь юу юм гээд эргэлзээ төрчихсөн байсан. Мэдээж тэр эргэлзээг нь өөгшүүлэх гэж түүн дээр нь тос асгасан улс төрийн хүчин, тодорхой зүйлүүд байж л байсан шүү дээ.

Амаргүй нөхцөлд Ардчилсан холбоо эвсэл 1996 онд засаг авсан. Зөв гольдиролд оруулах, зүгшрүүлэхийн тулд улс төр, нийгэм эдийн засгийн салбарт хатуу ширүүн шийдвэр гаргах ёстой байсан. Зургаан жил тэвчиж ирсэн ард түмний нуруун дээр дахиад илүү хүнд ачаа үүрүүлэх бодит шаардлага байсан. Ямар сайндаа л орон нутгийн сонгуулийн өмнө эрчим хүчний үнэ нэмж байх вэ дээ. Орон нутгийн сонгуульд ялагдах нь ойлгомжтой л байсан.

Орон нутгийн сонгуульд ялсан МАХН 2000 он хүртэл засгийн үйл ажиллагааг ил далд үгүйсгэж саботаж тасралтгүй хийж байсан. Өвгөд хөгшдийн тэтгэврийг олгохгүй хойшлуулах удаашруулах улмаар олны дургүйцэл эсэргүүцэл төрүүлэх гэж, өөрөөр хэлбэл МАХН-ынхаа төлөө, АН эсрэг улайран дайрахдаа, улс орон, ард олны ашиг сонирхлыг уландаа гишгэж байсан үе шүү дээ.

Энэ мэтчилэн олон хүчин зүйлээс хамааран иргэд, нийгэм тун чардайж байсан бөгөөд эвгүйхэн хөдөлбөл буцаад дарангуйлал сэргэх аюул анзаарагдаж байсан. Ийм нөхцөл байдлаас үүдээд би энэ ардчилал гэдэг зүйл чамд мэдрэгдэх учиртай юм байна гэдгийг ард түмэнд ойлгуулахыг хүссэн юм. Тийм байр сууринаас л асуудалд хандаж Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээж авсан. Яагаад гэвэл 1990 онд тэр гарч ирсэн ардчилал нийгэмд асар т

ом хүлээлт бий болгосон шүү дээ. Ард түмэн ардчилал гэдэг зүйл цоо шинээр гараад ирлээ. Төр засаг сайхан болоод явчих байх. Бүх зүйл нээлттэй, ил тод болох юм байна. Одоо бүх эрх, чөлөө маань хангагдаад явчих юм байна. Мөн энэ зах зээл гэдэг юм руу ороод ирэх юм бол амьдрал ахуй эрс дээшлэх юм байна гэж хүн бүрт асар их хүлээлт бий болсон цаг байсан.

-Социализм, коммунизм гэж 1990 онд тасалбар болсон. Капитализм нь хаачсан юм бэ?

-Капитализмаа байгуулаад л байгаа байх даа. Ер нь Монголд одоо өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгохын тулд, тэр социализмын түүх рүү нэлээн ухарч орох ёстой. Тэр бүх юм явсаар өнөөдөр тусгалаа олж байгаа гэж үзэж болох юм. Капиталист биш хөгжлийн замыг 1924 онд албан ёсоор зарласан шүү дээ. В.И.Ленин багшийн хэлсэн нэг үг байдаг. Ялсан пролетари нарын тусламжтайгаар буурай улс орнууд феодализмаас капитализмыг алгасаад шууд социализм байгуулж болно гэж. Тэр нэг өгүүлбэр л байхгүй юу. Онолын ямар нэгэн үндэслэл байхгүй зүгээр өөрийнх нь бүтээлүүд дотор байсан ганц өгүүлбэр. Ядаж тэр нь үзэл суртал, концепц болж хувираагүй. Ийм л зүйлээр манай, түүх явлаа шүү дээ.

-Тухайн үед СЭВ гэж байгууллагаас манай улсад нэлээн туслалцаа үзүүлдэг байсан тухай яриа байдаг. Энэ ямар учиртай байгууллага юм бол?

