2024.05.5, Sunday
spot_img
Нүүр хуудас блог хуудас 148

Сургууль цэцэрлэгийн хөл хориог 4 дүгээр сарын 30 хүртэл сунгалаа

0

Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар бүх шатны бололвсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа.
Мөн Улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Улс хоорондын ачаа тэээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор цагдаагийн байнгын хамгаалалттай хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд тэрдундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос дамжин ирж байгаа иргэд орж ирсээр байна. Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагаанд хүндрэл, эрсдэл учруулж байгаа тул зорчих урсгалыг зөвхөн Алтанбулаг боомтоор хийх нь зүйтэй гэдэг дээр Улсын Онцгой комиссын гишүүд санал нэгдэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.

М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, Эдийн засгийн уулзах цэг ХҮН

0
M.Enkhsaikhan

Коронавирус гарсан цагаас монголчууд нэг талаас эрүүл мэндээ хамгаалах, нөгөө талаас эдийн засгаа аврах хоёр зөрчилтэй асуудалтай тулгарна гэж Барууны судлаачид бичиж байсан юм. Цагийн өрнөл үүнийг нотлоод байна. Цаг хожих санаа өгөх үүднээс товчхон бичлээ. Буруу бол уучилна биз. Миний ажиглалтаар коронавирусын аюулыг харилцан адилгүй, бүхэлдээ дутуу үнэлж байгаа байдал харагдаж байна.

Дээрх дүгнэлт эмч, онцгойгийнхонд төдийлөн хамаарахгүй. Гэвч тэдний хувьд гоц халдарт өвчин гэдэг талаас нь хугацааны хоцрогдолтой боловч бас ч үгүй мэдээлэлтэй байгаа харагдана. Гэвч вирустэй тэмцэхэд энэ тал дээр Мэдээлэл цуглуулж, анализ хийх Төв байх хэрэгтэй юм. Тэр нь бодлогын арга хэмжээний ЗАМЫН ЗУРАГ гаргахад нэн чухал ач холбогдолтой. Тэгээд ч энэ асуудал хурдан арилахгүй бололтойдог. Коронавирусын аюулыг дутуу үнэлж байгаа гэх дүгнэлт улс төрчдөд, УИХ болон Засгийн газрын гишүүдэд илүү хамаарч байгаа. Коронавирус нь байгалийн гай гамшгаас илүүтэй том эрсдэл бөгөөд хүн төрөлхтөнд нэгэн зуунд тохиодог ховорхон үзэгдэл тул бүгд л барьц алдаж байгаа. Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл богинохон хугацааны асуудал биш гэдгээс хийх ажлын дараалал гарах учиртай. Дэлхийн эдийн засаг төд өчнөөн хувиар буурна гэдэг тооцоонууд нь зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтээс харж хийж байгаа шулуухан хэлэхэд “өнгөцхөн” дүгнэлт байж магадгүй. Энэ талаар нуршаад яахав.

Эдийн засгийн стратеги ямар асуудал дээр төвлөрөх ёстой вэ гэдгийг товчхон хэлье.

Нэгдүгээрт, коронавирус бол “давагдашгүй хүчин” зүйл гэдэгт хамрагдахгүй л боловуу. Учир нь коронавирусын сөрөг нөлөөг төр засаг нь, төр, хувийн хэвшлийн бүх үйлдвэр аж ахуйн газар, компаниуд бүгд өөр дээрээ цохилт болгон авч байгаа. Хэн нь хэндээ “давагдашгүй хүчин” зүйл гэж гомдоллох билээ дээ.

    • Тиймээс Засгийн газар дээр хэдэн банкуудыг цуглуулаад “ сэтгэл гаргаад” аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлээч гэдэг замаар хол явахгүй.
    • Монголбанк, банкууд, аж ахуйн нэгжүүд бие биедээ хөнгөлөлт үзүүлээд байдлыг дээрдүүлэхгүй гэж харагдаж байгаа.
    • Ер нь макро эдийн засгийн уламжлалт хэрэгсэл төдийлөн үр дүнгээ өгөхгүй.

