2025.05.15, Пүрэв
spot_img
Нүүр хуудас блог хуудас 137

"Интермед”-ийн өвчтөний хариу коронавирусгүй гэж гарчээ

0

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Интермэд эмнэлэгт үйлчлүүлсэн 69 настай иргэний шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан мэдээлж байсан. Тодруулбал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал “Өнөө өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэн амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй. Эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар тухайн иргэнээс шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгвэл  тус иргэний PCR шинжилгээ сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан байна.

Сөүл, Франкфуртаас иргэдээ татна

0

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж, АНУ, Итали, Герман, ОХУ зэрэг улс орнуудад өвчлөл нэмэгдэж байгаа учраас хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдийн тоо өссөөр байгаа аж. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн хэлснээр нийтдээ 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа аж. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл рүү нисэх гэнэ. Үүний дараа тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу нислэг үйлдэнэ.  Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүй. 9412 иргэнийг УОК тавьж буй шаардлагын дагуу хүндэтгэн үзэж шалтгаанаар нь ангилсан. Энэ мэдээлэл дээрээ үндэслэн нэрсээ эцэслэнэ. Үүнд, транзит зорчигчид ч орно. Транзит зорчигчийг ХӨСҮТ тусгаарлаж байгаа тул эмнэлгийн нөөц бололцоондоо тулгуурлаж хэчнээн иргэнийг авах бэ гэдгээ шийднэ. Нийтдээ 500 орчим иргэнийг авна. Дараагийн нислэгийг тусгаарлах байр, эмнэлгийн нөөц бололцоог харгалзан үзсэний үндсэн дээр шийдэх юм байна.

Монголдоо ирэх хүсэлтээ гаргасан 9412 иргэний талаарх товчхон мэдээллийг хүргэе.
Бүсээр нь ангилбал:

  • Европ 2,335 иргэн
  • Ази 4,233 иргэн
  • Америк 1,691 иргэн
  • Австрали улсаас 1,143 иргэн буцах хүсэлтээ гаргасан

Хүндэтгэн үзэх шалтгаантай: 

  • Бага насны хүүхэдтэй 1,452 хүн
  • Эрүүл мэндийн шалтгаантай  376 хүн
  • Өндөр настан 854
  • Жирэмсэн 141 хүн
  • Санхүүгийн боломжгүй болсон 813
  • Бусад шалтгаантай 2,670 гаруй иргэн байна.

 

"Интермед” эмнэлэгээс коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

0

ЭМЯ ээлжит мэдээллээ хийж, 4 сарын 20-ны байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 341 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэв. Харин “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байсан 69 настай иргэнээс түргэвчилсэн оношлуураар хариу эерэг гарсан байна. 

“Өвчтөн сүүлийн долоо хоног ханиалгасан, хоёр уушги хатгалгаатай байсан бөгөөд бид сорьцыг өнөө өглөө 05:00 цагийн үед ХӨСҮТ-ийн лабораторид авчран шинжилж байна. Эхний хариу бол түргэвчилсэн оношлуураар гарсан тул PCR шинжилгээний хариунд үндэслэх нь чухал гэж үзэж байна. Шинжилгээний хариу үдээс хойш гарна.

Тухайн иргэний хүүхэд 1 сарын 27-ноос 2 сарын 07-нд БНСУ руу яваад ирсэн. Гэвч Монгол Улсад ирээд хоёр сар орчим болсон тул харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна. Ойрын хавьтлын гурван хүний сорьцыг шинжилж байна. “Интермед” эмнэлэгт ХӨСҮТ-ээс заавар, зөвлөгөө өгч байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдэв.

COVID19: ОХУ зургадугаар сараас вакцин туршихаар болжээ

0

COVID-19 халдвараар дэлхий дахинд 2.4 сая хүн өвчилж, 107 мянган хүн нас баржээ. Одоогоор 1.6 сая хүн өвчний улмаас эмнэлэг хэвтэж эмчлүүлж байгаа бол 640 мянга гаруй хүн эдгэрсэн байна. Энэ талаарх шинэ мэдээг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4,000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга болсон байна. Монголтой хил залгаа Буриадад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 болжээ. Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүн гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна. COVID-19-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших буюу вакциныг хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болжээ. БНХАУ-ын хувьд эдгэрээд гарсан 161 хүний 22-т нь коронавирус дахин илэрсэн байна. Энэ вирус эдгэрээд 14-37 хоногийн дараа дахин илэрч байгааг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ “Зарим улс, орон COVID-19 халдварын оргил үе саарч байна гэж үзээд хөл хориог хөнгөвчлөх шийдвэрт хүрч байгаа. Гэхдээ энэ нь аюулгүй боллоо гэсэн үг огтхон биш бөгөөд тэмцлийг сулруулж болохгүй. Харин ч илрүүлэх, хавьтлыг тодорхойлох ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай. Энэ вирус учраас завсар зай л гарвал дахин орж ирэх аюултай” гэж анхааруулсан байна.

ДЭМБ: Хамгийн хүнд өдрүүд бидний өмнө байна

0

Шинэ коронавирусийн эсрэг хөл хориогоо АНУ болон Европийн орнууд зөөллөх болсонд ДЭМБ шүүмжлэлтэй хандаж байна. Титэмт вирусийн цар тахалтай холбоотой гол сорилттой хүн төрөлхтөн хараахан нүүр тулаагүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебреисус мэдэгджээ.