-1972 онд СЭВ гэж байгууллагын хурлаар зарим нэг, хоцрогдсон, улс орнуудын эдийн засгийг дэмжихийн тулд онцгой анхаарах тухай шийдвэр гаргасан юм. Энэ сонгогдсон улс дотор Монгол, Вьетнам, Куба гэсэн орнууд багтсан. Эдгээр улсуудад хөрөнгө оруулалт,техникийн туслалцаа үзүүлсэн. Энэ гурван улсад хайртайдаа биш 1960-аад онд колонийн систем задарч, тусгаар тогтносон улсууд бий болсон. Социализмын замаар явсан улс хөгжиж байгаа түүний тод жишээ нь Монгол, Вьетнам, Куба, тэднийг очиж хар гэхийн тулд тийм шийдвэр гаргасан байдаг. (инээв) Үүнтэй уялдуулаад хэлэхэд нэг инээдтэй онигоо байдаг. Гадны зочин онгоцны буудлаас явж байх замд нь үйлчилж буй албан тушаалтан нь социалист бүтээн байгуулалтаа танилцуулан, энэ үйлдвэрийг чехүүд барьсан, үүнийг югославууд, үүнийг германууд бас үүнийг зөвлөлтийн ах нар барьсан гэж. Тэгтэл өөдөөс нь та нар өөрсдөө юу бариад байгаа юм гэхэд бид социализм барьж байгаа гэсэн гэдэг. (инээв)

-Энэ үед өмч гэдэг ойлголт байхгүй байлаа шүү дээ. Өмчтэй байхын ач холбогдлыг энгийнээр хэлбэл?

-Өмч гэдэг бол чиний эрх чөлөөний баталгаа. Чи хүнийхээ хувьд хүний боол, хүний үгээр, хүний ухаанаар явах уу, эсвэл өөрийн бодлоор, өөрийнхөө ухаанаар амьдрал ахуйгаа залаад явах уу. Ерөөсөө л энэ шүү дээ. Тэгэхээр улс нийгэмдээ өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж явах, тэр бүх зүйлийн чинь баталгаа нь өмч болдог. Ингэхээр өмчтэй болно гэдэг бол онцгой ач холбогдолтой асуудал. Өмчийг, өмчийн эрхийг хэрэгжүүлэх тухай асуудал байдаг. Чи өмчтэй болчихлоо гээд орхих нэг хэрэг. Тэр өмчийн эрхийг чинь хэрэгжүүлэх асуудал гэж байна. Мэдээж алдаа дутагдалтай зүйл их байсан. Өнөөдөр хүн өмчтэй байна гэхэд түүнийг өсгөж үржүүлэн, захиран зарцуулах ёстой. Гэтэл тэр эрхийг нь хязгаарлаж, бизнес хийх эрхийг хааж байгаа явдал гарч байгаа нь эмгэнэл.

-Өмч хувьчлалын талаар олон байр суурь байдаг. Өмчийг хэр зөв хуваарилсан гэж та үздэг вэ?

-Ер нь 1990 оноос хойших хөгжлийн үзүүлэлтүүдээ аваад үзэхээр сонин юм их. Манай ДНБ-хэд дахин өссөн байдаг. 30 жилийн хугацаанд шүү. Нэг хүнд ногдож байгаа ДНБ хэд дахин өссөн, хувиар биш шүү. Энэ бол асар том өсөлт. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулаад үзэхээр ийм үсрэнгүй өсөлт гаргасан улс орнууд их ховор. Тэгээд одоо тийм их өндөр амжилтад хүрчихсэн улс чинь сэтгэл хангалуун сайхан мишээсэн хүмүүс сууж байх ёстой шүү дээ. Гэтэл нэг сэтгэл дундуур, духаараа харсан улс л яваад байгаа. Түүний учир нь нийгмийн баялгийн хуваарилалт үнэхээр, бидний хүссэн хэмжээнд болоогүй гэсэн үг. Нэг хэсэг нь баяжсан. Нөгөө хэсэг нь амьдрал ахуй, хөлөө олохгүй явсаар байгаа. Тэгэхдээ манайд бол туйлын ядуурлын тухай ярьдаггүй их сонин. Энэ яриад байгаа юм чинь харьцангуй ядуурлын тухай ойлголт. Тэр орлогын ялгаварлын асуудлыг бид онцгой анхаарах хэрэгтэй. Яг цаашдаа нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудал үүнтэй уялдаа холбоотой байх ёстой. Мөн төр засгийн бүтэц зохион байгуулалтын асуудал ч үүнтэй уялдаж гарах нь зөв. Ер нь дорвитой арга хэмжээ авах цаг бол гарцаагүй болчихсон шүү дээ.