Хоёрдугаарт, Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бүгд л амсана.

    • Төр Хүнээ хамгаалах ёстой.
    • Бүх үйлдвэр аж ахуйн газрууд мөн л ажиллагсадаа эцсийн дүндээ ХҮНээ хамгаалах ёстой.
    • Эдийн засгаа хамгаалах үр дүнтэй арга нь ХҮНээ хамгаалах болчихоод байна.

Эрүүл мэнд, эдийн засгийн бодлогын уулзах цэг ХҮН болчихоод байна.

ХҮНээ хамгаалж эдийн засгаа аврахын тулд төрөөс олгож байгаа цалин, тэтгэвэрийг баталгаатай өгөх нь тэргүүн зорилт.

Түүнээс дутахгүй том зорилт бол мөн хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ажиллагчиддаа өгч байсан цалинг тасалдуулахгүйгээр, бууруулахгүйгээр 2020 оны турш өгөхийг Төсвөөс дэмжих хууль эрх зүй, санхүүжилтийг батлахыг УИХ, Засгийн газарт  санал болгомоор байна.

УИХ, ЗГ, үйлдвэр аж ахуйн газар, компаниудын коронавирусын үед баримтлах эдийн засгийн бодлогын төвд ХҮН байхыг хүлээн зөвшөөрвөл стратеги хаана хаанаа ойлгомжтой болно

ОХУ, Казахстан улсаас оюутнууд ирэх тул тусгаарлах байруудыг өргөжүүлж байна

0


Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ /2020.3.20/ хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлан, ажиглалтад байна.

ОХУ, Казахстан улсаас оюутнууд ирэх тул тусгаарлах байруудыг өргөжүүлж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт тусгаарлах байрын бэлэн байдлыг хангаж байна. Амар зочид буудалд эрүүл, ажиглалтад байгаа хүмүүс байгаа тул ойр хавийн айлуудад нь эрсдэлгүй гэж хэлмээр байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Берлиний онгоцоор ирсэн 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн 156 хүний шинжилгээ хийгдэж байна. Истанбулийн онгоцоор ирж, тусгаарлагдсан 24 хүнд коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Хэнтий аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу Улаанбаатар руу гарсан байна. Хавьталд орсон хүмүүсийг тусгаарлаж, хяналтад авсан.

КОВИД-19: Эдийн засаг уруудаж эхлэв

0

Коронавирус Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн төлөв байдал, тоон үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж буйг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.

2020 оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал улсын төсвийн орлого 11.7% буурсан бол зарлага нь 42.7% өсжээ. Экспорт 29.5%, импорт 10.4% буурсан байна. Харин аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2% тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8%, агаарын тээврийн орлого 21.7% тус тус буурчээ.

Ковид ба Эдийн засаг

Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатараар бүү сэтгэ

0

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж 12 дугаар ангийн сурагчдад элслэтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд зориулан СД гаргаж байгаа талаар хэлсэн. Интернет, цахилгаан холбоо хөгжсөн энэ үед түүний энэ шийдвэр олон нийтийн шүүмжлэл дагуулав.

Нийт экспортын 95 хувийг уул уурхай эзэлж байна

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын 2020 оны хоёрдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд өнөөдөр танилцуулж байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспортын мэдээллийг хүргэе. Экспорт 770.7 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 322.9 сая ам.доллараар буюу 29.5 хувиар буурсан байна.

Төмрийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95 хувийг эзэлж байна.

УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР

Чулуун нүүрсний экспорт: 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 228.8 сая ам.долларын 2.7 сая тн нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 1.2 сая тн-оор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол 2020 оны хоёрдугаар сард 82.3 ам.доллар болжээ. Чулуун нүүрсний 96 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт:  Оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 192.2 мян.тн зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 37.1 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,347.2 ам.доллар, экспорт үнийн дүн 309.0 сая ам.доллар байсан бол 2020 оны 2 сард дундаж үнэ 1,139.6 ам.доллар, үнийн дүн 219.1 сая ам.доллар болж тус тус буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт: Оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.4 сая тн буюу 98.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.0 мян.тн-оор, үнийн дүн нь 46.7 сая ам.доллароор тус тус өсжээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 69.3 ам.доллар болж, өнгөрсөн оны  мөн үеийнхээс 25.1 ам.доллараар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт: Оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 82.2 мян.тн буюу 20.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 13.0 мян.тн-оор их, үнийн дүнгээр 3.1 сая ам.доллароор бага байгаа нь хайлуур жоншны экспортын дундаж үнэ 91.6 ам.доллароор буурсантай холбоотой. Хайлуур жоншны 29.4 хувийг ОХУ руу, 70.2 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт: Оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 26.4 мян.тн-д хүрсэн байна. Цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,343.2 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 54.6 ам.доллароор буурчээ. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 35.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 сая ам.доллароор өссөн байна.

Молибдений баяжмалын экспорт: Оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 7.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. Молибдений баяжмалын 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,761.1 ам.доллараас 7,000.5 ам.долларт хүрч 1,760.6 ам.доллараар буурсан байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 1,039.6 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 103.7 тн-оор их байна. Молибдений баяжмалын 87.0 хувийг БНХАУ руу гаргасан байна.


ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

Коксын экспорт: Хоёдугаар сарын гүйцэтгэлээр 412.7 тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.3 мян.тн буюу 96.8 хувиар, үнийн дүнгээр 70.0 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 2.6 сая ам.доллар буюу 97.4 хувиар тус тус буурсан байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): Хоёдугаар сарын гүйцэтгэлээр 2.1 мян.тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 600.6 тнбуюу 39.5 хувиар, үнийн дүнгээр 12.1 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 3.2 сая ам.долларбуюу 36.2 хувиар тус тус өссөн байна.


ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

Боловсруулаагүй нефтийн экспорт: 2020 оны хоёр сард хорио цээрийн улмаас боловсруулаагүй нефтийн экспорт зогсож 287.7 мян.бар буюу 16.9 сая ам.доллар буюу 1 сарын гүйцэтгэл хэвэндээ байсан нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 723.6 мян.бар-иар, үнийн дүн 36.0 сая ам.доллароор тус тус бага байна. 1 баррель  түүхий нефтийн хилийн дундаж үнэ 52.4 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 58.8 ам.доллар болж 6.4 ам.доллароор өссөн байна.

Монгол Улс 30.7 тэрбум ам.долларын өртэй

0
Гадаад өр

Монгол Улсын нийт гадаад өр 2019 онд 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2 тэрбум ам.доллар буюу 6.8 хувиар өссөн байна.

  • Компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар
  • бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар
  • Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар
  • Төв банкных 2 тэрбум ам.доллар байна.

Улсын нийт гадаад өр өсөхөд төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 4%, төв банкных 2.2% тус тус буурсан ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 12%, Засгийн газрынх 7.2%, бусад салбарын өр 5.9 хувиар өссөн нь нөлөөлжээ. Нийт гадаад өрийг салбараар нь ангилбал:

  • Компани хоорондын зээллэг 33.7 хувь
  • Бусад салбарынх 27.8 хувь
  • Засгийн газрынх 25.1 хувь
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7.0 хувь
  • Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.
Засгийн газрын нийт өр 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөг ба 6.9%-аар нэмэгдсэн байна.