“Хамгийн хүнд өдрүүд бидний хойно биш өмнө байна. Гэхдээ бид энэ эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадна. Олон хүн энэ вирусийг зүгээр л ойлгохгүй байна” хэмээн тэр ярьжээ. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар дэлхий даяар 2,5 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш 644 мянган хүн эдгэрсэн бол 168 906 хүн нас баржээ.

АН-ын жинхэнэ дарга нь З.Энхболд уу!

0

Тураг ядрахаараа уулаа, хүн ядрахаараа нутгаа барааддаг гэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа Ө.Шижирт шилжүүлснээр З.Энхболд төрхөмдөө буцаж, С.Эрдэнийг бараадсан. Түүнийг АН-ын даргын ахлах зөвлөх болоход нь намынхан нь тааламжгүй хүлээн авсан.

Хэдийгээр З.Энхболд УИХ-ын 2016 оны сонгуульд намаа ялагдуулснаа хүлээн зөвшөөрдөггүй ч түүнээс бол АН гудамжинд гарсан гэж намын жирийн гишүүд нь дүгнэдэг. Хэдий АН-ын тамгыг С.Эрдэнэ барьж байгаа ч өдгөө З.Энхболд түүнийг далдаас удирдаж буйг намын ахмад, залуу гишүүд нь шүүмжилж байна. Энэ талаар Э.Бат-Үүл твиттертээ АН-ын залуус “жинхэнэ намын дарга” З.Энхболдыг зайлуулах хэрэгтэй! З.Энхболд, Алтанхуяг бид мэт нь одоо болсон, зайгаа залуустаа тавьж өгөөд ардчиллаа хамгаалах нийгмийн ажил хийх нь зөв! АН-ыг залуучууд л ялуулна. Тэдний урдуур орж саад хийх хэрэггүй. Мөн ч их хэлэх юм! гэж жиргэжээ.

Аль ч тойрог дээр түүний нэр тааруухан байгаа гэх бөгөөд З.Энхболдтой АН унаж мэдэх магадлал өндөр байна.

ОХУ-аас ирсэн оюутнаас 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ

0

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн ажиглалт, хяналтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар онцгой анхаарч хяналт, шинжилгээгээ үргэлжлүүлж байна. Өчигдөр хоёр лабораторид нийт 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 4 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс гурав дахь удаагаа давтан шинжилгээ авахад 16-д нь илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Халдвар илэрсэн иргэн нь Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Төмөр замын дээд сургуулийн оюутан.

ОХУ-ын Төмөр замын дээд сургуульд коронавирусийн халдвар гарсан нь олон улсын мэдээгээр цацагдсан.  Тэгэхээр хаана амьдарч байсан, хаагуур явсан зам мөр үнэхээр чухал нь  батлагдаж байгаа. Тиймээс 30 хүнийг онцлон тусгаарлан шинжилгээ авсан юм. Онгоцонд суухаар битүү орчинд орчихдог. Агаарын солилцоо байхгүй. Хэнтэй ч хамаагүй суудал таарах эрсдэлтэй.  Тиймээс өндөр зэрэглэлийн N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй.  Уханийн буюу Хятадын туршлагаас зөвлөхөд иргэд нимгэн даавуун бээлийг өмсөх хэрэгтэй. Оройд нь угаагаад индүүдээд, ариутгаад хэрэглэвэл коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой. гэв.

ЭМЯ-наас өгсөн мэдээгээр хоёрдугаар сараас хойш 17 орноос 98 монгол иргэн хандаж, зөвлөгөө авчээ. Гадаадад манай 13 иргэн коронавирусний халдвар авсан байсан.

Үүнээс Швейцарьт байсан хоёр иргэн эмчлэгдээд тусгаарлалтын хугацаа нь дуусаад шинжилгээ нь сөрөг гарч, эдгэрсэн байна. Шведэд байсан хоёр монгол иргэн мөн эдгэрээд эмнэлгээс гарсан гэж мэдээллээ. Ирландад халдвар авсан байсан дөрвөн иргэн эмчилгээ амжилттай өндөрлөж, одоо шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. ОХУ-д гурван тохиолдол илэрсэн, эмчлүүлж байгаа. БНСУ-д халдвартай нь тогтоогдсон хоёр монгол иргэн эдгэрсэн байгаа. Нэг нь гэрээр, нөгөөх нь эмнэлэгт эмчлүүлсэн байна.

Ц.Элбэгдорж: Улс төр рүү би баяжих гэж ороогүй

0

“Яаж баяжив” – гэх энэ асуултыг олон хүн надаас асуудаг юм. Нэр нүүрээ нууж нэг, бас нуулгүй нэг асуудаг. Харин нүүр тулсан үед асуух хүн бараг үгүй. “Яаж баяжив” гэж асуух бол байх ёстой асуулт. Тэр тусмаа улс төрд удсан хүнээс. Ялангуяа албан хаагчаас. Ер нь түмний төлөө зүтгэх зорилго тавьсан, тангараг өргөсөн төрийн албан хаагч бүрээс асуух ёстой асуулт. Иймээс би энэ асуултад чин үнэнээсээ нэг бүрчлэн хариулъя.

