ИЛ ЗАХИДАЛ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан танаа
Монгол Улсын иргэн М.Энхсайхан намайг Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсад ашигтай, байгуулагдаагүй гэрээний төлөө яллагчдагчаар татаж анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Шүүхийн хуралдаан удахгүй болох гэж байна.
Хяналтын Прокурор яллах дүгнэлтэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар” хорлон сүйтгэх гэдгээр буруутгажээ. Энэ бол илэрхий улс төрийн зохиомол хэрэг бөгөөд Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол юм. Хувийн зовлонгоо хойш тавьж болно.
Тэр зовлонгоо өөрийн үр хүүхдүүд, өрх гэрийнхнээс өөрөөр хэнтэй ч хуваалцах бодолгүй байна. Гэвч болж байгаа үйл явдал ганц миний хувийн асуудал биш байна. АТГ, Прокурор дээр хэрэг зохиож, байхгүй хэргээр хүнийг яллаж, тэрхүү хууль бус ажиллагаандаа Монгол улсын Шүүхийг оролцуулан гүйцэлдүүлэх нь Монгол Улсад улс төрийн хоригдолтой болох үүд хаалгыг нээх аюултай байна. Тиймээс хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол төрийн дээд байгууллага-УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөг хамгийн түрүүнд хамгаалах үүрэгтэй Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нарт хандаж энэхүү ил захидлыг бичиж байна.
Монгол Улсын Их Хурал нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинээр хуулиудыг батлан гаргасан боловч түүний хэрэгжилт амьдралтайгаа нийцэж байгаа эсэх, хуулийн зүйл заалтуудыг зөв хэрэгжүүлж байгаа эсэхэд нийтийн сонсгол хийж, засаж залруулах ажлаа хийхгүй байгаа нь хууль ёс гажих, янз бүрийн түвшинд хүний эрх эрх, чөлөө олноор зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож байна. Өдөр тутамдаа энэ үүргийг Прокурорууд гүйцэтгэх ёстой боловч тэдний олонхи нь хууль ёсыг хатуу чанд мөрдөх ажлаа улс төрчдийн нөлөөлөлд автаж хэрэгжүүлж чадахгүй байдал харагдаж байна. Бий болсон нөхцөл байдал нь хэсэг бүлэг хүмүүст өшөө хонзонгийн сэдлээр “улс төрийн хэрэг” зохиох нөхцөл байдлыг бий болгож байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авч нэн яаралтай засч залруулаасай, энэ бол зөвхөн надад хамаарах асуудал биш гэдгийг 20 дугаар зуунд Монголд болж өнгөрсөн олон хэлмэгдүүлэлтийн түүх хэлж өгч байгааг анхааралдаа авч байр сууриа ил тодоор илэрхийлэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.
Миний бие Монгол төрд 40 гаруй жилийн амьдралаа зориулсан бөгөөд Монгол Улсынхаа “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго хэзээ ч тээж байгаагүй. “Хорлон сүйтгэх” ажил хийх байтугай тийм санааг тээж завдаж байсангүй.
Монгол төрд зүтгэсэн нэгэн богинохон (2013-2016) хугацаанд миний бие Монголчуудын олон жил мөрөөдөж, гүйцэлдүүлж чадахгүй байсан 3 том мегатөслийг хариуцаж, мэдэх мэдэхгүйн гайгаар зангирсан олон асуудлын ээдрээг тайлах, гарах гарцыг нь гаргаж өгөх гэж ажиллаж байжээ. 2013 онд Монголын Төмөр Зам ХХК-д, 2014 онд Тавантолгойн Цахилгаан Станцын төслийн нэгж-д, 2015 онд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээрийг ахалсан Засгийн газрын сайдаар ажиллаж байжээ. Бүгд Тавантолгой, Оюутолгой гэсэн ордуудыг үр ашигтай ашиглахтай холбоотой төмөр зам барих, эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой ээдрээтэй улс төр, эдийн засаг, геоулстөрийн асуудал байжээ. Аль нь ч хараахан хэрэгжээгүй байна. Гол шалтгаан нь мегатөсөл том хардалт, том улс төржилт дагуулдаг бөгөөд түүнийгээ Монголын нийгэм давж чадахгүй доороо хий эргэсээр байна.
Монгол хэзээ нэгэн цагт өөрсдөө мегатөсөл хийх л болно. Эл хэргийг гүйцэлдүүлэхэд миний удирдлагын дор мэргэжлийн багуудын хийж үлдээсэн төслүүд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тэрхүү хийж байсан ажлуудаас Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой хийсэн ажлыг нь “хорлон сүйтгэх”, “хөрөнгө оруулагчдад давуу байдал бий болгосон хэрэг” гэж буруутгавал Монголын хөгжлийг тодорхойлох дараа дараачийн том төслүүдийн хувь заяа тун бүрхэг болно. Иймээс миний бие Нийслэлийн хяналтын Прокуророос “хорлон сүйтгэх” зүйлчлэлээр буруутгаж байгаа асуудалд Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Та өөрийн байр сууриа ил тод илэрхийлэх, Монголын хувь заяанд цаашдаа ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих, Тавантолгойд цахилгаан станц барих талаар миний удирдаж байсан ажил нь “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго тээж байсан эсэх асуудлаар нэгэн адил шалгалт хийж нэг мөр ойлголтыг олон нийтэд мэдээлэх хүсэлтийг тавьж байна.