2024.05.5, Sunday
spot_img
Нүүр хуудас блог хуудас 150

Өнөөдрөөс гашуун сухайт, шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэр эхэлнэ

0

УОК-ын шийдвэрээр 2020.03.15-ны өдрөөс Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэр явж эхэлнэ.

Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компаний жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ. Олон хүн нэг дор цуглуулахгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулахад мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарч сайн ажиллана.

Мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэрэг, Авто тээврийн төвийн хамтарсан баг Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтод ажиллахаар үүрэг авчээ.

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал тогтворжжээ

0

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамнаас Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол гарсантай холбоотойгоор халдвар голомтлон тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд долоо хоног бүр ДЭМБ-аас зөвлөгөө авч, туршлага судлах хүсэлтээ гаргасан байна.

ДЭМБ: Халдвар авсан орны тоо улам нэмэгдэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 328 хүн нас барлаа. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д дэгдэлтийн оргил үе дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд цаашид ДЭМБ болон бусад орнуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдсэн КОВИД-19 халдварын тоо буурч, 110 тохиолдол шинээх нэмэгдсэн байна. Итали улсад 2312 тохиолдол шинээр бүртгэгдэж, 193 нас барсан. Иран улсад 9658 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ. Цаашдаа КОВИД-19 халдварын тоо, шинээр бүртгэгдэх улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна” гэлээ.

ЭМЯ: Англи иргэний онош сөрөг гарсан

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. Хуралд оролцсон олон улсын байгууллагын төлөөллүүд иргэд эмнэлэгт сандарч бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл авчрах магадлал өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна. Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр 10 иргэн ирсэн. Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн, тусгаарласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна. Мөн халдвартай франц иргэнтэй хамт сууж ирсэн англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

ХӨСҮТ-д франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо идэх, шингэн зүйл уух, эмч нартай ярилцаж байна. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор 6.5 тэрбумаар эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар зохион байгуулж байна. Хэвлэлийн бага хурлыг нийт 58 удаа зохион байгууллаа.

Төлбөрөө бүрэн төлсөн иргэнийг Монголд авчирна

0

Монгол Улсын Засгийн газраас гадаадаас эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй байгаагаа ЭСЯ-аар дамжуулан илэрхийлэх болсон.  Тиймээс Улсын онцгой комисс энэ сарын 10 өдрийн хуралдаанаар Япон, Солонгос болон Европын орнуудаас эх орондоо яаралтай буцах шаардлагатай жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настай монгол иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг гаргасан.  Тодруулбал, БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. БНСУ-аас 300, Япон-оос 100 хүн, бусад улс орнуудаас нийлээд 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн чартер нислэгээр авчрах аж. БНСУ-аас ирэх иргэдийн бүртгэл өчигдрөөс эхэлж, өнөөдөр /2020.03.13/ дуусах бол Японоос ирэх иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа юм.  Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тухайн орондоо өгөх шинжилгээнд зориулж, Засгийн газраас 320 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна.
БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг авахаар ажиллаж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
Үүнд:
БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

  1. Тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд БНСУ-даа коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлагатай.
  2. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 700000 төгрөг,

Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлагдах бол 40000 төгрөг буюу нийт 560000 төгрөг. 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 420000 төгрөгийн төлбөр төлнө. Дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

  1. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.
  2. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авна. Тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очно.
  3.  Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын онцгой комиссын шуурхай штабт ирүүлнэ.
  4. Тусгай нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжийг санаатайгаар худал бөглөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттайг анхаарна уу.
  5. Коронавирусын халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын онцгой комиссын шуурхай штабаас гаргасан шийдвэр, шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай.

 

С.Баяр: Дэндүү зохиомол хөгийн яллах дүгнэлт

0
Санжийн Баяр

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10-р сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн. Уг асуудлаар баривчлан саатуулж байв

Түүнийг мөн 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчин, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний хөрөнгөтэй болж, түүнийгээ оффшор бүсээр дамжуулан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв.

Өнгөрсөн оны 11-р сард Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн” хэмээн мэдээлсэн билээ.

С.Баярт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ. Улмаар өөрт нь гардуулж өгөх гэхэд татгалзсан байна. Энэ талаар тэрбээр твиттер хуудастаа “Өчигдөр /2020.03.11/ надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм бага” хэмээн жиргэсэн юм.

Францын Элчин сайд монголчуудаас уучлалт гуйв

0

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өчигдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан юм.
Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын Засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч манай Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан нэн таагүй хандлага буурч, ард иргэд маань ч ухаалаг хүлээцтэй хандан, тэр хэрээр өвчтөний сэтгэл зүйн байдал тогтворжиж, эмч, өвчтөн хоорондын харилцаа улам сайжирч байна” гэлээ.
Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаж буй COVID-19 халдварын Монгол Улсын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан тус улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Харин өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч, эдгээнэ гэсэн монгол эмч нарын итгэл өндөр байгааг үндэслэн иргэнээ нутаг буцаах асуудлаар дахин хөндөхгүй гэдгээ Элчин сайд Ф.Мэрлин уулзалтын үеэр хөндсөн. Өвчтөн ч эхэндээ нутаг буцах бодолтой байсан ч Монгол Улсад эмчлүүлэх шийдвэр гарган эмч, мэргэжилтнүүдийн заавраар шинжилгээ, үйлчилгээг ямар нэг асуудалгүйгээр даган биелүүлж байна гэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.

