УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нэг дор хэдэн зуун сая төгрөг гаргаад камержуулах тухай энэ хуулийн төслөөр яриагүй. Торгуулийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулъя. Үүнийхээ 20 хувиар үе шаттайгаар орон нутгийг камержуулъя гэдэг зүйл ярьж байгаа юм.
Цагдаагийн байгууллага 2010 оноос хойш энгэрийн камер хэрэглэж байгаа. Тодорхой журам заавартай. Цагдаагийн энгэрийн камераас бичлэг алдагдсан гэх асуудлыг ажлын хэсэг гараад шалгаж байна.
Давхар хууль хяналтын байгууллагуудаас энэ бичлэг алдагдсан байж болзошгүй гэдэг утгаараа ажлын хэсэг шалгалт явуулаад, үр дүнг нь тодорхой хугацааны дараа танилцуулна.
Ж.Сүхбаатар гишүүн өчигдөр цагдаагийн байгууллагад ХЗДХЯ-наас ажлын хэсэг гаргаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгая гэдэг зүйл ярьсан. Энэ хүрээнд шалгана гэж бодож байна” гэлээ.
Өмгөөлөгч Б.Баасанцогтын хөл хорионы дүрэм зөрчин нэр бүхий шүүгч нартай машинаар явж байгаа бичлэг алдагдсан. Үүнээс болж иргэдийн зүгээс хүний нэр төр, эрх чөлөөнд халдлаа гэсэн бухимдал шүүмжлэл гарсан юм.
Д.Шоовдор