"Тусгаарлагдсан хүмүүс тагтан дээрээ шүлсээ хаяж байна гэсэн”

0

Шинэ коронавирусийн тархалтай холбоотой УОК-оос авч байгаа арга хэмжээний талаар Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Монгол Улсад өнөөдрийн /2020.03.19/ байдлаар 1734 хүн 21 цэгт тусгаарлагдсан. Иргэддээ хандаж хэлэхэд, Алтанбулаг, Цагааннуурын боомтоор орж ирэх хэрэгтэй.  Мөн онцгой үед өрөөсгөл буруу ташаа мэдээлэл олон нийтийн дунд тараах тохиолдол цөөнгүй байна. Тиймээс арга хэмжээ авна. Сануулж хэллээ, Монгол хуультай, дүрэмтэй. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас хатуу арга хэмжээ авна. Зарим нэг мэдээлэл өдөөн хатгасан, мушгисан байдалтай байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын ачааг 14 хоног каргод байрлуулж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжөөр 14 хоног тэнд байрлуулна. Гэтэл карго доторх бараанаасаа юм авна гэх асуудал их яригдаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг бүгд дагаж мөрдөх учиртай. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд, дарга цэрэг нараар их яриулж байна. Үүнийг хүлээж авахгүй. Бид арга хэмжээгээ авч байна. Мэргэжлийн байгууллагын авч байгаа арга хэмжээг бүгд дагаж мөрдөх ёстой. Дээрээс доороос яриулдагаа болиорой.

Мөн тусгаарлагдах байгаа хүмүүсээс хоол унд муу байна гэж хэл ам гаргаж байна. Тийм зүйл байгааг үгүйсгэхгүй. Бид өнөөдөр 15.00 цагт бүх тусгаарлалтын цэгийг тойрч, хүндрэлтэй асуудалтай бүгдтэй нь танилцана. Өчигдөр “Парк” зочид буудлын эзэн ирээд хүндрэлээ ярьсан.

Зочид буудалд тусгаарлагдсан хүмүүс тагтан дээрээ гараад зогчихсон, шүлсээ үсэргээд хаяж байгаа зураг үзүүлсэн. Тэд бас буудлын үйлчилгээ нэхэж байгаа гэсэн. Та бүхэн тусгаарлалтад байгаа шүү.

Үүнийг шулуухан хэлчихье. Шуурхай штабаас хоолны меню гаргасан. Гэтэл хэдхэн халбага бантан өгч байна гэж гомдол гаргаж байна. Доод түвшний удирдлага ажлаа яаж хийж байгааг шалгана. Хүндрэл чирэгдэл гаргуулахгүй байх талаас үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна. Хөдөлгөөний хязгаарлалт хийчихсэн, хорио цээрийн үед гадуур хүүхдүүдээ дагуулаад явж байгаа хүмүүс олон байна. Өвчний нөхцөл байдал ямар байгааг мэдэж байна уу. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл зөвлөмжийг дагаач. Цаг яагаа ч үгүй байгаа. Ард иргэд минь тайвшраад гадуур явахаа болиоч ээ. Төрд бүх зүйлээ даатгаж болохгүй. Агаарын хөлгөөр ирсэн иргэдийн гадаад паспортыг хурааж авсан. Төлбөрөө төлсөн хүмүүст паспортыг нь олгоно. Төлбөрөө төлөөгүй хүмүүс цөөнгүй байна. Төл гээд шийдвэр гаргасан бол төлбөрөө төл. Нялцганасан юмнуудыг хүлээж авахгүй. Гаргасан шийдвэрийг бүгд дага. Ард иргэд минь сахилга хариуцлагатай, ухамсартай байцгаа. Бүгд хамтдаа гэтлэн давах хэрэгтэй. Даваад гарсан жишээнүүд гадаадад байна. Бид төртэй, засагтай, хуультай. Дор дороо хичээж байх шаардлага тавьж байна.

МХЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг тусгаарласан. Бүх зүйл маш нарийн хяналтан дор явагддаг учир хүн тусгаарлахгүй явуулах тохиолдол огт гарахгүй.  ОХУ-аас өчигдөр хүнсний болон тоног төхөөрөмж ачсан 23 машин Улаанбаатар руу орж ирж байна. Үүнээс найм нь монгол жолооч. Уг жолооч нарыг тусгаарлана. Ирсэн бараа бүтээгдэхүүнийг ном дүрмийнх нь дагуу ариутгах болно. Үлдсэн гадаадын 15 жолооч нь цагдаагийн хяналт дор машинаасаа огт буухгүйгээр буцаад хилээр гаргана” гэв.

ШӨХТГ: Манай 115 утсанд 194 иргэнээс гомдол мэдээлэл ирсэн. 134 нь худалдаа үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол ирсэн. Ингэхдээ ямар үнээр зарж байгаа нь мэдэгдэхгүй үнээ тавихгүй байна гэсэн. Тиймээс байцаагч нар газар дээр нь ажиллаж, үнээ тавихыг шаардаж байгаа. Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай, эмийн санд гар ариутгагч, спирт хангалттай байгаа” гэв.

COVID-19-ын эсрэг багц тусламжийн хэмжээг 14 тэрбум долларт хүргэв

0

Дэлхийн Банк болон ОУСК-ын Захирлуудын зөвлөлөөс улс орнуудын засгийн газар, компаниудад COVID-19-ын хурдацтай тархалтаас сэргийлэх, илрүүлэх болоод хариу ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлэх зорилготой яаралтай санхүүжилтийн багцыг 14 тэрбум болгон нэмэгдүүлж баталлаа.

Уг санхүүжилтийн багц нь:

  • Өвчнийг тархалтыг барих, оношлох, эмчлэх,
  • Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах,
  • Үндэсний тогтолцоог бэхжүүлэх,
  • Хувийн хэвшлийг дэмжих юм.

Дэлхийн Банкны группийн гишүүн ОУСК нь уг 14 тэрбум долларын багцын 6 тэрбум долларыг COVID-19 өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор гаргах байсан хэмжээг 8 тэрбум ам. доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл гэх зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм. Үүнээс гадна онцгой байдлын хариу ажиллагаанд нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрэлт нэмэгдэж буй энэ үед голлох үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон холбогдох бусад салбарт дэмжлэг үзүүлнэ.

ОУСК-ийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус байгууллагын харилцагч банк санхүүгийн байгууллагаар дамжин тэдгээрээр үйлчлүүлдэг, эдийн засгийн гацалтаас үүдэн хүнд байдалд байгаа хувийн компаниудад худалдааны санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээл болон дунд хугацааны бусад хэлбэрийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх юм.

“Энэ нөхцөл байдлыг даван гарахад шаардах хугацааг бид богиносгох нэн шаардлагатай байна. Уг санхүүжилтийн багц нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилчдад КОВИД-19-ийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөг бууруулахад хэрэгтэй дэмжлэг болж очих юм” хэмээн Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Давид Малпасс өгүүлэв.

Мөн тэрээр “Дэлхийн Банк Групп, улс орнуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан хурдацтай бөгөөд уян хатан хариу ажиллагаа, дэмжлэгээ тууштай авч хэрэгжүүлэхэд бэлэн байна. Эхний ээлжийн дэмжлэг эхэлсэн байгаа. Өнөөдөр баталсан санхүүжилтийн өргөтгөсөн хэрэгслүүд нь улс орны эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжин, ажлын байрыг хадгалан үлдэхэд түлхэц үзүүлнэ” гэж тэрээр онцлов.

Нэмж баталсан 2 тэрбум долларын санхүүжилт нь гуравдугаар сарын 3-нд анх зарлаж байсан эрүүл мэндийн тогтолцоо болон өвчлөлийн тандалтыг сайжруулахаар Дэлхийн Банкнаас олгох 6 тэрбум доллар болон эдийн засгийн цочролд илүү эмзэг бичил болоод жижиг, дунд бизнесийг хаалгаа барихаас сэргийлэхэд туслах ОУСК-ын 6 тэрбум долларын санхүүжилтийн багц дээр нэмэлт санхүүжилт болон очих юм.