-Хараат бус эдийн засгийн талаар. Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлаач?

-Ер нь глобалчлал гэдэг чинь эдийн засгийн глобалчлалын тухай эхэндээ ярьж эхэлсэн юм. Эдийн засаг дэлхий дээр өнөөдөр сүлбэлдчихсэн. Гэхдээ энэ том глобалчлал дотор бид өөрсдийнхөө орон зайг олж зөв томьёолж, түүн дотроо интеграцад нь аль болох хурдан ямар замаар, яаж нэгдэх юм бэ гэдгээ зөв томьёолох асуудал юм. Үүнийгээ бид өнөөдөр тэр болгон харгалзаж чадахгүй байгаа. Тэр утгаараа эдийн засгийн хараат байдалд тодорхой салбарууд бол байгаа, үүнийгээ өнөөдөр олж харах ёстой. Харж чадаж байгаа бол шийдлийг нь олж таарна тийм үү.

-Төр, нам хоёрын байр солигдчихоод байгааг та ер нь юу гэж хариулах вэ?

-Тоглоомын дүрэм өнөөдөр ингэж л шийдсэн. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн намаар дамжуулаад төрөө зохицуулдаг тийм систем рүү оръё гэж. Энэ бол бидний 1990 онд хийсэн сонголт. Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж байхдаа сонгож авсан сонголт энэ. Үүнийг хэрэгжүүлэх нь асуудал болчхоод байгаа юм. Бид субьектив хүчин зүйлээс хамаараад юмыг янз бүрээр уншаад байна шүү дээ. Та нэг янзаар уншиж байхад би бас нэг янзаар унших жишээтэй. Тэгэхээр би өнөөдөр нам гэдэг зүйл яг нөгөө 21 дүгээр зууныхаа шаардлагыг хангахуйц хэмжээнд төлөвшиж бүрэлдэж дуусаагүй байна гэж үзэж байна. Энэ ажил их хоцорч байгаа. Ер нь зүгээр нэг сонин юм ажиглагдаад байдаг. 1990-ээд оны үед улс төрийн хүрээний өөрчлөлтүүд давшингуй явж, эдийн засаг нь хоцорчихсон байж. Эдийн засаг өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй шүү дээ. Нэлээн олон жилийн хугацаа хэрэгтэй доод тал нь. Гэтэл өнөөдөр 30 жилийн дараа эргээд харж байхад эдийн засаг урагшаагаа явчихсан. Нөгөө улс төр хоцорчихсон байна. Харин бүр эсрэгээр эдийн засгийн хөгжилд улс төр чөдөр болчхоод байгаа. Улс төрийн нам ч гэсэн ялгаа байхгүй.

"Google” гурван тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ

0
Google компани

“Google”-ийн гүйцэтгэх захирал С.Пичай Европ тивийн дата төвүүдээ өргөжүүлэхийн тулд ойрын хоёр жилийн хугацаанд 3 тэрбум (3.3 тэрбум доллар) еврогийн нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болсноо Финланд улсад хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Финландын Хамина хотын дата төвдөө 600 сая еврогийн нэмэлт хөрөнгө оруулалт тусгаснаар тус байгууламжид оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2 тэрбум еврод хүрнэ. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Финландын ерөнхий сайд Антти Ринне “Энэ бол Финландчуудын хувьд гайхалтай мэдээ”  гэж цохон тэмдэглэжээ.

“Google”-ийн Хамина хотод байгуулсан тус дата төв нь хуучин цаас боловсруулдаг үйлдвэрт шинэчлэл хийж, 800 сая еврогийн хөрөнгө оруулалтаар боссон түүхтэй. Тэгвэл ирэх 5 дугаар сард тус байгууламжид дахин шинэ дата төв байгуулахад 600 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Тус байгууламжийг “Google” компани 2009 онд “Stora Enso” компаниас худалдан авсан бөгөөд ОХУ-ын хилээс холгүй оршдог. Мөн хөргөлтийн системдээ Финландын булангаас далайн усыг татан ашиглаж, эрчим хүчээ хэмнэдэг давуу талтай байршил юм. Нидерланд, Ирланд, Бельги улсад “google”-ийн бусад евро бүсийн дата төвүүд байрладаг.

