Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаарт Тайваний дүн шинжилгээний sinoinsider.com сайтад 2 дугаар сарын 25-нд нийтлэгдсэн “Тагнуулын бөмбөлгийн хэрэг явдал нь Хятадын аюул ба дэглэмийн хямралыг тодруулж байна”[1] нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулга нь тус хүрээлэнгийн байр суурь биш болно.
***
Хятадын ажиглалтын агаарын бөмбөлөг 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр АНУ-ын агаарын орон зайд нэвтэрчээ. 2 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бөмбөлөг Монтана мужийн дээгүүр хөвж, тус муж дахь эмзэг цэг болох цэргийн баазууд руу ойртон чиглэж байв.
Уг агаарын бөмбөлөг Хятадын Хайнань арлаас хөрснөөс хойш АНУ-ын арми болон тагнуулын байгууллагууд долоо хоногийн турш ажиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Гэвч Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ыг дайран өнгөрөх үед л Пентагон анхааралдаа авчээ. 2 дугаар сарын 4-нд Өмнөд Каролина мужийн эргийн ойролцоо F-22 сөнөөгч онгоц Sidewinder пуужинг харваж, бөмбөлгийг харваснаар Хойд Америкт хийсэн “аялал” нь өндөрлөсөн юм.
“Хятадын тагнуулын бөмбөлөг’-ийн тухай мэдээлэл АНУ-д хэдэн өдрийн турш хэвлэлийн тэргүүн мэдээ болон цацагдав. Ажиглагчид агаарын бөмбөлгийн хэрэглээ зориулалт, чадамжийн талаар ихээр таамаглаж, цахилгаан соронзон импульсийн хүчин чадалтай эсвэл бусад зэвсэгтэй эсэхийг өргөн дэлгэр хэлэлцсэн юм. Уламжлалт сонинууд үүнийг “Хятадын сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн түрэмгий тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааны нэг’ хэмээн тодорхойлж, тагнуул, цэргийн ажиллагаанд агаарын бөмбөлгийг ашигладаг тухай түүхүүдийг нийтэлжээ. Харцага талын тоймчид зориудаар өдөөн хатгаж байна хэмээн Хятадыг буруутган, бөмбөлөг бол ‘халдлагын оршил’ гэж мэдэгдэв.
Энэхүү үйл явдал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкений 2 дугаар сарын 5-нд Бээжинд хийхээр төлөвлөж байсан айлчлалыг хойшлуулахад хүргэсэн юм. Конгресс “Америкийн бүрэн эрхт байдлыг илт зөрчиж буй Хятадыг зэмлэн буруушаах”-аар санал нэгдэв. Улмаар Ж.Байдены засаг захиргаа Хятадын агаарын бөмбөлөг хөтөлбөртэй холбоотой Хятадын зургаан компанид хориг тавилаа. Үүний зэрэгцээ Япон, Тайвань мөн сүүлийн жилүүдэд гадаадын агаарын бөмбөлөг илрүүлж буй тухайгаа мэдэгдэж, АНУ-ын холбоотнууд энэ асуудалд сонор сэрэмжээ дээшлүүлжээ.
Бээжингийн зорилго
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тагнуулын бөмбөлгийг ХКН-ын болзошгүй ‘түрэмгийлэл’-тэй холбон янз бүрийн аргумент дэвшүүлж байгаа хэдий ч ХКН-ын хувьд уг бөмбөлгийг зөвхөн ердийн ажиллагаандаа ашиглаж байж магадгүй юм. Юун түрүүнд Хятад улс өмнөх жилүүдэд ч АНУ-ын дээгүүр ижил төстэй агаарын бөмбөлөг илгээдэг байсан тухай Ж.Байдены засаг захиргааны албаны хүмүүс мэдэгдсэн, гэхдээ эдгээр бөмбөлөг АНУ-ын агаарын орон зай дотор байх үедээ илэрч байгаагүй ажээ.
ХКН-ын үйл ажиллагааны горимын дагуу, хэргээс мултарч чадах л бол дэглэмийн ашиг сонирхолд нийцсэн хууль бус, маргаантай үйл ажиллагаа явуулсаар байх болно. Унагасан бөмбөлөг бол Хятадаас далд хэлбэрээр явуулсан ердийн тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааны нэг хэсэг байж магадгүй бөгөөд зарим хүний таамаглаж байгаа шиг АНУ-ын ‘нүүр рүү дэлсээд авсан’ илт түрэмгийлэл, өдөөн хатгалга биш гэсэн үг юм.
