2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэнэ

У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэнэ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ тангараг өргөлөө. Түүний тангаргийн ёслолд гэр бүлийнхэн нь болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, үе, үеийн Ерөнхийлөгчид, цэцийн гишүүд, хууль шүүх, ард түмний төлөөллүүд болон гадаадын Элчин сайдууд урилгаар оролцов.

Тэрбээр цагаан дээл, монгол гутал, бүр малгайгаар гоёжээ. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргийн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  монголчууд бид эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, тэгш зарчим, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж ирсэн ард түмэн. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулахын төлөө зүтгэнэ. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгохын зэрэгцээ, монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай.

Монгол хүний оюун санаа үүх түүх, өв соёл, зан заншил бичиг үсэг, мэдлэг боловсрол нүүдэлчдийн соёл иргэншил бид бүхэн ундран арвиждаг баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Улсад Монголоороо бахархах Монголоороо гоёхын үндэс суурь болно.Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм.

Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтсоныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж зөвийг сахиж эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно. Монголын ард түмний язгуур эрх ашиг улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ индэр дээрээс илэрхийлье.   Хүн төрөлхтний өмнө Монголчууд та бидний өмнө цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна. Нөхцөл байдлыг хохирол багатай даван гарахад төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, эвийг эрхэмлэн хүчээ нэгтгэн хамтын хүчээр тэмцэх явдал хамгаас чухал байна.

Халдвараас хайртай хүмүүс гэр бүлээ хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газраас арга хэмжээг бүх талаар дэмжин хамтран ажиллахыг төрийн тэргүүний хувьд уриалж байна. Бид итгэл найдвар эв нэгдэл сахилга бат, хамтын хүчээр цар тахлыг даван гарч чадах болно.

Шинэ зуунд эх орон маань дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил хүчирхэгжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!