Спортын холбоод ба улс төр

0

Ерээд онд Монголд амьдрал хүнд байсныг хүн бүхэн мэднэ. Улсаараа ядуу, картын бараанаас дөнгөж салж байсан, эдийн засаг өсөлтгүй, хямралд автчихсан хүнд хэцүү үед урлаг спортод мөнгө зарцуулах нь битгий хэл цахилгаан станц нь гал алдах гээд зовоож байсан.

Спорт энэ тэр илүү зардал, тансаг хэрэглээ шиг санагдаж орхигдсон байлаа. Олимпод оролцох тамирчныхаа зардлыг хүртэл гаргаж чадахгүй дээрээ тулж байсан юм.

Ийм хүнд хэцүү байдалд биеийн тамир спортын холбоодууд хэн нэгэн мөнгөтэй хүнийг бараадах, тэднээр ивээн тэтгүүлэх, эсвэл эрх мэдэлтнүүдийг өөрийн холбооны ерөнхийлөгчөөр томилж, тэднээр нүүр хийж, эрх мэдэлтэн улс төрчдийн нэрээр гул барьж эхэлсэн. Мөнгөгүй ядуу тамирчид дасгалжуулагчид хэн нэг спорт сонирхогч улс төрчийг хөөргөж, тэднийг уярааж байж, ямар нэг тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө гаргаж авна. Ингэж зардлаа өөрөө олж авч чадахгүй бол ямар нэгэн тэмцээнд оролцох нь лөөлөө болно.

Тамирчин өөрөө ч юм уу, дасгалжуулагч нь яваад мөнгө босгох нь хүндрэлтэй. Тэр бүр бүтэхгүй. Ид амжилтын оргил үедээ байгаа тамирчин нэг ч болов тэмцээнд оролцож байж өөрийгөө хүмүүст таниулахгүй бол боломжоо алдаж, унтарна.

Тэгэхээр улс төрчдийн тархийг барихаас өөр зам үлдэхгүй болдог биз. УИХ-ын гишүүдийн нэр нөлөө, танил талын хүрээ нь ядуу тамирчдаас эрх биш илүү байлгүй яахав. Ивээн тэтгэгчийг олж, мөнгийг нь босгодог юм байгаа биз. Харин үүнийхээ төлөө “хүн ёсны” өртэй үлдэнэ. Сонгуульд түүнийг дэмжинэ, сонгуулийн сурталчилгаанд оролцоно.

Яван явсаар нэг тамирчин биш нийт холбоогоороо нэг улстөрчийн хармаанд ордог бололтой.

Тэр байдал нь одоо ч хэвээр. Та бодоод үзээрэй, спортын бүхий л холбоодын ерөнхийлөгч нь ёс юм шиг хэн нэгэн улс төрч байгаа. Нэг хэсэг тэдэнгүйгээр болохгүй, спорт хөгжих боломжгүй байсан бол одоо эргээд тэдгээр улс төрчид нь спортын холбооны ерөнхийлөгч гэх сэтэргүйгээр байж чадахааргүй болж. Энэ сэтэр нь тэднийг спортод элэгтэй, спортын төлөө асар их зүйлээ зориулдаг, тухайн спортод дуртай гэх имиджийг бүрдүүлж, спорт сонирхогчдыг өөртөө татан, спортоороо дамжуулан улс төр дэх карьертаа дэмжлэг авдаг механизм, сонгуульд санал авах хэрэгсэл болж хувирчээ. Харин энэ байдал нь эргээд спортын хөгжилд чөдөр тушаа болж байгаа юм.

Улс төрчид спортын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байсан тэр цаг үе өнгөрчээ. Улстөрчид мөнгө босголцох менежерийн л үүрэг гүйцэтгэж байсан бол одоо чадахаа больсон байна. Өөрөөр хэлбэл спортын хөгжлийн хурдыг гүйцэхээ байж. Одоо ийм улстөрөөр дамжсан дундын зуучлагчгүйгээр тамирчид болон ивээн тэтгэгчид шууд харилцах сонирхолтой байна. Улстөрчдөөс илүүтэйгээр бизнесмэнүүд, томоохон компаниуд спортын аль нэг баг, уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх, түүгээр дамжуулан бизнесээ сурталчлах, брэндээ хүмүүст таниулахыг хүсэх болж. Тэгэхээр улстөрч эрхмүүд спортод илүүдэж байна. Жишээ нь, Х.Баттулга жүдог, Д.Дагвадоржийн хоёр хүү чөлөөтийг, С.Эрдэнэ сагсан бөмбөгийн хэдийг “өмчлөөд” авчихсан. Бүр жүдогийн дэд ерөнхийлөгч нь манай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гээд боддоо. МҮБХ нь Б.Бат-Эрдэнэ гишүүний халаасанд оров.