Тэгж хүссэн ч Хятадад одоогоор дайн хийх, ноцтой түрэмгийлэл, өдөөн хатгалга явуулах нөхцөл нь бүрдээгүй байна. Гурван жилийн турш хэрэгжүүлсэн цар тахлын “тэг Ковид’ бодлогоосоо дөнгөж ангижирч буй тул тахлын үеэр эрс доройтсон эдийн засгаа сэргээхэд анхаарлаа хандуулах шаардлага бий. Эдийн засгаа аврах нэн тэргүүний зорилт тавьснаар Бээжин 2022 оны 10 дугаар сард болсон ХКН-ын ХХ их хурлын дараагаас “дайчин чонын’ дипломат арга барилаа зөөлрүүлж, олон улстай харилцаагаа идэвхжүүлэн, нэн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хичээж байна.
Үүнээс гадна 2022 оны эцэс, 2023 оны эхээр Хятадыг бүхэлд нь хамарсан коронавирусын шинэ давалгаа армид нь ч нөлөөлж байгаа бололтой. Энэхүү тайланг бичиж байх үед Ши Жиньпин ХАЧА-д цэргийн бэлтгэл сургуулийг эхлүүлэх анхны тушаалыг өгөөгүй л байна. Цар тахал дэгдэхээс өмнөх хоёр жилд Ши Жиньпин 1 дүгээр сарын эхээр тушаал гаргадаг байсан, тэгэхээр тушаал гаргаагүй байгаа нь хэвийн бус байгаагийн нэг шинж тэмдэг юм.
Ковид-19 цар тахал ХКН-ын армид ноцтой хохирол учруулж, байлдааны үр дүнд нөлөөлөхүйц байж болзошгүйг илтгэх өөр нэг шинж тэмдэг бол 2 дугаар сарын 8-нд Хятадын цэргийнхэн “Чөлөөлөх арми” сонинд “Цэргийн байгууллагууд Ковид-19 халдвар эдгэрсний дараа цэргийн бэлтгэл сургуулилт хийх удирдамж’-ийг нийтэлсэн явдал юм. Удирдамжид цэргийн албан хаагчдыг Ковид-19 халдвар эдгэрсэний дараа бэлтгэлдээ буцаж орох гэж яарахгүй байхыг зөвлөжээ. Хүнд өвдсөн, хүндэвтэр тусаж эдгэрсэн, суурь өвчтэй хүмүүс цэргийн эмч нарын удирдлага дор шат дараатай бэлтгэл сургуулилтад хамрагдах ёстой гэжээ. Цэргийн төв зөвлөл ийм удирдамж гаргасан нь дэгдэлтийн сүүлийн давалгаанд олон цэрэг халдвар авсныг илтгэж байна.
Тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэрэгт үзүүлж буй Бээжингийн хариу илэрхийлэл ч мөн тэд өмнө нь ямар ч бэлтгэлгүй байсныг илтгэж буй. “Wall Street Journal’-д мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, орлогч Шерман нар 2 дугаар сарын 1-нд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Шюй Шюэюаньд Ж.Байдены засаг захиргаа маргааш агаарын бөмблөгийн талаар мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хэлэхэд тэрээр маш их цочирдсон ажээ. Бээжингийн албаны хүмүүс энэ үйл явдлыг “хар хун” хэмээн тодорхойлсон байна.
Хятадын ГХЯ мэдэгдэл хүлээн авснаас хойш 36 цагийн дараа засгийн газрын бусад яамдтайгаа зөвшилцөж, Ши Жиньпин гарын үсэг зурж зөвшөөрснөөр сая уг үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ Хятадын засгийн газар өдөөн хатгах санаатай байсан бол энэ үйл явдалд эвгүйцэж, цочрдохгүй байх байсан, мөн даруу байдлаар хариу үйлдэл үзүүлэхгүй, харин ч өмнөх “дайчин чонын’ арга барилаараа хатуу үг хэллэгээр илэрхийлэх байсан.
Жижиг зүйлийг томруулсан Америк
Хятадын тагнуулын бөмбөлөгүүдэд Вашингтон гайхмаар их анхаарал хандуулсан. Өмнөх иймэрхүү үзэгдэлд Вашингтон чимээгүй өнгөрч асуудлыг шийдвэрлэхдээ ч тулгамдаж байгаагүй. Хавай дахь АНУ-ын Номхон далайн командлалын Тагнуулын нэгдсэн төвийн Ажиллагааны газрын захирал асан Карл Шустер “Америкийн дуу хоолой’-д ярилцлага өгөхдөө ХХ зууны 60-аад оноос хойш агаарын бөмбөлгүүдийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үздэггүй байсан хэмээн ярьжээ. Ж.Байдены засаг захиргаа уг бөмбөлгийг зөвхөн “АНУ-ын агаарын орон зайд Хятад улсын ашигладаг бусад тагнуулын талбарт хязгаарлагдмал нэмэлт функцийг нийлүүлсэн’ гэж мөн дүгнэсэн юм.
