2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРДэлхийМонголчууд "Бүс ба зам"-аас хожих уу, хохирох уу?

Монголчууд "Бүс ба зам"-аас хожих уу, хохирох уу?

Хятадын "Бүс ба зам" санаачлагын талаар 2019 оны дундуур гарсан хоёр судалгаа олны анхаарлыг татсан юм.

Нэг нь, Хятадын олон улсын эдийн засаг, бизнесийн төвөөс гадаад, дотоодын судлаач, зөвлөхүүдийн хамтран хийсэн “Бүс ба зам: худалдаа, хөрөнгө оруулалтын индекс” тайлан юм. Тайланд “Бүс ба зам” санаачлага олон улсын эдийн засгийн харилцаанд тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд Хойд америкийн чөлөөт худалдааны бүсийн бараа эргэлтээс давсан гэжээ. Ингэснээр Евро бүсийн худалдааны эргэлтийн 65 хувьтай тэнцэж, дэлхийн “номер хоёр” эдийн засгийн цогц хөтөлбөр болсон хэмээн дүгнэсэн байна.

Дэлхийн худалдааны жинд эзлэх тус санаачлагын үр дүн 2017 онд өмнөх жилээсээ 55.2 хувь, гишүүн орнуудын хооронд хийсэн худалдааны хэмжээ 13.4 хувиар тус тус өссөн байна. Эдийн засгийн цогц хөтөлбөр гэгддэг энэхүү санаачлага нь олон улсын хөрөнгийн урсгалын 31.6 хувийг бүрдүүлэх болсноор валютын урсгалын дэлхийн хамгийн чухал худалдааны бүс болсон хэмээн судалгааны багийхан онцолсон байна. Харин Хойд америкийн чөлөөт худалдааны бүс 23 хувь, Европын холбоо 21.2 хувийг тус тус бүрдүүлсэн байна.

Нөгөө нь, олон улсын үнэлгээний их гурвалын нэг болох Мүүдис агентлагийн тайлан бөгөөд тэд тайландаа: “Бүс ба зам” санаачлага нь дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрөөр дамжуулан төсөл хэрэгжүүлэгч орны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эдгээр улсын эдийн засгийн өсөлтөд богино хугацаанд нөлөөлсөн төдийгүй цаашид урт хугацааны эдийн засгийн хөгжилд нь түлхэц үзүүлэхээр байна гэжээ.

Тайлангийн хүрээнд 12 улсын эдийн засгийн урт хугацааны өсөлт, дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдал, эрсдэлд дүн шинжилгээ хийсэн тэд: Пакистан, Монгол, Казахстан, Камбож улсууд нь “Бүс ба зам” санаачлагаас хамгийн их ашиг хүртэх боломжтой, эдийн засгийн өсөлтийн нөөц боломж хүчтэй улсууд гэж дүгнэжээ.

Бүс ба зам өрийн хавх

Өөр өнцгөөс Дэлхийн хөгжлийн төв 2018 онд хийсэн судалгааны тайландаа: “Бүс ба зам” санаачлагын өрийн хавханд орж, дампуурч болзошгүй өндөр эрсдэлтэй улсуудын тоонд

Мальдив, Лаос, Монтенегро, Монгол, Тажикстан, Киргиз, Пакистан болон Хятадын цэргийн бааз байрладаг Африк тивийн Жибүти улсуудыг багтаасан юм.

Монгол улсын хувьд: Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хурдны замд $140.0 сая зарцуулсан бол, Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ($827.6 сая) зориулж 2017 оны эхээр хятадын эксим банкнаас $1.0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон. Усан цахилгаан станцын төсөл зогсонги байдалтай байгаа бөгөөд зээлийн зориулалтыг хоёр тал тохиролцож өөрчилсөн гэсэн мэдээлэл бий.

Бээжин ойрын арван жилд “Бүс ба зам” санаачлагатай холбоотой Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор төсөлд 30.0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл үнэн бол зээлийн хөнгөлөлттэй эсэхээс үл хамааран Монгол улс өрөнд орж, дампуурах өндөр магадлалтай гэжээ.

Дэлхийн янз бүрийн бодлогын судалгааны хүрээлэнгүүдийн тайлангаас үзэхэд “Бүс ба зам” санаачлага Монгол улсад боломж, эрсдэл аль алиныг нь санал болгож байна. Иймд манай засаглалын үр ашиг, бодлогын тогтвортой байдал, олон улсын түвшинд хэлцэл хийх, хэрэгжүүлэх ур чадвар зэргээс хамаарч эдийн засгийн хожлын зам бүтээх үү, хохирлын тамд унах уу гэдэг нь шалтгаалах юм.

Г.Батмөнх
2019.12.14

ВебсайтГ.Батмөнх
Холбоотой мэдээ