Тиймээс нэн тэргүүнд спортын холбоодыг улс төрөөс ангид, улс төрөөс хараат бус байдлаар хөгжүүлэх хэрэгтэй юм. Спортын холбоодыг өөрийн улстөрийн карьер хийх хэрэгсэл болгож байгаа нэр бүхий улс төрчдийг спортын холбоодоос зайлуулж, спортыг хөгжлийн зөв гольдролд нь оруулах нь Монголын спортын хөгжилд нэн тулгамдсан асуудал болоод байна.

Ерөнхийлөгч өө, жолоогоо ТАТ!

0
Х.Баттулга

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Баасан гаригт /2019.09.20/ хориг тавьснаар У.Хүрэлсүхийн улс төрийн гол реформ ерөнхийдөө жонхуурах тийшээгээ явчихлаа.

Өнгөцхөн харахад, Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан тогтоол, шийдвэрт хоригт тавьж байгаа мэт боловч цаанаа өнгөрсөн гурван сар УИХ дахь үнэмлэхүй олонхийн нухаж гаргаж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болоод эцэг хуулийн шинэчлэлтээр ард нийтийн санал асуулга явуулах нь төрийн тэргүүний эрх ашгаас илүү Х.Баттулга гэх хувь хүний хүсэл сонирхолтой нь зөрчилдсөн болоод ийнхүү “хориг”-т орж байгаа хэрэг. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэнэ.

Ардын намын автор бүхий Үндсэн хуулийн шинэчлэлт үнэндээ хүлээж байсанчлан гол концепцоо суулгасан томоохон өөрчлөлт болж чадаагү. Гэхдээ өнгөрсөн 29 жилийн алдаа, завхралыг засах, засаглалын хямралыг тогтворжуулах, төр засгийг хариуцлагажуулах, шүүхийг хараат бус болгох  тодорхой зүйл, заалтууд орсныг УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсэгт ажилласан гишүүд, хуульчид хүлээн зөвшөөрч буй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эсэх нь өдгөө ард түмний мэдлийн асуудал болсон. Ард түмэн дэмжсэн нөхцөлд түүний “албажуулах” эрх нь УИХ-ын 75-д бий. Харин Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн саналын эрхтэй /саналаа буцаасан/. Бас УИХ-ын баталсан хууль тогтоомжид хуулийн дагуу хориг тавих эрхтэй.

Үйл явдлыг өрнөлийг харвал, Үндсэн хуулийн реформыг анхнаас нь жонхууруулах бодол Ерөнхийлөгч Х.Баттулгад байжээ гэлтэй. Хуулийн хугацаанд саналаа өгөөгүй Ерөнхийлөгч “надаас санал авсангүй” хэмээн Тамгын газрын даргаараа үг дайж тунирхаж сууснаа гэнэтхэн баяр наадамтай давхцуулан УИХ-ын даргад  саналаа хүргүүлж, “Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байгаа”-г онцолж байв.   Уг саналыг харсан хуульчид “Ерөнхийлөгч юу оруулаад ирэв ээ” гэж гайхширч суусан нь худлаа биш. Гэхдээ Ерөнхийлөгчийн санал болгосон ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ нь чухам юу байсан нь, цаад ашиг сонирхол нь одоо нэгэнтээ ил тод болжээ.

Ерөнхийлөгчийн оруулсан саналыг боловсруулсан төсөлдөө нэгтгэхийн тулд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажиллаж байсан ажлын хэсгийнхэн нэлээд асуудалтай тулгарсан нь бас худлаа биш билээ. Гэвч бас л гэв гэнэт, ард нийтээс санал асуулга авах УИХ-ын тогтоолтой зэрэгцээд оруулсан саналаа буцаасан нь, хориг тавьсан нь ондоо “захиалгатай” байж. Товчхондоо, парламентын засаглалын бэхжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол манай Төрийн тэргүүнд байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ анхнаасаа түүний амбиц өөр байсан нь ойлгомжтой байна.

