Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосныг УДШ өнгөрөгч 2017 оны Арванхоёрдугаарт сард хянан хэлэлцээд хорих ялын хэмжээг бууруулж, 20-25 жилийн хорих ял оноосон билээ.
Тэгвэл өнөөдөр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ.
Тэгвэл энэ шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын Б.Энхбаяр: С.Зоригийн амь насыг (мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье!
1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.
2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-ээс нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Ц.Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.
3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.
4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ.
5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа” гэсэн байна.