НЭГ: Яаж баяжив? “Улс төрд хар залуугаасаа явсан. Улс Төрийн Товчоог тусгай хангамжтай гэж та нар дайрсан. Өөрсдөө баяжлаа.” Яаж баяжив? Иргэд сэтгэгдлээ илэрхийлэх зуур ингэж асуух нь байдаг. Одоо бол ийм боломж арвинтай болжээ.

Би юуны өмнө энэ асуултад үнэнийг эрхэмлэн, итгэл үнэмшлийнхээ үүднээс хариулъя. Би Эх орондоо хайртай. Би эрх чөлөөнд дуртай. Бидний Эх орон, эрх чөлөөний дайсан бол авлига, төр түмнээсээ хулгай хийх явдал гэж би боддог. Би авлига, хулгай Монголыг доройтуулна, Монголыг муухай харагдуулна гэж итгэдэг. Иймээс би авлигаас, хулгайгаас ангид байхыг үргэлж эрхэмлэж ирсэн.

Улс төр рүү хүн яах гэж ордог вэ? Улс төрд орж байгаа хүний сэдэл чухал гэж боддог. Улс төр рүү би баяжих гэж ороогүй. Улс төрөөс мөнгө олох гэж, улс төрөөс амьдралынхаа дутууг нөхөх гэж ороогүй. Ард түмнийхээ өнийн хүсэл мөрөөдөл болсон эрх чөлөөгөө олоход нь хувь нэмэр болох гэж, олон нийтийн тусын тулд би улс төрийн замыг сонгосон юм.

Улс төрд орохоосоо өмнө би өөрийн гэсэн хүмүүжилтэй мэргэжилтэй, ажилтай амьдралтай, тогтсон бодолтой байсан. Түмний төлөө зүтгэх зорилго өвөртлөж, сонгуульт албан тушаалд анх дэвшиж байхдаа хувь хувьсгалаа ялгах зарчмыг хатуу баримталсан. Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн хэмээх эрхэм үүрэг хүлээсэн мөчөөсөө би дээрхи зарчмаа ах дүү, амраг садан, ойр тойрныхоо бүх хүмүүст ойлгуулахаас ажлаа эхэлсэн.

“Ийм замыг сайн дураараа сонголоо. Түмний итгэл хүлээж ийм ажил албатай боллоо. Надаас Та бүхний хэн ч давуу байдал бүү хүлээ. Бүгдээрээ, дор бүрнээ ажил амьдралдаа эзэн болж явцгаая. Ажил албаныхаа шугамаар Та нарын хэнд ч бусдаас илүү харж тусалж чадахгүй”. Энэ үгээ улс төрийн амьдралдаа үргэлж мөрдлөг болгож явсан. Сонгосон замдаа би үнэнч байсан.

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг зарчмыг ажил амьдралдаа би дагаж ирсэн. Энэ бол хулгай хийхгүй ажиллаж амьдрахыг сургасан ардын сургааль. Миний ажил амьдралын зарчим болсон сургааль. Иймээс хулгайгаар, авлигаар баяжих явдал бол миний итгэл үнэмшилд харш, миний явж ирсэн замд харш зүйл.

Баяжих гэдгийг надаас мөнгөний утгаар асууж байгаа бол! Надад бусдаас илүү гарах, газар хотойм их хөрөнгө мөнгө байхгүй. Төр түмний өмнө бүгд ил байж ирсэн. Улс төрөөс баяжих зорилго надад эхнээсээ байгаагүй. Дунд нь төрөөгүй. Сүүлд нь ч надад тийм сэдэл, бодол ороогүй. Надад тийм гаж дуршил, буруу сэтгэл, хүмүүжил заяагаагүй. Байгаадаа сэтгэл өег явах бол зүйрлэшгүй жаргал юм билээ.

Хэрэв улс төрөөс баяжих зорилт тавьсан бол, тийм оролдлого хийсэн бол би аль эрт улс төрөөс хөөгдөх байсан. Надад улс төрд халхавч, хамгаалалт байгаагүй. Борог амьдралтай малчны хотноос би боссон. Хатсан талхны булан амттай цэргийн алба сургуулиар би дамжсан. Хэн нэг даргын цүнх барьж, ар долоож яваагүй. Шальдир бульдар замаар,унаж босож зүтгэсэн. Бартаатай газраар, үнэн дундуур би тэмцсэн. Хэрэв хазгай гишгэсэн бол намайг нүд ирмэхийн дотор төрөөс хөөж, Монголын хууль араас ирэх байсан юм.

Хүнийг мушгиж харлуулах, үзэн ядуулах маш амархан юм билээ. Үүнийг би олон зүйлээс харсан. Тухайлж нэг тохиолдлыг энд дурдая. “Хошгируулах” гэдэг үгийг миний нэртэй хамт хадсаар байгаа. Тэр жил талбай дээр барьсан гэрүүдийг эвдэж хэмхэлж, тэмцэж байсан иргэдийг баривчилсан явдал болсон. Намаас эсэргүүцэж цуглаан хийх, түүнийг нээх үүргийг би хүлээсэн үе.