Ердөө хэдхэн жилийн өмнө “парламентын засаглалыг дэмждэг”-ээ  телевизийн камерын өмнө тайлбарлаж суусан Ерөнхийлөгч Х.Баттулгын  баярын мэндчилгээ болгондоо дурддаг байсан “эрх шинэчлэл” гэх үгийн ард түүний Ерөнхийлөгчийн засаглал гэх холын шунал нуугдаж явсан нь илэрхий болсон. Тиймээс ч өдгөө “Ерөнхийлөгчийн засаглал” гэх нэрийн дор “Монголын авторитори” болох далд санаархлаа ил цагаанаар рекламдаж, энэхүү рекламных нь гол дүрд  сүүлийн өдрүүдэд Тамгын газрынх нь дарга З.Энхболд тоглож буй.

Түүний хуулийн хүрээнд хориг тавьсан ганц шалтгаан нь Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдгийг асуусангүй гэж л.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ард нийтээс санал асуулга авахаар бол Ерөнхийлөгчийн засаглалыг уу, парламентын засаглалыг сонгох уу гэж асуух ёстой гэсэн байр суурийг байнга илэрхийлэх болсон билээ. Ийм асуулт тавих хуулийн гаргалгаа байхгүйг сануулсан Ардын намынхныг шахаанд оруулах, цаашлаад У.Хүрэлсүхийн улс төрийн реформыг нураах замаар хүссэн эрх мэдэлдээ хүрэх гэсэн Ерөнхийлөгчийн улс төрийг улс орон маань дааж гарах эсэх нь улам эргэлзээтэй болж байна.

Үнэндээ, Монголд Ерөнхийлөгчийн засаглал огтоос тохирохгүй гэдгийг амтай болгон хэлж буй. Адаглаад  Монголд нэг хүний дарангуйлал тогтох магадлал тун өндөр. Учир нь, түүх эргэдэг гэдэг. Тэр тусмаа 1937 оны хэлмэгдүүлэлт эргээд ирэв үү гэлтэй, өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг өдгөө цагдаа, шүүхээр айлгах нь хэвийн үзэгдэл болсон. Зөвхөн эндээс харахад л Монголд яагаад ч Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй юм.

Монгол бол хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай орон. Гадаад бодлого хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, хуульд хориг тавих, хууль санаачлах, эрх хэмжээнийхээ асуудлаар зарлиг гаргах, зарим албан тушаалтныг томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид бий. Мөн Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах, УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцох, онц болон дайны байдал зарлах эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой заалт төдийлөн хөндөгдөөгүй гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдэлгүй Төрийн тэргүүн лав биш. Түүнд одоогийн эрх мэдэл нь  огтоос багадаагүй. Тиймээс, Ерөнхийлөгч өө, та жолоогоо тат!

Газрын тосны ханш өсч болзошгүй байна

0
Саудын Арабын халдлага

Бямба гарагийн /2019.09.14/ үүрээр Саудын Араб улсын Абхайк болон Хурайсын газрын тосны талбай халдлагад өртсөн.

Энэхүү халдлагад Иран улсыг буруутгаж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Ираны эрх баригчид дипломат харилцаа тогтоох дүр эсгэсэн энэ хугацаанд Саудын Араб руу 100 удаа халдсан. Үүний цаана Тегран байсан. Тэд нийлүүлэлтийг бууруулах бүхий л арга хэмжээнийхээ хүрээнд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд урьд хожид байгаагүй халдлага үйлдлээ.

Халдлага Йемен улсаас үйлдсэн байх ямар ч нотолгоо алга” гэж өөрийн твиттер хуудсаар жиргэсэн. Иран улс уг ажиллагаатай холбоогүй гэж няцаасан ч дайнд бүрэн бэлтгэлтэй байгаагаа мэдэгдээд байна.

