Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцжээ.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,2 их наяд төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7356 зээлдэгчид олгоод байна.
Зээл авсан 7356 зээлдэгчийн 1146 нь аж ахуйн нэгж, 6210 нь иргэн байна. Үлдсэн 1.8 их наяд төгрөгийн 12049 хүсэлт судалгаанд байгаа бол 7882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256 сая төгрөг байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1557 зээлдэгч нийт 246 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.