БНХАУ Хайнань арлын Вэньчан сансрын буудлаас /2020.05.05/ “холын марш-5В” буюу “Чанжэн-5B” шинэ үеийн зөөгч пуужингаа амжилттай хөөргөлөө гэж тус улсын сансрын агентлаг мэдээллээ.
“Чанжэн-5B” пуужингаар сансрын жолоодлогот хөлгийн болон ачааны буцах капсулын загварыг хөөргөсөн бөгөөд нислэгийн 8 минут 15 секундийн дараа пуужингаас салж, урьдчилан тогтоосон тойрог замд оржээ. Энэ нь шинэ зөөгч пуужин төдийгүй хамтын жолоодлогот сансрын хөлгийн загварыг /crew spacecraft/ анх удаа туршсанаараа онцлог юм.
Шинэ зөөгч пуужингийн хөөрөх үеийн жин нь 849 тонн бөгөөд 53.7 метр өндөр, 5 метрийн диаметртэй байна. Энэхүү пуужин нь одоогоор Хятадын хамгийн “хүчирхэг” пуужинд тооцогдож байгаа “Чанжэн-5”-ын шинэчлэн сайжруулсан хувилбаруудын нэг юм.
“Чанжэн-5B” зөөгч пуужин нь 22 хүртэл тонн жинтэй ашигтай ачааг дэлхий орчмын тойрог замд хүргэх хүчин чадалтай ажээ.
Сансрын шинэ хөлгийн хувьд тойрог замын сансрын станц байгуулах хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн бөгөөд Зөвлөлтийн “Союз” хөлгийн загварт үндэслэн бүтээсэн Шэньжоу хөлгийн сайжруулан шинэчилсэн хувилбар юм. Сансрын уг хөлөг нь хуучин загвар шиг гурав биш зургаан сансрын нисэгчийн багтаамжтай байна.
БНХАУ ийнхүү 2022 онд ашиглалтад бүрэн оруулахаар сансрын станцын бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор эхлүүллээ гэв.