Өмнөд Солонгост шинээр илрэх халдварын тохиолдол буурчээ

0

БНСУ-ын Сөүлд Гүру дүүрэгт нэгэн оффисийн 90 ажилтан коронавирусийн халдвар авсны улмаас ажлын байранд багагүй өөрчлөлт оржээ. Албан тасалгаанд ажилладаг иргэд хоорондоо хоёр метрээс дотогш зайд харьцахгүй. Мөн нийтийн хоолны газар хашлага зэргийг байршуулж эхэлжээ.

Тухайн ажилтан нь утасны дуудлагын газрын ажилтан бөгөөд гэр бүлийн 9 гишүүнээс гадна хамт ажиллаж байсан 90 хүнд тараасан байна. Тиймээс олуулаа цуглахгүй, ойрхон ярилцахгүй байх, сүмийн цуглаанд явахгүй байхыг сануулсаар байна. БНСУ-д өнөөдрийн байдлаар 7869 хүн коронавирусийн халдвар авч 333 хүн эдгэж, 66 нь нас баржээ.

Сүүлийн хоёр өдөр халдвар тээгчдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Цаашид ч буурах хандлагатай байгаа ажээ.

Коронавирусын тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байна

0
Гадаад харилцааны яам

Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байгаа талаар АНУ-ын Нууц албанаас дараах мэдэгдлийг гаргажээ:

    1. “Phishing emails” буюу бодит байгууллага эсвэл хувь хүн, эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ хүргүүлж буй мэтээр вирустэй хавсралт бүхий цахим шуудан илгээх;
    2. Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвчний халдвар авсан болон эрсдэлтэй бүлэгт хамаарч буй хүмүүст туслах хуурамч хандивын аян зохион байгуулж, цугларсан мөнгийг завших;
    3. Халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлнэ хэмээн хуурч урьдчилгаа төлбөр, барьцаа авах зэрэг болно.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, цахим шуудангаар ирсэн аливаа хавсралтыг нээхийн өмнө эх сурвалжийг нягтлах, тухайн мэдээлэл бодит хүн/байгууллагаас ирсэн эсэхийг шалгаж үзэх, цахим хуудасны домэйн хаягийг вэб хөтчид өөрийн гараар шивж оруулж байж тухайн вэбсайтад зочлох, домэйн хаягийн урьд хэсэгт байрладаг SSL (Secure Socket Layer) нь алдаа зааж буй эсэхийг давхар шалгаж байхыг анхааруулжээ.

ӨНӨӨДӨР: Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

0
Өнөөдөр зурхай

Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Иймд элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Эрүүл мэндийн яам. 11.00 цагаас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-23 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Ц.Элбэгдорж эх орондоо ирэхээр шийджээ

0
Ц.Элбэгдорж

“Парламент” телевизэд ярилцлага өгөхдөө “Би Х.Баттулгын шүүхийн урилгаар Монголд очихгүй” гэж суусан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирэхээр шийджээ.

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар нэгэн цагт амин найзууд байсан. Амин найзуудын зөрчил хурцдаж, бие, биенээ хууль шүүхээр айлгах болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудын зөвлөгөөний үеэр Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудлаар шалгуулахыг хүссэн 170 гаруй хуудас “матаас” барьж гүйсэн. Ямар ч байсан хууль дуудсан цагт зангиагаа зүүгээд очно гэж явсан Ц.Элбэгдорж Х.Баттулгын шүүхийн урилгаар очихгүй гэсэнд олон хүн шүүмжлэлтэй хандсан. Э.Бат-Үүл “Ц.Элбэгдорж ирж тэмцэх хэрэгтэй” гэв.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хууль хүчнийхэн М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат зэрэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан таван хүнийг яллагдагчаар татаад байгаа билээ.  Ямар ч байсан Ц.Элбэгдорж эх орондоо удахгүй ирэхээр болжээ. Тэрбээр “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж” УОК мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал, уулзалт цуцлагдаж, хойшилж, ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод нутаг руугаа ойртож явна” гэж жиргэжээ.

"Франц иргэн өөрийгөө маш их буруутгаж байгаа"

0

Шинэ коронавирусийн талаарх шинэ мэдээллийг ЭМЯ-наас өдөр бүр өгч байгаа билээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусний халдвартай нь тогтоогдсон франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье.
Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Гуравдугаар сарын 11-нд “Багабаян” амралтад 31, “Бадрах Энержи” компанийн кэмпэд 64, Дархан-Уул аймагт  нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр, нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад аваад байна. Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээ хийгдж байна.
Түүний биеийг урд шөнө ажиглаж хонолоо. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад намайг халдвар тараалаа гэж ярьж байна” гэх зэргээр өөрийгөө маш их буруутгаж байгаа. Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөсөн. Хүний сэтгэл санаа тайван байх нь тархлалыг бууруулдаг. Түүнд сэтгэлээ санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ. Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн. Эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэгээр нөлөөлнө. Анх кемпэд тусгаарлахад үл тоож байсан бол одоо эмчтэйгээ ойлголцож, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн.