2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрЦ.Нямдоржтой тэрсэлдсэн тагнуулч шоронд суудаг!

Ц.Нямдоржтой тэрсэлдсэн тагнуулч шоронд суудаг!

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц өчигдөр /2021.03.22/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ. Тэр үед хэн нь Монголдоо үнэнч явсан бэ гэдэг нь тодрох биз” гэжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэрхэн самарч байгаа тухай ярьсан байна.

Үнэндээ Б.Хурцаас өмнө мөн л Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Ж.Баатар  “Ц.Нямдорж хэдий хүртэл монголчуудыг дотроос нь хагалах юм” гэж түүнийг буруутгаж суусан юм. Ямар ч байсан Ц.Нямдоржийн занаанд орсон ТЕГ-ын хоёр дарга хоёулаа шүүхийн хаалга татаж, шоронд суугаад авсан. Тэгэхээр хэргийн дохиур нь Ц.Нямдорж уу эсвэл тагнуулчид уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Ц.Нямдорж ба Ж.Баатар

-1990 онд Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Ц.Нямдоржоос тагнуулын байгууллагын ажилтан явж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгөхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй.

Тиймээс тухайн ажилтан өөр бусад суваг, эх сурвалжаас авсан мэдээ, материалд түшиглэн Ц.Нямдоржийн явж ирсэн талаар дүгнэлт, танилцуулга хийсэн. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ.

Энэ бол шоронгоос суллагдсаныхаа даргаа генерал Б.Баатарын хэвлэлд өгсөн ярилцлага. Тэрбээр улсын нууц задруулсан хэргээр шүүхээс долоо жилийн ял авч шоронд суусан байдаг.  Б.Баатар хэлэхдээ “Ц.Нямдорж хуулийн сайд болсныхоо дараа намайг яллах, надаас өс авах боломж бүрдсэн. Ц.Нямдорж  Хятадын тусгай албадтай холбоотой байдаг, энийг бүрэн гүйцэд шалгах хэрэгтэй” гэдгийг л хэлсэн. Гэтэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. Ер нь тэгээд Хятадын тусгай албадтай Ц.Нямдорж холбоотой гэж зарлаад байдаг нь Хятадын нууц болохоос Монголын нууц биш. Би Монголын ямар ч нууц задруулаагүй ээ” гэсэн бий. Ямар ч байсан Б.Баатар төрийн нууц задруулсан хэргээр шоронд сууж харин Ц.Нямдорж Хятадын тагнуул байсан уу, үгүй юу гэсэн хардлагыг хэн ч эцэслээгүй юм.

Ц.Нямдорж ба Б.Хурц

-Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна. Сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Өөрөө биш ч хэн нэгнээр, өөр ямар нэгэн гишүүдээр хууль санаачлуулна, өргөн барина, энэ байгууллагын эрх мэдэл, бүх зүйл рүү халдаж эхэлдэг. Өөрөөр хууль зөрчдөг.

Энэ бол Б.Хурцын Тагнуулын ерөнхий газрын даргын албан тушаалаасаа огцрохын өмнө хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэл.  Үүний дараа Б.Хурц С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж буруутгагдсан шүүхэд дуудагдаж, шоронд суугаад гарсан. Харин Ц.Нямдорж хуулийн сайд болсон байдаг.  Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоны дараа Б.Хурц шоронгоос батлан даалтад гарсан. Тэгвэл ЗГХЭГ-ын даргаа р Ц.Нямдорж томилогдсоны дараа дахиад л С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээг суллах тухай яриа “хөвөрч” эхэллээ.

Л.Оюун-Эрдэнэ ба Д.Гэрэл

Тагнуулын ерөнхий газрын экс дарга Д.Гэрэлийг Л.Оюун-Эрдэнийг тагнасан, чагнасан гэх асудлаар мөн л мөрдөн шалгаж эхэлсэн.  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ТЕГ-ын дарга Эрдэнэтийн 49 хувийн процесс явж байх үед надад удаа дараа шаардлага тавьдаг байсан. Тэр шаардлагыг хуулиараа ч тэр би биелүүлэх боломжгүй байсан. Үүнээс болоод хоёр, гурван удаа зөрчилдөх тохиолдол гарсан. Урьдчилсан байдлаар тогтоогдсоноор намайг уулзалт хийж байхад зарим газарт дагасан байж болзошгүй. Орсон газруудын бичлэгийг авах гэж оролдсон гэж ойлгосон. Шулуухан хэлэхэд Д.Гэрэл гэдэг хүн энд тэнд УИХ-ын олон гишүүнтэй уулзаж, тайван орхиоч ээ, болиоч ээ гээд янз бүрийн юм яриад уулзаад яваад байгаа сураг дуулдаж байгаа. Би зүгээр орхихгүй. Эцсийг нь хүртэл явна. Шаардлагатай бол өгсөн мэдээллээ ил болгоно. Шат шатандаа нуугдаж явдаг ийм асуудалд цэг тавих болсон” гэж байв. Ямар ч байсан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас болж Л.Оюун-Эрдэнэ, Д.Гэрэл нар тангараг тасарсан бөгөөд экс тагнуулчийг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг.

Ийнхүү Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэгчээр улсын нууц задруулсан, тагнасан, чагнасан, эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Монголын тагнуулыг удирдаж явсан гурван хүн хууль, шүүхийн хаалга татсан, татаж явна.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!