2024.10.4, Friday
spot_img
НҮҮР1Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчид юу амлав!

Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчид юу амлав!

Монгол Улсын зургаа  дахь Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдээ намууд зарлалаа.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгохоор болсон. Ингээд парламентад суудал гурван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын даалгавар авсан нэр дэвшигчдийг танилцуулъя.

МАН: У.Хүрэлсүх

Өдгөө 53 настай У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр МАН-ын Бага хурлын гишүүд зуун хувь дэмжив. Тэрбээр эхэлснээ дуусгахын төлөө нэр дэвшиж байгаагаа онцлоод “Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой”-г амлав. Энэ үгийг тэрбээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлж байсан. Гэвч, түүнийг Ерөнхий  сайд болсны дараа МАН-ынхан ЖДҮ-ийн сангийн мөнгийг тэгш хүртээмжтэй хувааж идсэн баримтууд дэлгэгдэж, нийгэмд багагүй дуулиан тарьж байлаа. 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж нэгэнтээ хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм.  Ийм учраас хууль, шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэхүү нэн хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй албыг нэр төртэй хашиж, эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэн, төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө” чөмгөө дундартал зүтгэхээ илэрхийллээ.

АН: С.Эрдэнэ или Н.Алтанхуяг

Хуваагдсан АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр хоёр хүний нэр тодорсон нь М.Тулгатын талаас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг. Гэхдээ хуулийн дагуу СЕХ ганцхан хүнийг бүртгэх ёстой. УДШ-д бүртгэлтэй АН нь М.Тулгатын талынхан. Тиймээс СЕХ хуулийн дагуу С.Эрдэнийг бүртгэж авах болов уу. Өдгөө 58 настай С.Эрдэнэ хүний эрхийг дээдэлсэн Төрийн тэргүүн байхаа амлав.

Нэр дэвшигч С.Эрдэнэ “Надад итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Өндөр үүрэг, хариуцлага оноож байгаад баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Ерөнхийлөгч байх болно. Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байгаагаа хариуцлага хүлээж байна гэж ойлгож байна. Бидний өмнө маш олон асуудал хуримтлагдаж байна. Тэдгээрийг хэрхэн яаж даван гарах вэ гэдэг нь чухал. Нийт иргэдийн нийгэм, эдийн засаг хийгээд хүндрэлтэй зүйлээс хэрхэн яаж гаргах нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн ажил байх болно” гэв.

ХҮН: Д.Энхбат

Түүнийг Форумын, Датакомын Энхбат гэдгээр нь хүмүүс илүү танина. ХҮН-аас зохион байгуулсан “Ерөнхийлөгчөө захиалъя” аяны хүрээнд олон иргэд түүнийг захиалжээ. Түүнийг Монголын оюун санааны манлайлагчийн нэг гэж олон хүн үздэг.  Тэрбээр нэгэнтээ “Ардчилал өндөр хөгжсөн газар өөрчлөлт доороосоо эхлээд явдаг.  Гэтэл өнөөдрийн бидний сэтгэхүйгээр буюу Монгол, Хятад, Орос шиг орнуудад өөрчлөлт дээрээсээ явдаг. Тэгэхээр манайханд өөрчлөлт дээрээсээ явах ёстой гэсэн хүлээлт байгаад байна.  Харамсалтай нь энэ хүлээлт их удаад шийдэгдэхгүй бол хямрал, хувьсгал гардаг. Өөрөөр хэлбэл нийгмийн хэрэгцээг удирдлага нь хангаж чадахгүй бол хувьсгал гардаг. Тэр рүү л явахгүй байх хэрэгтэй. Ухаантай удирдагчид бол хувьсгал гаргадаггүй юм” гэсэн ярилцлага өгсөн байдаг. Харин одоогоор сонгогчдодоо ямар нэгэн зүйл амлаагүй байгаа юм.

А.Чандмань

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!