2024.05.20, Monday
spot_img
Нүүр хуудас блог хуудас 154

Коронавирус илэрсний улмаас тусгаарлагдсан “Diamond Princess” хөлөг онгоц

0

Коронавирус илэрсний улмаас тусгаарлагдсан “Diamond Princess” хөлөг онгоц энэ сарын 19 хүртэл хөл хорионд орсон. “Diamond Princess” нэртэй хөлөг онгоцны тавцан дээр 50 гаруй улсын 3700 орчим хүн байгаа бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ үргэлжлүүлэн авсаар байгаа ажээ.

Тоймч Ш.Гантулга УИХ-д өрсөлдөнө

0

“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулга 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвших гэнэ.

Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, “60 тэрбум”-ын болон “ЖДҮ”-гийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө тэмцэл эхлүүлэн, “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөн байгуулан, багагүй шуугиан тарьсан билээ.

Мөн 30 гэр бүлийг цаазалж, толгойг нь тойрон бүжиг хийх хэрэгтэй гэж телевизээр ярьж байсан ч удаатай.

Төрийн ордныг нурааж оронд нь таван гэр барьж, төрийн ажлыг хийнэ гэж ярьж байсан билээ.

Б.Пүрэвдорж хуурамч шатахуун нийлүүлэгчидтэй тэмцэнэ

0

Нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхэд Гаалийн болон бусад татварыг авдаг атлаа керосин зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулдаггүй нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийг хохироох шалтгаан болж байна гэсэн мэдэгдлийг зарим мэргэжлийн холбоод хийж ирсэн ч Засгийн газраас өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудлыг шийдэх зорилгоор керосинд татвар ногдуулж байх зохицуулалтыг Онцгой албан татварын тухай хуульд тусгаж өгөхөөр болж, төслөө ч боловсруулсан юм байна.

Энэ талаар тэрбээр “Миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон. Одоогоор Засгийн газар, яамдаас санал авах хэмжээнд явж байна. Хаврын чуулган эхлэхээс өмнө төслөө өргөн барина. Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь Монгол Улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа.

Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дизель машины апертур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа.

Тиймээс ард иргэдэд санхүүгийг хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Нэгдүгээр сард 3.5 тн алт, мөнгө худалдан авчээ

0

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2018 онд 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан. Монголбанк 2020 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

SOS: Архангайд коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ

0

Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, яаралтай арга хэмжээ авсан байна. Өвчтөн 46 настай, эмэгтэй гэнэ.

Тодруулбал, энэ сарын 1-3-нд Хонконгийг зорьсон эмэгтэй өнгөрсөн шөнө халуурч тус эмнэлэгт хатгаа өвчний шинж тэмдэгтэйгээр ирж хэвтсэн байна. Тиймээс түүнийг коронавирусээр өвчилсөн байж болзошгүй гэж сэжиглэн, өвчтөнийг тусгаарлан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм байна. Энэ талаар Архангай аймгийн Засаг даргаас тодруулахад “Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр Хонгконг руу явж, нэгдүгээр сарын 3-ны өдөр нутагтаа ирсэн. Тэгэхээр коронавирусийн халдвар тархахаас өмнө яваад ирсэн гэсэн үг. Өнгөрсөн шөнө аймгийн эмнэлэгт халуурсан, хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр хандсан тул бид сэжигтэй байж болзошгүй гэж тусгаарласан байгаа. Өвчтөнөөс авсан шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн, өндөр халуурч, хүнд байна гэдэг нь ташаа мэдээлэл. Өвчтөний ар гэрт хөл хорио тогтоогоогүй” гэж мэдээллээ.

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдварт өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс вируслогийн шинжилгээ дахин авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” гэв.

Хятадад уг өвчнөөр 80 хүн амиа алдаад байгаа бөгөөд вирус маш хурдацтай тархаж байгаа тул Монгол Улс сургууль, цэцэрлэгүүдийг хааж олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа юм.

Сургууль цэцэрлэгийг 3 дугаар сарын 2 хүртэл хаахаар болов

0
Д.Сарангэрэл

БНХАУ-д коронавиурсын халдвар дэгдэж, олон зуун хүн өвчилж, цөөнгүй хүн энэ өвчнөөр амиа алдсан. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан юм.

Мөн эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тарианы нөөц бүрдүүлэх, урд хөрштэй хиллэдэг боомтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг Улсын онцгой комиссынхонд тавьжээ.

