Засгийн газраас хөл хориог дахин 14 хоногоор сунгасан тул үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынхны замын хөдөлгөөнд оролцох “тусгай эрх” буюу QR код олгох ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцжээ. Хуучин НОК хариуцаж байсан. Яагаад ч Х.Нямбаатар хариуцаж авсан юм бүү мэд. Нийслэлийн нэг агентлагийн хариуцаад хийчих ажил л даа.
Сайдын тооцоолж буйгаар Замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 41593 тээврийн хэрэгсэлд QR код олгохоор шивэлт хийжээ. Энэ удаад 14 хоногийн турш үйлчлэх болон нэг удаагийн гэсэн хоёр янзын QR код олгох гэнэ. Иргэдэд QR код өгөхгүй. Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилчид замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодоос гадна ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхээ авч явах ёстой. QR код ашиглан хөдөлгөөнд оролцоход цагийн зохицуулалт хийнэ. 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчих юм байна. Өмнө нь QR код авч, замын хөдөлгөөнд оролцож байсан байгууллагуудын, бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд www.smartcar.mn сайт руу орж, тээврийн хэрэгслийн дугаараа оруулан, хүсэлтээ илгээж, хэвлэж авна. Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй, шинээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код авах бол [email protected] хаяг руу хүсэлт илгээнэ. Сайдын хийсэн хэвлэлийн бага хурлаас нэг ийм ойлголт авлаа.
Уг нь Х.Нямбаатар сайдад хийх ажил бишгүй их бий. Анхаарал хандуулах ёстой олон асуудал өмнө нь байна.
Шоронгууд тэр чигтээ ковид-19-ийн голомт болчихсон, олон хоригдол халдвар авсан мэдээлэл байна. Ганцхан Н.Түвшинбаяр халдвар авсныг хэвлэлээр зарлангуутаа “ганцаарчилан” хорьсон болохоос биш олон хоригдол хүндээр өвчилсөн, нас барсан ч байх магадлалтай гэх хардлага байна.
Хоригдол ч гэсэн амьд явах эрхтэй. Тиймээс цар тахлын үед хүний амьд явах эрхийг хамгаалах үүднээс НҮБ-аас Монгол Улсад хандаж, зөвлөмж өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, мөн хөнгөн ялтай хэрэгтнүүдийг суллахыг сануулсан байдаг. Гэтэл хоригдлуудын амь насыг хамгаалах үүрэгтэй Х.Нямбаатар сайд авто машины QR кодтой зууралдаад сууж байна. Энэ нь магадгүй эдийн засгийн хувьд илүү унацтай ажил байх. Үгүй бол өөр хийх олон ажил Х.Нямбаатар сайдад бий. Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөсөн. Чухам юунаас болж ийм үйлдэл гарсан бэ гэдгийг шалгаж тогтоож дуусаагүй байхад Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр дэх 0168-р ангийн алба хаагч амиа хорлосон хэрэг гарлаа. Хуульзүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хариуцдаг салбар. Долоохон хоногийн дараа халагдах ёстой байлдагч амиа хорлосонд Х.Нямбаатар хариуцлага хүлээх үүрэгтэй хүн. Дээр нь Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч. Гэрээг хэрхэн сайжруулах талаар өдийд ид тоо бодож, толгойгоо зовоож суух ёстой баймаар.
Авчиг авто тээврийнхний хийчих ажлыг дааж аваад сууж байгаа хуулийн сайдын ажил нь бага байна уу, эсвэл цаана ашиг сонирхол байна уу.
Б.НИРУН