Индэрт гараад “Сайн байцгаана уу, Монголчууд аа” гээд хашгируулна гэж цуглааны зохион байгуулалт ярьж байхдаа би хэлсэн. Хашгируулна гэдгийг хошгируулно гэж Элбэгдорж хэллээ гээд тэр оройноос сэвсэн. Миний тархинд хошгируулна гэж хэлэх ямар ч бодол байгаагүй. Яаж тайлбарлаад нэмэргүй болсон. Энэ хоёр үгийг ээлжилж хэлээд үз. Өө харсан хүнд дороо мушгиулна. Олны дунд яваа хүн үгээ бодох, болж өгвөл заримыг нь үсэг дараалан бодох хэрэгтэй юм билээ. Ийм сургамжтай үлдсэн.

Харин надаас коммунизм сүйрсэн ялыг нөхөж асуух гэж байгаа бол өөр хэрэг. Тэр харь систем хэзээ ч Монголынх байгаагүй. Явж явж монголчууд өөрсдийн Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бусдаас өмөөрсөн л юм билээ. Иймээс тэдгээр үе үеийн хэлмэгдэгчид жинхэнэ эх орончид байсан. Тэдний тухай үнэнийг тодруулах, өмнөөс нь уучлал гуйх, хөшөө музей, хууль нөхөн олговор, түүх дурсгалыг нь хүндэтгэх үл мартах өдөр гээд олон зүйлийг санаачилж оролцсон. Олон мянган Монголоо хэлмэгдүүлэх биш, Цагаатгах ажлыг ардчилал сонгуульд ялсан өдрөөс эхэлж удирдах хувь тохиосонд одоо ч талархдаг.

НЭГ: Яаж баяжив? “Бидэнтэй адил ядуу байсан. Чамайг газар даахгүй баян болсон гэж сонсдох юм. Ардчилал гэж хашгирсан эсвэл төрийн алба хашсан хүн бүр ийм баян болдог юм уу?” Чи яаж баяжив?

Асуулт хэцүү, хатуу байх тусам хариулахад амттай байдаг. Бид эзэн хичээвэл заяа хичээх замыг 1990 онд сонгосон. Хулгай хийхгүй, хууль зөрчихгүй хүн шиг амьдарч болдог замыг сонгосон. Тэр сонголтыг тухайн үед ухамсартай хийсэн олон Монгол хүний нэг бол би өөрөө. Би хулгайн зам сонгоогүй. Учир нь хулгайгаар сайхан амьдралыг цогцлоох боломжгүй. Хулгайгаар улс орноо хөгжүүлэх гэж үгүй. Хулгайгаар тогтдог шударга ёс ч гэж үгүй юм.

Бид социализмаас таарсан амьдралтай, тайрсан эрхтэй орж ирсэн нь үнэн. Бидний хэн ч дэлбэрсэн баян байгаагүй. Хэн нь ч хэмжээнээс илүү гарсан өмч хөрөнгөтэй байгаагүй. Бидний сонголт, ажилч хөдөлмөрч байдал бидний баян ядуу явах эсэхийг шийддэг. Жинхэнэ баян бол бусдыг баян болохыг тэвчиж чаддаг, бусдын бүтээлч ажилсаг чанарт, сайн яваад, илүү байгаад үл атаархах сэтгэл юм. Энэ бол сайн хүний, жинхэнэ баян хүний бодит шинж юм.

Монгол хүн бүрийг би баян гэж боддог. Монгол хүн бүрт Монголын сайхан Эх орон бий. Монгол түмний сонгож, бүтээж, эдэлж байгаа эрх чөлөө бий. Эх орон, эрх чөлөө хоёртойгоо байхад Монгол хүн бүр баян. Энэ бол миний чин сэтгэлийн үнэн. Дээрээс нь хүн бүр л өөрийн гэсэн амьдралтай. Бид ажил амьдралдаа эзэн болох гэж шинэ сонголт хийсэн. Энэ бол өөрийн гэсэн бүхэндээ, тэр дундаа өмч хөрөнгөндөө, орлого зарлагадаа, хийж байгаа ажилдаа бас хувь заяандаа эзэн болно гэсэн үг.

Эрх чөлөөг би өөрийнхөөрөө амьдрах ухаан гэж ойлгодог. Төрд ажиллахаасаа өмнө эрх чөлөөтэй амьдрах замыг би сонгосон. Хулгай хийхгүй төр түмний төлөө зүтгэх боломж байдагт итгэдэг. “Хулгай хийхгүй амьдрах боломж ардчилалд байна. Би ардчилалд хайртай. Өөрийнхөөрөө амьдарч чадаж байна. Ардчилал надад өчнөөн сайхан боломж олгосон” гэж ярих хүнтэй би цөөнгүй таарч байлаа. Ийм байдлаар ажиллаж амьдарч чадаж байгаа хүн бүрт тийм бодол төрдөг. Тиймээс тэд ардчилалд хайртай, төр түмний төлөө шударга зүтгэж яваа хүмүүст итгэдэг байх.