“Уг цар тахал амь насанд халтайгаас гадна онц байдлыг давснаас хойш эдийн засаг , иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөө нь илүү удаан үргэлжлэхээр байна. Энэ үед манай харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг алдагдуулалгүй дэмжсэнээр хөгжиж буй орнуудын хувийн хэвшил эдийн засгаа илүү хурдан сэргээх чадалтай болно хэмээн найдаж байна” гэж ОУСК-ийн Гүйцэтгэх захирал Филипп Ле Хоүрү өгүүлэв. “Ингэснээр нийгмийн эмзэг бүлэг өөрсдийн амьжиргааг илүү богино хугацаанд сэргээж, ирээдүйдээ дахин хөрөнгө оруулж эхлэхэд тустай юм” гэж тэрээр мөн тодотгов.

2008 оны олон улсын санхүүгийн хямрал, баруун Африкийн эбола вирусийн тахлын үеэр ОУСК яаралтай арга хэмжээ авч чадсан нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн идэвхжлийг сулруулахад хүргэх дэлхийн болон бүс нутгийн шинжтэй хямралд амжилттай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн түүхтэй юм.

ОУСК-ийн уг дэмжлэг нь дараах 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж буй юм. Үүнд:

  1. Бодит салбаруудын хямралын хариу ажиллагааны хөтөлбөрөөс олгох 2 тэрбум ам.доллар. Үүнд дэд бүтэц, үйлдвэр, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд дахь одоогийн харилцагч нар хамрагдах бөгөөд үүний хүрээнд ОУСК-иас санхүүжилт хэрэгтэй компаниудад зээл олгож, шаардлагатай бол хувьцааны хөрөнгө оруулалт хийнэ. Эрэлт нэмэгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний компаниудад мөн энэхүү хэрэгслээр дамжуулан дэмжлэг үзүүлнэ.
  2. Даян дэлхийн худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Энэ нь санхүүгийн байгууллагуудын төлбөрийн эрсдэлийг шийдвэрлэхэд чиглэгдэх бөгөөд ингэснээр импорт, экспортын худалдаа эрхэлдэг компаниуд тэднээс санхүүжилт авах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд нийлүүлэлтийн шат дамжлага дахь жижиг, дунд бизнес эрхлэгчид үр шим хүртэнэ гэж ОУСК үзэж буй юм.
  3. Эргэлтийн хөрөнгө шийдвэрлэх хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Үүний хүрээнд хурдацтай хөгжиж буй орнуудын банкнууд санхүүжилтийн эх үүсвэрээр хангагдах ба ингэснээр тус банкнууд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөө зузаатгаж, төлбөрөө төлж, ажилчдадаа цалин тавихад ашиглах зээл олгох боломж бүрдэх юм.
  4. Харилцагчдын хүсэлтээр санаачилж, 3-р сарын 17-нд батлагдсан шинэ бүрэлдэхүүн хэсэг. Даян дэлхийн худалдааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр болон Гол түүхий эд бүтээгдэхүүний санхүүжилтийн хөтөлбөрийн хамтарсан эх үүсвэрээс үүнд зориулж нийт 2 тэрбум долларыг санхүүжүүлнэ. Тус хоёр хөтөлбөр нь дотоодын банкнуудад эрсдэл хуваах дэмжлэг үзүүлж, улмаар хурдацтай өсөж буй орнуудын компаниудад санхүүжилт тасалдахаас сэргийлнэ.

ОУСК-ын удирдлага өмнөх хямралын үеэр үзүүлсэн дэмжлэгийн нэгэн адилаар аливаа төслийг санхүүжүүлэхдээ зээл, байгаль орчин болоод нийгмийн хүрээнд тавигдах шалгуурт тулгуурлан батална.