Харин Йемен улсын Хутын босогчид 10 дрон ашиглан дэлхийн хамгийн том газрын тосны ханган нийлүүлэгч Саудын Арабын гол хэсгүүдэд халдснаа мэдэгдсэн юм. Халдлагад өртсөн Абхайк нь дэлхийн хамгийн том газрын тосны үйлдвэр бол Хурайс нь 20 тэрбумын нөөцтэй өдөрт 1 сая баррель нефть олборлодог Саудын Арабын хоёр дахь том газрын тосны талбай бөгөөд эдгээр нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 5 хувийг эзэлдэг. Халдлагын улмаас дэлхийн зах зээл дээр Брент маркийн газрын тосны үнэ 20 хувь өсч 70 ам.долларыг шүргээд эргээд тогтворжих хандлагатай байна гэж санхүүгийн шинжээчид тайлбарласан.

Тэд Саудын Араб улсын өдөрт олборлох газрын тосны хэмжээ 5.7 сая баррелаар танагдсан бөгөөд богино хугацаанд хэвийн хэмжээндээ (9.8 сая) хүрэхгүй бол газрын тосны ханш баррель тутамдаа 5-аас 10 ам.доллараар нэмэгдэнэ.

Энэ нь жижиглэнгийн үнэд 10-аас 24 центээр (270-аас 650 төг) нэмэгдэнэ гэж тооцжээ. Учир нь АНУ-ын газрын тосны импортын өдрийн хэрэглээ 9.93 сая баррель бөгөөд үүний 9 хувийг Саудын Араб улсаас импорлосон талаар 2018 оны Засгийн газрын тайланд тусгагдсан байна.

Манай улс түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангадаг. Үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг бөгөөд хилийн үнийг 2014 оноос Сингапурын бирж дээрх түүхий нефтийн ханшийн хөдөлгөөнтэй уялдуулж, сар бүр шинэчлэн тогтоодог болсон. Иймд хэрэв дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдвэл ирэх сараас бид үнэтэй шатахуун хэрэглэх нөхцөл үүсч болзошгүй байна.

Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ

0
Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөг болно.
Энэ үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм.

Энэ өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар ирсэн илгээмжид  гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Гаалийн цахим системд нэвтрэх эрх” нээж өгөх, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлнэ.

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

"Капитал банк”, "Эрэл” зэрэг 6 компанийг прокурорт өглөө

0
Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банк

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар /2019.09.04/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газраас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан хоёр албан хүсэлт тавьж байгаагаа хэвлэлийнхэнд уламжлав. Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ графикийн дагуу хугацаанд нь төлж дуусгаагүй болон огт төлөөгүй зарим компаниудыг буюу “Эрэл”, “Хөтөл”, “ТОСК”, “Монгол драй милк”, “Капитал банк”-ыг прокурорын байгууллагад  ЗГХЭГ өгч байгаа юм байна.

“Нийтдээ 1.2-3 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа. Хэрэвзээ арилжааны банкнаас зээл авсан бол заавал төлөх ёстой болдог. Энэ зээлийг заавал төлүүлж, төрийн хохиролгүй болгох ёстой. Тэгж байж Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтвортой явна.  Зарим компаниуд зээл төлөх хугацаагаа сунгая гэсэн саналыг ирүүлсэн байгаа. Гэтэл төрийн мөнгийг шамшигдуулах сонирхолтой хүмүүс байна. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хүлээж, ял завших сонирхолтой ч хүмүүс байна.

Гадагшаа алга болчихдог, тэгээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө ирээд гурван жил шүүх гэж яваад хуулиар ял завшчихдаг байдлыг зогсоохын тулд хуулийг өөрчлөх ёстой болж байна.

Зээлээ төлөхгүй байгаа компаниудыг хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаан оруулж, төрийн хохиролгүй болгож өгөөч гэх хүсэлтийг шүүх, прокурор, АТГ-т тавьж байна. Төрийн мөнгөний хойноос хөөцөлддөг, араас нь явдаг болбол хөрөнгө шамшигдах, ял завших байдал багасна” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Зээлээ төлөөгүй компаниуд ба зээлийн өр:

  • “Хөтөл” компани – 270.6  тэрбум
  • “Төрийн Орон Сууцны Корпораци” – 199.5 тэрбум
  • “Эрэл” компани – 86.1 тэрбум
  • “Монгол драй милк” – 47.7 тэрбум
  • “Кью эс си” ХХК – 186.1 тэрбум
  • “Капитал банк” – 57.9 тэрбум

В.Путины албан ёсны айлчлал эхэллээ

0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцоно.