2025.06.21, Бямба
spot_img

МАН-ын тамгыг Л.Оюун-Эрдэнэ түр барина

0

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, намын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгожээ. Бага хурлын талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ хурлаар намын даргыг сонгох асууддлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан.

МАН-ын шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд, улс орныхоо хөгжил дэвшилд илүү боломжийг бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид байж, төр нь хүн суртлаас ангид байж улс нийгэм, ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллах болно гэдгээ илэрхийлжэээ

Энэ талаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН мэдээлэл хийхдээ “МАН дотооддоо  эв нэгдлээ сахин биелүүлж, ард түмний өмнө амласанаа  биелүүлэхийн тулд өнөөдөр Бага хурлаа зохион байгуулж,  МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.

1990 онд хийгдсэн Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг  МАН улам илүү бэхжүүлэхийн төлөө зорьж ажиллана. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгоно. МАН ядарсныг нь  хайрладаг, задарсныг засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлнэ” гэлээ.

У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэнэ

0

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ тангараг өргөлөө. Түүний тангаргийн ёслолд гэр бүлийнхэн нь болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, үе, үеийн Ерөнхийлөгчид, цэцийн гишүүд, хууль шүүх, ард түмний төлөөллүүд болон гадаадын Элчин сайдууд урилгаар оролцов.

Тэрбээр цагаан дээл, монгол гутал, бүр малгайгаар гоёжээ. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргийн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  монголчууд бид эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, тэгш зарчим, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж ирсэн ард түмэн. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулахын төлөө зүтгэнэ. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгохын зэрэгцээ, монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай.

Монгол хүний оюун санаа үүх түүх, өв соёл, зан заншил бичиг үсэг, мэдлэг боловсрол нүүдэлчдийн соёл иргэншил бид бүхэн ундран арвиждаг баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Улсад Монголоороо бахархах Монголоороо гоёхын үндэс суурь болно.Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм.

Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтсоныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж зөвийг сахиж эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно. Монголын ард түмний язгуур эрх ашиг улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ индэр дээрээс илэрхийлье.   Хүн төрөлхтний өмнө Монголчууд та бидний өмнө цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна. Нөхцөл байдлыг хохирол багатай даван гарахад төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, эвийг эрхэмлэн хүчээ нэгтгэн хамтын хүчээр тэмцэх явдал хамгаас чухал байна.

Халдвараас хайртай хүмүүс гэр бүлээ хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газраас арга хэмжээг бүх талаар дэмжин хамтран ажиллахыг төрийн тэргүүний хувьд уриалж байна. Бид итгэл найдвар эв нэгдэл сахилга бат, хамтын хүчээр цар тахлыг даван гарч чадах болно.

Шинэ зуунд эх орон маань дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил хүчирхэгжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе.

Х.Батттулга МоАХ-г Монгол Улсын баатар цолоор шагнав

0

онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр 209 дүгээр зарлиг гаргаж, “Монголын Ардчилсан холбоо” /МоАХ/ төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна” гэжээ.

“МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨН:

  • МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Дарьсүрэнгийн Сүхбаатар,
  • МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, бэлтгэл офицер, Бригадын генерал Баянмөнхийн Билэгт,
  • МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, МоАХ-ны Тамгын газрын дарга Сэдэдийн Эрдэнэцогт,
  • “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч, “Ситинет” компанийн зөвлөх, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Пунцагийн Улаанхүү,
  • “Шинэ дэвшилт холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Намсрайноровын Цэнгэл,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн МоАХ-ны дарга Баатарын Болор-Эрдэнэ нар шагналаа гардан авлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Түүхт төр улсынхаа хараат бус, бие даасан, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлын төлөөх улс даяарын эгээрэл мөрөөдөл, ард олны эрмэлзэл хүслийг тээн Нэгэн мянга есөн зуун наян есөн онд Монголын мянга, мянган ухаантан, сэхээтэн, зоригтон, чин сэтгэлтэн, үнэн зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэн, мэргэн бодлого ухааныг сийлэн зарж, төв түвшин, энх тайван хувьсгал үүтгэн цагийн салхийг зөв эргүүлснээр ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, бүрэн эрхт, тэгш байдлыг сэргээн тунхагласан “Монголын Ардчилсан холбоо” (МоАХ), түүнийг уухайлан дэмжсэн Монголын ард түмний ялалтын 32 жилийн ой бол Ардын хувьсгалын 100 жилийн түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монголын ард түмэн бидний Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа даяар олноо тунхаглан зарласан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бээр монгол хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэлээр баталгаажиж, оюун санаанд оршиж байна. Өнөөгийн бидний энэ бүх үнэтэй бүхэнд уриалан дуудаж, ард нийтээрээ уухайлан дэмжсэн Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг Ардчилсан Монгол Улсын нийт ард түмэн хүртэх бүрэн эрхтэй гэж үзэн:

Түүхт төр улсынхаа улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулан, үндэсний оюун санааны нэгдлийн үндэс Эзэн Богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тунхаглан зарласны төлөө;
Нэг нам төвтэй захиргаадалтын дэглэм бүхий “нам төр”-ийн тогтолцоог халж, олон намаас бүрдсэн, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчим, үзэл санаа бүхий парламентын “засаг төр”-ийн тогтолцоог хэвшүүлэн тогтоож, бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ Монголын нийт иргэд эдэлдэг болсны төлөө;
Эцэг өвгөдийнхөө түүх цадиг, бичиг соёл, ёс заншил, өв уламжлалыг сэргээж, иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсны төлөө;
Хэлмэгдлийн хар шуурганд өртөж, цаазын ял тулган буудуулсан, харьд цөлөгдсөн, шоронд хоригдож, эрүү шүүлтэд тарчилсан мянга мянган эх оронч, ихэс дээдэс, эрдэмт мэргэд, эгэл ардын гэм нүгэлгүйг нотлон цагаатгаж, тэдний гэр бүл, үр хүүхэд, удам судар, ураг төрөлд нэр төр, эрх чөлөөг буцаан олгосны төлөө;
Монгол Улс дэлхийн улс гүрнүүдтэй чөлөөтэй харилцаж, монгол хүн аль ч улс оронд дураар зорчих, сурч боловсрох, ажиллаж амьдрах, аялж зугаалах эрх, эрх чөлөөг олгосны төлөө;
Нийгмийн гэх эзэнгүй өмчлөл, нийтийн гэх хөдөлмөрийн мөлжлөгийн харилцааг халж, хувийн өмч, шударга хөдөлмөрийг хүн бүхний амьдралын үндэс болгосны төлөө;
Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн чөлөөт харилцаанд эргэлт буцалтгүй шилжиж, хувийн хэвшлийнхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 шахам хувийг бүтээж, эдийн засаг, нийгмийн бүх салбарт хүрээгээ тэлж байгаагийн төлөө;
Мал сүргийг ард малчдад буцаан өгснөөр мал сүргээ 80 сая толгойд хүртэл өсгөж чадсан малчин түмнийхээ монгол ухааны төлөө:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын Ардчилсан холбоо” ТББ-ыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж  байна. Ингэснээрээ МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын ардчилсан социалист хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг  мөнхжүүлж байгаа хэрэг мөнөөс мөн.

Хөрстөд ганц Эзэн Богд Чингисийн үр сад, хүчирхэг дээдсийн улбаа хойчис, хөх тэнгэрийн ивээлт монголчууд аа,

Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр түүх болон үлдлээ ч маргааш түүний шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй.

Ази тивд анхдагч нь болж, дэлхий нийтэд зарласан ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болгосон юугаар ч сольшгүй үнэт зүйлээ бататган хөгжүүлэх, ололт амжилтаасаа ухрах гэсэн улс төрийн аливаа буруу үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хамгаалах нь МоАХ болон Монголын ард түмний эрхэм зорилт байсаар байх болно.

Бид алдаа оноогоо цэгнэж, ямагт алсыг харж, олон ургалч үзлийг уралдуулан хөгжилд тэмүүлж, ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж цогцлоож байж Монгол Улс дэлхийн дэвжээнд дэвшил хөгжлөөрөө, үндэс язгуураараа, уламжлал соёлоороо, туулж давсан баялаг түүхээрээ тодорч, монгол хүн эх орныхоо эзэн нь байж, эрх тэгш, эрх чөлөөтэй сайхан амьдрах болно.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмний үйлс мөнхөд бадарч байх болтугай” гэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

УУХҮ-ийн салбарт инноваци, технологийн шинэтгэл хийж байна

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг,  Төрийн албаны шинэтгэл – инноваци, технологийн ямар онцлогтой хэрэгжиж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, газар, агентлагийн удирдлагууд, салбарын төлөөлөл оролцлоо. Цаашдаа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаадад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцууллаа.

Бүх шатанд шинэ санал санаачлагыг дэмжиж, дижитал технологийн дэвшлийг ашиглан, инноваци нэвтрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлж, дата өгөгдөлд үндэслэсэн салбарын бодлогын шинэчлэлдээ хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт хийж, төрийн албанд шинэ мэдлэг, сэтгэлгээ бий болгох ажлын онцлогийн талаар хэлэлцэж зөвлөлдлөө.

Д.Шоовдор

Ойн медаль чанаргүй, нимгэн байна

0

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 150 мянган хүнд уг медалийг олгохоор төлөвлөжээ. Нэг медаль 15 мянган төгрөгөөр бүтэж байгаа бөгөөд зардлыг нь энэ оны төсөвт суулгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр “100 жилийн медалийн хэмжээ өмнө нь танилцуулснаасаа багасаад, нимгэрчих шиг болох юм. Энэ медаль Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох төрийн өндөр дээр шагнал. Сая МАН-ын 100 жилийн ойн медалийн чанар, хийцийг бид харсан. Тэрнээс илүү байх ёстой юм. Чанаргүй, дугааргүй, нимгэн хэр нь үнэ нь өндөр байна. Яагаад өмнө нь оруулж ирсэн эх загвараа өөрчлөөд байгаа юм бол. Хариулт өгөөч” гэв.

Соёлын дэд сайд М.Батбаяр: Медалийн загварын уралдаан зарлахад нийт 14 уран бүтээлч оролцсон бөгөөд тэндээс шалгаруулсан. Засгийн газрын хуралдаанд хоёр удаа танилцуулж, дэмжсэний үндсэн дээр УИХ-д оруулж ирсэн.

Хэмжээний тухайд сайжруулахын тулд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал хамгийн зузаан хэсэгтээ 6 мм гэж байсныг 5.6 мм болгон өөрчилсөн.

Медалийн эх загвар бүтээгч “Рояал групп” компанийн захирал н.Төмөрбаатар: Медалийн загварыг үйлдвэр дээр нь аваачиж үзүүлсний үндсэн дээр тохирсон хэмжээгээр нь өөрчилж, сайжруулсан гэлээ.

Д.Шоовдор

МАН-ын үүрэг гүйцэтгэгч хэн бэ

0

Маргааш буюу зургадугаар сарын 25-ны өдөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан ёсоор зургаа дахь Төрийн тэргүүн гэж дуудуулна, бичүүлнэ. Тэрбээр тангараг өргөхөөсөө өмнө намын дарга шилжүүлэх юм байна. Тус намын Бага хурлаар У.Хүрэлсүхийн үүрэг гүйцэтгэгчийг томилно.

Тиймээс МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хэн болох нь улс төрийн хүрээний анхаарлыг татаж байна.  Үнэмлэхүй эрх мэдэлтэй намын дарга хэн болохоос Монголын улс төр эдийн засаг шууд хамааралтай учраас.  Намын даргын төлөөх тэмцэл МАН-ын 70, 80 оныхны дунд өрнөж байна. Мэдээж, 60 оны ах нартаа “дарлуулсан” 70-аад оныхон эрх мэдэлд хүрэхийг хүсч байна. Гэвч, 80-аад оныхон эрх мэдлийн суудлаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд том амбиц бий. Бэрх тосгоны галч хүү Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болно гэдэг их хувь заяа. Тэрбээр засгаа, намтайгаа авах хүсэлтэй байгаа. Үүнийг ч  өнгөрсөн тавдугаар сард болон Засгийн газрын 100 хоног дээрээ товч тодорхой зарласан. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар эрх мэдлээ өөр дээрээ төвлөрүүлэхийг хүсч байна.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх эрх мэдэл Ерөнхий сайд дээр төвлөрөх болсон тул хэн ч том эрх мэдлээс татгалзахыг хүсэх билээ. Тэгээд ч нас зүс, мэдлэг боловсрол талаасаа Г.Занданшатар мэдээж хавь илүү. Мэдээж, У.Хүрэлсүхтэй хэн, хэн нь ойр. Гэхдээ тэдний хооронд хэдийнээ тэмцэл эхэлсэн. Ц.Анандбазар бол Г.Занданшатарыг харлуулах гэсэн тактик байлаа.

Ийнхүү маргааш МАН-ын дарга үүрэг гүйцэтгэгч тодорно. Тэр хэн байхаас жинхлэх уу, эсвэл түр зуурын тамга хадгалагч уу гэдэг нь тодорхой болох нь. Түр үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгалан болох нь хамгийн боломжит хувилбарт тооцогдож байгаа. Их хурал болтлоо тэр тамга хадгална гэсэн үг.

А.Анар

М.Энхсайхан, С.Баяр нарыг хэлмэгдүүлсний нөхөн олговрыг Х.Нямбаатараар төлүүлье

0

Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Хүсэлтээ гаргачих. Уучлал үзүүлчихээд явья” гэсэн тухай мэдээлэл хөөн хэлэлцэх хугацаагаар ял шийтгүүлсэн хүмүүсийн асуудлыг олны анхааралд дахин авчирав. М.Энхсайхан нь “Хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй” гэж хариулсан гэнэ. Гэхдээ энэ удаа бид хэрэг хийсэн, хийгээгүй тухайд шүүх гэсэнгүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл юу болох тухай товч өгүүлье.

Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа уг хэрэгт ял шийтгэл оногдуулахгүй байх тухай ойлголт юм. Энэ нэгдүгээрт хуулийн байгууллагууд дээр овоороод, ачаалал үүсгээд, хэргийн илрүүлэлтийн хувь хэмжээг хойш татаад байдаг эзэнгүй хэргүүдийн тоог багасгаж, ачааллыг хөнгөвчлөх зорилготой. Хоёрдугаарт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа уг гэмт хэргээс үүдсэн хор уршиг буюу нийгэмд учруулсан хохирол арилсан гэж үздэг эрх зүйн шинжлэх ухааны философи юм.

Олны хардаад, хараачлаад байдагчлан хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн авилга, албан тушаалын гэмт хэргүүд дээр тоолдог, хэргийг хэрэгсэхгүй болгож ял хариуцлагаас зугтаалгахад зориулсан зүйл биш юм. Бүх төрлийн гэмт хэрэг, зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Түүнийг нь тухайн үеийн Эрүүгийн хуульд бичсэн ял шийтгэлийн хугацаанаас хамаарч тоолдог.

Гэтэл өнгөрсөн онд /2020 оны нэгдүгээр сард/ МАН-ын парламент “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах туай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” гэдгийг батлаад Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг зүйлийг байхгүй болгосон. Ингэхдээ зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл хоёр жил зургаан сарын хугацаанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгах тухай хууль баталсан. Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан “авилгын гэмт хэрэг” гэдэгт

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах

Хахууль авах, өгөх

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах

Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Дураараа аашлах

Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах… зэрэг 12 төрлийн гэмт хэргийг бичсэн байна.

Хууль батлагдсаны дараа хэсэг иргэд болон хуульчдын зүгээс “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх, нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулах эрүүгийн эрх зүйн зарчмыг алдагдуулсан, хүнийг ямар гэмт хэрэг үйлдсэн болон ямар гэмт хэрэгт шалгагдаж байснаас шалтгаалж хууль ялгавартай үйлчлэхээр тогтоосон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчимд харшилсан” хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байдаг.

Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг бага, дунд суудлаараа хэлэлцэж “УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг дүгнэлт гаргасан авч УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан учир энэ сарын 11-нд их суудлаараа хэлэлцэн УИХ-ын баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож эцсийн шийдвэрээ гаргажээ. Одоо УИХ нь Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх үлдээд байгаа. Тэр нь УИХ-ын баталсан хуулиас болж хохирол учирсан иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох тухай асуудал.

Мэдээлэл гаргасан иргэд “Эрүүгийн эрх зүйн хөгжлийн түүхэнд Эрүүгийн хуульд тусгагдсан хөөн хэлэлцэх хугацааны дагуу хэрэгсэхгүй болгосон ямар ч хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн туршлага буюу түүх байхгүй” хэмээн бичжээ. Гэвч өнгөрсөн зууны нэг түүх бий гэдгийг хуульч өмгөөлөгч Б.Баяраа нийтлэлдээ бичсэн байдаг. Коммунист СССР-ийн үед ЗХУ-д дамын наймаа буюу чөлөөт худалдааг гэмт хэрэг гэж үздэг байв. /Манайд ч гэсэн ялгаагүй/ Дамын наймаа эрхэлсэн хүнд дээд тал нь найман жилийн ял өгдөг байсан ч Н.Хрушевийн үед цаазын ялаар өөрчилж, хорих ял шийтгүүлээд ялаа эдэлж байсан залуусыг бүгдийг нь буудан хороосон тухай. Өнгөрөгч 2020 онд манай УИХ-ын баталсан хууль яг энэ жишгийг давтсан гэсэн үг. Үйлдсэн гэмт хэрэг болон оноосон ял нь өөр боловч Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн зарчим нь бол яг адилхан.

Маргаантай ганц зүйл гэвэл хохирлыг хэрхэн тооцох болон нөхөн төлүүлэх асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлд,

1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.

2.Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана… гэж заасан.

Цагдаагийн байгууллага, Хууль зүйн яам нь хохирсон хүмүүсийнхээ ститистикийг гаргаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод цагдан хоригдсон болон ял эдэлсэн хоногийг нь тоолоод нөхөн олговрын хэмжээг тогтоодог, түүнийгээ дараа жилийнхээ төсөвт суулгаад явдаг жишигтэй.

Гэвч одоо ярьж байгаа тохиолдолд УИХ хууль батлаад, баталсан хуулийнх нь дагуу мөрдөн шалгаад, прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүх хэргийг нь шийдсэн учраас “Бид хууль батлаагүй, баталсан хуулийнх нь дагуу шийдсэн” гэж зугтаж таарна. Гэхдээ л С.Баярыг Оюутолгойн гэрээг батлахдаа авилга авсан гэж барьж хориод тэр нь батлагдахгүй болохоор нь хүүхдүүд нь “Петровис” компанитай хамтарч бизнес хийдэг байсныг гэмт хэрэгт тооцож ялласан шүү дээ. М.Энхсайханыг “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” хэрэгт ял тулгаад тэр нь нотлогдоогүй учраас Тавантолгой төслийн удирдагчаар ажиллаж байхад нь Эрчим хүчний яамны төсвөөс 130 сая төгрөгөөр авч өгсөн Lexus-570 машиныг таван жилийн дараа 75 сая төгрөгөөр үнэлээд, зөрүү 55 сая төгрөгийг нь “улсад учруулсан хохирол” гэж үзээд 4,5 жилийн хорих ял оноосон. Хэдийгээр гэмт хэрэгт тооцох боломжгүй ч гэлээ аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Да.Ганболд, С.Баярцогт нар ч мөн жишгээр ял сонссон.

Хамгийн сүүлд шүүхээр шийдэгдсэн “эрүүдэн шүүсэн” хэрэг байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны долдугаар сард дууссан хэргийг 2021 он гартал шалгаад өнгөрөгч гуравдугаар сард УДШ ял оноосон. Цагдан хоригдож байсан хугацаатайгаа нийлээд заримынх нь ялын хугацаа дуусч байгаа. Тэр бүх хүмүүсийг олж тогтоох, ялыг нь хүчингүй болгож, нөхөн олговор өгөх шаардлагатай болно.

Тэгэхээр хууль баталсан УИХ болон хуулийг санаачилсан гишүүд, тухайлбал одоо Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Х.Нямбаатар, өмнөх сайд Ц.Нямдорж нар Үндсэн хуульд харшилсан, эрх зүйн системд байхгүй хууль гаргаж, иргэнд хохирол учруулсан хариуцлагаа үүрэх ёстой. Хүн амины хэрэгтнээс уучлал гуйгаад зогсч байсан Ц.Нямдорж сайд хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг харин ч нэг хүлээчих байлгүй дээ.

Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйл “Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагавар” хэсэгт “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн улмаас улс, иргэд, байгууллагад учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн байна. Хэзээ, хэдий хугацаанд шийдвэрлэх үүрэгтэйг гэдгийг нарийвчилж бичээгүй ч “тухайн үед нь хянан шийдвэрлэнэ” гэсэн нь “Цэцийн шийдвэр гарсан даруйд” гэдэг утгыг илтгэнэ. Товчхондоо УИХ энэ ажлаа нэн даруй хийх ёстой гэсэн үг. Хөрөнгө мөнгийг нь дахиад улсын төсвөөс буюу татвар төлөгч төлнө.

Өрсөлдөгчдөө намнах гэсэн улстөрчдийн хорон явуулга, Үндсэн хууль зөрчсөн үйлдлийн үр дагаврыг хэдий болтол төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ёстой вэ? “Авилгын гэмт хэрэгтэй ингэж тэмцдэг” гээд бардамнаад байсан Х.Нямбаатар, Ц.Нямдорж нараар төлүүлье.

Цаг агаар: Эрс хална

0
summer heat wave in the city

Зургадугаар сар дуусч, нар буцсан ч, зун бараг болсонгүй. Энэ жилийн зун бороо хуртай, салхитай хүйтэн болж байна. Гэхдээ ирэх өдрүүдэд цаг агаар эрс халахыг  Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Энэ сарын 26-наас ихэнх нутгаар 30-34 градус хүрч халах төлөвтэй байна. Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 градус хүрч халах нь. Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр /ням гариг/ нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ. Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг цаг уурчид зөвлөлөө. Харин ирэх даваа гаригт дуу цахилгаантай аадар бороо орж цаг агаар сэрүүснэ.

Энэ жилийн хувьд долдугаар сард олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Одоогоор баяр наадмын өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөв гараагүй байгаа юм байна.

Цахим наадамд зарцуулах мөнгөөрөө цар тахлаа эмчилье!

0

Өдийд уг нь хэний сум мэргэн, хэний бяр хүчтэй, хэний морь хурдан бэ гэсэн яриа ид өрнөдөгсөн. Гэтэл энэ жил наадмаа хийнэ, хийхгүй гэсэн хэрүүл, талцал болж байна.  Учир нь эрх баригч МАН-ынхан наадмаа хийхийг иргэд наадмаа хойшлуулахыг хүсч байгаа юм.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх болсноо Засгийн газраас мэдээллээ.  Харин аймаг, сумдын наадмыг ирэх долдугаар сарын 20-ноос хойш цар тахлын тархалтыг харж байгаад шийднэ гэв. Ийнхүү хоёр дахь жилдээ Монголын ард түмэн цахимаар наадаж, эрийн гурван наадам маань гурван эрийн баяр болж хувирав, албан ёсоор. Гурван эрийн наадмын өртөг өнгөрсөн жилийнхээс гурав дахин өсч, 10 тэрбум төгрөг болсон.

Өнгөрсөн жилийн баяр наадмыг  Төв аймаг дахь Женко группын эзэмшлийн цогцолборт зохион байгуулсан. Төсвийн мөнгөөр цахилгаан татаж, Ерөнхийлөгч нь баяр наадмаар далимдуулан хувийн лаагертаа хөрөнгө оруулалт хийсэн.

Энэ удаад төв цэнгэлдэхдээ хийхээр, гэхдээ төрийн ордны хэдэн дарга нарт нээлттэй байх бололтой. Харин ардын хүүхдүүд ардын наадамд очих эрхгүй болж байна.

Цар тахлын гамшигт хөдөө, хотгүй нэрвэгдэж, хоногт арав, арваараа нас барсаар байгаа муу мэдээтэй МАН-ынхан зуун жилээ тэмдэглэхээр эргэлт буцалтгүй шийджээ.  Иргэдэд хаалттай, эрх баригчдад нээлттэй цахим наадам хийх 10 тэрбумыг цар тахалдаа зарцуулсан бол хэчнээн хүний амийг аварч болох байсан бол. Арван тэрбум бол 600 гаруй амьсгалын аппаратны үнэ. Гэвч дарга наадмаар байхад иргэд үхсэн ч яахав дээ. Эрх баригчдын гаргаж буй шийдвэр ингэж л уншигдаж, сонсогдож байна.

Цахим наадамд 1024 бөх зодоглох гэнэ. Допинг шахуулсан, найраа, наймаа хийсэн хэдэн хөлстэй бөхчүүдийн барилдахыг үзсэн ч яалаа байсан ч яалаа. Тэртээ тэргүй жилийн жилд, наадмын дараа баахан бөхчүүд допинг шахуулсан нь илэрч, баяр наадмаа шавартай нь хутгадгаас хойш. Тэгээд ч зовсон, зүдэрсэн иргэдийн хувьд юун баяр наадамтайгаа байгаа.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээгээр өнгөрсөн 24 цагт 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо зуу мянга давав.  Нэг тэрбум хүнтэй Хятадыг батлагдсан тохиодлын тоогоороо гурван сая хүнтэй Монгол Улс хэдийнэ ардаа орхижээ.

Ковидгүй зунаар өргөн дэлгэр сайхан наадна гэсэн эрх баригчдын хэлсэн үгний шүлс нь хатаагүй шахам байхад л ард түмнийхээ ажил орлогыг нь хаачихаад 10 тэрбумаар наадах гээд сууж байгаа нь ариун явдал мөн үү, ингэхэд.

Өнгөрсөн жил дотооддоо нэг ч халдвар гараагүй байхад цахимаар наадаж, цагаан сарыг хүртэл хориглосон. Гэтэл өнөөдөр хоногтоо 2000 давсан халдвар бүртгэгдэж байхад цахимаар наадна, бөхөө барилдуулна, морио уралдуулна гэж суугаа эрх баригчдад иргэдээсээ айх, эмээх асуудал алга уу.

Төр засаг гэж байгаа бол цахим наадамд зарцуулах мөнгөөрөө цар тахлаа эмчлэх ёстой юм.

Б.Нирун

Намын дарга нуугдах тусмаа хорлонтой!

0

Монголыг удирдан чиглүүлэгч нь МАХН гэх боловч Ю.Цэдэнбалын гарт байв. МАН, МАХН хоёр нийлж сонгуульд үнэмлэхүй ялснаар Бал дарга шиг солигдошгүй жолоодогч хүсээд ч буй юм шиг. Монголд эдүгээ засаглалын шинэ хуучин хоёр загвар аль нэгнийгээ дийлэх гэж арсалдаж байна. Ардчилал чөлөөт зах зээлд төрийн эрх-хүн амын гарт байх ёстой гэх онолтой ч сонгуулиар төрийн эрх авсан намын дарга төр засгийг хөшигний араас хаанчилдаг болсон. Бал даргаас дээр нь юу байна? Бал дарга Лоохууз Нямбуу нараас хойш тайвширч одоогийн намын дарга нараас харин ч харьцангуй шилэндүү болсон. Халдашгүй сүр хүчийг олж, айдасгүй бардам дарангуйлагчид хувирснаар аяндаа нээлттэй болсон биз. Лоохууз Нямбуутанг дахиж төрөхүүлэхгүйн тулд намын эсрэг бүлэг, Хятадын талыг баримтлагчдыг хашрааж, ард түмнээ хөөрхөн айлгасан.