ОУСК нь уг санхүүжилтийг яаралтай дайчлах ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал, тэд саяхан Вьетнамын дөрвөн банкны худалдааны санхүүжилтийн дээд хязгаарыг 294 сая доллараар нэмэгдүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус банкнууд санхүүжилтийн хэрэгцээтэй байгаа компаниуд, нэн ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тасралтгүй санхүүжилт олгох боломж бүрдсэн.

ОУСК нь өөрийн хариуцлагын өндөр хэм хэмжээг сахихын зэрэгцээ компаниудад аль болох түргэн шуурхай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцгой анхаарч ажиллах болно. ОУСК-ын удирдлага өмнөх хямралын үеэр үзүүлсэн дэмжлэгийн нэгэн адилаар аливаа төслийг санхүүжүүлэхдээ зээл, байгаль орчин болоод нийгмийн хүрээнд тавигдах шалгуурт тулгуурлан батална.

ЗГ: Шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулна

0

Засгийн газрын өнөөдөр /2020.03.19/-ийн хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргажээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр Шатахууны үнэ өчигдрөөс 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна гэж хэлж болно. Цар тахлаас шалтгаалж, Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно. Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Цаашид шатахууны агуулах саваа бүрэн ашиглах ёстой. Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх чиглэл барьж байна. Улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй гэсэн үг.

-Нүүрсний экспортын эхлүүлэх бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ. Хэзээнээс эхлэх вэ?

-Нүүрсний экспортын тухайд ирэх Даваа гаригаас өмнө ЗТХЯ-ны дэд сайд ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Үүний дараа Б.Энх-Амгалан сайд бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. Эдийн засаг чухал ч гэсэн Монгол хүний эрүүл мэнд маш чухал гэдэгт анхаарч байна. Нүүрсний экспортын зогсоосноор төлөвлөсөн хэмжээнээсээ хоцрогдолтой явж буй. Тиймээс бид аюулгүй байдлаа маш сайн хангаж, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлж, алдагдлаа нөхөөд явна гэж үзэж байгаа.

-IPO гаргах асуудал гацсан, зогссон гэж үнэн үү?

-Засгийн газрын тэргүүн үүрэг чиглэл өгсөн. Энэ Засгийн газар IPO хийх боломж бололцоо байхгүй, хойшлуулна гэдэг тодорхой саналыг хэлсэн. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй, дэлхийн жишгээр цаашид хөгжих ёстой.

НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД 300 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОЖ, НООЛУУРЫН ҮНИЙГ 100 МЯНГААС БУУРУУЛАХГҮЙ

Засгийн газрын хуралдаанаар  ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ. Энэ жил  10,2 мянган тонн ноолуур бэлтгэхээр байна. Өнгөрсөн жил  нийт бэлтгэсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, дэлхийн зах зээлд гаргасан, 10 орчим хувийг самнаж экспортолсон, 65 хувь нь анхан шатны тордолт хийж экспортолсон байна. Төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо бүрэн бэлтгэж, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно гэсэн тооцоо хийж байна. Ингэснээр дунд нь гарах хүүгийн зээлийг төр хариуцаж, 30 тэрбумын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн. Цаашид ноолуурын нөөцтэй байх, ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана. Мөн үндэсний үйлдвэрлэгчид тодорхой хуваарийн дагуу төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийг төрийн хяналт дор зохион байгуулна. Хуваарийг аймаг, сумдаар нь гаргаж үйлдвэрүүдтэй холбох ажлыг төр хийнэ. Өнгөрсөн жил ноолуурын үнэ ханшийн хэлбэлзэл санхүүгийн амаргүй нөхцөл байдалд оруулсан. Тиймээс энэ жил зээлийн хүүг нь 50-иас доошгүй хувиар бууруулах боломж бүрдүүлж байна. Нөгөө талдаа малчдадаа эргээд урамшуулал олгогдох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байгаа. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх зорилт тавьж байна.