Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Хүсэлтээ гаргачих. Уучлал үзүүлчихээд явья” гэсэн тухай мэдээлэл хөөн хэлэлцэх хугацаагаар ял шийтгүүлсэн хүмүүсийн асуудлыг олны анхааралд дахин авчирав. М.Энхсайхан нь “Хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй” гэж хариулсан гэнэ. Гэхдээ энэ удаа бид хэрэг хийсэн, хийгээгүй тухайд шүүх гэсэнгүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл юу болох тухай товч өгүүлье.
Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа уг хэрэгт ял шийтгэл оногдуулахгүй байх тухай ойлголт юм. Энэ нэгдүгээрт хуулийн байгууллагууд дээр овоороод, ачаалал үүсгээд, хэргийн илрүүлэлтийн хувь хэмжээг хойш татаад байдаг эзэнгүй хэргүүдийн тоог багасгаж, ачааллыг хөнгөвчлөх зорилготой. Хоёрдугаарт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа уг гэмт хэргээс үүдсэн хор уршиг буюу нийгэмд учруулсан хохирол арилсан гэж үздэг эрх зүйн шинжлэх ухааны философи юм.
Олны хардаад, хараачлаад байдагчлан хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн авилга, албан тушаалын гэмт хэргүүд дээр тоолдог, хэргийг хэрэгсэхгүй болгож ял хариуцлагаас зугтаалгахад зориулсан зүйл биш юм. Бүх төрлийн гэмт хэрэг, зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Түүнийг нь тухайн үеийн Эрүүгийн хуульд бичсэн ял шийтгэлийн хугацаанаас хамаарч тоолдог.
Гэтэл өнгөрсөн онд /2020 оны нэгдүгээр сард/ МАН-ын парламент “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах туай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” гэдгийг батлаад Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг зүйлийг байхгүй болгосон. Ингэхдээ зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл хоёр жил зургаан сарын хугацаанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгах тухай хууль баталсан. Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан “авилгын гэмт хэрэг” гэдэгт
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
Хахууль авах, өгөх
Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах
Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Дураараа аашлах
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах… зэрэг 12 төрлийн гэмт хэргийг бичсэн байна.
Хууль батлагдсаны дараа хэсэг иргэд болон хуульчдын зүгээс “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх, нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулах эрүүгийн эрх зүйн зарчмыг алдагдуулсан, хүнийг ямар гэмт хэрэг үйлдсэн болон ямар гэмт хэрэгт шалгагдаж байснаас шалтгаалж хууль ялгавартай үйлчлэхээр тогтоосон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчимд харшилсан” хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байдаг.
Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг бага, дунд суудлаараа хэлэлцэж “УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг дүгнэлт гаргасан авч УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан учир энэ сарын 11-нд их суудлаараа хэлэлцэн УИХ-ын баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож эцсийн шийдвэрээ гаргажээ. Одоо УИХ нь Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх үлдээд байгаа. Тэр нь УИХ-ын баталсан хуулиас болж хохирол учирсан иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох тухай асуудал.
Мэдээлэл гаргасан иргэд “Эрүүгийн эрх зүйн хөгжлийн түүхэнд Эрүүгийн хуульд тусгагдсан хөөн хэлэлцэх хугацааны дагуу хэрэгсэхгүй болгосон ямар ч хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн туршлага буюу түүх байхгүй” хэмээн бичжээ. Гэвч өнгөрсөн зууны нэг түүх бий гэдгийг хуульч өмгөөлөгч Б.Баяраа нийтлэлдээ бичсэн байдаг. Коммунист СССР-ийн үед ЗХУ-д дамын наймаа буюу чөлөөт худалдааг гэмт хэрэг гэж үздэг байв. /Манайд ч гэсэн ялгаагүй/ Дамын наймаа эрхэлсэн хүнд дээд тал нь найман жилийн ял өгдөг байсан ч Н.Хрушевийн үед цаазын ялаар өөрчилж, хорих ял шийтгүүлээд ялаа эдэлж байсан залуусыг бүгдийг нь буудан хороосон тухай. Өнгөрөгч 2020 онд манай УИХ-ын баталсан хууль яг энэ жишгийг давтсан гэсэн үг. Үйлдсэн гэмт хэрэг болон оноосон ял нь өөр боловч Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн зарчим нь бол яг адилхан.
