2024.04.28, Sunday
spot_img
НҮҮР1Иргэдийнхээ янзыг үзэв үү, ясыг тогшив уу!

Иргэдийнхээ янзыг үзэв үү, ясыг тогшив уу!

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өнгөрөгч Баасан гаригийн өдөр нь цацагдаж, орой нь нийслэлийн бүх машин ШТС-ууд дээр бөөгнөрөл үүсгэв. Бөөгнөрсөн хүмүүс мэдээж  сошиалд бөөн уур унтуу, хараал ерөөл болцгоов. Гэтэл энэ нь худлаа мэдээлэл болж таарав.

 Ашигт малтмал, газрын тосны газар ийм мэдээлэл цацаагүй гэж гүрийв. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэх нь худлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Монголын АИ-92 бензиний шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлж байгаа. Олон улсад шатахууны үнэ өсч байгаа. Зах зээлд АИ-92 бензин 1430 төгрөгөөр нийлүүлэгдэж байна. Хэрэв үнийг нэмвэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ” гэв.

Ахиад төрийн хүчирхийлэл, дарангуйлал. Шатахууны үнийг нэмбэл импортлогчид бизнесээ хураалгаж таарах бололтой. Чөлөөт зах зээл рүү, хувийн өмч рүү халдахыг л жинхэнэ дарангуйлал гээд байгаа юм шүү дээ.

Мөн өдөр Сангийн сайд хэвлэлийнхэнд хандаж “Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт зэрэг бүх арга хэмжээ долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа. Энэ бол Засгийн газар,  төсвийн хувьд нэлээд тулгамдсан асуудал болсон. Энэ талаар бид эрсдэлийн шинжилгээ хийж байна. Цаашид ковидын нөхцөл байдал эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдгийг цогцоор нь тооцоолох ёстой.   Долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар энэ асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэнэ. Их, дээд сургуулиудын хувьд хавтгайрсан тусламж, зээлээр  санхүүжүүлдэг системийг хална. Шалгуур үзүүлэлтүүд тавьж, тэдгээрийг ханган суралцаж байгаа шилдэг оюутнуудад, дээрээс нь нийгмийн захиалгат шаардлагатай мэргэжлүүдээр суралцаж байгаа оюутнуудад зээл тусламж санхүүжилт  өгдөг систем бий болгоно” гэж мэдээлсэн.

Үүнийг мөн л няцааж, Засгийн газраас “Долдугаар сарын 1-нээс бүх төрлийн халамж зогсоно гэдэг худал мэдээлэл. Хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлт  гээд таван төрлийн халамжийг Засгийн газрын хурлаар орж хэлэлцүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэх болно” гэв.

Түүнчлэн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ээлжит нэгэн хурлаараа хөл хорио тогтоох эрсдэл байгааг мэдээлсэн. Гэтэл мөн тун удалгүй “бид тийм зүйл яриагүй, хэлээгүй” болоод явсан.

Энэ мэтээс харахад манай төр хэлсэн ярьснаа байнга үгүйсгэдэг гэм биш зантай болчихлоо. Ийм зантай хүнийг монголчууд орон гаран гэж хэлдэг.  Тэгэхээр иргэдээ танддаг байдлаа зогсоохгүй бол Засгийн газар маань орон гаран хүн шиг харагддаг боллоо шүү.  Эсвэл иргэдийнхээ янзыг үзээд ясыг нь тогшоод байна уу.

Б.Чандмань

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!