Улс төрийн амьдралаа би хариуцлагагүй байдал, хулгайтай тэмцэхээс эхэлсэн. Миний ажил амьдрал олон түмний нүдэнд ил явж ирсэн. Монгол улсын Ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хулгайтай, авлигатай тэмцсэнийхээ төлөөс болгож алдаж байсан. Хуулийг сахиулж болно, хулгайг зогсоож болно, шударга ёсыг тогтоож болно гэж би итгэж явсан. Төрийн хулгайтай тэмцэж чадвал, улсын төсөв ашигтай гардагийг 2005 онд би Ерөнхий сайд байхдаа нотолж харуулж чадсан. Энэ бол Монголын гүйцэтгэх засаглалын түүхэнд анх удаа тохиосон үзэгдэл.

Монголын түүхт Төрийн Тэргүүний албыг би залбирч хашсан. Миний буурал ээж намайг хоёр ч удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд харж суусан. “Миний хүү олондоо залбирч яв, ажлаа сайн хий” гэж л надад захисан. Ээжийнхээ захиасыг би төр түмнийхээ төлөө болохоосоо аваад болохгүйгээ хүртэл зүтгэ гэсэн үг гэж ойлгосон.

Эрх чөлөөг эрхэмлэж, улсынхаа төлөө зүтгэнэ, хулгайтай тэмцэнэ гэж би ард түмэндээ амласан. Амласнаа хийх гэж мэрийсэн, хулгайтай тэмцсэн. Засаг, Төрийн Тэргүүний алба хашиж явахдаа би “төрийн хулгай, хулгайчтай тэмцсэн”-ээсээ болж бусадтай ам ажил зөрдөг байсан. Ажил үйлсээ алдаж явсан. Авлигачдын хараал гүтгэлгэд булуулж ирсэн. Одоо цагт хулгай хийсэн нь биш түүнтэй тэмцсэн нь, юм бүтээж хийх гэсэн нь яллах тогтоолтой шүүхийн үүд сахидаг болж.

Авлига хулгайтай тэмцэх бол миний хувьд сонгуулийн амлалт төдий зүйл байгаагүй юм. Авлигатай тэмцэх бол миний хувьд Монгол байх эсэхтэй тэнцэх тэмцэл, тулаан байж ирсэн. Авлигатай тэмцэх бол миний хувьд зөвхөн улс төрийн зорилго байгаагүй. Тэр бол зүгээр л миний амьдрал. Энэ бол миний араншин. Ээж ааваас өвлөсөн, хүн болохоос миний цусанд шингэсэн үзэл. Би хулгай хийж яваагүй, хулгайг зогсоох гэж явсан. Үүнээс болж над руу хулгайчид, тэдний гар хөл бологчид дайрдаг, гүтгэдэг, буруутгадаг юм.

НЭГ: Яаж баяжив? Чи ямар их баян хүн бэ? Их гээд хэдэн малтай л баймаар юм. Зургийн том цуглуулгатай гэсэн. Бизнес хийж үзээгүй байж. Яаж баяжив?

Би их мөнгөнд умбаж өссөн хүн биш. Дээрээ 7 ахтай, аав ээжийнхээ 8 дахь, отгон хүү нь. Хот дүүрэн малтай ч, нэг хонь гаргахын тулд нэгдлийн даргаасаа зөвшөөрөл гуйдаг байсан үеийн хүүхэд. Байгаагаа хувааж, ээлжилж хэрэглэж, биесээ нөмөрлөж унтаж өссөн, тэгж хүн болсон хүн. Би олонтой амьдрах дуртай. Би олон ах дүү, найз нөхөдтэй. Намайг хайрладаг хүмүүстэй. Сайхан хань ижилтэй. Ерөөлөөр бужигнасан олон үр хүүхэд, ач зээ, нялхтай. Энэ талаараа бол би их баян хүн

Улстөрчийг би хонинд явж байгаа хүнээр заримдаа төсөөлдөг. Улс төрийн албанд зүтгэнэ гэдэг бол хонины ээлжтэй хүнтэй адил. Хонь хариулж яваа хүн хонь, малаа бэлчээрт нь барьж идээд байдаггүй. Хариулж яваа хониноосоо хулгайлах ойлголт бүр ч байхгүй. Хонинд яваа хүндээ гэрийнхэн нь хоол тавьдаг. Энэ бол Монгол ёс. Би ийм л ахуй дунд, ийм л хүмүүжилтэй өссөн хүн. Орчин цагт, зарим цуламынхаар бол “Хониноосоо тэр идэж яваа” гэж боддог болсон юм шиг байна. Малч удамтай Монгол хүний толгойд ийм ёрын бодол хэзээ ч орохгүй.

Хөдөөний хүүхэд багаасаа биеэ авч явах дадалтай болдог. Хананаас уясан уяанаасаа алдуурч босоод, галтай зуух тойрч гарах ухаанд өөрөө сурдаг. Мал хариулж, моринд мордоод бие даадаг. Сургуульд орж, дотуур байранд байрлаад өөрийгөө аваад явдаг. Олны оройд ч биш, адагт ч биш амьдралаа болгоод, биеэ аваад явах ухаан бол миний багаасаа өвлөсөн эрдэм.

