Дараалсан гурван сонгуулийн дараа намдаа үнэмлэхүй ялалт авчирсан У.Хүрэлсүх зургаан жилээр Төрийн Тэргүүний алба хашна. ҮАБЗ-ийг даргалдаг, прокурорын удирдлагуудыг томилох, хууль санаачлах, хориг тавих эрхтэй Ерөнхийлөгчийн институцийг шүдгүй арслантай яахин зүйрлүүлэх билээ. Түүний гал тогоог хэн барих болон хэн, хэнийг зөвлөхөөрөө авах нь олны анхаарлын төвд байна. Товчхондоо, Х.Баттулга шиг хулгайчийн нөөцтэй юу эсвэл МАН болоод У.Хүрэлсүх хүний нөөцтэй юу гэдгийг шинэ Ерөнхийлөгчийн томилгоо харуулна.
Шинэ Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө буюу зургадугаар сарын 14-нд тангараг өргөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээтэй зэрэгцээд түүний гал тогоог хариуцах хүний нэрс тодорч байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг нь Ерөнхийлөгчийн тамгыг атгах болов уу гэсэн таамаглал Тусгаар тогтнолын ордноос хөвөрч байна.
Аль, аль нь У.Хүрэлсүхийн шадар найзууд, улс төрийн ойрын холбоотнууд. Хэн ч болсон У.Хүрэлсүхийн хувьд ялгаа байхгүй юм. Гэхдээ тэдний хувьд олон нийтийн дунд нэр хүнд муутай. Хоёулаа ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ерөнхийлөгчөөсөө дутуугүй улстөрждөг нэгэн байж болохгүйг З.Энхболд сайн харуулсан гэхэд болно. Харин түүний оронд томилогдсон Ө.Шижир залуу хүн гэхэд харьцангуй тулхтай ажилласан.
Ямар ч байсан шинэ, содон гоё томилгоо болж чадахгүй болов уу. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бол улс төрийн талаасаа ч улс орны аюулгүй байдал талаасаа чухал алба. ҮАБЗ-ийн гал тогоог хариуцах хүн Монголын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч байх ёстой. Энэ албыг одоогоор Х.Баттулга А.Гансүхэд хариуцуулсан. Гэвч харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулгын муу муухай бүхнийг А.Гансүх гардан хийдэг байсан нь өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой баримт нотолгооноос тодорхой болсон.
Ерөнхийлөгчийн улс төрийн ахлах зөвлөх бол бусад зөвлөхүүдээс илүү чухал байдаг. Х.Баттулгад Н.Алтанхуяг зөвлөж байсан бол У.Хүрэлсүх хэнээр улс төрөө зөвлүүлэх нь бас л сонирхол татахаас аргагүй томилгоо болно.
Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад болон эдийн засгийн зөвлөхүүд маш сул хүмүүс байсан. Мөн цаазын ялыг сэргээх санаархлаа байнга илэрхийлдэг Г.Уянгын хүний эрхийн зөвлөхөөр авсан багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Асаа Давгадоржийг албан бус зөвлөхөөрөө авсан ч өнөөх нь амиа бодоод зугатчихсан юм. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргаа өөрөө томилно. Мэдээж, өнгөрсөн хугацаанд МАН руу “галласан” хошууч генерал Д.Ганзоригтой хамтрахгүй л болов уу.
Ямар ч байсан шинэ Ерөнхийлөгч хулгай, худалч гэх шошго зүүсэн хуучин багаа авчрах юм бол Ерөнхийлөгчийн институциэс юу ч хүлээх хэрэггүй болно гэсэн үг.
Б.Чандмань