Улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлигаа өчигдөр /2021.08.05/ гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйд түүнийг Хонхор дахь хорих 409-р ангиас сулласан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн талаар сануулахад, түүнийг прокурорын байгууллага анх М.Энхсайханыг УИХ-аар батлаагүй Тавантолгойн гэрээг боловсруулахдаа “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн боловч тэр нь баримтаар нотлогдоогүй учраас албан хэрэгцээндээ унаж байсан авто машины үнийг “улсад учруулсан хохирол” хэмээн тооцож 4 жил 6 сарын ял оноосон юм.
Түүний хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт олон нийтийн сүлжээнд тавигдсан “секс скандал”-д нэр холбогдож, Б.Баасанцогтоос дансаар мөнгө авч байсан нь тогтоогдсон. Мөн М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат өмгөөлөгч Б.Баасанцогттой албан бусаар уулзаж байсныг нотлох зураг, бичлэг ч цацагдсан байдаг. Тухайн үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан, мөн түүнээс М.Энхсайхан нарын хэргийг шүүх хуралтай холбоотой төлөвлөгөө болох план зураг ч олдсон билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнийг “Төрийн ордны гурван давхраас шүүхийн шийдвэрийг захиалдаг” хэмээн мэдэгдсэн нь бий.
Энэ бүх баримтаас олон нийт төдийгүй хуульчид, улстөрчид “М.Энхсайханыг улс хилс хэргээр ялласан байна” шийтгэл хүлээсэн гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ тухай ганц АН-ын гишүүд ч биш, эрх баригч МАН-ын нэр нөлөө бүхий улстөрчид үгээ хэлсэн байдаг. Гэхдээ тэр нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа…
Анх М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэхийг даалгаж, УЕП-т үүрэг даалгавар өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл У.Хүрэлсүхэд тамгаа шилжүүлэн өгөхийн өмнө “Хүсэлтээ бичвэл уучлал үзүүлье” гэсэн байдаг. Гэвч М.Энхсайхан өөрөө “Гэмт хэрэг хийгээгүй учраас Ерөнхийлөгчөөс уучлал хүсэхгүй” гэсэн билээ.
Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор “Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй”, “Иргэн уучлал хүсэх эрхтэй” гэсэн хоёр заалт бий. Өөрөөр хэлбэл, “иргэн хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ” гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ удаад ч гэсэн М.Энхсайхан өөрөө уучлал хүсч, Ерөнхийлөгчид хандаагүй гэдийг эх сурвалж хэллээ.