Харин багаасаа би юм цуглуулдаг хүүхэд байсан. Нутгийн хөх, алаг, шилэн чулууд миний өмч, гэр орон, хөрөнгө байсан. Би чулуугаар бүхнийг орлуулж, чулуугаар тоглож өссөн. Тэр чулууд миний уран бүтээл, миний соёл байсан юм. Манай нутагт чулуу шиг их юм үгүй. Урлаг шиг, зураг шиг, бүтээл шиг чулууд ихтэй. Иймээс ихэд шунах сувдаг сэтгэл надад заяагаагүй. Ээж аав минь намайг ихэд шунахгүй байхад багаас сургасан.

Баян хүн бүр цуглуулгатай байдаг юм биш. Цуглуулах гэсэн юмаа хүн цуглуулдаг. Цуглуулагч заавал их мөнгөтэй байх албагүй. Сэтгэлтэй, үнэлэмжтэй, нүдтэй байхад л болдог. Бусдын хараанд хэрэггүй мэт үзэгддэг зарим зүйл надад цуглуулга, хөрөнгө болж үлдэх үе бий. Монгол хүний чөлөөт сонголтын ачаар сонирхсоноо цуглуулах, олох боломж хүн бүрт нээгдсэн.

Байгалийн сайхан, урлаг, уран зурганд би дуртай. Зургийн, урлагийн бүтээлийн цуглуулгатай. Би бизнес огт хийж үзээгүй хүн биш. Бас төрийн сандалд үргэлж хадаатай суусан ч хүн биш. Надад чөлөөтэй цаг хугацаа, боломж байсан. Орос зураг Хятадад чихэр шиг зарагддаг үе байлаа. Хүн бүр л зах зээлийн боломжийг янз бүрээр ашигладаг. Харин би Монгол хүний бүтээлийг гадагш зарж худалдаж яваагүй. Монгол хүний сайн бүтээл Монголдоо байх ёстой гэж би үздэг.

Надад зарим хүний харддаг шиг хулгайлж цуглуулсан юм байхгүй. Хулгай, цуглуулга хоёр бол харш зүйл. Монголдоо үлдээх гэж би цуглуулдаг. Бас баяжих гэж, мөнгөжих гэж эсвэл баяжсан, мөнгөжсөнөө нуух, хаах гэж цуглуулгаар оролдсон юм биш. Энэ бол миний бага залуугаасаа сонирхсон хобби. Хөрөнгө орлогодоо сар, жилтэй нь бүртгүүлээд, шалгах үзэх, сонирхох харах гэсэн бүхний өмнө нээлттэй явсаар өдийг хүрсэн. Олон жилийн өмнө, цуглуулгандаа зураг нь байдаг зураач бүрээс 1 зураг сонгож “100 зураач, 100 зураг” нэртэй үзэсгэлэн хүртэл гаргаж явлаа. Зарим түүнийг үзэж сонирхсон хүн “Чи их баян юм” гэж хүртэл хэлж байсан.

Би улс төр сонирхохоосоо өмнө зураг сонирхдог, цуглуулдаг байсан. Юмыг үнэлдэг, сонирхдог хүн л цуглуулж чаддаг. Цуглуулга бол бусдын боддогоос эсвэл баяжихаас илүү өргөн, үнэт ойлголт. Цуглуулгаа би Монголдоо үлдээнэ. Монголдоо сайхан галлерей байгуулна гэж мөрөөдөж явдаг хүн. Ихэнх сайхан музей, галлерей хувийн цуглуулга дээр боссон байдаг.

"Хорлон сүйтгэх ажил хийх байтугай тийм санаа тээж явсангүй”

0

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан танаа

Монгол Улсын иргэн М.Энхсайхан намайг Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсад ашигтай, байгуулагдаагүй гэрээний төлөө яллагчдагчаар татаж анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Шүүхийн хуралдаан удахгүй болох гэж байна.

Хяналтын Прокурор яллах дүгнэлтэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар” хорлон сүйтгэх гэдгээр буруутгажээ. Энэ бол илэрхий улс төрийн зохиомол хэрэг бөгөөд Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол юм. Хувийн зовлонгоо хойш тавьж болно.

Тэр зовлонгоо өөрийн үр хүүхдүүд, өрх гэрийнхнээс өөрөөр хэнтэй ч хуваалцах бодолгүй байна. Гэвч болж байгаа үйл явдал ганц миний хувийн асуудал биш байна. АТГ, Прокурор дээр хэрэг зохиож, байхгүй хэргээр хүнийг яллаж, тэрхүү хууль бус ажиллагаандаа Монгол улсын Шүүхийг оролцуулан гүйцэлдүүлэх нь Монгол Улсад улс төрийн хоригдолтой болох үүд хаалгыг нээх аюултай байна. Тиймээс хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол төрийн дээд байгууллага-УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөг хамгийн түрүүнд хамгаалах үүрэгтэй Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нарт хандаж энэхүү ил захидлыг бичиж байна.

