2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Монголын арми: Ардын хүүхдийг зодож болно!

Монголын арми: Ардын хүүхдийг зодож болно!

“Ниргэсэн хойно хашгирав” гэгчээр хоёр ч цэрэг зуурдаар амиа алдсаны дараа УИХ-ын  Хүний эрхийн дэд хороо гэнэт сэхээрсэн аятай хурал зарлаж, ЗХЖШ-ын даргын тайлбар мэдээллийг сонслоо. Хэвлэл, камераас нуугдаж, албан тушаалтайгаа зууралдаж суусан ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг аргагүй эрхэнд УИХ-ын гишүүдийн өмнө гарч ирэв.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн өгсөн тайлбарыг сонсвол Монголын дарга нарт ямарч буруу байдаггүй “ёс зүйтэй” болохоор ардын армид амь бөхтэй байгаа цэргийн дэглэлтийн гол шалтгаан нь ардын хүүхдүүд болж хувирав.

Тэрбээр  “Зэвсэгт хүчний цэргийн албанд  алба хаахаар ирж байгаа залуус нийгмийн янз бүрийн давхаргаас ирдэг. Дийлэнх нь амьдрал хүнд айлын хүүхдүүд байдаг. Тэднийг нэг жилийн хугацаанд төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэв. Түүний хэлсэн нэг талаар үнэн. Дандаа энгийн иргэдийн хүүхдүүд цэрэгт явж алба хаадаг. Эрхтэн, дархтаны хүүхдүүд  мөнгөө төлөөд цэргийн үүрэгтэн болдог.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэг хүү нь Афганистанд алба хаасан, нөгөө нь хилийн цэрэгт алба хаасныг эс тооцвол Монголын ардын армид хүүхдээ цэрэгт явуулдаг сайд, дарга нар бараг байхгүй.

Ардын арми татагдаж буй ардын хүүхдүүд хүмүүжилгүй учраас согтуу дарга, захирагч нар нь тэднийг сургаж  төлөвшүүлэхийн тулд гарынхаа чилээг гаргадаг юм байх. Учир нь, тэд хүмүүжилгүй гэхээсээ захирагч, дарга нартаа төлөх татварын мөнгө байхгүй. Тиймээс тэд зодуулах гэмтэй Тэгэхээр согтуу захирагчдаа зодуулж нас барсан байлдагчийн буруу болж таарлаа, ЗХЖШ-ын даргын тайлбарыг сонсоход ийм л ойлголтод хүрэв.

Ийм хүний эрхийн мэдрэмжгүй, хөлдүү ЗХЖШ-ын дарга байх ч гэж. Дарга нар ийм болохоор анги нэгтгэлүүдийнх нь захирагч, дэслэгч нартай ярих бүр хэрэггүй.

Зодуур, хүчирхийллээр хүүхэд, залуусыг хүмүүжүүлэхгүй. Хүчирхийлэл, хүчирхийллийг төрүүлдэг. Үүнийг ойлгохгүй яваа, ийм үг амнаасаа унгаж суугаа ЗХЖШ-ын даргыг  огцруулах хангалттай үндэслэл энэ мөн. Тиймээс хал цэргүүдэд зодуулсан шинэ цэрэг дахиад шинэ цэргээ зоддог хал цэрэг болно. Энэ тогтолцоог арилгаад, армид татсан ардын хүүхдийн амь насыг хамгаалаад өг гэсэн болохоос хүмүүжүүлээд, зодоод өг гэж ЗХЖШ-аас иргэд шаардаагүй.

Д.Ганзоригийн үг ЗХЖШ-д дээрээс, доошоо хүртлээ цэвэрлэгээ хийх шаардлагатай болсоныг тод томруунаар харуулав.

Монголын арми даргын хүүхдэд давуу эрх олгож, ардын хүүхдийг “алж болно” гэсэн ойлголтоосоо салаагүй цагт аав, ээжүүд минь хүүхдээ цэрэгт битгий явуулаарай. Адилхан эрх, тэгш эрх нэхэж, шаардацгаая!

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!