2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Цахим наадамд зарцуулах мөнгөөрөө цар тахлаа эмчилье!

Цахим наадамд зарцуулах мөнгөөрөө цар тахлаа эмчилье!

Өдийд уг нь хэний сум мэргэн, хэний бяр хүчтэй, хэний морь хурдан бэ гэсэн яриа ид өрнөдөгсөн. Гэтэл энэ жил наадмаа хийнэ, хийхгүй гэсэн хэрүүл, талцал болж байна.  Учир нь эрх баригч МАН-ынхан наадмаа хийхийг иргэд наадмаа хойшлуулахыг хүсч байгаа юм.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх болсноо Засгийн газраас мэдээллээ.  Харин аймаг, сумдын наадмыг ирэх долдугаар сарын 20-ноос хойш цар тахлын тархалтыг харж байгаад шийднэ гэв. Ийнхүү хоёр дахь жилдээ Монголын ард түмэн цахимаар наадаж, эрийн гурван наадам маань гурван эрийн баяр болж хувирав, албан ёсоор. Гурван эрийн наадмын өртөг өнгөрсөн жилийнхээс гурав дахин өсч, 10 тэрбум төгрөг болсон.

Өнгөрсөн жилийн баяр наадмыг  Төв аймаг дахь Женко группын эзэмшлийн цогцолборт зохион байгуулсан. Төсвийн мөнгөөр цахилгаан татаж, Ерөнхийлөгч нь баяр наадмаар далимдуулан хувийн лаагертаа хөрөнгө оруулалт хийсэн.

Энэ удаад төв цэнгэлдэхдээ хийхээр, гэхдээ төрийн ордны хэдэн дарга нарт нээлттэй байх бололтой. Харин ардын хүүхдүүд ардын наадамд очих эрхгүй болж байна.

Цар тахлын гамшигт хөдөө, хотгүй нэрвэгдэж, хоногт арав, арваараа нас барсаар байгаа муу мэдээтэй МАН-ынхан зуун жилээ тэмдэглэхээр эргэлт буцалтгүй шийджээ.  Иргэдэд хаалттай, эрх баригчдад нээлттэй цахим наадам хийх 10 тэрбумыг цар тахалдаа зарцуулсан бол хэчнээн хүний амийг аварч болох байсан бол. Арван тэрбум бол 600 гаруй амьсгалын аппаратны үнэ. Гэвч дарга наадмаар байхад иргэд үхсэн ч яахав дээ. Эрх баригчдын гаргаж буй шийдвэр ингэж л уншигдаж, сонсогдож байна.

Цахим наадамд 1024 бөх зодоглох гэнэ. Допинг шахуулсан, найраа, наймаа хийсэн хэдэн хөлстэй бөхчүүдийн барилдахыг үзсэн ч яалаа байсан ч яалаа. Тэртээ тэргүй жилийн жилд, наадмын дараа баахан бөхчүүд допинг шахуулсан нь илэрч, баяр наадмаа шавартай нь хутгадгаас хойш. Тэгээд ч зовсон, зүдэрсэн иргэдийн хувьд юун баяр наадамтайгаа байгаа.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээгээр өнгөрсөн 24 цагт 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо зуу мянга давав.  Нэг тэрбум хүнтэй Хятадыг батлагдсан тохиодлын тоогоороо гурван сая хүнтэй Монгол Улс хэдийнэ ардаа орхижээ.

Ковидгүй зунаар өргөн дэлгэр сайхан наадна гэсэн эрх баригчдын хэлсэн үгний шүлс нь хатаагүй шахам байхад л ард түмнийхээ ажил орлогыг нь хаачихаад 10 тэрбумаар наадах гээд сууж байгаа нь ариун явдал мөн үү, ингэхэд.

Өнгөрсөн жил дотооддоо нэг ч халдвар гараагүй байхад цахимаар наадаж, цагаан сарыг хүртэл хориглосон. Гэтэл өнөөдөр хоногтоо 2000 давсан халдвар бүртгэгдэж байхад цахимаар наадна, бөхөө барилдуулна, морио уралдуулна гэж суугаа эрх баригчдад иргэдээсээ айх, эмээх асуудал алга уу.

Төр засаг гэж байгаа бол цахим наадамд зарцуулах мөнгөөрөө цар тахлаа эмчлэх ёстой юм.

Б.Нирун

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!