Өдгөө иргэн та өөрийгөө сонгосон төлөөллөөрөө дамжуулаад эх орноо удирдаж байна гэж итгэдэг үү? Та бидний төлөөлөл 76 УИХ дахь намын бүлгийнхээ өмнө гөлөг. Бүлэг нь намын даргынхаа өмнө гөлөг. Намын даргын зангараг ланжгар хэвээрээ байгаа биз. ҮАБЗ-ийн гурван гишүүний араас нам нь чиглүүлж буй. Намаасаа түдгэлзсэн Ерөнхийлөгч хүртэл намынхаа даргын амыг хардаг нь нууц биш. Олиггүй энэ буулганаас салах арга олсон улс байна уу.

Төр засгийг далдаас удирддаг намын дарга, засаглал, өсөлтөд уршигтайг 30 жил нийтээр амслаа. Зэс, коксын үнэ хадах мөчлөг таарч өсөлт 17 хувьд хүрсэн гээч. Тэгвэл гэнэт баяжсанаа яагаад бэл бэнчингүй хоцорч гуриатав? Төр засгийн эрх ээлжлэн барьсан хоёр намын дарга азаргалаад үрчихсэн. Намын дарга эдийн засгийн аранга аж. Хөрөнгө оруулагчдыг колончлогчид гэж хөөчихөөд, зөрүүлээд өндөр хүүтэй зээл авч давшгүй өрөнд унагасан. Ингэж банатагнуулагч нарын толгойлогч-намын дарга байдаг! Хөгжихөд мөнгө чухлыг хоосорсон хойноо мэдрэв. Царай алдаж баян гүрнүүдээс зээл гуйдгаараа шившиг боллоо. Мөнгөө дуусаж аргаа бараагүй бол бид чинь их сэхүүн гарууд шүү дээ. Одоо мөнгөгүйгээс хойш өлбөрч үхэлтэй биш сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэхээс.

АН-ын хувьд намын даргын сунгаа явуулдаг нь олзуурхам авч сунгаанд ялагдаж дарга болж чадаагүй нь өширхөж намаа самардаг болжээ. Даргын сэнтий ганц. Түүн дээр залрах хорхой нь язганасан олон бөгсний бохир тэмцэлд АН бузартав. Ер нь аль ч намын дарга хэн байх-гишүүдийнх нь асуудал болохоос энгүүний маньд онц хүртээлгүй баймаар. Гэвч төрийн эрхэнд гарсан намын дарга иргэн бүрд аймаар хүртээлтэй. Тэр бээр намын-хувийн эрх ашгаа хангахаар хуулийн засаглалаар тоглож, ард олноо хохироодог. Дэвших халагдах түүнээс шалтгаална. Шүүхийн шийдвэр, бизнес тендерт нөлөөлнө. Ийм систем ноёлжээ.

Төрийн эрхийг мөнгөөр авахын тулд сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчиж, том том амлалтаар намууд уралддаг. Солиотой амлалтыг хэн голлож шийддэг вэ? Мэдээж намын дарга. 2008 оны дуулиант сонгуульд эхлээд АН нэг саяыг амлатал, МАН түрүүлж амлах санаа төрөөгүй дүнхүү духаа шаамагц сая таван зууг гялс амлаад ялав. Сонгуулийн сурталчилгаа өнгөрснийг зөрчөөд шүү. Амласан сая таван зуугаа МАН яасан гээч? Чалькогоос 350 сая доллар зээлж Төрийн эрх хахуулиар олгосон гэмт хэрэгтэн-сонгогчиддоо тараав. МАН-ын дарга асан С.Баярын сэдсэн мөнгөөр санал бөөндсөн луйвар. Чалькод өрөө төлөх гэж коксоо сул өгч хүн ам ядуурч өсөлт зогссон. С.Баяр тэгэмгүй л ухаалаг лидер дээ. Төр засгийн сэнтийд залрахын тулд юу ч үйлдэхээс буцахгүй увайгүйчдийн тэмцэл намын даргаа нүгэлд унагадаг юм бол уу. Золигт гарсан Баярт хэлэх үг бий л байх.

З.Энхболд АН-ын дарга байхдаа уурхайн төмөр замыг Х.Баттулгатай хавсайдан гацааж, дор хаяж 10 тэрбум долларын ашиг хаасан. Өөрөөр хэлбэл хүн ам 10 тэрбумаар хохирсон гэсэн үг. 10 тэрбум долларын хохирлоос илүү гэмт хэрэг гэж байх уу? 30 гэр бүлийн аюул гэж айлгасан атлаа өөрөө бусдын нэр дээр хувийн компани байгуулж Сайншандаар угаасан коксны панз үсэргэхийн тулд төмөр зам, нүүрс баяжуулах улсын төслийг гацаасан этгээд. Уг нь манай нүүрс булаацалдамгүй, олон Энхболдод хүрэхээр л дээ. Барьцаалагдсан Баттулга түүнд нөлөөлж чадамгүй. Энхболд Баттулга мэтийн нөлөөнд орох тийм өчүүхэн хүн биш. Амаргүй эр. Намын даргын нөлөөг ашиглаж намынхаа гол лидерүүд-өрсөлдөгчдөө хилсээр шоронд хийж дөнгөсөн. Юутай ч манай руу чиглэсэн асар их валютыг орос олигархиудын халаас руу урсгасан хоёр.

ДЦС ба УЦС, Замын үүдийн чөлөөт бүс гээд бал цул ашиг цутгах төслүүдийг ээлжлэн, эсвэл дангаараа эрх барьсан намын дарга оройлон гацааж, шатахуун, цахилгааны дааж давшгүй импортоор ядмаг улсаа босгоогүй. Ардчилал чөлөөт зах зээлээр замнаад хөгжөөгүй шалтгаанд-бид бүгд буруутай ч хоёр намын дарга хэмжишгүй их нүгэлтэй. Иймд намын дарга гэх гайхлаас иргэн бүр сэрэмжил. Төр засгийн шийдвэрт намын дарга нөлөөлж гай тарьчихаад өндөр сэнтий сэлгэн магтуулаад заларч явдаг. Магтуулахад дургүй хэн байхав. Гагцхүү өөдгүй амьтдыг магтагч нарт би дургүй. Өөрт ашиггүй бол ямарч хүн чөтгөрийг тэврэхгүй дээ. Намын 100 жил гэж хөөрцөглөгчдийг хар. Нам нь яаж яргаллаа. Нам, намын даргыг байранд нь тавья ард түмээн. Намын удирдах зөвлөл, ҮБХ ч гэнэ үү, бас УИХ дахь намын бүлэг цөм хуйвалдааны үүр. Авилгын хэмжээг хар. Идэж гүйцлээ. Төр засгийн торгон оройг эзэлсэн хулгайчид шүүх прокурорыг эрхэндээ оруулж, өрсөлдөгчдөө намнаж, өөрсдийгөө ялнаас мулталдаг мэхэнд гаршив.

Намын дарга гишүүдийнхээ өмнө хариуцсан үүрэгтэй бол УИХ-ын гишүүд бүх ард олныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүнээс харахад нам төр хоёрын аль нь ахалмаар байна? Намыг би үгүйсгээгүй. Гагцхүү хэмжээндээ л даналзаач гэх гэсэн юм. Намын даргын хэмжээгүй зангаргийг хэлтлэх хүч бий. Төрөө жолоодуулахаар олны сонгосон төлөөллүүд намынхаа даргад атгуулахгүй, өөрсдийгөө сонгосон сонгогчдынхоо эрх ашгийг нэгд тавивал намын эрх буйрин дээрээ бууна.

Намын даргыг ард түмэн сонгоогүй. Гишүүд нь сонгосон. Намын гишүүдээс ард түмэн хэд дахин олон бөгөөд Монгол улсын хувь заяаг даах хүч нь нэг намын гишүүд бус ард түмэн. 200 мянган гишүүний атаманы өмнө 3 саяулаа яагаад гөлөг болдог билээ? Нам толгойтой төрийг ард түмэн сонгох хэрэг байна уу? Ард түмний сонголтын утга учир хаачив? Төр нь хаачив? Төрийн эрхэнд шунагч нам гэгч бүлэг хуйвалдагч нарт дарлуулсаар ядуурах уу тэнэг ард түмэн минь. Бодооч. Нийт олны сонгосон парламент, орон нутгийн удирдлагад ухаалаг даруу зөвлөгч тустай болохоос даргалагч нам тээртэй, бүр хортой. Төр засгийн хажуугаар намын дарга гэгч эрх мэдэлтнээс салъя. Тэр гайг Ерөнхий сайдад наавал амбиц нь засагт уусаж намын дарангуйлал саармагжих бол уу яах бол. Ааваасаа өөр бас нэг аавтай байх хүүхдүүдэд сайхангүй.

2021-06-22

Ц.Доржготов 2021-06-22