Нэгэн баримт: 2021 оны гуравдугаар сарын 28-нд согтуу захирагчдаа зодуулсан байлдагч хүнд гэмтэж Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэв. Тэрээр тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг хэвтэж байхдаа бэртлээ даалгүй өчигдөр нас баржээ. Талийгаач Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байв. Түүнийг салааны захирагч Г нь тархинд нь цус харватал зодсон талаар талийгаачийн ээж хэвлэлд мэдээлсэн юм.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.ХАНДМАА өнөөдөр /2021.03.31/ мэдээлэл хийхдээ “Байлдагч энэ сарын 29-ний шөнийн 01.30 минутад биеийн байдал нь хүнд, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15 цагийн үед нас барсан. Нас барах үедээ тархины цус харвалт, тархины ком, тархины төвийн даралт, амьсгал зүрх судасны архаг дутагдал, уушгины хатгалгаа гэсэн оноштой нас барсан. Байлдагч нь уушгины хатгалгаатай байсан. Бид биеийн байдлыг нь үнэлж, эмийн эмчилгээ хийж байсан. Хамгийн гол нь дараагийн оношилгоо, эмчилгээ хийх асуудлаар зөвлөх эмчтэйгээ өчигдөр уулзаж, зөвлөгөө авсан. Харамсалтай нь, байлдагчийн биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан тул мэс засал даах боломжгүй тул эмийн эмчилгээг үргэлжүүлж байсан” гэсэн юм.
Нэгэн баримт: 2021 оны хоёрдугаар сарын 7. Дундговь аймгийн 0129 дүгээр ангид Гэрээт цэргийн алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай залуу өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаач нас барахынхаа өмнөхөн ар гэрийнхэндээ хандан “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн мессеж илгээсэн байдаг. Түүнийг хэн амиа хорлотол нь дарамтлав аа.
Ийнхүү эх орноо манахаар эр цэргийн албанд мордсон залуус ээждээ эргэж очилгүй амиа алдсаар л. 2021 он гарсаар Монголын ардын армид алба хааж байсан хоёр ч цэрэг бусдын зодуур дарамтаас болж амиа алдсан нь энэ.
Нэгэн баримт: 19 настай байлдагч 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэж цагдаагаас мэдээлсэн ч дүүгээ зодуулж нас барсан гэдэгт ах нь одоо ч итгэлтэй байдаг.
Нэгэн баримт: Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очсон 18 настай залуу “Дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор 2019 оны тавдугаар сарын 14-ний 18.00 цагт яаралтай хагалгаанд оржээ. Тус ангийн дарга нар нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн” гэсэн тайлбар хийж байв.
Нэгэн баримт: 2019 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 19.30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн алба хаагч Б нас барсан хэрэг гарсан. Талийгаач хэрхэн амиа алдсаныг салбарын яамнаас тас нууцлаад өнгөрөв.
Нэгэн баримт: Алба хааж байсан байлдагч хээр амиа алдсан байдалтай олдсон. Түүнийг анги нэгтгэлээсээ оргож яваад амиа алдсан гэх мэдээллийг няцааж талийгаачийн ээж “Миний хүү цэргийн албанд өөрөө дурлаж явсан. Хүүг маань цэргийн албанаас оргосон гэдгийг хэн ч нотолж чадахгүй байгаа” гэж хэвлэлд ярьсан.
Ингээд жагсаавал ээждээ үнсүүлээд эр цэргийн зарлангаа өвөртлөөд цэрэгт мордсон олон залуусын амийг Монголын ардын арми авч оджээ.
Цэрэг бол зэрэг. Зэрэг гэдэг дэглэлт гэж ойлгодог монголчууд одоо энэ хуучирсан, шоронжсон тогтолцоотой Монголын армийг өөрчлөх цаг болсон байна. Тэр тусмаа “хүн бишээ цэрэг” гэдэг тэнэг ёжлолдоо баясан олон аавын хүүгийн эрүүл мэнд, амь насыг хохироосоор, хорлосоор байх ёстой юу.
Ид сурч боловсрох насны залуусыг цэрэгт татаж байгаа нэрээр хуаранд “хорьж, цагдах”-аас илүүтэй тэднийг мэргэжил, мэргэшил олгох сургалт хөтөлбөрт хамруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголын ардын арми цэргийн бодлогоо шинэчлэх, дэг, дэглэлт гэх ойлголтоо толгойноосоо авч хаях цаг болж.
Үгүй бол, ардын хүүхдүүдийг “Эх орон чамайг дуудаж байна” гэх уран гоё үгээр хуурч эсвэл эр цэргийн албанд явахгүй бол төрийн албанд ажиллах боломжгүй хэмээн давхар “дарамталж” аваачаад амийг нь егүүтгээд, амиа хорлоход хүргэж буй “алуурчин” армийг татан буулгая.