Сайдын хүсэлтийг Улсын онцгой комисс авч хэлэлцээд өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө “ДЭМБ-аас өглөөний 10.40 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдварын тохиолдол 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн. Дөнгөж сая биднийг хуралдаж байхад нас баралт нэгээр нэмэгдэж 26 боллоо. Тохиолдол нь 887 болсон. Тэгэхээр коронавирусын тархалт өдөртөө хурдацтай нэмэгдэж байна. Томуу томуу төст өвчний дэгдэлттэй байгаа энэ үед коронавирус орж ирэх юм бол хүүхдээр тогтохгүй насанд хүрэгчдийн ч амь нас эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхээр байна” гэлээ.

Хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад дипломат харилцааны шугамаар тухайн оронд түрүүлж мэдэгдэж энэ шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тиймээс Засгийн газарт явган болон нийтийн тээврийн хэрэгслээр түр зорчих хөдөлгөөнийг хязгаарлах саналыг оруулж Засгийн газар шийдвэрлэхээр боллоо.

Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол бүргэгдээгүй гэдгийг сайд онцоллоо. Тэрбээр “Өчигдөр галт тэргээр зорчиж ирсэн БНХАУ-ын хоёр иргэний нэг нь өндөр халуурсан гэсэн мэдээллээр Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага урд хөрштэй яаралтай холбогдож, халуурсан хоёр иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй Эрээн хотоос буцаасан. Ингээд шинжилгээ хийхэд нэгэнд коронавирусын халдвар илэрсэн. Энэ хүнтэй галт тэргэнд ойр явсан Монгол Улсын иргэдийг тусгаарласан. Нэг иргэнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулахад тэр хүнээс коронавирус илэрсэнгүй” гэлээ.

Тагнуулын албан хаагчид дээрэм хийсэн гэв

0

Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд иргэдэд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдсэн гэх мэдээлэл байна.

Тэд энэ хэргийг зохион байгуулалттай үйлдсэн аж. Тодруулбал, ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 ам. доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас тодотголоо.

Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын харъяа Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан, баривчлан саатуулжээ. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь харин ташаа мэдээлэл юм байна.

Ч.Сайханбилэг "Улс төрийн зорилгоор хэрэгт холбогдуулж байна” гэж мэдэгдлээ

0
Ч.Сайханбилэг-01

Монгол улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг өмгөөлөл хийлгэхээр Amsterdam & Partners ХТХ-ыг хуулийн зөвлөхөөр авч ажиллуулахаар болжээ. Монголын ардчилсан хүчийг сулруулж, байгалийн баялагийг гартаа оруулахын тулд өөрт нь хилсээр ял оноосон гэж Сайханбилэг мэдэгдсэн байна.

Ч.Сайханбилэг 2015 онд Рио Тинтотой хийсэн Оюутолгойн гэрээний улмаас дөрвөн төрлийн хэрэгт татагдаад байгаа.

“Сайханбилэгт тулгасан ял ямар ч үндэслэл, нотолгоогүй” гэж Amsterdam & Partners ХТХ-ыг үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам хэлжээ.

“Шударга бус зүйл үйлдэхийн тулд авилгын эсрэг механизмыг буруугаар ашиглаж буй гол жишээг бид харж байна. Өрсөлдөгчөө унагахын тулд засгийн газрын өндөр албан тушаалтан шүүгчийг ашиглан улс төрийн зорилготой үйлдэл хийдэг. Ерөнхий сайд асан Сайханбилэг тэдгээр инээдмийн хэрэгт гэмт буруугүй. Бидний зүгээс түүнийг зохиомол хэрэгт унагаж байгааг ил болгох болно” гэжээ.

Сайханбилэгийг шүүгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр саатуулаад байсан. Тэрбээр одоо АНУ-д байгаа. 2017 онд Халтмаагийн Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш сөрөг хүчин болох Ардчилсан намын олон гишүүн, хараат бус шүүх засаглал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн хэмжээний дарамттай нүүр тулах болоод байгаа. Трансперенси, Эмнести зэрэг олон улсын байгууллагаас Ерөнхийлөгч Баттулгын эрх мэдэл ихээхэн ихсэж буйг анхааруулж байсан. Жишээ нь гэхэд л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргээр дамжуулж шүүгч, хуулийн томоохон албан тушаалтнуудыг үл тоох боломж олгосон шинэ хууль батлуулсан.

“Сайханбилэг уул уурхайн гэрээ хэлэлцээрийг хуулийн дагуу парламентын хараан дор, ил тод явуулсан. Түүнийг үндэслэлгүйгээр мөрдөж байгаа нь Монгол улсын хуулийн системд халдаад зогсохгүй, үндсэрхэг үзлийг дэвэргэж гадаадын хөрөнгө оруулалт ирэх боломжийг үгүй хийж байна” гэж хуулийн зөвлөх Амстердамаас мэдэгджээ.

