2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮР1Монголын арми нэг бол алуурчин болгоно, эсвэл амийг нь авна

Монголын арми нэг бол алуурчин болгоно, эсвэл амийг нь авна

“Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү”.

Тэр ээж рүүгээ ингэж яриад, дараа нь харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтажээ. Хүүгээ юунд явуулчихав аа гэж харамсаж суугаа аав, амиа хөнөөчихвий дээ гэж адгаж суугаа ээж.

Тэдний хүүг эх орны нэрээр дуудаж авчраад алуурчин болгосон ТӨР. Одоо Монголын төр уучлалт гуйх цаг болж.

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зугатсан. Тэднийг одоо хүртэл олоогүй байгаа.

Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав амиа алдсан офицерийг шилдэг албан хаагч байсан гэв. Гэхдээ 18-хан настай байлдагчдад түүнийг буудаж алах шалтгаан байсан байж таарна. Шалтгааныг нь тэднээс өөр хэн ч мэдэхгүй.

Хамгийн сүүлчийн удаа нагац руугаа яриад 60 мянган төгрөг шилжүүлэхийг гуйсан байлдагч. Согтуу захирагчдаа зодуулж нас барсан түүнийг өчигдөр хөдөөлүүлжээ.

Аав нь хүүгээ армид алба хааж, эр хүн болоод ир гэсэн. Армийн архичид нь хүүг олон хэл мэддэг байсных нь төлөө, архины мөнгө өгөөгүйн төлөө зодож хөнөөсөн.

УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхдөө ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг армид дандаа ядуу айлын хүүхдүүд ирдэг учраас бараг зодохоос өөр аргагүй болдог ухааны юм яриад сууж байв.

Он гарсаар Монголын ардын армид алба хааж яваад амиа алдсан дөрвөн ч хэрэг бүртгэгдлээ. Хоёр сайхан залууг алуурчин болгочихлоо.

Удахгүй цэрэг татлага явагдана. Айлын сайхан хүүг армид татаж авчирна. Зодуур, нүдүүр, дарамт шахалтыг даахгүй зарим нь гэмт хэрэгтэн болно, зарим нь амиа алдана.

Ерөнхийлөгч Х.Баттулга цэрэгжсэн эдийн засгийг дэмждэг. Ерөнхий сайд нь эр, эмгүй цэрэгт явуулахыг хүсдэг. Энэ бол дарангуйллын хэв шинж. Цэрэг ихсэхийн хэрээр дарангуйлал нэмэгдэнэ. Монголын армийг цомхон чадварлаг болгох шаардлагатай болж. Түүнээс ээж, ааваас нь элдэв хууль дүрэм ярьж хүүхдийг нь “булааж” авчхаад эцэст нь алуурчин болгох аль эсвэл амьгүй биеийг нь өгч болохгүй.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!