Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгогчдын дунд ийм яриа болсон.
-АН Женко гэдэг хулгайчийг 2017 онд нэр дэвшүүлсэн гайгаа намаараа амсаж байна даа.
-Женко ямар хамаатай юм. Намаа шороотой хутгасан С.Эрдэнээ хэлээч…
Хэрвээ Женко байгаагүй бол, С.Эрдэнэ сонгуульд ороогүй бол АН-ыг дэмжих гээд байсан ч юм шиг, үгүй ч юм шиг тийм яриа. Ерөөсөө энэ хаврын улс төрийн хамгийн тод зураглал. Ерөнхийдөө Женко муухай, С.Эрдэнэ “баба” гэхээсээ илүү энэ хоёрын дунд үүссэн, ерөөсөө нам дотор бий болсон сүүлийн дөрөв таван жилийн хагарал, талцлыг буруутгасан, жийрхсэн тийм яриа нийт иргэдийн дунд байсаар л байсан. Харин намын гишүүд нь Х.Тэмүүжиний хэлснээр дарга нарынхаа хашаанд орсон “хоттой хонь” шиг л явж ирсэн. Хавар болсон АН-ын даргын сонгуулиар ч гэсэн яг л тийм дүр зураг харагдсан шүү дээ. Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр өөр өөрийнхөө хашаан дахийг тоолж байгаад нэгийгээ үзэж тарсан. Х.Баттулгын хашаанд 70 мянган хүн саналаа өгсөн, С.Эрдэнийнхэд 30 мянга. Ингээд АН албан ёсоор хоёр даргатай, хоёр тамгатай болсон. Харин МАН-ын шүүх аль алийг бүртгэж авдаггүй ээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг таашгүй. Ирэх 2024 оны сонгууль хүртэл энэ хэвээрээ үргэлжилж ч магадгүй.
Гэвч энэ дүр зургийг өөрчлөхөөр АН-ын хэсэг гишүүд “100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах” аяныг өчигдөр эхлүүллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар. Албан ёсоор бүртгэлтэй АН-ын 180 мянган гишүүний 100 мянгынх нь буюу олонхийн гарын үсгийг цуглуулж, АН-ын Онц их хурлыг зарлая. Нам дотор нүүрлээд байгаа хагарал талцлыг дуусгая. Хоёр тамгатай, хоёр даргатай АН-ыг нэгтгэж нэгдмэл цул хүч болгоё гэв.
Аз болоход энэ аяныг эхлүүлсэн, намаа нэгтгэх санаачилга гаргасан нөхөд дээрх хоёр талын аль алинд нь багтаагүй, дундыг барьж, төвийг сахисан гишүүд байна. Х.Баттулгын ч, С.Эрдэнийн ч хашаанд багтаагүй, АН гэдэг арай том хашааны төвд нь зогсож байгаа хүмүүс. Тэд энэ ялагчгүй дайныг зогсоож, Монголын ардчилал, ардчилсан үзэл санааны тулгуур багана болсон АН-ыг нэгтгэх уриалга гаргаж, гишүүдийнхээ саналыг цуглуулж эхэллээ. Тэр нь ганц АН-ын, түүний гишүүдийн эрх ашиг биш, ерөөсөө улс орны хувь заяа, ардчилсан төр засаг оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал юм.
Учир нь сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа иргэдээ оролцуулаад нийт сонгогчдын ердөө тавь гаруйхан хувь /Сонгогчийн нэрсийн жагсаалтад 2.041.982 сонгогч бүртгэгдсэнээс 1.203.238/ саналаа өгсөн. Үлдсэн 42 хувь нь сонгуульд оролцоогүй. Тэдэнд сонголт байхгүй гэж үзсэн учраас, угаасаа сонгууль зохион байгуулах нь ямар ч утгагүй, үр дүнгүй, өөрчлөлт авчирахгүй гэж үзсэн учраас тэр. Ерөнхийдөө чөлөөт сонгууль, сонгох эрх гэдэг зүйлд иргэд итгэл алдарч, ач холбогдол өгөхөө больсны бас нэг дохио. Ядаж л сонгуульд оролцож саналаа өгөхийн тулд сонголт нь байх ёстой биз дээ. Тэгвэл иргэд “сонголт алга” гэж хариулж байна. Энэ нь өнөөдрийн Монголын улс төрийн нөхцөл байдал, эрүүл бус өрсөлдөөнтэй холбоотой. Улс төрийн эрүүл өрсөлдөөн хэзээ бий болдог вэ гэвэл улс төрийн намууд нь эрүүл саруул бодлого, үйл ажиллагаатай, хариуцлагатай, улс төрийн соёл болон төлөвшилтэй байж улс төрийн эрүүл саруул өрсөлдөөн бий болдог. Хамгийн наад зах нь МАН-ын өнгөрсөн дөрөв, таван жилийн дур зорго, эрх дархыг хязгаарлах хэмжээний улстөрийн сөрөх хүч байх ёстой гэсэн үг. Тэгэхгүй нэг нь пуужинд суугаад, нөгөө нь үхэр тэрэг унаад уралдана гэвэл ямар юмных нь өрсөлдөөн болох билээ. Ийм зүйлээс болж сонгогчид сонгууль болон сонгох эрх гэдэг зүйлд итгл алдарч эхэллээ.
Үүнийг засч залруулах арга нь эрх барьж байгаа намтай өрсөлдөх хэмжээний улс төрийн нэгдмэл, цул хүч хэрэгтэй. Өнөөдөртөө түүнийг бий болгож чадах улс төрийн ганц хүчин нь АРДЧИЛСАН НАМ. Зөвхөн намын гишүүдийн суурь, бүтцээрээ ч биш. Өнгөрсөн 30 жилийн турш ардчилсан, чөлөөт нийгмийг бий болгохын төлөө зүтгэсэн, 70 жилийн түүхтэй МАН-ыг сөрсөн, тэмцсэн түүх, улс төрийн бодлого, үйл ажиллагаагаараа АН бол Монголын улс төрийн хоёр дахь том нам. Энэ нам өнгөрсөн 30 жилийн түүхэнд АН анх удаа гуравдугаар байрт зогссон нь сая болсон Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тэр нь өмнө өгүүлсэнчлэн намын хуучин лидерүүдийн хоорондын өс хонзон намаа, гишүүдээ талцуулж хуваасантай холбоотой. Засч залруулах ганц арга зам нь сөргөлдөгч хоёр тал нэг удаа алхам ухраад, нийт гишүүдийнхээ үгийг сонсох, хүчийг авах явдал. Хэн намын дарга байх, байхгүйгээс илүү АН эхлээд дотроо нэгдмэл, цул хүч болох ёстой гэдэг зарчим. Үүний төлөө АН-ын 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүллээ.
Маш олон хүн “Сонгуулийн дараа АН дор хаяж хоёр, магадгүй гурав хуваагдана” гэж ярьж, бичиж байсан. Харин АН-ын залуус талцаж хуваагдах биш, нэгдэж нягтрах замыг сонгосон нь талархууштай.