Хятад улс АНУ болон бусад газарт тагнуулын мэдээлэл цуглуулах, тандалт хийх илүү хүчирхэг аргуудтай байхад Вашингтон яагаад агаарын бөмбөлөгүүдэд ийм их анхаарал хандуулав? Жишээлбэл, Хятадын эзэмшдэг TikTok нь америкчууд гэх мэт хэрэглэгчийн асар их хэмжээний мэдээллийг цуглуулдаг бөгөөд АНУ-д хадгалагдсан өгөгдөлд алс Хятадаас хандах боломжтой. Гэтэл Д.Трампын засаг захиргааны үед TikTok-д тавьсан хоригийг Ж.Байдены засаг захиргаа цуцалсан билээ.
Байдены засаг захиргааны үйлдлийн талаар хэд хэдэн тайлбар бий.
Нэгд, агаарын бөмбөлөг бол Хятадын заналхийллийн товч бөгөөд тодорхой илэрхийлэл юм. АНУ-ын эх газрын дээгүүр агаарын бөмбөлөг хөөргөж буйг далимдуулан Вашингтон ээлжит “Спутник үе’-ийг бий болгохоор шийдсэн байж магадгүй. Ингэснээр америкчууд болон АНУ-ын холбоотнуудыг сандарган, аюул заналыг арилгахын тулд илүү тодорхой арга хэмжээ авч, Хятадтай урт хугацааны өрсөлдөөн явуулахад түлхэц үзүүлэх зорилготой байж болох юм.
Хоёрт, Ж.Байдены засаг захиргаа энэ үйл явдлыг ашиглан Хятад Америкийн харилцаанд зохих “хашлага’ бий болгох цаг нь болсон гэж Хятадыг ятган, ирээдүйд “жижиг зүйл’-ээс үүдэн гарах маргаанаас зайлсхийх явдал юм. Хятад ийм “хашлага” бий болгохыг хүсдэггүй бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шюй Чиляныг Пентагонтой шууд харилцахыг зөвшөөрөх жишээтэй. Ж.Байдены засаг захиргаа Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөтэй биш, Ши Жиньпиний итгэмжит хүн Шюй Чилянтай шууд харьцахыг илүүд үздэг байсан бөгөөд Вэй Фөнхө сайд хэдий ч ХКН-ын дэглэмд улс төрийн байр суурь доогуур юм.
Гуравт, Ж.Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлт, Украйн зэрэг асуудлаар АНУ болон түүний холбоотнуудын мөрийн хөтөлбөртэй Хятадыг нийцүүлэхийн тулд нөлөөлөхөөр хүчилж байж магадгүй юм. Вашингтон мөн агаарын бөмбөлөгтэй холбоотой харьцангуй жижиг хэрэг явдлыг томруулан шуугиан дэгдээснээр Бээжинг Тайвань руу довтлох гэх мэт бодит түрэмгийллийг нь саатуулна гэж найдаж байж магадгүй.
Эцэст нь хэлэхэд Ж.Байдены засаг захиргаа боломжийг ашиглан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг бухимдалтай байх үед нь дарамт үзүүлэх гэсэн байж магадгүй юм. Ши Жиньпин одоо дотоод болон гадаад хүнд хямралтай тэмцэж байна. Тухайлбал, “тэг Ковид”-ын дараах дэгдэлт, нас баралт, эдийн засгийн эрчимтэй доройтол, засгийн газрын төсвийн хомсдол, үл хөдлөх хөрөнгийн хүндрэл, хүн ам зүйн хямрал, олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй аюул заналхийлэл зэрэгт хариу арга хэмжээ авах шаардлага Хятадад тулгамдаж буй.
Спутникийн үе
Вашингтон болон Бээжингийн бодол санаанаас үл хамааран хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэрэг, түүний үр дагаврын талаар цацагдсанаар дэлхийн түүхэн дэх бас нэгэн “Спутникийн үе’ болон хувирч байна. (ЗХУ 1957 оны 10 дугаар сард АНУ-аас түрүүлж “Спутник 1′ хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, барууны орнуудыг айдас, түгшүүрт оруулсан үе юм). Хятадаас том цагаан бөмбөлөг АНУ-ын эх газрыг “нүдэн дээр нь’ туулан гаталж, цэргийн болон тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа дүр зураг нь Хятадын аюул заналхийллийг хүмүүсийн оюун санаанд илүү тодруулж өгч байна.
Анх ЗХУ Спутник хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөнтэй адил Хятадын тагнуулын бөмбөлөг болон түүний боломжит ач холбогдол нь дэлхий нийт Хятадад хэрхэн хандах талаарх сэтгэлгээг чиглүүлж магадгүй юм. Энэ нь Ши Жиньпин болон Хятадын Коммунист намд таагүй нөлөөлж, Хятадын хувьд улс төрийн “хар хун” болж болзошгүй.
Эх сурвалж: Үндсэний аюулгүй байдлын хүрээлэн