Дэлхий хамгийн олон тэрбумтан оршин суудаг хотоор Бээжин шалгарсан талаар форбесын тэрбумтнуудын жагсаалтад дурджээ.
Урд хөршийн нийслэлд өнгөрсөн жил 33 тэрбумтан нэмэгдэж нийт тэрбумтнуудын тоо 100 хүрсэн байна.
Энэ нь сүүлийн 7 жилийн турш тэргүүн байрыг эзлэж байсан Нью Йорк хотын тэрбумнуудын тооноос нэгээр илүү үзүүлэлт аж. Хятад улс Ковид-19-ийг богино хугацаанд хяналтандаа оруулсан, технологийн компаниуд нь тэлсэн, хөрөнгийн зах зээлийн өсөлт нь Бээжин хотыг энэ хэмжээнд хүрэхэд түлхэц үзүүлсэн байна.
Бээжин хот “том алим” хочит Нью Йоркоос олон тэрбумтантай болсон ч тус хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ Бээжингийн тэрбумтнуудын нийт хөрөнгөөс 80 тэрбум ам.доллараар илүү хэвээр байгаа.
Бээжингийн хамгийн баян оршин суугч нь “TikTok” видео контент хуваалцах програмыг үүсгэн байгуулагч, түүний толгой компани “ByteDance”-ийн гүйцэтгэх захирал Жан Имин. Түүний хөрөнгийн хэмжээ хоёр дахин өсч 35.6 тэрбум долларт хүрсэн байна.
Харин Нью Йорк хотын хамгийн баян оршин суугч, хотын дарга асан Майкл Блумберг 59 тэрбум долларын хөрөнгөтэй байна.
Р.Оргил