2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ?

ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ?

Орос, Хятадын дунд “Ардчиллын баян бүрд” болон торойх Монгол орон минь ээлжит сонгуультайгаа  золгож байна.

Тэртээ 30 жилийн өмнөх анхны ардчилсан сонгуультай харьцуулбал их зүйл өөрчлөгджээ.

Дэндүү гэж хэлж болох эрх чөлөөнд дасал болчихоод ардчилал байж л байдаг зүйл гэж бодох шинэ үеийнхэн олонхи болсон байна.

Тэдний санал өгөхөөс өөрсдийнх нь болон бидний эрх чөлөөт амьдралын загвар өөрчлөгдөх цаг үе дээрээ ирсэн шиг байна.

Хорьдугаар зуун дарангуйлагчдын мандаж мөхсөн, хүн төрөлхтөнийг харанхуй нүхэнд унагасан зуун байлаа.

Хорьдугаар зуунд коммунистуудын  бусдын хөрөнгийг  хураахаас айсан европын дундаж давхрага фашист дарангуйллыг хүссэнээрээ ардчиллыг доройтуулсан байдаг.

Хорин нэгдүгээр зуунд хүмүүс аливаа дарангуйлал зөвхөн хувийн өмчид халдах биш , эрх чөлөөг устгаж, олон сая хүний амь насыг авч явдгийг мэдэж авсан.

Дарангуйлах үзэл дарангуйлагчтайгаа хамт үхдэггүйг ойлгохын дээдээр болсон. Цагийн эрхээр эмчлэгдэх энэ эмгэг зарим оронд байсаар л байна.

Монголд ч мөн адил. Тэр тусмаа “Том ах”-тай байх синдром арилаагүй л байна.

Төрийг ардчилахын тулд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хувааж тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдгийг дэлхийгээрээ хүлээн зөвшөөрдөг.

Угтаа хууль тогтоогчид нь “Сонгогдох эрх мэдэл”, Засгийн газар, шүүх нь “ Томилогддог эрх мэдэл” юм.

“Томилогддог эрх мэдэл” нь “Сонгогддог эрх мэдэл”-ээс улс төрийг булааж, хууль ёсыг  гажуудуулж, баривчилгаа, хэлмэгдүүлэлт зохион байгуулж байгаа нь ардчиллыг завхруулж буй үйлдэл юмаа.

Ийм завхрал гарахад МАН, АН буруутай. Тэд сонгогчдод сонголт хийх бололцоо олгодоггүй бүгдээрээ л ардчилсан дүртэй ялгахад хэцүү.

Ардчилсан нийгэмд зүсэн зүйлийн үзэлд хүлцэнгүй ханддаг.

Гэхдээ эрх чөлөө, зах зээлд дайсагнах хэн нэгнийг төрд ойртуулахгүй байх анхны “шүүлтүүр” нь улс төрийн нам байж чадсан газарт  ардчилал найдвартай, хөгжил тогвортой байдаг.

Монголд МАН, АН төрийн босгыг дордуулсаар анхдагч “шүүлтүүр”-ийн үүрэг ролийг орхигдуулсаар иржээ.

Нэгэнт сонгогчдод өөрсдөд нь эрх чөлөө, зах зээл, өмчөө хамгаалах үүргийг ноогдуулж буй үед нэр дэвшигчдэд хэнд нь санал өгөх вэ? гэдэг улс төрийн сонголт хийх шаардлага байгаа нь мэдээж. Тэр тусмаа бүгд гоё ярина, амлалтаараа уралдана.

Сонголтоо зөв хийхийн тулд дараахь 4 шалгуурыг хэрэглэж үзэхийг санал болгосон байдаг. Хэрвээ эдгээр шалгуурыг даахгүй бол нэр дэвшигчид санал өгөхгүй байх нь үр хүүхдүүдийн чинь ирээдүйд өлзийтэй.

Шалгуурууд:

  1. Ардчилалд дургүй хандлагатай эсэх/Үндсэн хуулийг үл ойшоодог, өөрөөр засаглахыг хүсэмжилдэг, сонгуулийн дүнг үл зөвшөөрөх/
  2. Өрсөлдөгчийнхөө хууль ёсны эрхийг үл хүндэтгэх хандлагатай эсэх /Өрсөлдөгчөө дайсан гэж хардаг, гэмт хэрэгтэн , тагнуул гэж цоллодог/
  3. Иргэний эрх чөлөө, хэвлэн нийтлэхэрх чөлөөнд халддаг эсэх /Авторитар дэглэм, Орос Хятадыг үлгэрлэх өнгөтэй, хуулийн байгууллагыг улс төрд ашигладаг, сэтгүүлчдийг үл ойшоодог,/
  4. Хүчирхийлэх хандлагатай эсэх /Хүчирхийлэлд уриалдаг байгууллагыг дэмждэг эсэх, хүчирхийллийг буруушаахаас зугатаадаг, өмгөөлж хамгаалдаг /

Энэхүү шалгуурууд нь дарангуйлагч дэглэмийн зовлон бэрхшээлийг биеэрээ туулсан улс төр судлаачдын зөвлөгөө ажээ.

Сонгогч Та сонголтоо хийчихсэн байгаа гэсэн хэдий ч сонголт маань зөв эсэхэд энэ зөвлөгөөг хэрэглээд үзэхэд буруутахгүй.

Ардчилал Таны сонгох эрхийг чинь авчирсан. Харин ямар төртэй байх нь Таны сонголтын асуудал.

Эрх мэдлийг шүүрч аваад тэндээ бүгших санаархлыг эсэргүүцэн дуугарч чаддаг зоригтой улс төрч энэ цаг үед их л хэрэгтэй санагдаж байна.

Монгол эрх чөлөө, өмч хөрөнгө, зах зээлээ хамгаалан байж эдийн засгийн хямралыг зөөллөж, ардчиллын эрүүл мэндийг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

М.Энхсайхан

2020.06.22 Шоронгийн эмнэлэгт бичив.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!