Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хаалттай хэлэлцэж байна. Тодруулбал, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцлээ. УДШ-ээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар болжээ.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг баривчлан, шүүхээс ял шийтгэл оноосноос хойш тэдний хувийн өмгөөлөгч шиг ажиллах болсон Монголын төрийн сайд Ц.Нямдорж захиалагчийн хэргийг замхруулах, С.Зоригийн алуурчдыг суллахын тулд “сүүлчийн ганц цамцаа” урах нь холгүй яваа.
Түүний сандарсан, бухимдсан, барьц алдсэн энэ үйлдэл С.Зоригийг амь насыг хөнөөсөн аллагын захиалагч нь Ц.Нямдорж байв уу гэх хардлага олон нийтэд үлдээсний нэг нь Э.Бат-Үүл. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүн нь Ц.Нямдорж байж болзошгүй гэсэн юм.
С.Зоригийг алсан гэх онц ноцтой хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял хүлээлгэсэн гэж экс тагнуулч Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарт шүүхээс 1-2 жилийн ял шийтгэл оноосон билээ. Үүний дараа буюу Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн яллагдагчдын өмгөөлөгчдийн зүгээс УЕП хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүүх рүү хүргүүлсэн байна. Энэ дүгнэлтийг үндэслэн Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хэрэг мөрдөн байцаалтанд буцах юм. Ингэснээр шийтгүүлсэн хүмүүс батлан даалтаар суллагдах боломж бүрдэх юм.
Б.Хурцыг шоронд аваачиж хийснийхээ маргааш л Ц.Нямдорж хэвлэлийнхнийг дуудаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой гэж зарласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Ц.Нямдоржийнхоо өмнөөс гүйгээд байгаа нь улс төрийн учир шалтгаантай байх. Түүнээс Х.Нямбаатар өөрөө Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудал өөр. Түүнд гурван шатны шүүхээс ял оноосон нь бүр өөр гэж тайлбарлаж байсан хүн шүү дээ. Эрх биш хуульч юм болохоороо Ц.Нямдоржийн зөв, бурууг гадарлаж байгаа байх.
Улсын дээд шүүх хэрэвзээ гурван шатныхаа шүүхийн шийдвэрийг үгүйсгэх юм бол өөрсдөө муухай харагдана. Үгүй дээ л МАН гар хөл болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх болно.
УДШ Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Эрүү шүүлт тулгах” /21.12. Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж буруутгасан болохоос тэднийг хэлмэгдүүлсэн гэж үзээгүй.
Учир нь Б.Хурц, Г.Эрдэнэ бат нарт анхан шатны шүүхээс оноосон Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх Эрүүгийн хэргийг “нотлох баримтаар тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсдүүлээгүй гэж үзсэн хэрэг. Тиймээс Ц.Нямдоржийн хүссэнээр Улсын дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах юм бол МАН болоод УДШ хоёулаа муухай харагдана.
А.Чандмань