Монгол Улсын Их Хурал нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинээр хуулиудыг батлан гаргасан боловч түүний хэрэгжилт амьдралтайгаа нийцэж байгаа эсэх, хуулийн зүйл заалтуудыг зөв хэрэгжүүлж байгаа эсэхэд нийтийн сонсгол хийж, засаж залруулах ажлаа хийхгүй байгаа нь хууль ёс гажих, янз бүрийн түвшинд хүний эрх эрх, чөлөө олноор зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож байна. Өдөр тутамдаа энэ үүргийг Прокурорууд гүйцэтгэх ёстой боловч тэдний олонхи нь хууль ёсыг хатуу чанд мөрдөх ажлаа улс төрчдийн нөлөөлөлд автаж хэрэгжүүлж чадахгүй байдал харагдаж байна. Бий болсон нөхцөл байдал нь хэсэг бүлэг хүмүүст өшөө хонзонгийн сэдлээр “улс төрийн хэрэг” зохиох нөхцөл байдлыг бий болгож байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авч нэн яаралтай засч залруулаасай, энэ бол зөвхөн надад хамаарах асуудал биш гэдгийг 20 дугаар зуунд Монголд болж өнгөрсөн олон хэлмэгдүүлэлтийн түүх хэлж өгч байгааг анхааралдаа авч байр сууриа ил тодоор илэрхийлэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

Миний бие Монгол төрд 40 гаруй жилийн амьдралаа зориулсан бөгөөд Монгол Улсынхаа “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго хэзээ ч тээж байгаагүй. “Хорлон сүйтгэх” ажил хийх байтугай тийм санааг тээж завдаж байсангүй.

Монгол төрд зүтгэсэн нэгэн богинохон (2013-2016) хугацаанд миний бие Монголчуудын олон жил мөрөөдөж, гүйцэлдүүлж чадахгүй байсан 3 том мегатөслийг хариуцаж, мэдэх мэдэхгүйн гайгаар зангирсан олон асуудлын ээдрээг тайлах, гарах гарцыг нь гаргаж өгөх гэж ажиллаж байжээ. 2013 онд Монголын Төмөр Зам ХХК-д, 2014 онд Тавантолгойн Цахилгаан Станцын төслийн нэгж-д, 2015 онд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээрийг ахалсан Засгийн газрын сайдаар ажиллаж байжээ. Бүгд Тавантолгой, Оюутолгой гэсэн ордуудыг үр ашигтай ашиглахтай холбоотой төмөр зам барих, эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой ээдрээтэй улс төр, эдийн засаг, геоулстөрийн асуудал байжээ. Аль нь ч хараахан хэрэгжээгүй байна. Гол шалтгаан нь мегатөсөл том хардалт, том улс төржилт дагуулдаг бөгөөд түүнийгээ Монголын нийгэм давж чадахгүй доороо хий эргэсээр байна.

Монгол хэзээ нэгэн цагт өөрсдөө мегатөсөл хийх л болно. Эл хэргийг гүйцэлдүүлэхэд миний удирдлагын дор мэргэжлийн багуудын хийж үлдээсэн төслүүд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тэрхүү хийж байсан ажлуудаас Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой хийсэн ажлыг нь “хорлон сүйтгэх”, “хөрөнгө оруулагчдад давуу байдал бий болгосон хэрэг” гэж буруутгавал Монголын хөгжлийг тодорхойлох дараа дараачийн том төслүүдийн хувь заяа тун бүрхэг болно. Иймээс миний бие Нийслэлийн хяналтын Прокуророос “хорлон сүйтгэх” зүйлчлэлээр буруутгаж байгаа асуудалд Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Та өөрийн байр сууриа ил тод илэрхийлэх, Монголын хувь заяанд цаашдаа ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих, Тавантолгойд цахилгаан станц барих талаар миний удирдаж байсан ажил нь “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго тээж байсан эсэх асуудлаар нэгэн адил шалгалт хийж нэг мөр ойлголтыг олон нийтэд мэдээлэх хүсэлтийг тавьж байна.

Б.Мөнхжин: ГХЯ бол логистикийн яам болсон

0

Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинтэй цаг үеийн асуудлаар тодруулга авснаа хүргэе.


-Коронавирус дэлхий дахинаа тархаж, олон улсад тодорхойгүй нөхцөл байдал үүссэн цаг үед тантай ярилцаж байна. Яриагаа энэ вирусын Монгол улсад үзүүлэх нөлөөллийн талаар эхэлье гэж бодож байна.

-Баярлалаа. Энэ цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлж хэрэгжүүлсний дүнд бид дотооддоо алдчихалгүй, нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байна. Мэдээж улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь их. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчидэд хүндээр тусч байгааг ойлгож байгаа. Тийм ч учраас Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс бизнесүүддээ дэмжлэг болох зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

-Тэрхүү ажлын нэг хэсэг нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо авчирах асуудал байгаа. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллаж байгаа. Нэг хэсэг нь гадаадаад вирус зөөвөрлөж авчирч байна гэж шүүмжилж, нөгөө хэсэг нь гадаадад байгаа монголчуудаа авсангүй гэж бухимдаж байна?

-Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал бол Монгол улсын гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ тахлын улмаас гадаад улсуудад гацсан иргэдээ боломж нөөцөө дайчлан авчирах ажлыг хэрэгжүүлж байна. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Тусгаарлах байр сав, эмнэлгийн баг бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нисэх багийн хүрэлцээ зэрэг олон хүчин зүйлсийг тооцож байж үе шаттайгаар иргэдээ авчирч байна.