Маргаантай ганц зүйл гэвэл хохирлыг хэрхэн тооцох болон нөхөн төлүүлэх асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлд,
1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.
2.Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана… гэж заасан.
Цагдаагийн байгууллага, Хууль зүйн яам нь хохирсон хүмүүсийнхээ ститистикийг гаргаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод цагдан хоригдсон болон ял эдэлсэн хоногийг нь тоолоод нөхөн олговрын хэмжээг тогтоодог, түүнийгээ дараа жилийнхээ төсөвт суулгаад явдаг жишигтэй.
Гэвч одоо ярьж байгаа тохиолдолд УИХ хууль батлаад, баталсан хуулийнх нь дагуу мөрдөн шалгаад, прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүх хэргийг нь шийдсэн учраас “Бид хууль батлаагүй, баталсан хуулийнх нь дагуу шийдсэн” гэж зугтаж таарна. Гэхдээ л С.Баярыг Оюутолгойн гэрээг батлахдаа авилга авсан гэж барьж хориод тэр нь батлагдахгүй болохоор нь хүүхдүүд нь “Петровис” компанитай хамтарч бизнес хийдэг байсныг гэмт хэрэгт тооцож ялласан шүү дээ. М.Энхсайханыг “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” хэрэгт ял тулгаад тэр нь нотлогдоогүй учраас Тавантолгой төслийн удирдагчаар ажиллаж байхад нь Эрчим хүчний яамны төсвөөс 130 сая төгрөгөөр авч өгсөн Lexus-570 машиныг таван жилийн дараа 75 сая төгрөгөөр үнэлээд, зөрүү 55 сая төгрөгийг нь “улсад учруулсан хохирол” гэж үзээд 4,5 жилийн хорих ял оноосон. Хэдийгээр гэмт хэрэгт тооцох боломжгүй ч гэлээ аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Да.Ганболд, С.Баярцогт нар ч мөн жишгээр ял сонссон.
Хамгийн сүүлд шүүхээр шийдэгдсэн “эрүүдэн шүүсэн” хэрэг байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны долдугаар сард дууссан хэргийг 2021 он гартал шалгаад өнгөрөгч гуравдугаар сард УДШ ял оноосон. Цагдан хоригдож байсан хугацаатайгаа нийлээд заримынх нь ялын хугацаа дуусч байгаа. Тэр бүх хүмүүсийг олж тогтоох, ялыг нь хүчингүй болгож, нөхөн олговор өгөх шаардлагатай болно.
Тэгэхээр хууль баталсан УИХ болон хуулийг санаачилсан гишүүд, тухайлбал одоо Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Х.Нямбаатар, өмнөх сайд Ц.Нямдорж нар Үндсэн хуульд харшилсан, эрх зүйн системд байхгүй хууль гаргаж, иргэнд хохирол учруулсан хариуцлагаа үүрэх ёстой. Хүн амины хэрэгтнээс уучлал гуйгаад зогсч байсан Ц.Нямдорж сайд хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг харин ч нэг хүлээчих байлгүй дээ.
Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйл “Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагавар” хэсэгт “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн улмаас улс, иргэд, байгууллагад учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн байна. Хэзээ, хэдий хугацаанд шийдвэрлэх үүрэгтэйг гэдгийг нарийвчилж бичээгүй ч “тухайн үед нь хянан шийдвэрлэнэ” гэсэн нь “Цэцийн шийдвэр гарсан даруйд” гэдэг утгыг илтгэнэ. Товчхондоо УИХ энэ ажлаа нэн даруй хийх ёстой гэсэн үг. Хөрөнгө мөнгийг нь дахиад улсын төсвөөс буюу татвар төлөгч төлнө.
Өрсөлдөгчдөө намнах гэсэн улстөрчдийн хорон явуулга, Үндсэн хууль зөрчсөн үйлдлийн үр дагаврыг хэдий болтол төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ёстой вэ? “Авилгын гэмт хэрэгтэй ингэж тэмцдэг” гээд бардамнаад байсан Х.Нямбаатар, Ц.Нямдорж нараар төлүүлье.