Б.Ганхөлөг: Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа

0

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон өмгөөлөгч Ж.Батхуяг нар /2020.01.22/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуульч өмгөөлөгч Ж.Батхуяг: “Сүүлийн үед хэргийн талаар улс төржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах зэргээр их ярих боллоо. Элдэв цуурхалгүйгээр баттай эх сурвалжийн үнэн мэдээллийг хүргэе. Энэ хэрэг дээр шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. Олон хуудас материал байгаа учраас дэлгэрэнгүй унших боломжгүй. Анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хүргэе. Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч хэрэглэснээр хөхрөл, хавдрал үүссэн байсан. Шүүх эмнэлэг өвчнөөс үүссэн харвалт гэж дүгнэсэн. Харин бид талийгаачийн харвалт гэмтлийн улмаас үүссэн гэж үзэж байна. Учир нь ар гэрийн зүгээс рентген зураг авахуулья гэхэд шүүх эмнэлэг зөвшөөрөөгүй, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Тухайлбал баруун нүдний хөхрөл ойлгомжтой байгаа. Гадны нөлөөтэйгээр гэмтсэн. Мөн УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүдээс үнэн худлын тест авсан. Дүгнэлтээр асуусан асуултанд хариулахдаа сэтгэл санааны гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад цагдаагийн газар гар утсыг нь хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчдод буцааж өгсөн.

Цагдаагийн газар эхлээд гадаргуун дээрх ул мөр, хурууны хээг шинжээчээр тогтоолгох ёстой байтал дотор нь юу байна вэ гэдэгт шинжээч тогтооцон байсан. Энийг одоо мөрдөн шалгах ажиллагааны зөрчил гэх үү эсвэл санаатай үйлдсэн хэрэг гэх үү.

Утсыг буцааж өгөхдөө гадаадаас ирдэг утас шиг ямар ч мэдээлэлгүй болгочихсон байсан.

Мөн хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэр лүү нэр бүхий этгээд мессэж бичсэн. Надад 13 секундын бичлэг байгаа гээд. Гэвч тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй гээд одоо өөр хэрэгт цагдаагийн газар шалгагдаж байгаа” гэв.

Хүү Б.Ганхөлөг: “Аавыгаа алдсанаас хойш нилээн урт хугацаа өнгөрлөө. Бид тэвчээртэйгээр хүлээлээ. Төрийн ордонд төрийн хамгаалалттай газар нас барсан. Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унан харвалт өгч нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ зүүн талаараа унасан байхад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Мөн  хүзүүн дээр гарсан улаалт. Мэдээж заамдалтын мөр гэж бодож байгаа. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ улаалттай байна гэж байхгүй.

Би ерөөсөө ойлгохгүй байна. Амьд явах баталгаагүй болчихсон юм бишүү, ямар нийгэмд амьдраад байна вэ, төрийн өндөр албан тушаалтан ажлын цагаар төрийн тусгай хамгаалалттай газар амиа алдсан байхад, жирийн иргэдэд ийм асуудал гарвал яах вэ. Өнгөрсөн найман сар маш хүнд өнгөрлөө. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань дуу ч гаргахаа байлаа. Ийм хэрэг болчихоод байхад 8 сарын хугацаанд бидэнд ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж бид нар төрдөө итгэж, итгэл найдвар тавьж хүлээж байна” гэлээ.

Охин Б.Цэлмэг: “Аавыгаа маш их санаж байна, эмээ өвөө маань өдөрт аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч, ээж маань насаараа ханилсан ханиа санан шимширч, 4 настай дүү маань аавыгаа нэхээд хоолноос гарч байна. Аав нь ороод ирлээ гээд ороод ирэх юм шиг санагдаж одоо ч итгэхгүй байна. Гэхдээ  Бид аавынхаа амийг нэхэх болно, шударга ёсны төлөө тэмцэнэ” гэв.

Ц.Нямдоржийн тушаалаар Б.Мөнхцэлмэгийг баривчилсан гэв

0

“Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус Хууль зүй, дотоод хэргийн яамны 52 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 626 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт (2020.01.21) тавьжээ. Өмнө нь хоёр ч удаа хүсэлт гаргаад байсан тэд энэ асуудлын хүрээнд шинээр тохижуулсан өрөөгөө үзүүлэх хүсэлтийг тус яаманд хүргүүлсэн боловч татгалзсан хариуг дахин авсан байна.

Мөн тус яамнаас цагдаагийн хамгаалалт гарган, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг хүч хэрэглэн, 3034 УНУ улсын дугаартай, цагдаагийн бус машинд суулган баривчлан авч явсан байна.

Тус хөдөлгөөний залуусын мэдээлж буйгаар, баривчлах тушаалыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өгч, биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байгаа гэв.

Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, дээрх явдалтай холбогдуулан “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгээс тайлбар аваад явуулсан гэв.