-Дайны хажуугаар дажин гэгчээр Монголын дипломатууд гадаадад хар тамхины хэрэгт холбогдож, Гадаад харилцааны яамны нэр хүнд ард иргэдийн дунд их унасан. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хамгийн чухал нь хариуцлага, сахилга бат юм. Гадаад харилцааны яам энэ тал дээр дотооддоо хэнд ч хариуцлага тооцсонгүй. Хар тамхитай холбоотой асуудал гараад бүтэн жил гаруй болсон. Гэтэл сая ахиад хэвлэл мэдээллээр Истабул дахь консултай холбоотой асуудлыг Туркийн талаас гаргаад эхэллээ. Туркийн тал энэ асуудлыг манай дарга нар дараад өнгөрөх байсан шиг байна гэж хардагдахаар. Магадгүй Туркийн тал асуудлыг гаргаж тавиагүй бол манай дарга нар хав дараад өнгөрөх байж магадгүй.  Ер нь бол энэ мэт асуудал бол дипломат албанд хүний нөөц, боловсон хүчний бодлого алдагдсаны тод илрэл. Хилийн чанадад ажиллаж байгаа дипломатуудын чанарт анхаарал хандуулахгүйгээр хэчнээн мундаг бодлого Монголдоо яриад нэмэргүй. Царгисан микрофонтой бол хичнээн сайн дуучин байгаад нэмэргүйтэй адил шүү дээ.

Гадаадад манай Элчин сайдын яамд ур чадваргүй, зөвхөн томилсон дарга, явуулсан байгууллагадаа үйлчилдэг, тал талын төрийн байгууллагуудын шахааны хүмүүсийн бөөгнөрөл болж хувирсан.

Монголоос дарга нар очихоор чемоданыг нь зөөж, дэлгүүр хэсүүлж, буцахад нь нэг шил коньяк барьж гүйсэн хүмүүс л болж хувирлаа.

-Тэгвэл энэ байдлыг хэрхэн цэгцэлж, сайжруулах ёстой юм бэ. Эрх барьж байгаа намын дарга нарын эхнэр хүүхэд, ах дүү нар л тэнд томилогддог шүү дээ. Танил тал, татаас дэмжлэггүй ардын хүүхдүүд гадаадад дипломат албан ажиллах боломжгүй?

-Гадаад харилцааны яам одоо бодлогын яам болох цаг нь болсон. Өмнө нь бодлогын яам байсан. Харамсалтай нь, одоо логистикийн яам болчихоод байна. Тайлан, төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, ёслол протокол гэсэн өдөр тутмын ажилдаа дарагдаад хамгийн гол ажил болох гадаад харилцаагаа хөгжүүлэх, Монгол Улсын хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх үндсэн ажилдаа анхаарах цаг зав, хүч тэнхээгүй болсон байна. Тиймээс  дипломат албанд реформ хийх цаг нь яг одоо болсон. Гадаад бодлого уламжлалт, залгамж чанар дээр суурилдаг. Сүүлийн үед диплоамат албанд прагматик хандлага дутагдаж эсрэгээрээ романтизм хөөж их явлаа. Гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг хэт хуулийн хайрцганд чихэж болдоггүй юм. Асуудлыг том зургаар, урт хугацаанд харж, уян хатан байх нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Мөн оновчтой бүтэц, зөв зохион байгуулалт, нэгдсэн удирдлага хэрэгтэй байна. Гол, гол түнш орнуудтайгаа харилцах харилцаандаа илүү анхаарал хандуулж, нөөц бололцоогоо тийшээгээ төвлөрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, дипломат алба бол Төрийн тусгай алба. Босоо тогтолцоотой байх ёстой. Сайдаасаа илүү улс төржсөн мэдэгдэл хийх тусгай албан хаагч байж таарахгүй. Гадаад бодлогод популизм зохидоггүй юм.

-Бодлогын яам болохын тулд эхлээд томилгоон дээр анхаарах нь чухал байх?

-Бусад байгууллагаас хилийн чанадад томилогдож байгаа хүмүүст тавигдах шаардлагыг өндөрсгөх ёстой. Дипломат албаны наад захын “ойлголт” суулгаж өгөхгүйгээр томилж явуулсны балаг нь улсын нэр хүндээр төлөгддөг юм. Ерөөсөө дипломат албаны хүний нөөцийн мэргэшлийн чадавхийг бэхжүүлэх асуудалд дипломат академийн үүрэг оролцоо чухал. Дипломатуудыг сургах, судалгааны ажилд оролцуулах, давтан мэргэшүүлэх чиг үүргийг дипломатийн академиар гүйцэтгүүлж, яамны үндсэн бүтцэд оруулах шаардлага байна. Дээр нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь чухал. Гадаад харилцааны яаманд улс төрждөггүй, мөрөөрөө ажлаа чимээгүйхэн хэрнээ чанартай хийчихдэг эмэгтэй дипломатууд цөөнгүй. Тиймээс тухайлбал, газар хэлтсийн дарга нарын тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж яагаад болохгүй гэж.

-Эцэст нь хувийн асуулт байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар таныг Гадаад харилцааны дэд сайдаар томилогдох санал Засгийн газарт оруулсан. Засгийн газар таны асуудлыг хэзээ шийдэх  бол?

-Нэг өдөр очих биз ээ.  Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга.